Монголын хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам 13 жилийн дараа ард түмэндээ эргэн ирлээ. Тодруулбал хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
“Азтай бадарчин” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Мөрөөдлийн театрын жүжигчин МУСТА Д.Баттөмөр, “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд МУСТА Б.Отгонтуяа нар шалгарч алтан цомын эзэд боллоо. Мөн “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнийн “Ноход хуцаж эхэллээ” зураг тодорлоо. Харин “Азтай бадарчин” наадмын шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарч шагналыг Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгсөн юм. Тус наадмыг Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулжээ. Түүнчлэн хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран шилдэг номеруудаа толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа 5 эрэгтэй, 5 эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгөн, авьяас чадварыг нь сорьсон юм. Ийнхүү хоёр өдрийг дамнам 04 сарын 03-ны 19:00 цагаас 04-ны 01:00 цаг хүртэл үзэгчдийг инээлгэж, хөгжөөж, баярлуулсан наадмын хамгийн оргил үе ирж, шилдгүүдийг шалгаруулав.
Энэ үдэш “Азтай бадарчин 1991” наадмын алтан цомын эзэн тус наадмыг санаачлагч Б.Батзаяа, “Азтай бадарчин 1992” наадмын алтан цомын эзэн МУГЖ Л.Чаминчулуун, “Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзэн Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам болон 1991-2002 оны хооронд “Азтай бадарчин” наадмыг 11 жилийн турш зохион байгуулахад хамтран зүтгэсэн МУГЖ Д.Жагдаг, МУГЖ Д.Галсантогтох нарын тэргүүтэй алтан үеийн уран бүтээлчид уригдана оролцсон нь наадмыг улам утга төгөлдөр болголоо.
Арван гурван жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болсон “Азтай бадарчин” наадмын шүүгчдээр Монгол Улсын Төрийн шагналт, нэрт фельетонч, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо, Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, Монголын хошин урлагийн үүсгэн байгуулагчдын нэг Догмидын Сосорбарам, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч, МУСГЗ Ц.Хулан, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэн нар ажилласан бол, ард түмний төлөөлөл болж үзэгчдийн дундаас 5 хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан нь бас онцлог байлаа. Ийнхүү тус наадмыг Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль тогтоомжийн дагуу соёл, урлагийг хөгжүүлэх иргэдийн соёлын эрэлт хэрэгцээг хангах, театрын урлагийн нэгэн төрөл болох хошин урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн идэвхи, зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх зорилготойгоор зохион байгуулсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn