Наадмын өмнөхөн адууны соёлын талаар үзэсгэлэн гарсан тухай телевизээр үзлээ. Мөн нийтлэлч Б.Цэнддоогийн өнөөгийн боловсрол, ялангуяа дээд боловсролын талаар бичсэн нийтлэлийг уншаад бичгийн соёлын талаар санаагаа бичье гэж бодлоо.
Би хэл бичгийн талаар ямар нэгэн судалгаа хийж байгаагүй, энэ талын мэргэжлийн хүн ч биш. Гэхдээ төрийн ажилд олон жил зүтгэж үзэг, цаас нийлүүлж явсан болохоор энэ талаар хэлэх зүйл бас байна аа.
Сүүлийн үед сонин, интернэтэд бичсэн зүйлийг уншихаар үг, үсгийн хувьд их алдаатайгаас гадна заримдаа юун тухай өгүүлэх гээд байгаа нь ч тэр бүр ойлгогдохгүй юм. Намайг оюутан байхад МУИС-ийн монгол хэлний нэг багш оюутнууддаа хэрэв “Үнэн” сонингоос үг, үсгийн ямар нэгэн алдаа олох юм бол шууд “онц” дүн тавина гэж хэлж байсан тухай яриаг санаж байна. Энэ нь нэг талаасаа тэр үеийн сонин, сэтгүүл ямар чанартай гардаг байсныг, нөгөө талаар багш нарын заах арга, оюутнуудтай ажиллах ур чадвар ямар байсныг харуулж байна. Оюутан алдаа олж “онц” дүнавахын тулд өөрөө дүрмээ сайн мэдэхээс гадна сонин уншдаг байх ёстой болж байгаа юм.
Төр, засгийн шийдвэр алдаатай, ойлгомж муутай, хоёрдмол утгатай гарвал маш аюултай гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Цэг, таслал хүртэл учиртай байдаг. Тавих, эс тавих буюу хаана тавихаас хүний амь нас шийдэгддэг сонгодог жишээ байдаг шүү дээ. “Казнить нельзя помиловать” гэсэн орос хэл дээрх энэ өгүүлбэрт аль үгний дараа цэг, эсхүл таслал тавихаас хүний амь нас хамаарах жишээтэй.
Олон жил төрд ажиллаж байсан нэг танил ярьж байна аа. Дээд сургууль төгсөөд удаагүй нэгэн шинэхэн ажилтандаа албан бичиг төлөвлөх үүрэг өгчээ. Түүний бичсэн ердөө гурван өгүүлбэртэй албан бичгийн төслийг уншаад үзсэн чинь бараг гучаад алдаа байна гэнэ. Ихэнх үгийг мессеж, мэйл, твиттерт бичдэг шигээ бичсэн байх аж. Өөрөөр хэлбэл интернэт өргөн хэрэглэх болсноос хойш хүмүүсийн бичгийн соёл их өөрчлөгдлөө гэж байна.
Гэтэл төрийн алба бол өөрийн тогтсон хэллэгтэй, тэр нь хэл бичгийн дүрэм, хүчин төгөлдөр хуультайгаа нийцэж байх учиртай юм. Төрийн албан хаагч хүн даалгасугай, үүрэг болгосугай ч юм уу, хүчингүй болгох, хүчингүй болсонд тооцох гэсэн үг, хэллэгүүдийг ядаж хэзээ хэрэглэхийг ойлгож бичдэг байх хэрэгтэй л дээ. Ямар нэгэн үг, нэр томьёог Үндсэн хуулинд яаж бичсэн байна яг түүнтэй адилаар бичсэн байх ёстой. Жишээ нь, “Монгол Улс”-ын “Улс” гэдэг үгийн эхний үсгийг томоор, билчээр биш бэлчээр, эсвэл биш эсхүл гэж бичсэн, дараахь гэдэг үгийг зөөлний тэмдгээр төгсгөсөн байдаг тул Үндсэн хуульд байгаагаар бичих нь зүйтэй байх.
Сүүлийн үед дэлхий нийтийн хөгжлийг дагаад гадаад үг бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэх боллоо. Интернэт, мессеж, карго, чартер зэрэг дэлхий нийтээрээ хэрэглэдэг үгийг орчуулах гээд хэрэггүй гэж бодож байна. Нэгэн үе гуанз, байцаа, хуйцаа, зээтүү, гаапуу, туйпуу, байшин зэрэг хоол хүнс, барилга, газар тариалантай холбоотой хятад үгс, дараагаар нь гарааш, маниул, аваар, жааз оркестр зэрэг техникийн болон соёлын холбогдолтой орос, гадаад үгс өргөн хэрэглэгдэх болсон нь монгол хэлэнд муугаар нөлөөлөөгүй гэж бодож байна.
Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг зүйл гэвэл гадаад зарим үгийн монгол хувилбарыг бий болгож байна. Тухайлбал, шедевр гэдгийг шилдэг гэсэн үгнээс санаа авч шилээвэр гэх болсон нь үүний нэг оновчтой жишээ юм. Дата гэдгийг огноо гэх болсон түүхийг энд дурдмаар байна. 1980 онд анх Албан баримт бичгийн стандарт боловсруулахад миний бие тэр үед Шүүх яамны ажилтны хувьд Улсын төв архивын ажилтан Дамдинсүрэн, Энхмөнх нарын хамт боловсруулж байсан юм. Орос хэлний дата гэдгийг заавал он, сар, өдөр гэхгүйгээр нэг оноосон үг олох шаардлагатай байдаг. Тэгтэл Дамдинсүрэн гуай Монгол хэлэнд он оноох, ан агнах гэсэн хэллэг байдаг, иймд дата-г огноо гээд бичье гэсэн санаа гаргаж төсөлдөө бичсэнээр ийнхүү хэвшээд байна.
Энэ дашрамд тэмдэглэхэд бидний хэрэглэж заншсан гадаад үг, хүмүүсийн нэрийг голдуу орос хэлнээс галигласан байдаг. Гэтэл эдгээр үг, нэр нь ихэнхдээ орос биш учраас сүүлийн үед цаад эх хэлнээс нь буюу латин болон ханз үсгээр яаж бичсэнээс галиглах болжээ. Ялангуяа нийтлэлч Баабар цаад хэлнээс нь буюу латин үсгээр яаж бичсэнээс нь байнга галиглан бичиж байна. Тэрээр “Дори Идэр дүүдээ” номондоо өчнөөн олон гадаад нэрийг өөрийнхөөрөө галигласан байдаг .Ер нь энэ ном танин мэдэхүйн талаасаа их сонин бүтээл (ялангуяа залуучуудад) тул хэрэв уншаагүй бол танилцахыг зөвлөж байна.
Товчилсон үг, нэрүүдийн талаар дурдахгүй байхын аргагүй. Дээхэн үед МАХН-ын ТХ, УТТ, СнЗ, МХЗЭ, МҮЭ, ХААН, САА гэх зэргээр товчилсон нэрийг хэн бүхэн ойлгодог, албаны баримт бичгүүдэд ч хэрэглэж хэвшсэн байлаа. Одоо бол хэт олон үсэгтэй, хэлж цээжлэхэд хэцүү товчлол их болжээ. Тэдгээрийг нь хүмүүс тэр бүр ойлгох ч үгүй, хэрэглэж занших ч үгүй юм. Сонин сэтгүүлд бичсэн, телевизээр гарч байгаа болон гудамжинд тавьсан хаяг, зарлалыг, хүмүүсийн ажлын хувцсан дээр бичээстэй зарим товчлолыг зөвхөн тухайн байгууллагад л ажилладаг хүмүүс ойлгодог байх.
Нэгэн үе Улсын нэр томьёоны комисс гэдэг байгууллага нилээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж үг, хэллэгийг овоо цэгцэлсэн юм. Уг комисс “Улсын нэр томьёоны комиссын мэдээ” нэртэй эмхтгэл тогтмол гаргадаг байлаа. Төрийн албаны хэллэгийг зүгшрүүлэхэд уг комиссын гаргасан “Хууль зүйн нэр томьёоны мэдээ” чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Үг хэллэгийг цэгцрүүлэх талаар сүүлийн үед бас нилээд зүйл хийж байна. Жишээлэхэд “Монсудар” хэвлэлийн газраас “Монгол хэлний шинэ үг, хэллэгийн толь”, “Монгол кирил бичгийн зөв бичих зүйн толь” зэрэг хэд хэдэн цуврал бүтээл гаргасан байна лээ. Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь шинээр гаргах болсон гэж бодож байна. Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь” хэдий мундаг бүтээл ч цаг хугацааны эрхээр хоцрогдоод байна. “Нэпко” хэвлэлийн газар шинэ толь бэлтгэж байгаа гэсэн сураг байсан. Гайгүй бүтээл гарах болов уу гэж найдаж байна.
Эцэст нь тэмдэглэхэд их зохиолч Д.Нацагдорж “Өсөхөөс сүрсан үндэсний хэл мартаж болохгүй соёл” гэж бичсэн байдаг. Тэгвэл бичгийн соёл бол яах аргагүй уг соёлын салшгүй хэсэг болох тул түүнийгээ хадгалах, боловсронгуй болгох талаар байнга анхаарч байх хэрэгтэй гэж бодож байна.
Нийтлэлч: Л.Хангай