Та нартаа би нэг үлгэр хэлж өгье. Энэ “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь” үлгэр, зохиол минь бөгөөд манай бяцхаан Хүүхэлдэйн театрт жүжиг болж тавигдаад жил болох гэж байгаа. Хүүхдэд зориулсан дэлхийн сонгодог үлгэрүүд, жүжгүүд л манай тайзнаа тавигддаг, түмний үрсийн тархийг юугаар цэнэглэдэг хүн бэ гэж мэдэхгүй нэг нь хэрэгт дурлах ч магад.
Тэнэг цаг үедээ бухимдаж, мулгуу нартай цэц хаялцаж сууснаас өөрийн чадлаар ирээдүйгээ гэгээрүүлье гэж энд ирснийх, овоо хэдэн жүжиг бичжээ. Намайг байнга дэмжиж, магтаж онгироодог та нарынхаа буянаар. Үлгэрээ тэвчээртэй уншаарай, гол хэсэг нь ардаа шүү.
Нэг ойд өглөөний нар мандлаа. Гэрэлт туяагаа тусгахад ойн амьтад сэрлээ. Баавгай суниан гарч ирээд булчин шөрмөсөө барьж базлан “Хөөе та нар хар даа, миний булчин лаг байгаа биз “ гэж гайхуулан урагш хойш алхана. Энэ дуунаар Үнэг шарвалзан гарч ирээд аальгүйхэн хоолойгоор” Өө Баавгай ах минь, та үнэн хүчтэй, сүртэй харагдаж байна, тань шиг “боди” хаа ч байхгүй ээ”гэж ирээд л зусардаснаа, Тэгвэл та намайг хараач, миний энэ сүүл ямар байна? Үнэхээр шаргал, үнэхээр тансаг байгаа биз? хэмээн сүүлээ сагсалзуухад тэндээс Чоно гэнэт “ Муусайн малууд аа, чимээгээ аядаач!Би унтмаар байна! Шөнөжин та нарыг хамгаалж нойргүй хонож байхад унтуулчихгүй юм! гэж уурсан архирна.Хажуугаас нэг Туулай бөндөгнөн гарч ирээд дорой дуугаар “Баавгай ах, Чоно ах, Үнэг эгч минь ээ? Та нар минь үгүй бол би хэн ч биш шүүдээ. Надад булчин шөрмөс, үзэсгэлэн гоо, хүч чадал байхгүй нь үнээн. Гэхдээ би та нарт хэрэгтэй л амьтан, Үнэг эгч ээмгээ гээхэд өвсөн дундаас би л олж өгнө, баавгай ахын шүд өвдөхөд би л үлээж өгнө.. Над шиг өрөвч тусч, хөнгөн хөлтэй нь хэн байна?.”гэхэд цаадуул нь инээлдэж, “Тийм ээ, чи энэ ой, орчлон дэлхийд хэрэгтэй, бид ч бүүр хэрэгтэй! Үгүй ер нь бид нар шиг хэрэгтэй амьтад байдгийм уу? Байхгүй! Энэ чулуу хэрэгтэй юу? Хэрэггүй ээ! Энэ цэцэг навч хэрэгтэй юу? Хэрэггүй ээ! Өөр энэ ойд юу ч хэрэггүй, хэн ч хэрэггүй! гэж орилцгоолоо. Энэ л үед нэг муу өчүүхэн дуу ойрхон хаа нэгтээгээс гарлаа. “Би хэрэгтэй шүү дээ,бас “ гэж тэр дуу хэлэв. Чи хэн юм? Чамайг бид олж харах ч үгүй байна, гараад ир гэж амьтад асуулаа. “Би Гэрэлт бяцхан цох байнаа.Та нар намайг олж харахгүй байгаа нь аргагүй ээ, би өдрийн гэрэлд хэнд ч харагддаггүй, харин харанхуй болоход өөрийн биенээсээ гэрэл гаргаж амьтан хүнд замчилдаг юм. Тэгэхээр би хэрэгтэй юу? “ гэхэд нь “Хн.Өдөр харагдахгүй, бас шөнө нь бид унтаж байх юм чинь чам шиг хэрэггүй амьтан байхгүй ээ, хурдан зайл эндээс” гэцгээв. Гэрэлт цох яасныг бүү мэд, эндээ хэвээр байсан ч харагдахгүй болохоор хэн ч тоосонгүй ээ. Амьтад цааш үргэлжлүүлэн “Бид агуу шүү, бид л хэрэгтэй. Хэн ч юу ч биш . Тэгвэл энэ ой, энэ уул ус, энэ тэнгэр хэрэгтэй юу? Үгүй ээ! Өө энэ муу нарыг хар даа! Энэ нар хэрэгтэй юу? Хэрэггүй ээ!гэлцэн хашгиралдаж , хүүхдүүд шиг хөөрөн бүжиглэж, дэвхцэн цовхчино. Гэтэл, тэнгэрт гэнэт нар унтрав.
