Ихэр ах дүүс турк хэл сурахаар шийджээ. Ингэхдээ тэдний хийсэн хамгийн эхний бөгөөд хамгийн чухал алхам нь шинэ үг цээжлэх ёстой гэсэн тогтсон хандлагаас өөрсдийгөө чөлөөлөх юм. Өөрөөр хэлбэл тэд гадаад хэл сурахыг зайлшгүй шаардлагатай учраас хүчээр сурах үүрэг хариуцлага гэх үзлээс өөрсдийгөө эхлээд бүрэн чөлөөлжээ. Ингээд гадаад хэл сурах чадвараараа дэлхийд алдаршсан ах дүүсээс сурсан туршлагаасаа хуваалцъя.
1.Зорилгоо тодорхойл
Хамгийн эхэнд яагаад гадаад хэл сурах гэж буй зорилгоо тодорхой болгох хэрэгтэй. Ажлын шаардлагаар уу, сургуульд сурахаар уу, гадаад явахаар уу? Ямар зорилгоор сурахаас шалтгаалж хэрхэн сурах нь ч мөн ялгаатай.Ихрүүдийн хувьд өөрсдийнхөө мэддэг гадаад хэлний тоог нэмэхээр долоо хоногийн хугацааг өөрсдөдөө өгчээ. Турк хэлийг сонгон сурахаар шийдсэн нь Герман улсад турк хэлээр ярьдаг 300 мянган хүн байдагтай холбоотой гэнэ.
2.Сурч буй хэлээрээ амьсгалах
Өөртөө орчин бүрдүүл. Амьдардаг газраа, ялангуяа өдрийн ихэнхи цагийг өнгөрүүлдэг газартаа сурч буй хэлнийхээ орчинг бүрдүүлэх ихээхэн ач холбогдолтой. Ингэснээр заавал тусгайлан цаг гаргалгүйгээр өөр зүйлс хийж байхдаа ч хэлээ сурах боломж олгодгоороо давуу талтай. https://www.youtube.com/watch?v=Y39rMUWXra0 дэлгэрэнгүйг энэ холбоосоор орж үзэх боломжтой.
3.Хамт давтах найз эсвэл хамтрагчтай бол
Ижил зорилготой хамтрагчтай байснаар ганцаараа хичээхээс хэд дахин илүү хурдтай урагш ахидаг ажээ. Хамтрагчид нэгнийгээ урагш хөтөлж, чадахгүй зүйлд нь тусалж дэм болохоос гадна нэгнийгээ хурцалж, илүү хүчин зүтгэл гаргахад хүргэдэг байна. Хэдийгээр тэд хамтрагчид ч гэлээ заримдаа нэгнээсээ илүү түрүүлж алхахаар хичээх нь нөгөөдөө түлхэц болдог гэнэ.Ихрүүд өдрийг өөр газар өөр зүйлс хийж өнгөрүүлсэн ч өдөр сурсан зүйлсээ орой нь уулзан нөгөөдөө зааж өгдөг. Тэд нэгэндээ мэдээллийн эх сурвалж болж өгдөг байна. Гадаад хэл сурахад хамтрагчтай байх маш үр дүнтэй байдаг. Хоорондоо харилцан ярилцаж, бие биенээсээ шинэ үгийн шалгалт авч, хамтдаа суралцах нь зорилгодоо хүрэх замыг хурдасгадаг. Ихрүүд хоорондоо турк хэлээр ярихыг оролддог гэнэ. Тухайлбал, бие биенээсээ “Цай уух уу, Өнөөдөр ямар хоол идэхийг хүсч байна, маргааш юу хийхээр төлөвлөж байна ” гэх зэрэг өдөр тутмын яриангаа сурч буй хэлээрээ ярих нь ихээхэн үр дүнтэй гэжээ.
4.Хүрч болох зорилт тавь
Зорилгоо биелүүлэх маршрутад чинь тэмдэглэгээ хэрэгтэй. Тэдгээр тэмдэглэгээнүүд жижиг сорилтуудаас бүрддэг. Тухайлбал,Мэтью, Мишель хоёр долоо хоногийн туршид өөрсдөдөө төрөл бүрийн сорилт тавьдаг. Тухайлбал, эхний өдөр турк найзындаа зочилж турк хэлээр ярьж нэг өдрийг өнгөрөөжээ. Турк найз нь тэднийг хэрхэн хурдан үг цээжилж, хурдан сурч байгааг магтсан нь тэдэнд их урам өгчээ. Найзууд хамтдаа жимсний нэрсийг туркээр хэлж сурч, нэгээс тэрбум хүртэлх тоог туркээр хэлж сурснаар хүнсний захаар явахдаа шинэ үгээ хэрэглэн худалдагчидтай ярилцах болжээ. Дан ганц гэртээ үг цээжлэн, өгүүлбэр бичиж суухаас илүүтэй сурсан зүйлээ бага гэлтгүй өдөр тутмын амьдралдаа хэрэглэх хэрэгтэй.
5.Гадаад хэлийг “идэх” хэрэгтэй.
