“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор ирэх сарын 2-нд “Тусгаар тогтнолын ордон”-ы тайзнаа өөрийн анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж буй залуу дуучин, СТА Д.Мөнх-Эрдэнийг урилаа. Тэрбээр хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө дэлхий ертөнцийг “зурж” явна.
-“Хуран цугласан нөхөд минь буцлаа
Хурынх шиг нулимс нүдийг минь бүрхлээ
Хун хундаа дасдгийн адилаар
Хүн хүндээ дасдаг юм байж дээ” гэх дууг мэдэхгүй хүн ховор байх. Та энэ дууг их сайхан дуулсан байна лээ. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?
-Намайг Д.Мөнх-Эрдэнэ гэдэг. 1984 онд Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн.
-Саяхан “Хүсэл биелнэ” цомгийнхоо нээлтийг хийсэн. Харин тун удахгүй “Хүсэл биелнэ” тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт хэзээ, хаана болох вэ. Бэлтгэл хэр хангагдаж байна?
-Өдөр бүрийг л тоглолтынхоо бэлтгэл ажилд зарцуулж байна. Тоглолтынхоо бүх ажлыг өөрөө гардан хийж байгаа учраас зав зай муутай. “Хүсэл биелнэ” тоглолт маань ирэх арванхоёрдугаар сарын 2-нд “Тусгаар тогтнолын ордон”-д болно.
-Анхны цомог, анхны тоглолтоо хоёуланг нь “Хүсэл биелнэ” гэж нэрлэжээ?
-Ер нь уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл нь нэгдүгээрт цомогтой болох, хоёрдугаарт өөрийн гэсэн бие даасан тоглолтоо хийх байдаг байх. Миний хувьд ч гэсэн анх дуулж эхлэхээсээ л тоглолтоо олон түмэндээ хүргэнэ гэж бодож, төлөвлөж ирсэн. Тиймдээ ч ийнхүү анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна.
-Цомогт хичнээн дуу багтсан бэ?
-Нийт 12 дуу орсон. 1990-ээд онд хараагүйчүүдийн “Цагаан шөнө” гэх хамтлаг байлаа. Тус хамтлагийн дуучин МУГЖ С.Хүрэлбаатарын дуулж байсан “Хайрын сарнай”, “Найзууд” гээд их сайхан дуунууд байдаг. Тэр хоёр дууг өөрийн энэхүү цомогтоо шинэчлэн дуулж оруулсан байгаа. Үүнээс гадна “TI” хамтлагтайгаа хамтран дуулсан хэд хэдэн уран бүтээл мөн багтсан.
-Тоглолтод урилгаар ямар ямар уран бүтээлч оролцох вэ?
-Тоглолтод маань ихэвчлэн миний уран бүтээлтэй холбогдож байгаа хүмүүс оролцож байгаа. Тодруулбал, поп дуучин, МУГЖ Ж.Уранчимэг, харааны бэрхшээлтэй дуучдын томоохон төлөөлөл болсон МУГЖ Ч.Амаржаргал эгч, мөн СТА Т.Дэлгэрмөрөн, хос дуучид болох Б.Болд, Э.Чулуунчимэг нараас гадна “Outlaw” хамтлаг оролцоно.
-“Аж богдын харуул” дууг дуулсан байсан. “Хүсэл биелнэ” цомогт орсон уу?
– Ерөнхийдөө хуучны, олны чихэнд хоногшсон сайхан дуунуудыг энэхүү цомогтоо оруулсан гэж ойлгож болно. “Аж богдын харуул” дуу цомогт ороогүй. Сүүлд Т.Бат-Оргил ахаас дуулах албан ёсны эрхийг нь аваад дуулж, клипжүүлсэн байгаа.
-С.Хүрэлбаатар гавьяатын дуунуудыг шинэчилж дуулсан гэлээ. Хамтарч уран бүтээлийг нь амилуулав уу?
-Хамтарч дуулсан дуу бол байхгүй. Намайг бага байхад С.Хүрэлбаатар ахын хамтлаг орон нутгуудаар их аялан тоглолт хийдэг байсан. Тэр бүрийг нь сонсож, тоглолтуудад нь ч оролцож явлаа. Тэгэхдээ л “Хайрын сарнай”, “Найзууд” дуунд нь дуртай байсан. Маш их сонсдог байлаа. “Хэзээ нэгэн цагт би энэ дуунуудыг дуулна даа” гэх бяцхан хүслийг тээж явсан. 2010 оноос бие дааж уран бүтээл туурвих болсон юм. Үүнээс хойш эдгээр сайхан дууг дуулах зөвшөөрөл авч, олон түмэндээ хүргэсээр явна.