“Яаж байнаа? Болиоч ээ? Хэн биднээр тоглоод байгаа юм? Наад гэрлээ, үгүй ээ, нараа хурдан асаа! “ хэмээн сандарсан амьтад бүгд орилов. Нар унтарч, ойг харанхуй нөмөрлөө. Амьтад “ Өө нар гуай? Бид тоглосон юм аа. Та асчих л даа…Хэн ер нь энэ нарыг хэрэггүй гэж түрүүлж хэлээд гомдоочихсон юм? та нараас л болж нар алга болчихлоо “хэмээн нэгнээ зэмлэх аж.
Ингээд харанхуйд хуралдаж, энэ ойн хамгийн мэргэн цэцэн гэгддэг Хэрээнд очиж асуухаар боллоо. “Ганц удаа ч гэсэн мэргэн цэцэн ухаан гэж юу байдгийг үзье, бид ер нь насаараа энэ юмыг мэдэхгүй яваа юм байна шүү” гээд Хэрээн дээр очжээ. Гурван зуун жил насалсан мэргэн Хэрээ “Харрр ярррршиг, ядарррргааа” гэж гуагласаар хариу хэлжээ. Амьтны хаан Арслан дээр оч. Эрхтгүй хаан юм чинь тэр л мэдэх байх “гэж Хэрээ зөвлөлөө.
Амьтад бээцийсээр, ар араасаа явахчаа болж Арслан хаандаа бараалхлаа.Арслан дөрвөн талдаа галт бамбараар хүрээлүүлж, өмнөө зүр согоонуудаа бүжиглүүлэн тансагхан заларч суух аж. Амьтад хаандаа хадгаа барьж, ирсэн учраа зориг муутайхан айлтгалаа. Юуууу? Нар хэзээ алга болчихсон юм? Би мэдээгүй. Мэдэх ч шаардлага байхгүй. Надад бүх юм байна. Энэ Чулуун ордонд минь надад хэрэгцээтэй юм бүхэн байгаа, тэгэхээр би гардаггүй, гарсан ч хааяа нэг харь холын улс руу хачин сонин юм үзэхээр л явдаг. Тэр нар мар надад хамаагүй! гэж айлддаг юм байна. Амьтдаас Туулай л чичрэн дагжин байж “Агуу Арслан хаан минь, энэ нар үгүй бол уул ус, ургамал ногоо, ан амьтан бүгд устаж үгүй болно, үгүй адаглаад л таны ширээн дээрхи зоог гүнцэг ч байхгүй болно гэдгийг ухаараач дээ” гэвэл Арслан бодолхийлж, зарлиг буулгалаа.”Тэнгэрийн нар асар түргэн тэнгэртээ эргэж мандсугай!” гэж уншихад Туулай аанай л “ Ээ яаж болох вэ хаантаан? Тэр хол өндөрт байгаа нар таны зарлигаар мандах гэж үү, өөр нэг юм бодооч дээ…” хэмээн уйлагнахад Арслан харцаа ширүүлэн босч зарлигаа үргэлжлүүлэн “Хоёрт. Нарыг тэнгэрт дахин мандахаас өмнө үймээн самуун дэгдээсэн амьтны толгойг цаазаар авсугай!” гэлээ.
