Араншин олон янз. Сайхан муухай аашнаас хүний хорвоо бүрддэг. Зөөлөн энэрэнгүй араншин, мунхаг тэнэг араншин гээд тоолбол олон. Сэтгэл зүйчид араншинг ерөнхийд нь дөрөв хувааж бүдүүвчилдэг. Хувь хүний бодьгал араншин түмэн янз гэдгийг сэтгэл судлаачид сануулдаг бөгөөд заяасан төрөлхийн араншинг жолоодох хэцүүг ч тэд мөн анхааруулсан. Төрмөл араншингаа үндсээр нь өөрчлөх бараг бүтэшгүй гэдгийг ч нуугаагүй.
Тэгэхээр зөөлөн энэрэнгүй араншныг олж төрсөн азтай хүний ачаа хөнгөн, мунхаг цэвдэг араншинд учирсан лайтай хүний ачаа хүнд байх нь. Биеэ хянах, үйлдлээ тунгаах ачаа шүү дээ. Араншингаа угшлаар нь солих боломжгүй ч жолоодож чаддаг хүн аль овоо бий. Муу араншинд төрсөн хүн гэж мохох ач тусгүй. Биеэ залж чадвал сайн сайхан хүн болох хувь заяа нээлттэй ажээ. Энэ тухай монголчууд аль эртнээс танин мэдээд “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх сургаалаа айлдчихаж. Дээдсийн минь ухаалаг сургаал хангалттай ч өнөөдөр бид ямаршуу араншингаар амьдарна вэ?
Үзэл бодол, үйл хөдлөл бүхэн араншингаас ундардаг. Буянлаг араншинтай хүмүүс гэвэл лам нарын өмнө баялаг бүтээгчдийг мунхаг би нэрлэнэ. (Архи тамхиар ард олноо хордуулагч, ломбардаар хазайсан тал руу нь түлхэгч боссуудыг хэлээгүй шүү). Хөдөө хээр халуунд халж, хүйтэнд хөрж 50 гаруй сая мал сүргийн хүнд ачааг үүрч яваа малчид, тариа ногоогоо харь орны царай харахгүй хангаж яваа тариачид, барилга, замын компаний бүтээлч хамт олон, нийслэл болон бусад хотуудын ус, цахилгаан, дулаан, бохирыг дааж яваа мэргэжилтнүүд гээд Монголын бахархал болсон үй түмэн сайхан хүн бий. Тэднийг сайхан ааш араншинтай гэхээс өөр юу гэх билээ. Цаана нь эмч, багш, цагдаа гээд сор болсон хамт олон, хувь хүн үлэмж бий.
Австралийн уурхай үерт автсан үед бид нүүрсээрээ баяждагийн даваан дээр олсон мөнгөө сонгуулийн хахууль болгон аманд ч үгүй хамарт ч үгүй цацаад өдгөө хоосров. Энэ базаахгүй явдал бидний араншингаас болсон нь мэлзэх өчиггүй үнэн. “Бидний араншин” гэж хавтгайруулаад ч яахав, сонгуульд өрсөлдсөн хэдэн улс төрчийн араншингаас болж аманд орсон шар тосоо халамж нэрээр бүгдээрээ ойгуургүй гударч, бөөлжсөө савируулсаар жорлонд цөмийг дээгүүр доогуураа асгачихсан. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг дээ. Одоо Таван толгой төслөө яадаг бол? Эдийн засаг элгээрээ мөлхсөн энэ цаг үед Таван толгой аминд орох аварга төсөл сөн. Энэ төслийн давуу тал гэвэл өдгөө дэлхий булаацалдаж буй нүүрсний аварга зах хажууханд нь оршиж байдаг. Нүүрс ихээр хэрэглэгч орны Шинхуа компанитай ашиг сонирхлоо нэгтгэн түншлээд, нүүрснийхээ үлдсэн хэсгийг түншлэгч Японы Сумитомо корпорацаар Япон, Солонгос, Энэтхэгт ахиу үнээр борлуулах яриа хэлцээ ил тод яригдаад урам төрүүлээд байгаа. Манай Энержи ресурс ч дажгүй дэд бүтэц байгуулчихаж. Гэвч нэг л биш ээ. Таван толгойн гэрээг гацааж, нүүрсний экспортоор өрсөлдөгч ОХУ-д давуу боломж олгох гэж хэдэн гишүүн лоббидож эхлэв үү гэсэн хардлага үүсэв. Арай ч үгүй байлгүй дээ. Хэрэв тэгсэн аваас тэднийг ямар араншинтай монголчууд гэх вэ? Хоёр жилд тавьчих уурхайн төмөр замаа тийм араншинтай эрх баригчид 6 жил гацааж чадсан тул бид бүр хаширчээ. Хэн хэн гэгч хар буруу санаат саатуулж буйг ч алдар нэрээр нь цуурч байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос асууж байна:
-Таван толгойд Монголын гурван сая иргэн хувьцаа эзэмшдэг. Хувьцаа эзэмшигч гэдэг бол компаний эзэн. Хэнээр хөрөнгөө үржүүлүүлэх вэ, хэнийг тавих вэ гэдгийг шийдэх эрхтэй. Гурван сая хүний хамааралтай асуудлыг М.Энхсайхан ганцаараа шийдээд явж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Асуудлаа шийдэх түвшинд нь шийдээд явчихвал хэрэгтэй. Амны зугаа, муухай хэрүүл битгий болгочихоосой. Монголчуудын хоорондоо талцаж, хэрэлдэж байгаа байдал бол Монголыг мохоох гэсэн тэр хэсгийнхний хувьд хүчилтөрөгч шүү дээ.