-Яагаад заавал урлагийн хүн болов. Урлаг руу урин залсан хүн хэн бэ?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Гэхдээ ээж минь их сайхан дуулдаг байсан. Байгууллагынхаа урлагийн тоглолтуудад дандаа оролцдог дуучин хүн байлаа л даа. Магадгүй дуулах авьяас маань ээжээс минь өвлөгдсөн байх. Үүнээс гадна багаасаа хараагүй байсан учраас дуу, хөгжим их сонсож өссөн. Тэр маань ч дуулахад нөлөөлсөн байх.
-Хэдэн настайгаасаа дуулж эхэлсэн бэ?
-Долоон настайдаа хамгийн анхны тэмцээндээ түрүүлж байсан. Тэгээд бага сургуульд орсноосоо хойш сургуулийн урлагийн үзлэг, энд тэнд зохион байгуулагдаж буй тэмцээн уралдаанд сургуулийнхаа нэрийн өмнөөс их оролцдог байлаа.
-Уран бүтээлч хүний хувьд хүндэлдэг, үлгэр дуурайл авдаг хүн байна уу?
-Багаасаа л FM хөтөлдөг байсан учраас нэр дурдаж, нэг хүнийг сонсож, шүтдэг байгаагүй. Бүхий л чиглэлийн уран бүтээлийг дэмжиж, ойлгож, дагаж дуулдаг байсан. Тухайн цаг үед хит болж буй бүх уран бүтээлд, уран бүтээлчдэд дуртай.
-Ингэхэд “T.I” хамтлагийн залуус хаана явна вэ?
-Бүгд тус тусын уран бүтээлээ туурвиад явж байгаа. Нэг маань хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Хүлгээ маань өөрийн уран бүтээлээ гаргаад л явж байгаа даа.
-Хамтлаг дахин нэгдэж уран бүтээлээ хийх үү?
-Хүмүүс их асууж байгаа. Бид одоо өөрсдийн гэсэн амьдрал, бизнес гэх мэт зүйлстэй болсон учраас нийлж уран бүтээл хийж чадахгүй байна. Хэзээ нэгэн цагт дахин нэгдээд уран бүтээлээ хийгээд явахыг үгүйсгэхгүй.
-Та бүгдийн өмнөх үеийн хамтлагийн залуус саяхан “Мартагдашгүй” тоглолтоо үзэгч фэнүүддээ өргөн барилаа. Магадгүй хэзээ нэгэн цагт та бүхний үеийн “No name”, “Flash” зэрэг хамтлаг дуучид нийлээд тоглолт хийх байх?
-“T.I”, “Outlaw”, “Flash”, “No name” хамтлаг нэг үед гарч ирж байлаа. Магадгүй таны хэлдэг биелэвэл сонсогчид маань их баярлах байх аа. 20 настай шижигнэсэн залуус “T.I” гэх хамтлагийг байгуулаад бужигнуулж явлаа шүү дээ. Анх манай хамтлаг хоёр гишүүнтэй байсан. Сүүлд Хүлгээгээ аваад гурвуулаа уран бүтээлээ туурвиж эхэлсэн дээ.
-Хувийн хамтлагтай, поп чиглэлийн дуучдыг хараад байхад дууныхаа үг, аяыг өөрсдөө зохиогоод байдаг юм билээ. Таны хувьд…?
-Хамтлагийнхантайгаа уран бүтээл хийж байхдаа хип хоп дууныхаа үгийг өөрөө зохиож байсан цөөн тохиолдол бий. Харин бие дааж уран бүтээл туурвих болсноор яруу найрагчид, хөгжмийн зохиолчдын дуунуудыг дуулах болсон. Ая зохиож байгаагүй.
-Үг, ая зохиогчид танд санал тавьж байна уу. Эсвэл та өөрөө тэднээс уран бүтээл хийж өгөөчээ гэж хүсч байна уу?