Ингээд буцжээ, амьтад. Ойд харанхуй хэвээр, амьтад дор дороо нам гүм амьдарч эхэллээ. Хааныгаа тэнэг юм байна гэж муу хэлбэл харанхуйн хаанаас ч сонсож байгаа юм билээ, амьтад айгаад энэ талаар ярьсан ч үгүй. Сэм зөвлөлдөөд мэргэн Хэрээг алс холын улсууд руу илгээлээ. Хэрээ хэд хоногийн дараа нисч ирээд нарыг байх нь байгаа, олон сая жил мандсаар ядарч гүйцээд хэвтэрт оржээ. Харин хэн нэг амьтан өөртэй нь илч гэрлээсээ хуваалцвал Нар тэнхэрч, буцаад мандахад бэлэн байгаа гэдгийг дуулж иржээ. За тэгээд Нар луу хэн явах вэ болж гэнээ.Булчин шөрмөс нь зангирчихсан булиа сайхан амьтан Баавгай ах минь та яв даа гэж эхлээд гуйжээ амьтад. Баавгай тэгтэл, Ээ үгүй , явахгүй. Би майга богино хөлтэй, хол зам хороохгүй, тэгээд ч ясны сийрэгжилт болсон гээд явсангүй. Чоно ах минь яваад ирээч гэцгээвэл, Чоно, “Би явж болох нь болно. Гэхдээ би Нартай үзэл бодол нийлдэггүй. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай ганцхан хуулиар би амьдардаг бол Нар муухай долигонуур. Энэ хорвоогийн эр эм, хөгшин хөвөө, шүдтэй шүдгүй хамаг амьтныг зэрэг гийгүүлж бялдуучилдаг. Би тийм юмны төлөө заяа нь явахгүй” гэж бүр уурлалаа.. Арга ухаан, суу зальт Үнэг л явж дээ гэцгээлээ. Гэтэл Үнэг “ Миний энэ сайхан шаргал сүүл Наранд ойртвол түлэгчихнэ шүү дээ, би явахгүй ээ” хэмээн хойш ухарлаа. “Заа Туулай минь, хурдан хөнгөн хөлтэйгөөрөө чи дэгдээд ир. Наранд чи л оч” гэвэл, “Та нар шиг томчуул яваагүй байхад өчүүхэн би яаж явах вээ. Муусайн бүжингүүд минь ч айна, өрхийн тэргүүн би явахгүй ээ” гэлээ. Одоо Хэрээг л гуйж дээ, эцэст нь. Тэгтэл Хэрээ, “Урт насалдгаас минь болж олон амьтан намайг үхээсэй гэж санадаг, мэргэн цэцэн ухаанд итгэж байсан нь нэгээхэн ч үгүй. Намайг хэзээд л муу хэлэх хойно, би явахгүй ээ” гэж адарлаа. Одоо тэгээд явах амьтангүй, ингээд сүйрдэг байжээ гэлцэн уйлж майлцгааж байтал нь өнөөх өчүүхэн Гэрэлт цохын дуу ахиад л гарч, цовоо цолгиунаар “ Би тэгвэл яваад ирье ээ!” гэх дуулдав. Амьтад баярлан, гараа даллан үдэж гаргаж өгөөд, Гэрэлт цохыг ганцхан гүвээ давав уу үгүй юу “Энэ тэнэг амьтан өөрийгөө юу гэж бодоов? Энийг Нар тоох юм гэнэ дээ?!” …
Харанхуй улам өтгөрч, амьтад гэр гэрээсээ гарахаа бараг болив. Сүүлдээ харанхуйд дасч эхэлжээ. Чононд бол бүр аятайхан байгаа бололтой, харанхуйд түүгээр хамгаалуулах амьтан ихэсч, нэр хүнд нь ч салам өслөө.