Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа, Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч харамсах юм алга. Бага байхдаа ОЛОН гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас зүүгдэн авирч гардаг сан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдаг сан. Бурханд мөргө гэхээр нь мөргөнө. Тэр бүхэн газар цөмөрсөн мэт алга болж зөвхөн сүмийн чулуун суурь үлджээ. Тэр чулуун дөрвөлжүүдийн хоорондуур лууль шарилж ургажээ. Харамсах юм алга. Мөхөх ёстой болоод л мөхөө биз, Худаг нь хүртэл ширгэчихсэн. Энэ худгийг миний аав ухалцсан гэж ярьж байсан санагдана. Аав минь ч байхгүй. Ер нь сүм дуган, аав бас өөр олон: юм алга болж урьд өмнө байгаагүй шинэ юм бий болдог юм байна. Дайн болов гээд манай нутгийн аль чадалтай түшигтэй эрчүүд цэрэгт дайчлагдсаар жил болж байна . Миний ах ч бас явсан. Эргэж ирэх үгүй бүү мэд, Дайны газар хүнд алуулчихдаг гэнэ.
Маргааш өглөө би ч бас явна. Аймгийн сургуульд явж байгаа хүн дайнд явж байгаа биш боловч урьд байсан юм байтугай, хүн алга болчихдог ертөнцөд ямархан хувь заяа угтаж байгааг хэн мэдэх билээ.
Ингэж бодоод газраас хайрга авч худаг руу шидэхэд ёроолын шалбаагт чол чол хийн унав. Би нутгийнхаа нартай салах ёс гүйцэтгэж байгаа учир шингэтэл нь энд сууна.Оройн саалины цаг. Айл айлын үнээний хороод тавьсан майн утаа найман сарын нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа суунаглан мөлхөнө. Тэрүүхэн урдах модны булгийн ойролцоо сүрэг улаан тогоруу бэлчиж явна. Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд дэгдээхий тогоруунууд хүчийг сорих гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан гүйнэ. Тэр «тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх боловч «Миний нутгийн тогоруунууд баяртай» гэж дотроо би өгүүлнэм. Урд арын модны захын цэл ногоон цагдуулууд шингэх нарны гэрэлд мөн л улбар өнгөтэй болжээ. Надтай хамт өссөн тэр зулзаган моднуудыг би цөмийг танина. Булгийн эхний ганц хөгшин шинэс одоо хөгшрөөд бөв бөгтөр болжээ. Хөгшин мод үхэж залуу мод ургаж байдаг ёс юм бизээ.
Бага байхдаа борооны дараа татсан солонгыг барих гэж ойн зах хүртэл гүйхэд энэ цагдуулд зам хаадаггүйсэн. Чингэхээр надтай хамт «төрсөн» нялх модод байжээ.
Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн утаан дундуур толгойгоо сэжлэн олон зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна. Баруун хотын тэндээс нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлзэж «надтай цанхаагаа гаргах бух байна уу» гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг нэлдээ агь ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүүд хонио ялган шуугилдаж тэртээ зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна. Тэр Тэхийн Палхай лав мөн. Тэх гэдэг нэртэй байх яах вэ. Харин Палхай гэдэг маань юу гэсэн үг вэ? Багад нь муу амтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай нутагт үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд түйвээж явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон гэрэг. Палхайн орь дуунаас ургах мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан дээгүүр эргэлдээд ганц модны булгийн тэнд дахин буув.
Нар шингэх дөхжээ. Маргаашаас эхлээд би үхрийн хорооны шургааг дээр юм уу энэ худгийн ирмэг дээр сууж нутгийнхаа нар шингэхийг үзэхгүй, хол явчихсан байна. Нөгөө улаан бух хичнээн шороо цацлавч мөргөлдөх зүрхтэн ирсэнгүй тул цээлхэн залуу дуугаар урамдан үнээнүүдийн хойноос яваад өглөө. Би Палхайг тэр бухтай тархий нь хага мөргөлдүүлэх юм сан гэж бодоод инээд алдав.
Манай хөрш Сангид гуайн гадаа үнээгээ сааж дууссан хүүхнүүд цуглараад хангинасан сайхан хоолойгоор дуулцгаав. Тэдний дуу үдшийн сэрүү буусан нуга талын дээгүүр зэллэн, шингэх нарны түмэн цацарагаар дамжин одож байх мэт.