-Янз бүр. Жишээлбэл, “Хайрын сарнай” дууг би өөрөө дуулъя гэж санал гаргаж дуулсан. Түүний дараа “Найзууд” гэх дууг нэг найз маань надад санал болгож байсан. Хэдийгээр энэ дуунууд өмнө нь дуулагдаж, олны чихэнд хоногшсон ч дуулаад хадгалсан бичлэг ерөөсөө байдаггүй. Тиймээс хүмүүсээс энэ дуунуудыг дуулж “бичлэг хийгээч ээ”, “клипжүүлээч ээ” гэх санал их ирж байсан. Би ч өөрөө дуртай байсан учраас өмнө нь дуулж байсан дуучинтай уулзаж, албан ёсны санал тавьж байгаад дуулсан даа.
-Клипний тухайд…?
-Дууныхаа клипүүдийг хийхдээ дууныхаа утга руу дайрч орох биш тухайн клипээр дамжуулж хүмүүст ямар ухаарлыг өгөх вэ гэдгийг боддог. “Найзууд” дууны клип дээр л гэхэд утга нь бол айхтар их өгүүлэлгүй ш дээ. Гэхдээ клип нь нэлээд их зүйлийг өгүүлдэг. Муу зүйлд уруу татдаг найзуудаасаа холдож байгаа тухай ч юм уу… “Хувь заяаны галт тэрэг” гэх дууны маань клип ч мөн адил бусдад ухаарал хайрласан, зөв мессежийг түгээхээр хийгдсэн гэдгээрээ онцлог.
-Дархан, Эрдэнэтийн хувьд залуусын хот гэгддэг. Тэр ч утгаараа шинэ хамтлаг, дуучдад элэгтэй гэж ярьдаг юм билээ. Энэ хэр үнэн яриа вэ?
-Эрдэнэтийнхний хувьд урлагаар хүмүүжсэн хүмүүс гэж хэлж болно. 1976 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдахдаа дэргэдээ Соёлын ордонг хамт байгуулж, тэр цагаас хойш үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд болоод Эрдэнэт хотын оршин суугчид соёлын арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж, оролцох болсон. Тиймдээ Эрдэнэт хотын иргэд урлагийн мэдрэмж өндөртэй гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй байх.
-Тайзан дээр гарах бүрт ямар мэдрэмж төрдөг вэ?
-Байнга гардаг тайзан дээрээ гарахад айхтар өөрчлөлт байдаггүй. Харин шинэ тайзан дээр гарахад огт өөр мэдрэмж төрдөг.
-“Аж богдын харуул”, “Найзууд”, “Хайрын сарнай” зэрэг дууг таны дуулснаар сонсогчид таашаах боллоо. Дараагийн уран бүтээл юу байх бол гэсэн хүлээлт бас үүсээд байна л даа?
-Дараагийн дуу хуучин дуу биш, цоо шинэ бүтээл байна. “Амьдрал чиний гарт” гэх энэхүү уран бүтээл маань залууст мөн л зөв мессежийг өгөх, амьдралд зөв явж чадвал үргэлжид зөв байна аа гэх утгыг агуулсан дуу байгаа. Энэхүү дууны маань үгийг ZZ зохиосон бол аяыг нь “Харанга” хамтлагийн Чука ах хийсэн. Одоо зөвхөн хоолойны бичлэг л хийгдээгүй хүлээгдэж байна. Тоглолтоосоо өмнө шинэ уран бүтээлээ өлгийдөн авахыг хичээж байгаа.
-Өөртэйгөө ижил хөдөлмөрч залуусыг дэмжихэд хэзээд бэлхэн-
-Таныг Эрдэнэт хотын 106.5 FM-ийн үүсгэн байгуулагч гэдэг?
-1999 оноос хойш өнөөг хүртэл FM-д тасралтгүй ажиллаж иржээ. Анх хөтлөгч, редактораар ажиллаж байсан бол 2011 оноос өөрийн FM-тэй болсон. Одоо 3-4 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна даа. Орон нутгийн FM-ийн хувьд боловсон хүчний дутагдал их.
-Орон нутаг дахь FM-үүдийн хөгжил хэр байна. Эрдэнэт хотод хэдэн FM үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Эрдэнэт хотод 7-8 FM үйл ажиллагаа явуулдаг. Манай FM-ийн хувьд “Эрдэнэт хотод FM, радиогийн хөгжлийг тодорхойлно” гэх уриатай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэр ч утгаараа аймагтаа хөгжлөөрөө тэргүүлэх байрт бичигддэг. Орон нутаг гэдэг утгаараа FM-ийн хөгжлийн тухайд жаахан хэцүү. Түүнийг л өөрчилчих юм сан гэх бодлыг тээж явсан учраас тэрхүү зорилгынхоо хүрээнд өөрийн FM-ийнхээ үйл ажиллагааг чиглүүлэн ажилладаг.