Хоног шөнө өнгөрч байтал Арслан хаан морилж ирлээ. Ирэх үед нь Туулай бүжингүүддээ цагаан толгой зааж өгч байжээ. Хаан уурсаж , бичиг соёл, эрдэм ухаан мэт дэмий хэрэггүй зүйлд зул дэнгийн тос гарздахгүй байх зарлиг сонордууллаа. “Гаднаа харанхуй, дээр нь бас дотроо харанхуй болохнээ, үүнээс аймаар юм гэж байхуу даа” гэж муу Туулай л сэм уйллаа. Нарыг аврахаар Гэрэлт бяцхан цох хэдийнээ явчихсан, сураггүй байна. Хаантан та араас нь яваач дээ гэж амьтад гуйхад, Арслан “ Явж болноо, та минь. Харин төрийн тамга эзгүйрвэл хариуцлагыг нь хэн хүлээх болж байна? “гэхэд нь бүгд нам боллоо.Үлгэр бараг дуусч байна. Нэг мэдэхэд, тас харанхуйд Баавгайн гэрт нь хонох гэсэн Үнэгийг , ямар эрээ цээргүй амьтан бэ чи хэмээн хөөхөд цаадах нь хормой хотоо засан гарч гүйх, хамгийн аймшигтай нь, Туулайд гэнэт том соёо ургаад тэр нь цус болчихсон Чоныг барьж идэхээр элдэнэ. Хорвоо орвонгоороо эргэж, эмх замбараагүй, хууль ёс, дэг журамгүй байдал ойг бүхэлд нь ноёлжээ. Тэгтэл гэв гэнэтхэн Нар цэлсхийтэл мандлаа. Гэрэлт бяцхан цох яван явсаар сая л Наранд хүрч очжээ. “Баярлалаа чамд, Гэрэлт цох минь, Замбуутивийн хамаг амьтдаас ганцхан чи л намайг зорьж иржээ. Чиний л ачаар, илч гэрлээс чинь цучил авч би асаад, хорвоо дээгүүр дахиад олон сая жил мандахад бэлэн боллоо!”Нар ийнхүү дахин мандаж, ойн амьтад баярлан гэр гэрээсээ гарч бүжиг наадам болцгоолоо. Баавгай мөн л “ Хөөе та нар хар аа! Миний булчин лаг болсон байна уу? гэх зуур Үнэг сүүлээрээ гайхуулан аальгүйтэж, Чоно эвшээлгэж, Туулай цуст соёогоо ичингүйрэн арчаад бүжингүүдээ хөтлөнө…Ямар сайхан юм бэ… Нарыг тэнгэрт нь буцааж авчирсан Гэрэлт бяцхан цохын тухай л харин хэн нь ч эргэж дурссангүй ээ…
За нэг ийм үлгэр, манай жүжигчид тун эгдүүтэй хөөрхөн тавьсан, том бага үзэгчид үзээд уйлах нь уйлж, ухаарах нь ухаараад гардаг шиг байдаг. Яагаад би энэ үлгэрээ та нарт хэлж бичиж байна гээ? Ойлгох ухаарах та бидний төвшин харилцан адилгүй, манай театр ямар бүтээлүүд тавьдгийг зарим нь огт мэддэггүйн зэрэгцээ үзээд ч таг нөхдөд үүнийг зориулж байгаа юм аа. Өө бас тийм, энэ жүжгийг манай Соёлын яамны, театр хариуцсан түшмэл гуай “хэрэггүй жүжиг тавьжээ” гээд Үр дүнгийн гэрээ гээч цаасан дээр тэглээд, сайд гуай доор нь гарын үсгээ зурчихсан юм байна шүү , бас. Хэ хэ.Ой бол дэлхий, дэлхий эс гэхэд манай нийгэм юм. Баавгай нь спортынхон гэхүүдээ, булчин шөрмөсний хөгжлөө л дээдэлчихээд өөр юу ч сонирхдоггүй, мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй хэсэг “дүп” улс гэж болно. Энд морь уяачид ч юм уу, ер нь л биеийн хөгжилд маш том ач холбогдол өгдөг хэрнээ бусад булчингаа ажиллуулах дургүй улсыг оруулж болох байх. Ээбээ Ерөнхийлөгч маань л гэхэд спортынхныг сар бүр олон сая төгрөгөөр цалинжуулдаг. Уг нь буруу