Энэ асуулт хариултаас юу үнэртэв. Гурван сая иргэнээсээ нэг бүрчлэн асуугаад, олонхийн саналаар Таван толгой төслөө хөдөлгөх ардчилсан, эх оронч шийдвэрт гишүүдийн мэргэн ухаан хүрсэн янзтай. Аргагүй л ардчилсан шийдвэр. Гэхдээ Таван толгой компаний эзэн-гурван сая иргэний саналыг бүрэн шингээсэн шийдвэр гарах тэр алтан мөчид хоёр намын дарга хоёр Энхболд сэнтийдээ хэвээрээ залрах магадлал тун бага тул гагцхүү урт насалж, гурван сая иргэнийнхээ мэргэн шийдвэрийг үзээсэй гэж ерөөе. Гурван сая хувьцаа эзэмшигчийн саналаар шийдэх байсан аваас Засгийн газар, ажлын хэсэг гэж маяглах хэрэг юу байв. М.Энхсайханыг Л.Эрдэнэчимэгээр солиод ч байдал өөрчлөгдөхгүй юм биш үү. Уг нь М.Энхсайхандаа бус Таван толгойдоо бүх учир байгаа юмсан.
Хоёр толгойгоо орхиод Төр Засгийн гурван толгойг шийдье гээд нэг гишүүн хушуугаа билүүдэв. Нүд ухах донтой хэрээ шиг улайд яасан их дуртай гишүүн бэ. Улай гарч байвал Таван толгойн өгөөж хамаагүй гэж үү. Энэ бүгд хүний араншингаас ундарч буй гамшиг. Овилгогүй хүний ачаа ч их дээ. Араншингаа залж чадах тохиолдол байхад, чадахгүй тохиолдол зөндөөн гарна.
УИХ-ын дарга З.Энхболд миний тоодог лидер юмсан. Мөрөн дээр нь одой чөтгөр суучихаад самууруулаад байна уу яагаад байна. Чуулган нээж хэлсэн үгийг нь сонсож гайхсандаа түүний урьдын явдлыг нэхэн дурсахад хүрлээ. Хэдэн жилийн өмнө З.Энхболд гишүүн Таван толгойн нүүрсийг галт тэргээр зөөснөөс машинаар зөөсөн нь олон жолооч ажилтай болж илүү ашиг гарна гэж мэдэгдсэн. Харин түүнд Баабар нүүрсээ машинаар зөөснөөс төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү гэж зөвлөж байв. Гишүүний аагаар, өндөр албан тушаалын сүр бараагаар сайтар тунгаалгүй эрс довтлох дандаа зөв байдаггүйг зөвлөе. Ийм халз дайралт та үе үе гаргадаг араншинтай шүү. Тэр бээр “Баялгаа зарахгүйгээр амьдарч болно… Ам. доллараар юм авахаа болих хэрэгтэй… Аж ахуйн нэгжүүд нь нүүрсээ зараад бизнесээ хийгээд явна л биз” гэжээ. Ажлыг зогсоох, явуулахаас хялбар. Түүхий нүүрсээ төмпөнгөөр зөөгөөд бие даачих уу.
Таван толгойг цаг алдалгүй хөдөлгөе гэж дахин дахин чанга орил. Тэгээд унагах мэхээ даацтай боловсруул. Хэсэг эрх баригчдын цаад санаа энэ. Таван толгойн гэрээ унасан ч нүүрс газар дороо хөндөгдөхгүй үлдэх юм чинь хохирол гарахгүй гэж тайвшраад, Монгол улс мөнгө олж хөгжих нь өнгөрч гээд дугжиръя. Гагцхүү та нарын энэ хэрүүлээс олзуурхам ашиг нэг гарна. Тэр ашиг юу вэ гэвэл манай зарим эрх баригч ард түмний нөхөр биш юм аа гэдгийг ирэх сонгуулийн өмнө мэдээд авдаг бага олз биш.