Сурч байгаа зүйлээрээ өөрийгөө бүрэн хүрээлүүл. Хоол, хөгжим, кино гэх мэт бүх л зүйлд хамаатай. Ингэснээр та зүгээр сууж байхдаа ч хэл сурч чадна. Жишээлбэл, англи хэл сурч байгаа бол дуртай киногоо англи хэл дээр үз. Нэг ч үг ойлгохгүй байсан хамаагүй, эхлээд гадаад хэл дээр нь үз. Гэхдээ сонирхолтой, өөрийнхөө мэддэг киног үзээрэй. Дараа нь тэр киногоо англи тайлбартайгаар нь үз. Англи тайлбартайгаар нь хэд хэд үзсэн ч болно. Ингэснээр тухайн үг хэллэгийг хэрхэн зөв дууддагийг, аль үгийг өгүүлбэрт хэрхэн хэрэглэдгийг мэдэж авна. Энэ нь дуртай дургүй хэдэн өгүүлбэр дэвтэр дээр холбон бичихээс хэдэн зуу дахин илүү гэдгийг амлаж байна.Ихрүүдийн хувьд радиогоор турк дуу сонсож, турк зоогийн газар турк хоол идэж, зөөгчидтэй нь туркээр харилцан ярилцдаг. Хүнсээ турк захаас худалдаж авч, хоорондоо туркээр ярьж, бичдэг байна. Яг л өөрийгөө тэр улсын хүн болсон мэтээр төсөөлнө. Бодож сэтгэхдээ ч мөн монголоор биш сурч байгаа хэлээрээ сэтгэх хэрэгтэй гэсэн үг. Хэл сурна гэдэг хэлийг нь сурч буй орныхоо соёл, онцлогт ч мөн нэвчин орохын нэр билээ.
6.Сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүл.
Сурсан зүйлээ хэрэгжүүлэх тусам тухайн зүйлдээ улам гаршин, хөгждөг. Ихрүүдийн нэг үргэлж “Ммм.., тэр нөгөө.. “ гэх сул үгийг байнга хэрэглэдэг зуршилтай байжээ. Тэд гадаад хэл сурахдаа суурь мэдлэгээ ашигладаг байв. Түүний нэгэн адил хэл сурч эхлээд хэр удсан эсэх хамаагүй, хэр ихийг сурсан чинь ч хамаагүй, үргэлж түүнийгээ ашиглаж, амьдрал дээр хэрэглэж бататгаж байгаарай. Ингэж гэмээнэ мартагдалгүй ой тоонд үлдэж, дараагийн шинэ мэдлэгийг хүлээж авахад ямар ч асуудалгүй байх болно. Ер нь хэл сурах нь математик, хими физик гэх мэт өөр бусад шинжлэх ухаанаас ер бусын өөр онцлогтой. Хэр их хэрэглэнэ, тэр хэрээрээ сурна.
7.Хайрцагнаасаа гарч сэтгэ
Хэл сурахад дүрэм гэж үгүй. Өдөр бүр үг цээжлээд, дасгал ажиллаад л хэл сурчихна гэвэл өрөөсгөл ойлголт юм шүү. Гадаад хэлийг сурах хүсэлтэй хүмүүст хэдэн мянган сонголт, боломж бий. Ихрүүдийн туршлагаас харахад л, тэд турк хэл дээр сонирхолтой зохиол уншиж, турк радио сонсож, интернэтээр турк хөл бөмбөг тоглож, турк хэл дээр кино үзэж, турк найзтай болох зэрэг олон сонирхолтой төдийгүй үр дүнтэй аргуудыг хэрэглэсэн.
Хэл сурахад тусгайлсан дүрэм гэж үгүй, багш ч үгүй. Хэл гэдэг бол ярьж, бичиж, уншиж, сонсох үйлдлүүд. Тэгвэл энэ дөрвөн чанарт хорвоогийн бүх л зүйлс багтдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хэл сурахыг хүссэн ихэнхи хүмүүс сургалтын төвд долоо хоногийн хэдхэн цагийг сургалтын танхимд хичээллэж өнгөрөөх нь бий. Гэвч зөвхөн тэр хэдэн цагийг бус амьдралынхаа хэмнэлийг тэр чигт нь үүнд чиглүүлэх хэрэгтэй юм. Бид төрөлх хэлээ сурахдаа анх хэрхэн ярьж, бичиж сурдаг билээ. Гадаад хэлийг яг л түүнтэй жишин сурах нь зүйтэй юм.
Өөрийгөө бүү хайрцагла. Өдөр бүр шинэ сонирхолтой зүйлийг туршаарай. Чамаас өөр санаа бодолтой хүмүүсийн өөр шинэ өнцөг, сэтгэхүйг гадаад хэл дээр харж, уншиж шинэ зүйлд нүдээ нээ. Оройн хоолоо хийнгээ өөртэйгээ ярилц. Бага насны хүүхдэд зориулж өөрийнхөө хүрээнд жижиг зохиол бичиж үз. Дуртай дуугаа чангаар дагаж дуул. Театрт оч. Хэл сурах аялалдаа шинэ хачир нэм. Эцэст нь та тодорхой үр дүнд хүрэх л болно.