ч юу байхав. Гэхдээ Монгол улс эрүүл бүтэн төр нийгэмтэй байсан бол хэн ч ингэж барьцахгүй ээ. Спортынхон маань төдийгүй ийм төрлийн хобби хандлагатай, гэмгүй хэнэггүй төрхтэй, бүдүүн тоймын улсад эх орны маань тусгаар тогтнол, хөгжлийн үнэт зүйлс бас эрхэм байж, эд нар маань хааяа ганц нэгээрээ амбийцлах биш,бөөн бөөнөөрөө хүч зоригоо шударга үйлсийн төлөө өргөдөг бол мөн сайхан аа…Монголоо та нар хямралаас гаргаж чадна даа, уг нь…
Чонын дүр бол хууль прокурор, цэрэг цагдаагийн нөхөд байгаа юм. Мэдлээ, гүйцэтгэе! Тэгээд л болоо. Амар ч юм шиг. Гэхдээ энэ тушаал зарлиг л дагадаг болохоос сэтгэдэггүй, өрөвдөж хайрладаггүй “амар” байдлаас нь болоод монголчууд бид Долоон сарын нэгэнд яалаа? Өөдгүй дарга нар, ил далд оффшорчдын тушаалаар элэг нэгт таван амийг юу ч бодолгүй шууд л “Оffcourse” гээд хөнөөчихснөө хоорондоо юу гэж ярьдаг дүгнэдэг бол? Ичдэг боловуу, танай тэр улс, ядаж өөрийнхөө өмнө…Эсвэл өмгөөлөгч хайгаад, тэр нь мэдээж олдоод, цагаадаад… Он цаг өнгөрсөн ч харин дотроос нь таван хүн өдөр шөнөгүй босч ирж, хүн чанарыг нь химлээд байдаг болов уу? Нийгэмд хууль ёс, дэг журамгүй тусмаа энэ цагдаа, хууль хүчнийхэн үнэд ордог, яагаад гэвэл дээр дооргүй есөн шидийн гэмт хэрэг ихэсдэг болохоор. Чоно хэлж байгаа биз дээ? Харанхуй тусмаа л над аштайхан байнаа, нэр хүнд өсөө л гэж…Энэ чигийн улс мухар сохроор тушаал зарлиг гүйцэтгэхийнхээ өмнө, бодож сэтгэдэг, хүн чанараа, дотоод сэтгэлээ чагнадаг бол сайхан аа… Төрийн бороохой гэвч, түмнийхээ тархинд бууж ирээд баймааргүй л байна, тийм ээ? Төрийн сүлд дууллын маань аялгууг зохиосон Л.Мөрдорж гуайг халамцуу явахад нэг цагдаа таарч, хувцас хунарыг нь хурааж дүрэмдэж эрүүлжүүлэхдээ , энгэрт нь буй Төрийн шагналын хос тэмдгийг хараад “Өлзий утастай энгэрийн тэмдэг хоёр” гэж протоколдсон юм гэнэ лээ. Их багад сонссон болоод ч тэр үү, мартагддаггүй юм. Та нар минь цөмөөрөө ухаажвал сайхан аа. Монголоо та нар хямралаас гаргаж чадна даа, уг нь…
Үнэг бол манай соёл урлагийнхан юм аа. Гоё ганган гадаад байдал, аялгуу сайхан дуу хоолой, уран яруу шүлэг найраг,дуу хөгжим, хамаг амьтныг хуйлруулдаг жүжиг киноны дүрүүд, үхсэн хүнийг ч босгоод ирмээр авьяас билэг…Үнэндээ та наргүй бол энэ ой, ой гэж дээ, энэ нийгэм ямар өнгөгүй зэвхий, уйтай дүнсгэр байх бол оо? Гэхдээ, стоп…Сонгуулиас сонгуульд бид ямар муухай худалдагддаг билээ, сана даа? Энэ нам тэгж тохирлоо, гэхдээ цаадах нь арай илүүг амласан тул цаашаа очиж дуулнаа. Хөдөөний тойргууд овоо үнэд хүрнэ,хэнд ч явсан яадаг юм…Манай хамаатны нэг ах нэр дэвшиж