Одоо Таван толгойн гэрээний төсөл унасан шалтгаан гэх онигоо сонсох л үлдлээ. Юу юу гэж залах бол. Төмөр замаа 6 жил гацаахдаа зохиосон онигоог мартаагүй байна. Бүдүүн нарийн цариг, Таван толгойгоос Тяньжин хүрэх 1000 км-ээс транссибирийн 5000 км төмөр замаар тээвэрлэх ашигтай, хятадууд нарийн төмөр замаар танк их буугаа ачаад ороод ирнэ, монголчууд нарийн төмөр замд ажиллах чадваргүй, Хятадад их нүүрс зарвал ганц гүрний нөлөөнд ойчно гэх мэт онигоог ард олон зохиогоогүй, эрх баригч хэдхэн эрхэм зохиож байлаа. Онц сонирхолтой теле кино ч олонтаа давтагдсан.
Таван толгой-Гашуун сухайтын төмөр замаа өөрсдөө тавина гээд индрээ дэлсээд дүрэлзэх гишүүн олон гарна. “Төмөр зам тавих нэг тэрбум ам. доллараа гаргаад ир” гэхэд л баатарлаг эх оронч гишүүний сүржин омогшил зохих сүвээрээ бүлтрээд индэр дээрээ хагарсан шаар (бөмбөлөг) шиг чалчийна. Монголчууд хүрз жоотуугаараа 270 км төмөр замаа ухнатаж, төсөвлөсөн мөнгөө завшсаар явтал нүүрс хар шороонд дугаарлагдана биз. Ийм нөхцөлд Засгийн газрын яарахыг эрүүл ухаан зөв гэнэ. Гэвч Таван толгой лав арван жилээр гацаж таарлаа. Орос ах нар минь энэ хугацааг ашиглан нүүрсээ чадлаараа экспортолж, хужаа нарын валютыг хам. Орос ахын хэрэг бүтэж байвал бид хохирох юу ч биш. Бид коммунист интернационалч хүмүүжилдээ үнэнч хэвээрээ явна.
Зах зээлд орсноор харьд ашигтай Монголд хортой ч амин хувьд унацтай бол өөдгүй араншин ард түмнээ яаж ч хохироохоос буцахаа больжээ. Дээр өгүүлсэн баялаг бүтээгчид, ачааны хүндийг үүрэгч малчин тариачин барилгачин замчин инженер слесарь эмч багш цагдаа нарын араншингаас эрх баригчдын араншин шал ондоон аж. Харгис цэвдэг араншингаас өөдгүй араншин чимээгүй тахал шиг аюултай. Манай Энержи ресурсийг дэлхийн хоёр том компани хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн сонгоод, хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн нь гадны хөрөнгө оруулалтаар цангасан нөхцөлд үнэтэй учрал. УИХ-ын хэдэн гишүүн наанаа Таван толгойг эргэлтэд даруй оруулж, ядуурсан ард олноо өөд татъя гэж лоозогноод, цаанаа яль бүлийн заалтыг мушгин гуйвуулж дэгээдэхээр эртнээс төлөвлөсөн гэх хардлагад УИХ-ын чуулган хариу өгөх үлдлээ. Манай эх оронч мэргэн гишүүд төслийг сайжруулаад (чангаруулаад) баталтал хамтрагч компаниуд зөвшөөрөхгүй яваад өгөх вий. Тэд эрхэм гишүүдийн тойргийн сонгогч-дүнхүү мань мэт шиг хууртахгүй нь лав. Тэд хотойхгүй бид л хохирно. 2017 оны сонгуульд өрсөлдөхөөр нойр алдагчдын зүүдэнд Таван толгойг хөдөлгөсөн гэх нэг муухай ярзайсан мангас үзэгдээд байж магадгүй. Түүнийг дарах Таван толгойгоос чухал. Муу Таван толгой Ерөнхийлөгчийн сэнтийн дэргэд тэдэнд бол хормой нүүрс. Улс төрч өчүүхэн бол үүнээс илүү юу ч зүүдлэх билээ. Гэхдээ эх оронч үзэлтэй гишүүн олон бий. Тэднийхээ ааш араншинд залбиръя. Гэрээнийхээ бөөсийг хурдхан түүгээд шийдчихвэл хөрөнгө оруулагч гурав 5-р сард ажлаа эхлэх сэн. Тэгвэл маньд л ашигтай.
Ц.Доржготов