-Сайн байна уу. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцах болсонд баярлалаа.
-Баярлалаа
-Өөрийгөө манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. Та аль нутгийн хүн бэ?
-Баярлалаа. Би Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р баг “Бор буйлст” гэдэг газар төрсөн. Хангай говь хосолсон хосгүй сайхан хонгор нутгийн хүү болж төрсөндөө үргэлж бахархаж явдаг аа.
-Ярилцлагаа таны сүүлийн үеийн уран бүтээлийн талаар эхлэе?
За сүүлийн үед уран бүтээлийн олз омгоор дүүрэн байна. СТА жүжигчин Л.Сөрөлтийн дуулсан Гоо марал гэж дуу маань мэндэллээ. Энэ дуу нь хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах бид хоёрын хамгийн анхны уран бүтээл юм. Үг, ая нь бэлэн болсноос хойш хоёр жилийн дараа ийнхүү дуулагдаж байгаа дуу юм. Мөн залуу дуучин Б.Уранзаяатай хамтарч хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн ахын аялгуугаар бүтсэн Хувирашгүй хэмээх дуу маань мэндэлж, клип нь цацагдаж эхлээд байна. Басхүү дуулагдахаар хүлээгдэж байгаа нилээд хэдэн уран бүтээлүүд бичлэгийн шатандаа явж байна даа.
· Анхны юм бүхэн мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг. Та анх ямар уран бүтээл хийж байсан бэ?
-Миний хамгийн анхны уран бүтээл “Үйлс гэгээн сувилагч” гэж дуу бий. Би Этүгэн их сургуулийн хоёрдугаар курст суралцаж байлаа. Манай сургууль “Баянзүрх” дүүргийн эмнэлэгтэй багш шавийн гэрээ байгуулж бид тэнд дадлага хийсэн юм. Багш шавийн гэрээ гэдэг нь оюутан бүрийг тус эмнэлгийн нэг нэг сувилагчийг дагалдуулан дадлагжуулж мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, заалгасан онолын мэдлэгээ практикаар баталгаажуулж өөрийн болгоход чухал ач холбогдолтой зүйл болсон л доо. Миний хувьд Уранчимэг гэж мундаг туршлагатай сувилагчийг дагалдаж олон зүйлийг сурч мэдэж авсан даа. Сувилагч мэргэжил бол маш гайхамшигтай мэргэжил эмнэлгийн дотоод үйл ажиллагааны 70-80, нэг үйлчлүүлэгч эмчлэгдэн илааршихад мөн л 70-80 хувь нь сувилагчийн хөдөлмөр шингэж байдаг гээд хэлчихэд хэдрүүлсэн болохгүй байх аа. Тэр дадлага хийж байх үед нэг шөнө жижүүрт хонож байтал “Үйлс гэгээн сувилагч” дууны маань үг орж ирсэн. Ингээд нөгөө шүлгээ дадлагын тэмдэглэлийн дэвтрийнхээ эхний хавтасны дотор талд бичээд л орхичихсон. Намар нь бидний хэдэн оюутнууд 3-р курст ирээд сургуульдаа “Итгэл” нэртэй клуб байгууллаа. Тэгээд клубдээ сүлд дуутай болоё гэж шийдээд нөгөө шүлгээ олоод хартал ер нь болмоор санагдаад ая хийлгэхээр болвоо. Гэтэл тэр талын таньдаг мэддэг нэг ч хүн байдаггүй. Ингээд би өөрийн хамаатны П.Мөнхтогоо гэж эгчдээ хандаж учир явдлаа тайлбарлан хэлтэл яг манай нутгийн П.Буянжаргал гэж авъяаслаг хөгжмийн зохиолч ахтай танилцуулж энэ шүлэг дуу болсон түүхтэй. Энэ дууг маань анх Мөнхтогоо эгч дуулж, сүүлд МУГЖ Э.Бүрнээбаяр эгч маань дуулж амьдруулсан даа.
-Сайхан дурсамж байна. Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн билээ?