байгаа болохоор би эсрэг явж болохгүй байнаа…Наад хүнээр чинь би тоглолтоо ивээн тэтгүүлнэ гээд ярьчихсан, хулгай хийсэн ч юм уу, за дүүрч ээ … Театрын дарга маань тэр нам болохоор чөлөө өгөхгүй …Өө энэ намд би өгөхгүй ээ, ганц өрөө байр гуйсан, өгөхгүй л юм байна даг … Миний гавьяатын материал яам руу явчихсан, дуугай байхаас …За нэг иймэрхүү л яриа хөвөрдөг дөө. Уул ус, нутаг орон нь худалдагдана уу, хулгайлагдана уу, дэлбэлүүлнэ үү, улс орон ядуурна уу, амьтан ах дүү нь хорлогдоно уу… ер хамаагүй мэт, хувийн эрх ашгаа л оройн дээд болгочихсон, үзэл бодол гэж үлээлгээд хийсгүүлчихсэн мэт, эрээн торгон дээлтэй нэг их сайхан улс сэвээд л байх. Ийм байхаас ч аргагүй байдалд шахаад оруулчихсан юм даа хөөрхий. Уг нь ойлгож л байна, зовлонгий нь би өөрөө ч ямар мэдэхгүй биш! Гэхдээ л “Шүлгээр өвчилж, ардын дуунд уярчШүдэнз шиг асч, зул шиг унтардаг…”хөгийн зангаа тавьчихаагүй хойно , дуугүй байж болохгүй юм аа.Үнэгнийх шиг завхай, өнөө Баавгайн өвөрт орох гэж өдөөд хөөгддөг шиг, хэн нэг эрх дархтны нөмөрт орж дуулж бүжиж биеэ, билгүүнээ худалддаг тухай нь, ойлгож магадгүй гэсэн нэгэндээ ухуулахаар өөдөөс” За больж үхье, найз аа. Угаасаа би уран бүтээлээрээ л тэмцэж байна, тэр улс төр мөр хамаагүй “ гэх юм? Хос морь унаад хоёр биенээ хараад улсын наадамд ч юмуу, бороо шороо, уул усаа магтан дуулж байгаа нийтийн зохиолын дууг яаж ч ухаж бодоод, улс төрийн тэмцлийн дуу гэж би ойлгохгүй л байгаа юм. Ер нь яаж хөгжмийн бүтээл, хайрын тухай жүжиг, цэцэг жимс, нүцгэн хүүхний хөрөг зургаар тэмцдэг байна аа? Гадаадын, за бүр ойрын жишээгээр Оросын агуу хөгжмийн зохиолч А.Хачатурян төр засгаа бага үндэстнийхээ эсрэг буруу гоомой бодлого явууллаа гэж эсэргүүцэн Их театрын хөгжимчдөө уриалан босгож, удирдаачийн өндөрлөг дээрээ бүтэн цаг чив чимээгүй зогссон гэж байгаа. Зоригтой байгаа биз? Концерт үзэх гэж ирсэн улс төрийн товчооныхны өмнө шүү. Тэр аймаар хатуу цагт шүү. Тэгж байж л Армяныхаа нэгэн сайхан уулыг дэлбэлүүлчихэлгүй, оросын уурхай болгочихолгүй авч үлджээ. Илья Чайковский ч бас гүргэр эр байж. Академич Сахаров, Капица, Ландау, яруу найрагчдыг нь хэлээд байвал үнэхээр олон, цаас багадна… Яриа хүүхэн болгон яруу найрагч, үг холбодог залуу болгон үндэсний зохиолч болдоггүй л юм даа, уг нь, за энэ яахав, хэ хэ.
Саяхны сонгуулиар надтай нэгэн ижил зүйл ярьж, Мэргэжлийн Засгийн газрын төлөө байсан эрхэм алдартан хүүхдээ нэг газрын том дарга болгочихсон биш, ганц үг унагахаа больсон байна лээ, юу ч гэхэв. Манай урлаг соёлынхны нийтлэг төрх болж дээ, Үнэг.