-Эрдэнэт хотод л 7-8 FM байна гэдэг харьцангуй их тоо санагдлаа. Тэгэхээр өрсөлдөөн их байдаг байх. Тухайлбал, зарим газар FM-ийнхээ нэрэмжит үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байх жишээтэй…?
-Манай FM-ийн хувьд дундаж насныханд зориулсан хөтөлбөртэй. Гэр бүлийн боловсрол, жолоочд нарт зориулсан хөтөлбөр зэргээс гадна нийтийн дуу зонхилж явдаг. Үүнээс гадна жил бүр аймагтаа нийтийн дууны “Алтан намар” гэх тоглолтыг зохион байгуулдаг. Зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа тус наадмыг хүсэн хүлээдэг оролцогч болоод үзэгчидтэй болсон байна.
-FM-үүд дууг хит болгодог гэж ярьдаг…?
-Хит болох боломжгүй дууг яаж ч хичээгээд хит болгож чадахгүй ш дээ. Хит болох дуу гэдэг дөнгөж хөгжмөө хийлгэж байхдаа л мэдэгддэг байхгүй юу. Тэр дууг бичиж байгаа, бичүүлж байгаа хүн анхнаасаа мэддэг гэсэн үг.
-Залуусыг хэр дэмжин ажиллаж байна?
-Өөрөө залуу хүн болохоор яг надтай ижил хөдөлмөрлөөд явж байгаа залуусыгаа дэмжихийг хичээдэг. Зөвхөн залуус гэлтгүй багачуудыг туслаж дэмжихийг хичээдэг дээ.
-Тархитай холбогддог нүдний шил гэгч нь гарчихвал авч зүүгээд хар, цагаанаар ч болсон харахыг хүсдэг-
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Хараагүй болсон шалтгаан юу байсан бэ?
-Нүдний хорт хавдар гэх өвчний улмаас хоёр настайдаа бүрэн хараагүй болсон. Эхлээд бүр бага байхдаа нэг нүдээ авахуулаад хоёр нас хүртлээ явсан ч нөгөө нүдэндээ халдварласан гэх шалтгаанаар мөн нэг нүдээ авахуулсан.
Энэ өвчнийг одоог хүртэл бүрэн эмчлэх эмчилгээ Монголд алга. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад, Монгол Улсад 60 гаруй хүүхэд нүдний хорт хавдартай гэж бүртгэгдсэн байна. Эцэг, эх, эгч, ах нь эрүүл атлаа нүдний хорт хавдартай хүүхдүүдийн тоо нэмэгдэх болсон гэж байгаа. Миний хувьд удамшлын шинж чанартай гэж оношилж байсан.
-Ихэвчлэн удамшлын шинж чанартайгаар дамжин халдварладаг гэсэн үг үү?
-Тохиолдлуудыг харж байхад тийм л юм билээ. Манай том хүү ч бас миний энэ өвчнийг удамшлаараа аваад төрсөн. Хүүгээ эмчлүүлэхээр явж байхад энэ өвчний эмчилгээ, шинжилгээг хаана хийдэг, хэр их өртөгтэй вэ гэдгийг маш сайн судалсан. Их мөнгө хэрэгтэй юм билээ.
-Энэ өвчнөөр өвдөж буй хүүхдийн тоо цөөн юм шиг харагдаж байгаа ч аюулын харанга дэлдээд эхэлжээ. Та тэдгээр хүүхдэд зөвлөмж, тусламж хүргэх тал дээр дуу хоолойгоо хүргэж чадаж байна уу?
-Дуу хоолойгоо хүргэнэ гэж бодож байгаа. Нүдний эмчилгээний чиглэлээр мэргэшсэн хамгийн том эмнэлэг бол “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”. Тус төвийн Нүдний тасгийн их эмч, доктор н.Алтанхүү эмч надад энэ тал дээр санал тавьж байсан. Тэрбээр “Нүдний хорт хавдраар өвчлөөд эмчлүүлэхгүй, нүдээ авахуулахгүй бол тархиндаа шууд нөлөөлөх аюултай. Чиний хувьд энэ өвчнөөр өвдсөн хамгийн анхны тохиолдол. Гэсэн хэдий ч чи өдийг хүртэл сайхан амьдраад явж байна. Тиймээс энэ өвчнөөр өвдөөд сэтгэл санаагаар уначихсан яваа хүмүүст итгэл, урам өгөх үүднээс нэг ажлыг зохион байгуулаач ээ” гэх саналыг хэлж байсан. Миний дотор бас бус бодсон зүйл бий. Ер нь эцэг, эхчүүдийн хувьд хаана, хэнд хандахаа мэдэхгүй болчихсон байдаг. Тиймээс тусална.