Би Этүгэн их сургуулийг Сувилагч мэргэжлээр, МУИС-ийн ШУ-ны сургуулийг ашигт малтмалын эрэл хайгуулын геологич мэргэжлээр төгссөн. Харин шүлэг найрагт бол өөрийн хүсэл сонирхол, сэтгэлийн дуудлагаар дурлаж яваа энгийн нэгэн залуу байна даа. |Инээв|
-Хүүхэд насныхаа сайхан дурсамжаар яриагаа үргэлжлүүлбэл ямар байна? Шүлэг тэрлэн хоносон жаргалтай мөчүүд олон байгаа болов уу?
Би өөрөө малчин айлын отгон хүүхэд хөдөөний хүүхдүүд яаж өсдөг билээ яг л тэр жишгээр хурга ишгээ хариулж, нутгийнхаа чулуугаар гэр барин тоглож, хүлгийн дэл дээр дэрвэж өссөн дөө. 1994 онд сургуульд анх орж багийн төв дээр сийлбэртэй таван ханатай гэрт А үсэг анх заалгаж байлаа. Тухайн үед малчны хүүхдүүдэд ойр гэж тэгж байсан юм боловуу багийн төв дээр 1-4 –р анги хичээллэдэг байсан юм. Гэр ойрхон хүүхдүүд өглөө хийчээлдээ тэмээ мориор ирчихээд орой буцахдаа бод малаа хураагаад л гэртээ харьдаг байсан үе сэтгэлд их тод үлдэж дээ. Шүлэг бичих тухайд би багадаа ер нь бичиж байгаагүй. Оюутан болоод л ээж аав, нутаг усаа санаад шүлэг бичиж эхэлсэн дээ. Харин өсвөр насандаа манай үеийхэн дурласан охиндоо надаар захиа их бичүүлдэг байсан. Учир нь миний бичсэн захиаг өгөхөөр нилээд амжилттай болдог гэж найзууд маань хэлдэг байсан. Би ч өмнөх бичсэнээ давтахгүй өөрөөр сэтгэж бичих гэж нилээд хичээдэг байж. |Инээв|
-Одоогоор хичнээн дууны цомогтой болж байна?
За одоогийн байдлаар яг ая ороод дуу болчихсон 100 гаруй бүтээл байна. Яг дуулагдаад гарчихсан 80 орчим дуу байна даа. 2012 онд “Аялгуу Далласан сэтгэл” шүлгийн ном, 2014 онд “Дуун заяандаа жаргалтай явна” дуун цомгоо гаргасан. Цаашид ард түмнийхээ сэтгэлд хүрсэн олон сайхан уран бүтээл хийх юмсан гэсэн гэгээн хүслээр жигүүрлэж явна даа.
-Таны шүлгээр бүтсэн “Жаргалтай явна хоёулаа, “Миний ээж хөөрхөн” зэрэг олон сайхан дуунууд ард түмний сэтгэлд хүрсэн. Энэ дуунуудын тань бүтсэн түүхийг манай уншигчид их сонирхож байгаа байх
Уран бүтээлч хүний хамгийн том бахархал бол сэтгэлээс нь гарсан бүтээлийг нь ард түмэн нь сэтгэлээрээ өлгийдөн авч байгааг мэдрэхэд л оршдог. Жаргалтай явна хоёулаа” дууны тухайд бол хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ахтайгаа танилцаад нилээд хэдэн дуу хийчихсэн байлаа. Нэг өглөө ах маань урьд шөнө нэг ийм морины гэмээр ая орж ирээд ах нь тэмдэглээд авчихлаа ахын дүү нэг үг бичээдхээч гээд явууллаа сонссон их гоё байнаа. Намираад л маш их таалагдлаа гэвч яг үг бичих гэхээр нэг л болж өгдөггүй. Тэгээд О.