Охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр санаа зовоодог асуудлын нэг бол хэт таргалалт болоод байгаа. Харин нөгөө талаас хэт туранхай буюу турах дон "Анорексиа нервоза" буюу мэдрэлийн шалтгаантай хоолны дуршил буурах өвчтэй хүмүүс олширчээ. Эдгээр хүмүүст зориулан жил бүрийн 5 дугаар сарын 6-нд Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд олон компанит ажлууд өрнөдөг.
"Анорексиа" нь хэвийн жинтэй ч өөрийгөө тарганд тооцон хоолоо сойсоор улмаар сэтгэцийн өөрчлөлтөнд орж, үхэлд ч хүрэх аюултай өвчин юм. Өөрийн гэсэн үзэл бодол бүрэн гүйцэт төлөвшиж амжаагүй байгаа охид хөвгүүд сүүлийн үед хоол идэхгүй, дэглэм баримталдаг болсон. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг бөгөөд таван хүн тутмын нэг нь амиа алддаг гэсэн тооцоог ДЭМБ-ээс гаргажээ.
Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийг 1992 оноос Mary Evans Young санаачлагаар тэмдэглэж ирсэн. Mary бол Английн "Diet Breakers" буюу “Хоолны дэглэмийг няцаагч” бүлгийн тэргүүн бөгөөд өөрөө өмнө анорексия өвчинд шаналж байсан учраас хүмүүст өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, бие хүн гэдгийг ойлгуулах ажилд идэвхтэй зүтгэж иржээ.
Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийн зорилго:
• Өөрийн унаган төрх, бие галбирын онцлог төрх байдлыг хүлээн зөвшөөрч хайрлах;
• Хоолны дэглэм ба жингийн тухай бодол шаналгааг нэг өдөр бүр мөсөн мартах;
• Жин хасах хоолны дэглэм, эрүүл мэнд ба биеийн хэмжээ харьцааны талаар нарийн судалж зөв ойлголттой болох;
• Хоолны дэглэм охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд хэрхэн нөлөөлдөг талаар тунгааж үзэх;
• Зохисгүй хооллолт (анорексия нервоза, булимия нервоза г.м орно) , өөх соруулах мэс заслын хохирогчдыг хүндэтгэх;
• “sizism” (“хэмжээлэх” “ жингээс шалтгаалж шившиглэх”) , “fatphobia” (“өөхнөөс айх”) гэх мэт жингийн талаарх тодорхойлолт, хайрцагласан ойлголтуудыг бут цохиход хувь нэмрээ оруулах (Эх үүсвэр: Wikipedia)
Энэ өдөр бол хоолны дэглэмийг хэт баримтлахын сөрөг үр дагаврын талаар мэдлэггүй байдал ихэсч байгаа явдлыг өөрчлөх буюу байгалиас өөрт заяасан унаган төрх байдал, биеийн галбираа хүлээн зөвшөөрөх, өөрийгөө хүндэтгэх, хоолны дэглэм баримталж биш зохистой хооллож эрүүл амьдрах тухай ухагдахууныг олон нийтэд таниулах зорилготой өдөр билээ.
No Diet Day хоол хүнсээ хэрхэн зөв сонгож хэрэглэх, хоолны дэглэм баримлахад эрүүл мэндэд гардаг өөрчлөлтүүд, ихэвчлэн сөрөг үр дагавар гардагийг, тухайлбал анорексия ба медиа дахь бие галбирын ухагдахууныг хүмүүст ойлгуулахыг зорьдог өдөр юм.
Хэрвээ та турахаар хоолоо сойдог бол өнөөдөр энэ дэглэмээсээ татгалзахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Shuud.mn