Түүхч зохиолч Бэсүдэй Намсрайн Нагаанбуу эрхэмтэй ураг элгэн, ах дүү мэт явав. Баяр хөөр, гуниг шаналан, ухаарал сургамж, эмзэглэл энэлэн, аархал бахархлыг нь нэг хүн мэт мэдэрч хуваалцаж явав. Тиймийн учир Н.Нагаанбуу гэж хэн байв гэдгийг бага боловч тодлох нь үгийн боол, үнэний зарц миний үүрэг болой.
Тэрээр алдар хүнд, шагнал магтаалд ихээхэн ялгаа заагтай ханддаг нэгэн байв. Нүдээ олоогүй шагнал эзнээ гутаана, буруу төрөөс авсан шагнал дараа үед гутамшиг болно гэх мэт үгийг би түүнээс л сонсож явсан. “Надад гавьяат завьяат элдэв дээдийн цол чимэг өгөх гэж битгий гүйгээрэй. Гуйдаг, хүсдэг хүмүүстээ л очиг. Харин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг бол авмаар байна. Монголын зохиолчдын хувьд энэ бол дээдийн үнэлгээ. Би шалгуурт нь тэнцэх бүтээлтэй хүн шүү” гэж хоёр гурван жилийн өмнө нэг дуугарсан. Монголын үргэлжилсэн үгийн зохиолын том төрөлд хүндтэй байр эзлэх нь гарцаагүй “Алтайн тэнгэр” роман бүтээснийх нь төлөө түүнийг өнгөрсөн жил Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд тодорхойлсон ч яамны дарга түшмэд үзэгнийхээ үзүүрээр нэрэн дээгүүр нь биш, харин сэтгэл зүрхэн дундуур нь зурж дарж орхисон. “Би ер нь элдэв шагнал магтаалд дургүйг чи мэднэ. Харин Нацагдаржийн нэрэмжит шагналд Зохиолчдын эвлэл маань нэр дэвшүүлснийг сонсоод өгчих болов уу гэж их горьдсон шүү” хэмээн хэдэн сарын өмнө хэлэхэд нь нэг тийм гэхийн тэмдэггүй гуньхрал сэтгэлд хургаж билээ.
Утга зохиолын салбарынханд төрөөс олгодог Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг дараа дараагийн шагналд хүрэх шат дамжлага мэт үзэн авах гэж хөөцөлддөг, авсан хойноо сэтгэл нь ханадаггүй хүмүүс байж л байдаг. Харин Н.Нагаанбуу эрхмийн хувьд энэ бол монгол зохиолчийн хамгийн дээд шагнал гэж ихэд хүндэтгэлтэй ханддаг нь Монголын утга зохиолд өгсөн их хайрынх нь илэрхийлэл байж дээ.
Тэрээр “Хөлдүү ноён”, “Хөх галын сүйтгэл”, “Айдсын мандлын нууц” зэрэг уран зөгнөлт романуудаараа Монголын зөгнөлт зохиолын төрөлд цахиур хагалсан хүн. “Тэнгэрлэг түүх”, “Чингис хаан” зэрэг роман бичсэн. Ялангуяа “Алтайн тэнгэр” гурамсан роман нь утга зохиолын бүтээлийн хувьд үнэ цэнэтэйгээс гадна монгол ахуй, хэл, соёл, зан заншлын маш чухал гарын авлага болох ном болсон гэдгийг судлаачид ч, жирийн уншигчид ч хэлж бичиж, эрэл сурал болдог. Монголын радиогоор Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Н.Нагаанбуугийн “Алтайн тэнгэр” гэдэг хоёр роман л бүтнээрээ уншигдсан, сонсогчид хүлээн хүлээн сонсдог байсан гэх баримт энэ бүтээлийн чансааг илтгэнэ.
Н.Нагаанбуу абугай ер бусын тэвчээртэй, сэтгэлийн хаттай хүн байв. Зургаан жилийн өмнө зүрхний маш хүнд өвчин тусч үхэл сэхлийн зааг дээр эмнэлэгт очиход элэгний аюулт хавдар давхар бас газар авчихаад байгаа нь тодорхой болсон. Үүнийг сонсоод уйлж унжсан ар гэрийнхэндээ “Би одоо үхэхгүй ээ. Дор хаяж таван жил амьдарч, таван ном бичиж байж үхнэ” гэж хэлсэн, хэлсэндээ ч хүрсэн. Сайн хань, үр хүүхдийн асаргаа, сайхан нөхдийн тус дэм их байсан нь үнэн ч хамгийн гол нь өөрөө ямар агуу сэтгэлийн тэвчээр гаргаж байсанд нь би одоо ч гайхширнам.