Эрдэнээ ахруугаа залгаад аяаа дагаад аялаад явуулах боломж байна уу гэтэл ах маань тэр дор нь явууллаа ингээд сонстол яг бууж байнаа. Миний бага насны дурсамжинд байдаг зүйлүүд шууд сэтгэлд ургаад л ирлээ. Аав ээж хоёр маань ийш тийшээ явахаараа ихэнхдээ морь тэмээгээрээ зүс ижилсэж явдаг байсан. Хоёр хар морь, хоёр хээр шаазгай морь, хоёр бор тэмээ зэргээр хослоод явж байгааг нь харахаар их гоё содон харагддаг байж билээ. Анх “Сумынхаа наадамд хоёулаа” гэж нэртэйгээр бичигдээд сүүлд дуу бичлэгийн явцад нэрийг солихоор болж “Жаргалтай явна хоёулаа” нэртэй болсон. МУСТА Э.Төрмандах найз маань сайхан дуулж ард түмэнд хүрсэнд их баярлаж явдаг даа. “Миний ээж хөөрхөн” дууны тухайд 2012 онд нутгаасаа ирж явах замдаа автобусанд утсан дээрээ бичээд өөрлүүгээ мессежээр явуулчихаж байлаа. Мартахгүй гэж тэгж байгаа юм л даа.|Инээв| Энэ дэлхийн бүх л сайхан ээжүүд үрдээ л хөөрхөн байдаг. Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах маань ая хийж, дуучин О.Гансувд маань дуулсан даа. Уран бүтээлийн ганзага нийлнэ гэж ярьдаг. Үнэхээр л ганзага нийлсэн уран бүтээлчид юм даа бид гэж сэтгэл дотроо үргэлж баярлаж явдаг аа.
· Уран бүтээлч бүр төрсөн нутгийнхаа сайхныг бүтээлдээ багтаахыг хүсдэг. Нутгийнхаа тухай уран бүтээл хэр их туурвисан бэ?
Үнэхээр тийм шүү. Миний нутаг хосгүй сайхан нутаг даа. Говийн алтайн нурууны ноён оргил Их Богд уулынхаа мөнгөн зулайг ширтэж, Ноён улынхаа энгэрт нь эрхлэж өссөндөө их бахархаж явдаг. Төрж өссөн нутгийнхаа тухай олон шүлэг бичсэн. Жинст нутгаа дуулья” гэж шүлгэнд маань нутгийн ах П.Буянжаргал ая хийж сумын 90 жилийн ойн сүлд дуу болсон. Мөн 2011 онд их сургуулиа төгсөөд нутагтаа ирэхдээ уулга алдаж, баярлаж, мэлмэрч бичиж байсан “Нутагтаа хүү нь ирлээ” гэж дуу маань бий. Энэ дуундаа би их хайртай. Яг нутгийн минь уул усны бараа харагдаад л эхлэнгүүт сэтгэл гэгэлзээд
Нүүдлийн шувуудын дуунд
Нуурын ус шиг сэтгэл мэлмэрлээ
Холын аянаас эрдмийг өвөрлөөд
Хонгор нутагтаа хүү нь ирлээ гэсэн мөрүүд шууд асгаран буусан даа.
–Хоёула сэдвээсээ жаахан хазайгаад амьдрал хайр, ханийн тухай ярилцъя. Та амьдралаас эрч хүч, урам зориг авч чаддаг уу?
Амьдрал бол үнэхээр баялаг, амьдралыг хүн өөр өөрийн зураг төөргөөр туулдаг, амьдралыг хүн хичээл зүтгэлээр гэрэлтүүлж өнгө оруулдаг. Амьдралаас урам авч байж улам хөгждөг би ойлгодог . өөрийгөө дэлбээлж байгаа цэцэгтэй, мандаж байгаа нартай, зүсэрч байгаа хуртай зүйрлэж түүгээрээ хөглөгдөж байх юм бол амьдралаас хүн урам зориг авч ирээдүйгээ итгэл төгс харна. Би ч энэ зарчмаар л явж байгаа энгийн нэгэн залуу юм. Хайр бол мөнхийн сэдэв. Хайрын тухай оддын тоогоор уран бүтээл хийгээд ч дуусашгүй, дундрашгүй тийм гайхамшигт ертөнц гэж боддог.