-Таны хувьд хараатай болох боломж байхгүй юу. Судалж үзсэн үү?
-Сүүлд тархитай нь холбодог нүдний шил гарсан байна лээ. Хар, цагаанаар хардаг ч гэл үү. Тэрхүү нүдний шил гараад ирвэл боломж бүрдэж магадгүй л байх.
-Хараагүй иргэдэд зориулсан танхимыг “байртай” болгоно гэж найдаад л байгаа-
-“Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг”-ийн Эрдэнэт хот дахь салбарыг тэргүүлж ажилладаг гэсэн. Хэзээнээс энэ ажлыг хийх болов?
-Тэргүүнээр ажиллаад таван жил болж байна. Анх “Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг”-ийн Улаанбаатар хот дахь салбараас Эрдэнэт хот дахь салбарыг залуу хүнээр удирдуулмаар байна, чи удирдаач ээ гэх санал тавьсны дагуу уран бүтээлийнхээ хажуугаар энэхүү ажлыг гүйцэтгэх болсон.
-Эрдэнэт хотын хэмжээнд хараагүй иргэн хэд байна?
-400 орчим хараагүй иргэний эрх ашгийг хамгаалах, нийгмээс хүртэж чадахгүй байгаа халамжаа авахад нь тусламж, дэмжлэг үзүүлж байна. Гэхдээ Төрийн бус байгууллага гэдэг утгаараа хөрөнгө мөнгөний асуудалтай байнга тулгарч байдаг. Ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулъя гэхээр зайлшгүй хандив, тусламж авах болдог.
-Нутгийн удирдлагууд та бүхэнд тулгарч буй бэрхшээлийг бууруулахад дэмжлэг тусламж үзүүлж байх юм уу?
-Манай улсын хувьд хараагүй иргэдэд ээлтэй орчин төдийлөн бүрдэж чадахгүй л байна. Хараагүй иргэдэд зориулсан зам тавилаа гэхэд тэрийгээ нэр төдий хийдэг ч гэх юм уу. Эрдэнэт хотын хувьд ч мөн ялгаагүй. Жишээлбэл, хараагүй хүн огт явдаггүй газарт хараагүй иргэдэд зориулсан зам байгуулсан байдаг. Үзүүлэн маягаар бид энд нэг ийм зүйл хийсэн шүү гэж бусдад харуулах гэж байгаа мэт.
Нутгийн удирдлагуудад энэ асуудлыг байнга ярьдаг. Хүлээж авлаа, шийдвэрлэлээ гэдэг ч үр дүн муутай. Нэг жишээ яръя л даа. Эрдэнэт хотод Дани улсын тусламжаар хараагүй иргэдэд зориулсан тоног төхөөрөмжтэй мэдээллийн төв, танхим нээсэн. Хараагүй иргэд тэнд очиж ярьдаг ном зохиол, сэтгүүл зэргээ сонсоод өөрт хэрэгтэй мэдээллийг авах зориулалттай танхим байсан. Эхний хоёр жил Дани улсын санхүүжилттэй, түрээсийн байранд байж байгаад санхүүжилт нь дуусчихсан чинь байргүй болсон. Тэгээд аймгаас байр гуйсан ч дийлэхгүй л байна. Энэ асуудлыг ярьж байнга дарга нарын өрөөгөөр орно. Болгоно гэнэ, бие биедээ бичиг цаас шиднэ. Бид ч найдаад л байгаа. Бидэнд байр гаргаад өгчихвөл хараагүй иргэдийн хөгжих нөхцөл байдал сайжирна гэдэгт итгэлтэй байгаа.
-Хараагүй иргэдийн хөгжлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?
-Спорт, урлагийн арга хэмжээг байнга зохион байгуулж, тэдний эрх ашиг, нийгмийн халамж гэх мэт олон чиглэлээр байнгын сургалтыг зохион байгуулдаг.
-Шилжин очсон шинэ ангид маань ирээдүйн хань минь байсан-
-Гэр бүлийнхээ тухай яриач. Хүний хамгийн том түшиг тулгуур шүү дээ…?
-Эхнэр бид хоёр нэг ангийнхан. 1-8 дугаар анги хүртлээ би хотод 29 дүгээр сургуульд сурч байсан. Тэгээд есдүгээр ангидаа Эрдэнэтэд шилжиж очоод нэгдүгээр арван жилд шинэ ангид орсон чинь эхнэрийнхээ ангид орчихсон. Тэгээд л танилцаад 10 дугаар ангидаа үерхэж эхэлсэн. Тэгээд 2-3 жилийн дараа гэрлэсэн дээ. Одоо бид хоёр хүүтэйгээ аз жаргалтай амьдарч байна.
-Гэр бүлийнхэндээ цаг, зав хэр гаргаж байна?
-Маш их ажилтай байдаг учраас зав маш бага. Гэхдээ зав л олдвол эхнэр, хоёр хүүтэйгээ гэртээ аз жаргалтай инээж хөөрч, амрахыг хичээдэг. Болж өгвөл гэр бүлээрээ, найз нөхдөөрөө агаар салхинд гарахыг эрмэлздэг дээ.
-Дуулахаас өөр ямар авьяастай вэ?
-Спортоор хичээллэх дуртай. Тэр дундаа хараагүйчүүдийн “Хонхон бөмбөг” гээд спорт байдаг. Би энэ спортод их дуртай. 2013 онд бүх ард түмний 13 дугаар их наадамд Эрдэнэт хотоосоо баг тамирчид бэлтгээд, дасгалжуулаад оролцож байлаа. Сүүлийн үед спортоороо хичээллэж чадахгүй байна. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлгөөний дутагдалд маш их ордог учраас спортоор сайн хичээллэж байх хэрэгтэй л дээ.
-Ямар сургууль төгссөн бэ?
-1992 онд Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр сургуульд элсэн орж суралцаж байгаад 10 дугаар ангиа Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуульд очиж төгссөн. Тэгээд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургуулийн Англи хэлний орчуулагчийн ангийг 2006 онд дүүргэсэн.
-Эрдэнэт хотод энгийн хүүхдүүдтэй хамт сурч байсан гэсэн үг үү. Бэрхшээл байсан байх?
-Тийм. Сургалтын програмын хувьд бэрхшээлтэй зүйлс байсан ч тухайн цаг үед нь зохицуулаад шийдээд явж болдог байсан. Багш нарынхаа лекцийг тэмдэглэж аваад гүйцэхгүй хичээлээ ангийнхныхаа дэмжлэгтэйгээр судлаад болж л байлаа.
-Эрдэнэтэд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сурагчидтай хамтран сургах боломжтой юм уу?
-Монголын Үндэсний хараагүйчүүдийн төв, БСШУЯ-тай хамтран хараагүй хүүхдүүдийг жирийн хүүхдүүд дунд хамран сургах хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурсан. Жишээлбэл, Улаанбаатар хотод харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 гэх ганцхан сургууль байдаг. Тэгвэл орон нутагт байгаа харааны бэрхшээлтэй хүүхдүүд заавал ээж, ааваасаа холдож Улаанбаатарыг зорилгүй тухайн орон нутагтаа боловсрол эзэмших боломж бүрдсэн. Энэ хөтөлбөр намайг жаахан байхад хэрэгжиж байсан бол их хэрэгтэй байлаа.
Одоо энэ хөтөлбөрийн хүрээнд тухайн сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багшийг, хичээллийн хэрэгслийг нь тусад нь гаргаж өгч байгаа. Энгийн хүүхдүүдэд нь, багшид нь, захиралд нь тодорхой ойлголтыг өгдөг тусгай хөтөлбөр гэсэн үг. Одоо хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр хоёр жилийн дараа гэхэд жигдэрчих байх. Тэр үед харааны бэрхшээлтэй хүүхдүүд, энгийн хүүхдүүдтэй суралцахад бэрхшээл гарахгүй болох байх гэж бодож байгаа. Би хүүгээ ирэх жилээс энэ хөтөлбөрт хамруулъя гэж бодож байна. Одоо манай хүү дотуур байранд байж хотод суралцдаг. Яг энэ маягаар би өөрөө суралцаад ирсэн учраас хэцүү гэдгийг нь мэддэг. Хүүхэд энгийн хүүхдүүдтэй хамт суралцахаараа өөрсдийгөө тусгаарлах бодол нь хүртэл задраад, цэгцрээд ирдэг л дээ.
-Ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд аз жаргал, уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Эх сурвалж: Mnb.mn