Даллаганы уутны ёроол нь гэрийн эзэгтэйн буян хишгийн махбодийн өнгөтэй байх ёстой. Тухайлбал, төмөр махбодид төрсөн эмэгтэйн буян хишгийн махбодь нь төмөр /төмөр махбодийг цагаанаар төлөөлүүлнэ/ болно. Төмрийн өнгийг цагаанаар төлөөлүүлэн даллаганы уутны доод ёроолыг цагаанаар эмжиж хийнэ.
Гэрийн эзэн модон бар жилд төрсөн аваас ногоон /модон махбодийг ногооноор төлөөлүүлнэ/ даллаганы , уутны гол эх биеийг /торго/ ногооноор хийнэ. Тухайн айл гурван хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдүүдийнхээ төрсөн махбодийн гурван /гал-улаан, шороо- шар, ус-хөх, төмөр-цагаан, мод-ногоон гэх мэт/өнгийн хуруу хэрийн өргөнтэй даавуу эсвэл торгоор солонго адил татуулан оёно. Ингэхдээ айл ууган хүүхдийнхээ төрсөн махбодийг доор нь хийж, дунд хүүхдийнхийг түүний дээр, отгон хүүхдийн төрсөн махбодийн өнгөөр амсрын солонгыг хийнэ. Жишээ нь отгон хүүхэд усан махбодид төрсөн бол хамгийн дээд солонгыг хөх өнгөөр оёж, оосрыг мөн адил өнгөөр хийнэ.
Даллаганы уутны дотрыг улаан / их зүйл, их хүчийг хураадаг/ юм уу, шар /аливааг арвижуулдаг/ өнгийн даавуугаар хийнэ. Дээрх хоёроос өөр өнгөөр хийдэггүй.
ДАЛЛАГАНЫ УУТАНДАА 25 ЗҮЙЛИЙГ ЗААВАЛ ХИЙНЭ
Даллаганы уутан дотроо хамгийн багадаа 25 зүйлийг заавал хийсэн байх ёстой. 25 зүйлийн эд зай бүрдвэл бусад бүх сайн зүйлсийг дуудах хүчин болдог байна. Ингэж чадахгүй бол буян хишиг, эд хөрөнгө, олз омог, санасан сэдсэн бүхэн дүүрэн тогтохгүй, дутуухан байна гэж үздэг. Эдийн талаасаа хүчин бүрдэхгүй аваас эрдмийн талын хүчин бас бүрдэхгүй гэлцдэг ажээ.
Эдгээр 25 зүйлст нь, 5 их эрдэнэ болох алт, мөнгө, шүр, сувд, номин. Дээр нь нэмээд хэд ч болгож болох бөгөөд орлуулж огт болдоггүй. Байгалийн язгуур амь зүйлийг хийхгүйгээр орлуулсан зүйлээс хэзээ ч адистид гардаггүй аж.
5 үр тарианы зүйлс байх ёстой. Үүнд, улаан буудай, цагаан буудай, арвай, буурцаг, дэл. Таван рашаан болох зөгийн бал, мөсөн чихэр, тараг, сүү, тос. Эдгээр дээр нэмж, хатсан идээний зүйлс хийж болно. Ингэхдээ хуурай сүү, хатсан тараг эсвэл ааруул, зөгийн бал, тосыг хатсан бол хатсанаар нь, үгүй бол шилэн саванд савлаад уутандаа хийж болно. Таван эм болох лидэр, гандигаар, банлаг, далайн хөөс, шудаг, мөн 5 үнэртэн хэмээх улаан зандан, цагаан зандан, задь, гавар, хаш гүргүм заавал байна. Дээр нь агар нэмж ч болно.
ДАЛЛАГАНЫ УУТАНДАА АРИУН, ДАГШИН ГАЗРЫН ШОРОО, МОД ХИЙНЭ
Дээрх 25 нэр төрлийн зүйлээс гадна ариун болон тахилгат газар орны шороо, чулуу, модноос гадна үр жимстэй модны хэсэг, цай, давс, таван өнгөт хоргой даавуу, эх орны мөнгөн тэмдэгтүүд, сайн хүний эдлэж хэрэглэж асан эд зүйлс, хайртай хүүхдүүдийнхээ даахь сзвлэг, дээлийн өөдөс тэргүүтэн, олон малтай айлын хонины ноос, адууны дэл сүүл тэргүүтнийг хийнэ. Яагаад чухам ийм олон төрлийн зүйлсийг хийх ёстойн учир нь, ариун, дагшин газар орны шороо, мод чулуу тухайн газар оронтой танай гэр бүлийг холбож, баян чинээлэг хүний буян хишиг танай гэрт тогтох бэлгэдэлтэй. Буян хишиг дуудаж, хурайлах нь дээрх зүйлсийг авсан газар орны буян хишиг, эд баялгийг танай гэрт цуглуулж, гэр орон тань дээрх зүйлсийг гэртээ цуглуулж буй хэрэг.
ДООД СУУРИНД ЛЯНХУА ЦЭЦГИЙГ ДҮРСЛЭНЭ
Даллаганы уутны доор найман дэлбээтэй лянхуа цэцгийг дүрслэх, эс бөгөөс зургийг уутан дотор хийж ч болно. Мөн эдийн бурхад болох Намсрай, Гомбо, Норжмоо зэргийн алиныг ч хийж болно. Замбалын амин хүрд ч хийж болно. Замбалын амин хүрд нь байгаа газрыг Замбал бурхан сахина гэсэн тангарагтай. Хаана тавина тэнд буй зүйлс цугладаг тангарагтай. Намсрайн хулганатай эрдэнийн зураг ч байсан болно. Тэгэхээр Намсрай бурхан ивээж, даллагын уутанд, танай гэр оронд заларч байгаагаас өөрцгүй. Номоо уншуулж байхад дараа нь юм юм цуглана. Даллага авч байхдаа л амсрыг нь нээгээд бусад цагт амсрыг нь чанга бус сул биш боогоорой.