-Ханьдаа зориулсан бүтээл…
Хайрын тухай, ханийн тухай олон уран бүтээлийн минь эзэн миний хань юм. Ханьдаа зориулж “Жаргалын наран чамдаа” дуугаа зохиосон.
-Сэтгэлийг чинь юу эмзэглүүлдэг вэ?
Би өөрөө хөдөө төрж өссөн болохоор монгол ахуй, ёс заншилдаа их ойр байдаг. Даяаршил гэж яриад сайхан монгол ёс уламжлал алдагдаж байгаад сэтгэл эмзэглэдэг. Бас хүн хүнээ хайрлах сэтгэл их үгүйлэгдэж байна. Монгол түмэн минь хүн чанар, хүнлэг сайхан сэтгэлээр бүү цангаасай.
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
Академич С.Нямзагд багшийнхаа бичсэн “Миний адуу” гэж сайхан бүтээлийг уншлаа. Яг одоо зохиолч Ч.Алагсай гуайн “Унаган тахийн дууль” гэж номыг амтархан уншиж байна даа.
-Таныхаар Эх орон хаанаас эхэлдэг вэ?
Эх орон гэдэг бол таны, миний, хүн бүрийн сэтгэлийн үзүүрээс л эхэлнэ гэж боддог доо.
-Ер нь бол яруу найрагчид нэг сайхан байгаль хараад ч юм уу эсвэл гэнэтийн учралаар онгод ордог гэж ярьдаг. Тэгвэл таны энэ сайхан аялгуут үгс ямар үед таны зүрх сэтгэлээс урсан гардаг вэ?
Уран бүтээл бол тухайн хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл байдаг. Ер нь сэтгэл зүрх хамгийн ихээр хөглөгдөж догдлох үед л шүлэг аяндаа тэр сэдвээрээ урсдаг. Бидний сэтгэл зүрх олон зүйлд уярч догдолж байдаг шүү дээ. Тэр бүхэн л уран бүтээл төрөх үндэс юм даа.
-“Нийтийн дуу” гэдгийг та өөрийнхөөрөө тодорхойлвол….
Монгол түмэн минь үеийн үед дуугаа өөрсдөө зохиож дуулж хуурдаж ирсэн ард түмэн. Орчин цагийн нийтийн дуу бол ардын дууны шууд үргэлжлэл гэж ойлгодог. Тийм учраас бүх л цаг үеийн цадиг түүхийг дуу өөрөө өөртөө шингээж авч ирсэн байдаг. Ямарч дууг сонссон тухайн цаг үеээ үг аялгуугаараа тодорхойлж байдаг. Тийм учраас нийтийн дуу бол монгол ахуй соёлоо шингээсэн түүнийгээ баталгаажуулж сэтгэлээс сэтгэлд өртөөлж байх учиртай нандин зүйл юм
-Бүтээлчээр даган дуурайна гэдгийг та юу гэж боддог вэ. Хэн нэгний уран бүтээлийг хуулбарлахгүйгээр уран бүтээлээ туурвисан арга барилаар нь бичих тохиолдол байдаг уу?
-Уран бүтээлч хүн мөнхийн эрэл хайгуулч, мөн өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй байх учиртай. Өмнөх үеийнхээ үеийнхээ болоод одоо мөр зэрэгцэн бүтээлээ туурьвиж яваа хамт олныхоо хийсэн бүтээснийг анхааралтай ажиглаж судалж, тэднээсээ суралцаж шинийг эрж хайж явах нь уран бүтээлч хүний эрхэм зорилго юм
-Зохиогчийн эрхийн талаарх таны бодол
Тухайн хүний сэтгэлээс гарсан уран бүтээл яг үр хүүхэд шиг нь сэтгэлд нь хайрлагдаж байдаг. Тийм болохоор үнэнийг баталгаажуулсан үнэ цэнэтэй зүйл бол зохиогчийн эрх.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Баярлалаа. Гарч буй Бичин жилдээ сэтгэл бүхэн дэлгэрч, эрүүл энхийн наран монгол түмнийг минь ивээх болтугай гэж ерөөе.
Ярилцсан: Б.Мөнхжаргал