Монголчууд бид зулын 25-ны өдрийг тэмдэглэж заншаад багагүй хугацааг үдэж байгаа билээ. Эл өдөр буян ном хуруулан, махан хоол идэхгүй цагаан хоол идэж өнгөрүүлдэг заншилтай.
Мөн муу үйл хийх, уур бухимдлыг тэвчих, элдэв үг хэллэг хэрэглэхийг цээрлэдэг. Энэхүү өдөр Богд Зонховын төгс гээгэрсэн бөгөөд нас нөгчсөн өдөр. Тийм учраас Монгол хүмүүн бид буян ном үйлдэж, лам хуврагууд ном хур айлдан бурхан шашиндаа манал өргөдөг юм.
Мөн өвлийн эхэн сарын 25-наас өмнө өвлийн идшээ бэлтгэдэг нь амьтны амь муулсан үйлээ өөх тосоор нь зул асааж, цайруулдаг уламжлал ч үүнтэй холбоотой аж.
2500 жилийн өмнө хоёр хөлтийн дээд, тэнгэр, хүмүүний багш, төгс гэгээрсэн Будда номын хүрд эргүүлж, нирвана дүр үзүүлснээс хойш нэг мянга хоёр зуун жилийн дараа зургадугаар жарны улаагчин тахиа жил, аргын тооллын 1357 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн үүр гэгээрэх цагт Богд Зонхаба Түвдийн орны Амдо мужийн “Сонгины ам” хэмээх газар эцэг “Дархач” Лүмбүм-гээ, эх Аа-чой нарын дөрөв дэх хөвгүүн болон мэндэлжээ. Зонхаба гэдэг нь Сонгинын ам гэсэн нутгийн нэр ажээ. Түүний эхэсийг залсан газар нь Эдүгээгийн Гүмбүм хийдийн буй газар бөгөөд тэнд нэгэн Зандан мод ургасан ба навч бүрээс нь “Сэнгий аароо” хэмээх бурханы хөрөг зураг өөрөө тодрон гарч ирсэн учир “Гүмбүм” буюу “Буман бурханы хөрөг” гэсэн утгатай болж, улмаар тэнд хожим хийд байгуулагдсан нь “Гүмбүм жамбаалин” хэмээн нэрлэгдсээр эдүгээ болтол оршин байгаа болно. Тэрбээр 7 насандаа сахил хүртэн хувраг болсон бөгөөд Лувсандагбы-бал хэмээх алдарыг олж авсанаар түүний нэр алдар Богд Зонхав Лувсандагва хэмээн нийтэд алдаршсан байна. 16 насандаа Төвдийн төв нутаг болох Үйзан Лхас руу эрдмийн аянд мордож, насан эцэс болтлоо буюу 1419 он хүртэл гагцхүү эрдэм ном сурах, сурсанаа бусдад заах, хийд орон байгуулах тэргүүтэн үйлээр бүхий л амьдралаа өнгөрөөсөн ажээ. Богд Зонхава гэгээнтэний Бурханы шашинд оруулсан олон гавъяат үйл буй бөгөөд түүнээс цөөн хэдийг дурдваас “Лхасын их молом ерөөл”-ийн хурлыг эхлүүлсэн, Лхас хотноо буй хоёр зүйлийн Зуу бурханы сүмийг сэргээн засаж, хоёр бурханд титэм өргөсөн, нэн ялангуяа хуврагийн дэг журам, винайн ёсыг ариусгасан зэрэг болно. Богд Зонхав гэгээнтэн нийт 19 боть зохиол туурвисан нь эдүгээ Төвд Монгол байтугай Дэлхийн шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхон судалдаг ном болжээ. Монголчуудын хувьд түүний айлдан туурвисан “Бодь мөрийн зэрэг” хэмээх номыг андахгүй билээ. Тэрбээр айлдахдаа “Хожимын хүмүүс миний зохиосон “Мөрийн зэрэг” хэмээх номыг үзвээс надтай уулзсанаас ялгаагүй хэмээн мэдээрэй” гэж айлджээ.
Богд Зонхава гэгээнтэн 65 насандаа 1419 оны өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр энэ ертөнцөөс таалал болж, Гандан тэнгэрийн оронд Майдар бурханы дэргэд Жамбалнямбуу хэмээх бодисадва болон төржээ. Бурханы шашны ёсонд дээдэс богдын мэндэлсэн болон таалал болсон өдөрт дурсгалын буян номыг үйлдвээс буян агуу ихээр нэмэгдэнэ хэмээн хэлцдэг ажаам. Тиймээс энэхүү Зулын 25 хэмээх өдрийг Их Дүйчин өдөр гэж нэрлэж буян номд шамдан, Богд Зонхав гэгээний эрдэм үйлсийг дурсан хурал ном хурдаг уламжлалтай билээ.