Үхэлтэй тэмцэлдсэн энэ он жилүүдэд үнэн үг хэлж, зөв мэдлэг түгээснийхээ төлөө тэрээр элдвээр хэлүүлж, хараалгаж доромжлуулсан нь дэндүү олон. Гэвч тэр бүхнийг үл тоон, өдрөөс өдөрт хүч чадлыг нь сорох хүнд өвчнөө ч умартан өвгөдөөс өвлөсөн монгол эрдмээ барлан буулгах ажилд шамдсан. Энэ хооронд “Монголчуудын язгуур гүн ухаан”, “Итгэхүй ухаан”, “Дундад зууны Монгол: Гажуудсан түүх”, “Монголчуудын Анх, Энх, Мөнхийн амин зурхай”, “Монгол ёс заншил, утга бэлгэдэл, хорио цээр” нэвтэрхий толь (Хамтын бүтээл) зэрэг судалгааны олон ном бичиж хэвлүүлсний ихэнх нь нээлтийн шинжтэй бүтээл байв. Энэ хооронд сонин хэвлэлд бичиж нийтлүүлсэн Монголын түүх, уламжлал шинэчлэлтэй холбоотой өгүүлэл нийтлэл, сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын тоо нь хэдэн зуу болжээ. Тэрээр 2015 оны эцсээр кино зохиолуудаа нэг дэвтэрт боож “Кино зохиолууд”, Улаанбаатар хотын сэдвээр бичиж туурвисан бүхнээ нэгтгэн “Улаанбаатар” нэртэйгээр хэвлүүлж, сүүлчийн номоо бичиж дуусгаад алдаа мадгийг нь ариутган засварлаж байгаад хараахан дүүргэлгүй тэнгэрт халив. Эдгээр номонд орсон “Улаанбаатар” тууж, “Модун хаан”, “Гүр хаан Жамуха” кино зохиолууд нь судлаач, уран бүтээлчдийн анхааралд өртөхгүй байхын аргагүй чансаатай бүтээлүүд байна билээ. Амь нас нь мөч хормоор хэмжигдэж байсан хүн аюулт өвчнөө сөрөн өчнөөн жил тэмцэж, эрүүл саруул хүнд ч хэтийдсэн ихийг ийнхүү бүтээж туурвисныг үнэхээр гайхамшиг гэлтэй.
Номын садан ах маань Хөх Монгол зөв Монгол болох цаг ирнэ, их хаанаасаа хойш өөрийгөө олохгүй будилж төөрч байгаа Монгол минь заавал мандан бадрах ёстой гэдэгт хатуу итгэдэг байв. Монгол өөрийгөө Монголоосоо эрж, олж, хөгжих ёстой гэж хэлдэг, бичдэг байв. Монголын түүх, ёс заншлыг үнэ зөвөөр нь тодлохын төлөө үхлийг ч умартан зүтгэдэг байв. Бүр 2009 онд “Итгэлзүйн ухаан – Итгэлгүй нийгэм” номондоо “Та юунд итгэж хаашаа зорьж байна? Сул хаясан сур, дэмий хаясан дээс шиг хий дэмий цаг нөхцөөж эсвэл бурантаглуулсан тэмээ шиг бусдын араас ааг зоог хийн шар нар, бор хоногийг өнгөрөөн гэлдэрч яваа юм биш биз? Итгэл байвал явахтун! Бүр гүйгээч! Цаг хугацаа, орон зай таныг ганц хором ч хүлээгээд зогсохгүй. Өөртөө итгэ. Итгэл чинь юунд ч хүргэнэ” хэмээсэн нь өнөө цагийн монгол хүн бүрт хандсан захиас байж дээ гэлтэй. Итгэл гайхамшгийг бүтээдгийг өөрийн амьдрал, бүтээл туурвилаараа харуулаад тэнгэрт дэвшсэн номт хүмүүний оюуны үр ургац арвинтай, шим ихтэй байх болно гэдэгт үл эргэлзнэм.
Урианхан Б.ГАЛААРИД