Огторгуй харахад минь хол шиг аад
Орох л борооны түргэнийг дээ
Орчлон санахад минь хол шиг аад
Очих л насны түргэнийг дээ…
Цэрэгт явсан эр нөхөр, сэтгэлт хүнээ санаж дээ гэмээр гэгэлгэн гунигтай дуулна. Хүн хүнээ хайрлах ба санах ёсыг би мэддэг болжээ. Чингэснээс хоолой дээр мннь бөөн хар юм тулж ирээд арай л уйлчихсангүй.
Ганга л мөрний гургалдай
Гадаа ирээд жиргэнэ л…
Ээжийн бурхны орон гэж ярьдаг тэр Ганга мөрөн хаа ч юм билээ? Энэ тогоруунууд тэндээс ирдэг юм биш байгаа? Үгүй, бий болох үхэх, төрөх жамтай энэ ертөнц ямар их уудам бэ. Тэр Ганга мөрөн гэдэгт нь хүрч очих цаг ирэх ч юм билүү «Мөнх биш хорвоод хүн төрдөг, ухаантай зоригтой яваарай» гэж аавын захидаг үнэн. Ухаантай зоригтой явбал аймгийн сургууль байтугай тэр гайхамшигт Ганга мөрөнд ч хүрч болно.
Хүүхнүүдийн дууг уяран чагнаж байтал нар шингэж улаан тогоруунууд жирийн хөх тогоруу болов. Нутгийн минь нар баяртай! Тогоруунууд ч нар шингэхийг хүлээж байсан мэт агаарт хөөрөн майн хөх суунаг дээгүүр алсыг чиглэн нисэв. Тогоруунууд минь баяртай! Би маргааш та нарын хойноос одно…
Од түгж дулаахан шөнө болов. Хөрш айлуудынхаа хөгшдийг сайн сууж байгаарай гэж хэлээд ир гэж ээж минь хэдэн хадаг өвөртлүүлээд явуулав. Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд өлзийтэй болно гэж би итгээд, Ерөөл сонсохоос илүүд бодох нэгэн зүйл надад бий. Үерхдэг охин гэх юм уу, юу гэмээр юм бэ дээ. Булгийн ганц модон дор түүнийгээ хүлээж байхдаа зүрх минь түг түг цохилон байв. Зүгээр нэг үерхдэг бол юундаа ингэж зүрх булгилах билээ. Энэ амьтан болгон ямар нэг юм хүлээж ийм одтой дулаан шөнийн тэнгэр дор анир чимээ чагнаархан байдаг болов уу гэмээр. Хээр талд адуу янцгаан, мэлхий нойрмог дуугаар вааг вааг гэж ноход хөв хөв хуцна. Адуу адуугаа мэлхий нь мэлхийгээ, нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт. Хүлээсэн тэр минь нүцгэн хөлөөрөө хий агаарт явах мэт чимээгүй гишгэлэн оддын гэрэлд сүүтэгнэн хүрч ирээд,
Цайгаа буцалгах гэсээр удчихлаа. Чи их хүлээв үү гээд зайдуухан суув. Саяхан болтол бид эзэнгүй зуслангийн байшин саравч, лууль шарилжинд нуугдаж тоглодог байсан атал одоо тийнхүү тоглох байтугай бие биендээ хүрэхээсээ эмээн болгоомжлох болжээ. Бие биесээ нууцаар хүсэмжилж сэтгэл догдлох сонихон. Бид хэн, хэнийхээ дээрхэн гарсан амьсгааг чагнаж нэг хэсэг дуугүй суулаа. Хажууд чөдөртэй морьд өвс ширд ширд зулгаахаас өөр чимээгүй. Охиноос буцалсан цагааны үнэр ханхлах нь нөгөө л аарц сүү болсон оготор даалимбан тэрлэгтэйгээ аж. Харин би дэлгүүрийн үнэртэй шинэ даавуу дээл савхин гутал өмсөөд харанхуйд боловч түүнийгээ байн байн харж, тийм сайхан шинэ хувцастайгаа охинд мэдэгдэх аргаа олж ядан суув. Ялангуяа савхин гутал хүсэл болсон эд билээ. Нэлээд томдсон тэр хуучин савхийг ээж минь бүтэн бодоор авч өгсөн юм.
