Монгол улсын хамгийн залуу УИХ-ын гишүүн, Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгч Д.Гантулгын санаачлагаар “Залуу малчдаа дэмжих аян” Монгол орон даяар өрнөх гэж буйтай холбогдуулан түүнтэй цөөн хором ярилцлаа.
Аяны хүрээнд аймаг бүрээс нэг залуу малчин айлыг сонгон 50 эм төлөг авч өгч, малжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг ийнхүү түүний ярианаас хүргэе.
-Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос залуу малчдаа дэмжих аян зохион байгуулах гэж байгаа юм байна. Аян хэзээнээс эхлэх бэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-2017 оны өвөл манай улсын хувьд хүйтэн, цас ихтэй, зарим нутгаар зудтай жил болж байна. Тиймээс малчдаа дэмжих, тэдэнд туслах зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Мөн залуучуудын мал, маллаж хөдөө амьдрах сонирхол буурсан. Ихэнх нь хот, төв газрыг барааддаг болсон байна. Үүнэээс болоод хотын замын түгжрэл, нүүрсний утаа ихэссэн байгаа. Гэхдээ хамгийн түрүүнд хотын төвлөрөлтэй тэмцэх биш хөдөөгийн малчдыг дэмжих, залуусыг мал маллах боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй байгаа юм. Уг нь хөдөө мал маллаж амьдран суугаа малчид чинь өргөн уудам газар нутагтай монгол улсын хөгжлийн гол салбар болох мал, аж ахуйг авч яваа хүмүүс шүү дээ. Тиймээс би Монголын морин спорт залуу уяачдын холбоог удирдаж байгаа хүний хувьд, их хурлын гишүүний хувьд энэхүү аяныг санаачлан зохион байгуулах гэж байгаа юм.
Аймаг бүрт нэг айлыг сонгоод тухайн айлдаа “Uvertura” хамтлагийн тоглолтын орлогоос 50 эм төлөг авч өгөх юм. Ингэхээр 21 аймагт 21 залуу малчинд 50 эм төлөг өгнө гэсэн үг. Мөн аяны хүрээнд аймгийн малчдын завлөгөөн, уяачдын хурал зэргийг зохион байгуулна. Нэг талдаа хөдөө орон нутагт соёл урлагийн арга хэмжээ өрнүүлж, нөгөө талдаа залуучуудаа дэмжсэн, уяачидтайгаа уулзаж, зөвлөлдсөн ажил болно. Мөн үүнээс гадна JCI chermen болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сурагчдад амьдрах ухаан, мал, маллах арга, эрсдлээс хэрхэн сэргийлэх зэрэг сэдвүүдээр сургалт явуулах зэрэг зэрэг ажлыг зохион байгуулна. Мөн төрийн удирдлага болон бизнесийн чиглэлээр ажилладаг олон залуус Удирдлагын академийг төгссөн байдаг. Энэ сургуулийг төгссөн төгсөгчдийн холбоог би тэргүүлдэг юм. Аяны хүрээнд энэ сургуулийн багш нар маань хүртэл хөдөө орон нутгаар явж сургалт явуулна. Нэг аян мэт боловч нэлээдгүй олон талтай, малчин мал аж ахуйгаа дэмжихийг уриалсан ажил арга хэмжээ болох юм.
-Мөн аяны хүрээнд залуу малчдаа дэмжих, мал маллах хүсэл зорилготой болгох үүднээс ямар ажил хийх бэ?