Энэ өдрийг Эдүгээгээс 3000 орчим жилийн тэртээ Энэтхэгийн орноо Буррхан Будда төрөн гарч, номын айлдварыг хэмжээлшгүй ихээр айлдсан ажаам. Түүний дараа Нагаржуна, Асанга тэргүүтэн Энэтхэгийн их эрдэмтэн мэргэд Бурханы шашныг машид гийгүүлэн зохиожээ. Хожим Төвдийн оронд Богд Зонхава Лувсандагба хэмээх дээд оюунт лам төрж, Бурханы шашныг агуу ихээр тэтгэн дэлгэрүүлсэн ажгуу. Богд Зонхава тэрбээр Бурханы шашны олон дамжлага урсгалаас аль л гол шим оньс бүхнийг нэгтгэн зангидаж, улмаар “Судар”, “Тарни” хэмээх шалтгаан үрийн хоёр зэрэгт хураагаад, хуврагуудыг гадаад талдаа винайн ёсыг барьж, дотоод сэтгэлдээ бодийн сэтгэл, тарнийн хоёр зүйл бясалгал тэргүүтнийг дүүргэсэн төгс эрдэмтэн болгох аргыг увдисласан ажгуу. Тиймээс эдүгээ Дэлхий дахинаа Богд Зонхавын номлол ёс нэн ихээр дэлгэрч буй юм. Их эрдэмтэн Богд Зонхава гэгээн хэдий Төвд орноо мэндэлсэн хүн боловч нийт Бурханы шашинтанд “Хоёрдугаар Ялгуусан” буюу хоёрдугаар Будда хэмээн алдаршсан юм. Сүүлийн үед Монголын зарим эрдэмтэд, Богд Зонхава гэгээнийг Монгол гаралтай хүн байсан хэмээн үзэж буй. Зонхавын гэгээн 1357 оны тахиа жил Төвдийн зүүн хойд Амдо хэмээх нутгийн Зонха хэмээх газар төрсөн бөгөөд Төвдийн Үйзанд 16 наснаас 61 насан хүртлээ гагцхүү Бурханы номыг судлах, бясалгах, хийд орон, хурал ном тогтоох үйлээр бүхий л насаа өнгөрөөжээ. 61 насны гахай жил буюу 1419 онд таалал төгсжээ. Таалал төгссөн өдөр нь өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр байжээ. Монголчууд бид энэ өдрийг “Зулын 25” хэмээн буян үйлдэх өдөр болгон тэмдэглэдэг.
Зулын 25-наас өмнө хөдөөгийн малчин айлууд өвлийн идэш уушаа бэлдэж, 25-ны шөнө гадаа зул өргөдөг журам заншилтай. Энэ журам анх хэрхэн гарсан тухайд түүх сударт үзвээс Богд Зонхава гэгээнийг таалал төгсөж, Гандан тэнгэрийн орноо заларсан тэр шөнө, Гандан хийдийн сүмээс Богд Зонхавын гэгээний өргөө хүртэл лам хуврагууд өөр өөрсдийн орон байшин, сүм дуган бүрийн дээвэрийн ирмэгүүд, Богдын өргөөний хаалганы дэргэд, хуврагуудын сургууль хийдэг газрууд зэрэгт олон зулыг эгнүүлэн асаасан нь шөнө турш мандаж, дээд тэнгэр огторгуй хүртэл тэрхүү их зулын гэрэлт гийн харагдах мэт болж байсан гэдэг. Тэр уламжлалаар эдүгээ болтол Зулын 25-ны шөнө Зулыг машид ихээр бадрааж, буяныг ихээр хураах зан үйлийг үйлддэг журамтай билээ. Нэгэн зулыг өргөсний буян цаглашгүй гэдэг аваас түг түмэн зулыг мандаасны буян нь тоолшгүй буй за. Богд Зонхава гэгээн хэмээх тэрбээр угтаа Манзушири, Жанрайсиг, Очирваань бурханы хувилгаан байсан гэдэг тул бид энэ өдрийг ёслон тэмдэглэснээр зөвхөн Богд Зонхавын гэгээнийг тахиж байгаа төдий бус хамаг бурхадыг тахиж, ач эрдмийг нь магтаж сайшаахуй үйлээр цаглашгүй буяныг хурааж байгаа болно.
Тиймээс бурхан шашинтан та бүхэн өөрсдөө гэр, гэрийн гадна зулаа өргөхийн дээр мөн ах дүү хамаатан садан бусад хүмүүсээ ч зул өргөх, мэгзэм тоолох буянд татан оролцуулж энэхүү өдрийг гэрт гадаа ЗУЛЫН ГЭРЭЛТЭЙ, Сэтгэлдээ НОМЫН ГЭРЭЛТЭЙ өнгөрүүлэхийг хэрэгтэй болов уу.
Энэ өдөр унших Мэгзэм:
Энэ өдөр унших Мэгзэм:
Мигмэд зэвий дэрчэн жанрайсиг
Димэд чинбо ванбоо жамбиян
Дүдбүн майлү жомзад санвий даг
Ганжан хайвий зүгжан зонхава
Лувсандагвий шавла солва дэв
Богд Зонхава гэгээний тухай www. buddha.mn сайтаас авсан болно.