Ард олныхоо алга ташилтанд бялуурч, хүндлэл хайрын харцанд нь өлгийдүүлж явдаг та нарыг үнэн мөний луужин байгаасай гэж боддог байх даа, хүмүүс. Монголоо та нар хямралаас гаргаж чадна даа, уг нь…Хөөрхий муу Туулай бол татвар төлөгчид, энгийн бэртэгчин ард юм. Бэртэгчин гэж байгаад бүү эмзэглээрэй, энэ бол судар шастирт эгэл хар толгойтон гэдгээр ойлгогдож уншигддаг юм шүү. Түүнээс биш зусар бялдууч гэж утга ор байхгүй. Зүгээр л, аж амьдралаа авч яваа, өрхийн тэргүүн, жирийн эмч, багш, ногоочин, лам хувраг ч байж болно. Тодорхой үзэл бодол байхгүй, төрийн болон олныхоо аясыг дагагсад юм. Тийм ч болохоор гавьяа байгуулаад байхгүй, байгуулсан ч тэрнийг нь гавьяа гэж бусад нь үзэхгүй. Эмч хүнийг өдөр бүр шахам өвчтөнүүдээ үхлээс аврахад нэг их гавьяа гэдэггүй биз дээ? Харин нэг дүүргийн дарга зугаалж яваад Туул голд живж байгаа согтуу хүн аварвал тэр дороо сенсааци. Нам нь үүгээр яаж том шоудах бол, бүр инээд хүрчихлээ. Туулай хөнгөн хөлтэй, тусч өрөвч гэдгийн бас нэг утга бол тэр, нийгмийн хамгийн том зузаан, хүн амын зонхилох давхарга юм. Угтаа тэр л байгаа тулдаа нийгэм оршин тогтнодог. Хүүхдэд бичиг үсэг заана, үс тайрч өгнө, хувцаслана, орц гудамж цэвэрлэнэ, том жижиг дарга нарын үүд сахиж, гэрэл цахилгаан үйлдвэрлэж, малаа маллана гэх мэт. Гэхдээ энэ Туулайн алдаа ёстой багадахгүй ээ. Муухай хорон. Сонгуулиудаар муухай жижигхэн юманд хууртчихна. Хүүхдийн халамжийн сар бүрийн 20 мянга, тэтгэврийн нэмэгдэл, оюутны 70 мянга өгнө гэхэд л нүд нь эрээлжлээд, үүн шиг сайн нам байх уу гэсээр “ууж иддэг”ийг нь мэдсээр байдаг намдаа зуун хувиар саналаа өгчихнө. Сэтгэгчид будаа. Туулай өмнөөс нь шийдчихлээ, улс орныхоо хувь заяаг. Тэгээд өөрт нь итгэж, нарыг авраад ир ээ гэхэд “Дээдэс яваагүй байхад …”гэж хойш сууж байгааг санаж байна уу.Өөрсдөө мэдээллээр дутмаг бол найдвартай хүнээс мэдээлэл авч байгаач ээ, туулайнууд аа! Дандаа олуулаа, дандаа тайван..Туулайнуудын давхарга нимгэрч, аж амьдралыг нь өөдөө татаад ирэх цагт л хөгжиж байгаа буюу хөгжингүй нийгэм гэдэг юм даа. Монголоо та нар хямралаас гаргаж чадна даа, уг нь…Одоо Хэрээ. Мэдээж шүү дээ, Хэрээ бол сэтгэгч. Гэхдээ Баабар маабар биш шүү. Тэр бол нэрд гарсан онцгой амбийцтай хэрээ байж болох юм. Хамгийн юм мэддэг, ухаардаг, гэхдээ хэн ч тоодоггүй цөөн хэсэг улс. Ойн амьтад Хэрээг насаараа үзэж хараагүй, мэргэн цэцэн гэж юу байдгийг одоо л олж уулзахаар, үнэнийг мэдэхээр очдог шүү дээ. Амьдралд гүн нарийн ухаан нээрээн ч хэрэггүй болохоор хуушуураа идээд л, приусээ унаад л давхиад байя. Тэр ухаан хэнд хэрэгтэй юм? Хаа очиж Хэрээ урт насална.