-Хотын энэ төвлөрөл дунд хүндхэн амьдарч байгаа залуучууддаа хөдөө орон нутагт сайхан амьдрал байгааг харуулна. Жишээлбэл, цэвэр агаартай, уур бухимдал стресс багатай хөдөө олрон нутагт сайхан амьдрал байгааг харуулах үүднээс үлгэр жишээ гэр бүлийн амьдралыг харуулсан нэвтрүүлэг хийнэ. Монгол төрийн наадмыг гурвантаа нээсэн "Uvertura" хамтлаг маань 21 аймгаар анх удаа аялан тоглох гэж байгаа юм. Хамгийн эхлээд, нэгдүгээр сарын 31-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө цомгийнхоо нээлтийг хийгээд сар шинийн өмнө аялан тоглолтоо эхлүүлэхээр болсон байгаа. Энэхүү хамтлагийн тоглотыг үзэнгээ залуу малчдаа дэмжсэн том аяны дэмжигч болно гэсэн үг. Энэ аянд мөн хөдөө малаа маллаад сууж байгаа олон хүмүүс оролцоно. Аяны хүрээнд малчдыг боловсролгүй гэдэг ойлголтыг өөрчлөх ёстой. Нийслэлд ажилгүй байгаа залуусыг хөдөө орон нутагт очиж мал маллахыг уриалах хэрэгтэй. Эхнээсээ иргэд, аж ахуй нэгжүүд энэ аяныг дэмжихээ илэрхийлж, олноороо холбогдож байна. Уншигчид та бүхэн ч мөн бидэнтэй хамтарч ажиллах боломжтой шүү.
-50 эм төлөг өгөх айлаа хэрхэн сонгох юм бол?
-Нэг залуу малчин өрхөд 50 эм төлөг хандивлана. Айлаа сонгох ажлыг Монголын морин спорт, залуу уяачдын холбооны салбар холбоод маань аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулна. Энэ малчин залуу нь заавал малаа зуданд алдчихсан байх албагүй, мал сүргээ өсгөөд явах боломжтой, амьдралын тэмүүлэлтэй. Хөдөө орон нутагт, малаа маллаж зүтгэе гэж байгаа, бусаддаа үлгэр жишээ болохуй ц малчин айл байх хэрэгтэй.
-Хотын агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг шийдэх тухай бодох биш, хөдөө орон нутгийн малчин иргэдээ дэмжих томоохон аян болох юм байна. Мөн хөдөө орон нутгаас шилжин ирэх шилжилт хөдөлгөөнийг хаасан байгаа шүү дээ?
-2018 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон. Тиймээс сум орон нутагт байгаа залуучууд шилжин ирэх боломжгүй болсон. Тиймээс олон нийтийн байгууллага бусаддаа нөлөөлөх хэрэгтэй. Мөн ахмад малчдаас зөвлөгөө авахад айлын мал 50-иас бага болоод ирэхээр хэцүү гэж байна. Тиймдээ ч бид нэг малчин өрхөд 50 төлөг гэж байгаа юм. Энэ малаа бид тухайн орон нутгийнх нь нэг малчин айлаас худалдаж авна. Мах, түүхий эдийн үнэ ханш буучихсан энэ үед мөн л малчин айлаа дэмжиж байгаа хэрэг. Би өөрөө эгэл жирийн малчин айлын хүү. Монгол хүний заяагдмал чаддаг зүйл нь мал, маллах гэж боддог.
-Энэхүү аян Хэнтий аймгаас эхлэх үү, Бусад аймгуудаар та өөрөө явах уу?
-Нэгдүгээр сарын 31-нд Улаанбаатар хотод тоглолт болсноор энэхүү аян эхэлж байгаа юм. Ер нь аймаг орон нутгийг тойрдог тоглолтууд Хэнтийгээс эхэлдэг юм билээ. Хэнтий, Дорнод, Сүхбаатар гээд явчихдаг. Тиймдээ ч Хэнтий аймгаас эхэлнэ. Нэгдүгээрт би энэ аяныг санаачилж зохион байгуулж байгаа хүний хувьд холбоо хамт олонтойгоо нэгдэж ажиллах ёстой. Тиймээс 21 аймагт өөрөө очно. Аяныхантайгаа хамт явна. Намрын чуулган завсарлаад, хаврын чуулган эхлэх амралтын хугацаандаа энэ ажлыг амжуулах гэж байгаа юм. Мөн дээрээс нь нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Их хурлын гишүүн хүн ганцхан тойргынхоо нутаг орны төлөө ажилладаг хүн биш. Нэг тойргынхондоо зориулж хууль баталдаггүй, Боловсролын эсвэл малчдын тухай хууль байхад бүх хүнд хамаатай. Тиймээс их хурлын гишүүн хүн гэдэг монголоо мэддэг төвийн бүс, хангай, говийн хүний аж амьдрал ямар байдгийг ойлгодог хүн байх ёстой. Харин сонгогдсон тойргынхоо төлөө илүү их ажиллах ёстой.
Г.Наран