Сампилын аав, Баатарын ээж гээд бүгдээрээ над мөнгө өгсөн. Ээж ноосныхоо мөнгөний талыг өгнө гэсэн. Би аймгаас чамд савхи авч явуулнаа.
Аймгийн хоршоо нээрээ их юмтай байх даа гэж охин горьдож итгэсэн дуугаар хэлэв. Бидний дуу хүртэл өөр болжээ. Ээж намайг ёстой эр хүн шиг бүдүүн дуутай болсон гэнэ. Охин хоолой дээрээс гарах огцом чанга дуутай байснаа одоо цээжний зөөлөн дуутай болжээ. Харанхуйд би түүний номхон бор нүдний гунигт харцыг мэдэрч байлаа. Би аймгийн сургуульд явж тэр минь аарц цагаа буцалгасаар үлдэх тул гуниглах нь аргагүй дээ. Би түүнд зүрх шимширтэл хайр хүрч байлаа. Оготор даалимбан тэрлэгний хормойгоор үхрийн баас шавхай болсон нүцгэн хөлөө ороож хацраа өвдөгтөө наагаад нулимст нүдээр гөлрөн хоцрох хөөрхийлөлт дүр нь үзэгдэв. Хүүхдийн харьцах гэнэн цагаан ёсыг эвдэж, аргагүй ертөнцийн нүгэлт амьдралын амтыг үзүүлдэг тийм нэгэн цагт ийнхүү хагацан салах өдөр тохиолдоно гэж санасангүй.
Гэвч хайр бол зөвхөн бодлоор биш бас биеэр хүрдэг ажээ. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадас, зуны шөнийн түмэн түмэн од гялалзах аугаа ертөнцийн дор хослон байдаг жаргал зовлон өчүүхэн хоёр амьтанд бас ноогджээ. Хүүхэд бас гэнэт нисэн одсоныг харамсах адил чимээгүй уйлан гашуун нулимсаа залгихад маань дотор бяцхан онгойв.
Би аймгийн сургууль төгсөөд цэргийн сургуульд явна. Цэргийн дарга болоод чамайгаа аваачна. Тэр болтол зуны амралтаар уулзаж байх боллоо доо.
Би чамайг хүлээгээд л байна. Ах жин тээж аймаг орвол хамт очиж магадгүй. Чи надад захидал л их бичиж байгаарай.
Тэгнээ.
Ээж чинь яатахав гэж хүлээж байгаа даа.
Яах вэ, миний хүүгийн дуу хүртэл бүдүүрээд ёстой эр хүн болж гээд л байсан.
Охин шүүрс алдаад миний гарт нэг зөөлхөн юм бариулж
Миний багын үс. Чи комсомол болгоно гэж гэзгийг минь хайчилчихсанаа санаж байна уу? гэв. Дүрсгүй толгой би нээрээ тайранхай үстэй хүүхнүүдийг хараад шодгорхон гэзгийг нь тас хайчлан «комсомол» болгосон юм. Хүүхдийн үнэр анхилсан тэр туг үс эрдэнэ чандмань шиг нандин болно гэж хэн санах билээ дээ.
Охин түүнийг зөнгөөрөө мэджээ. Амьдрал гэдэг үлгэр шиг ч юм шиг, үгүй ч юм шиг. Үлгэр хэвээрээ байгаасай гэтэл барин тавин үнэн юм болчихно. Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ. Бид хоёр үүнийг мэдрэн тэнгэр ширтэж гайхан ХЭВТЛЭЭ. Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй! Салалтын гунигт мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа. Тэнгэр над үлгэр хайрлав. Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадсаар замнан сүрэг улаан тогоруу нисэн явтал нутгийн минь нарны гэрлийг авч яваа тэдгээр наран тогоруу алсын алсад нисэж одъё гэж намайг дуудан байх мэт.
Наран тогоруу! Хараач тэр нарантогоруу!
Амьдрал үлгэр биш ажээ. Хайрт бяцхан нөхрөөс минь үлдсэн юм хүүхдийн үнэртэй сэвлэг үс байна. Нутгийн минь нарны гэрэл сүүлчийн гэнэхэн үлгэрийг авч одсон Наран тогоруунууд алихан газартаа явна вэ? Алсын алст нисэн одъё гэж одоо ч намайг дуудсаар байна уу.