Мэргэн цэцэн ухаан буюу wisdom мөнхөд байсан ч, хүн төрөлхтөн түүнээ бараг хэрэглэдэггүй билээ. Манай ойд ч бас тийм. Үнэнийг түрүүлж мэдээд хэлнэ, хэрээ гуаглаж байгаагийн хэмжээнд л бодно. Цуглаан жагсаал хийнэ, тэмцэлд уриална, гэтэл Хэрээг хар муухай гэдэг пиарыг дээрээс хийж өгнө дөө. Заримыг нь алтан торонд урина, Хэрээ насаараа ийм хүндлэл үзээгүй болохоор нисч очоод суучихна. Сүүлдээ Хэрээ залхана. “Харрр ярррршиг, ядарррргааа” гэж гааглаад байдгийн нууц утга энэ. Жүжгээ анзаарсан бол, Хэрээ л учиг гаргаж өгч, амьтдыг зөв замд хөтөлж байгаа биз? Гэтэл бид сонсдог билүү муу Хэрээнүүдээ? Хэрээ ер нь байна уу?
Монголоо та нар хямралаас гаргаж чадна даа, уг нь…
Арслан хаан бол манай төр засаг гэдэг нь хэнд ч тодорхой байх. Хорвоогийн нар алга болчихоод байхад мэддэггүй нь амьдралаас тасарсан тансаг жаргалант байдал нь, зарлиг гаргаж байгаа нь Нарыг хүртэл захирч болно гэж санадаг дэмийрэл нь, өөрийг нь шүүмжилж үймээн самуун гаргасныг цаазлах тушаал нь олон түмний жагсаал, хууль ёсны шаардлагаас гөлөлздөг нь, бичиг үсэгт зулын тос харамлаж байгаа нь эрдэмгүй харанхуй нь, Нарыг авраад ирээч гэхэд Төрийн тамга эзгүйрнэ гээд цааргалж байгаа нь зөөлөн суудал, эрх ямбанаасаа үхтлээ зууралддагийг нь дор дороо хэлээд өгнө.
Нарийн ажвал, бүр үзэж сонирхвол манай энэ ээлжит нэгэн жүжиг хүнд овоо юм хэлж өгдөг. Харанхуйд бүгд гэртээ бүгж нам гүм болж байгаа нь хэлмэгдүүллийн үе нэгэнт эхэлснийг цаагуураа сануулах жишээтэй. Амьтдаас зориглон хэн нар луу явж аврах вэ? Нар бол үнэн шударга ёс, элэг бүтэн амьдрал, эрдэм гэгээрэл, улс орны аюулгүй байдал, ер нь юм бүхэн биш гэж үү? Хэрэв иргэн бүрийн сайн сайхан дэвшилтэт чанарыг сорчлон аваад, нийлүүлээд, нэгэн том хүч болгож” Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн хүчээр нэгэн зүг зориглон хөдөлвөөс…” Монгол улс маань яасан хурдан хөгжих бол. Энэ мэтээр, дор дороо таамаглаад үзээрэй, уншигчид минь. Гэрэлт бяцхан цох нь харин хэн юм бэ гэж үү? Надад бол хариулт нь байгаа,гэвч будаа идүүлэхгүй ээ, та нар өөрсдөө бичээрэй. Идэвхтэй байвал чинь, дараачийн үлгэрээ хэлж өгье. Бас л жүжиг болж манай тайзнаа тоглогдсон.
Надад фэйсбүүк байдаггүй тул, итгэмжит нөхдийнхөөр минь саналаа явуулбал олоод уншчихдаг юм аа.
Монголоо та нар минь л хямралаас гаргаж чаднаа!
ЦООДОЛЫН ХУЛАН, элдэв тодотголгүй. 2017 оны 4дүгээр сарын 2ны өдөр.