Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, хил хязгааргүй интернет орчинд үйл ажиллагаа явуулж байгаа цахим сайтуудыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвтэй хамтран “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэхүү сургалтыг:
-Хэвлэл мэдээллийн эгэх хариуцлага
-Хэвлэл мэдээллийн ёс зүй
-Сэтгүүлчийн аюулгүй байдал гэсэн гурван багц, найман сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Сургалтыг Глоб Интернэшнл төвийн тэргүүн, ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний Хорооны дарга Х.Наранжаргал, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газрын мэргэжилтэн А.Цэцэгмаа, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, МСНЭ-ийн Сургалт судалгааны үндэсний төвийн тэргүүн, МУБИС-ийн багш, докторЖ.Батбаатар, Глоб Интернэшнл төвийн сайн дурын ажилтан Брүүк Даниелс, Монголын Кибер довтолгоотой тэмцэх төвийн тэргүүн Т.Халтар, хуульч, судлаач Л.Галбаатар тэргүүтэй хүмүүс удирдан явуулсан юм. Сургалтад нийтдээ 40 гаруй сайтын 75 сэтгүүлч хамрагджээ.Монголын сайтын холбооноос санаачлан “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалтын үеэр Сайтын холбооны зарим сайтын гишүүдийг шагнаж урамшуулсныг гардуулан өгсөн юм.
Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн MNBMNсайтын админ М.Базарраднааг Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан,“Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал гардуулж өгсөн юм. Мөн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Гранд сэтгүүлийг үүсгэн байгуулагч, GRANDNEWS.MN сайтын эзэн М.Уранчимэг, Мөн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн” шагналаар zindaa.mn сайтын сэтгүүлч Т.Амартүвшин нарыг шагнажээ. Мөн Монголын сайтын хобооны “Цахим эрх чөлөө одонгоор OPENMONGOLIA.MN сайтын сэтгүүлч Д.Ундармаа, FACTNEWS.MN сайтын сэтгүүлч Б.Атарцэцэг, ZINDAA.MN сайтын сэтгүүлч Б.Энх-Уянга, OLLOO.MN сайтын сэтгүүлч Б.Сансартуя ETOIM.MN сайтын фото зурагчин Б.Дашням нарыг шагнасныг гардуулан өглөө. Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид болон Сургалтыг Глоб Интернэшнл төвийн тэргүүн, ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Үндэсний Хорооны дарга Х.Наранжаргал нартай уулзсан юм.
Б.ГАЛААРИД: МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНООС ҮР ДҮНТЭЙ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА.
-Өнөөдрийн сургалтын үр дүнг та хэрхэн харж байгаа вэ?
-Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран энэ 2017 оны нэгдүгээр сараас хойш гурав дахь сургалтаа зохион байгуулж байна. Мэдээллийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлэх, оюуны өмчийн зөрчилийг арилгах чиглэлээр өмнө нь хоёр сургалт зохион байгуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нэгтгэн Тунхаг бичиг гаргасан. Энэ удаа хэвлэл мэдээллийн ёс зүй, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн чиглэлээр өргөн хүрээтэй сургалт зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Глоб Интернэшнл төвөөс гадна НҮБ, Нээлттэй Нийгэм Форум, Монголын Кибер довтолгоотой тэмцэх төв болон эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульчид энэхүү сургалтыг удирдаж явуулж байгаа. Тиймээс сэтгүүлчид, хэвэлл мэдээллийн байгууллага эрхлэн гаргагчдад маш үр өгөөжтэй сургалт боллоо гэж үзэж байна.
Х.НАРАНЖАРГАЛ: ЦАГ ҮЕЭ ОЛСОН СУРГАЛТ БОЛЛОО
-Зөрчлийн тухай хуультай холбоотой асуудал яригдаж, ард түмний мэдэх эрх ашигт ноцтой хохирол учирч магадгүй байгаа энэ үед танай Глоб Интернэшнл төв, Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран энэхүү сургалтыг зохион байгуулж байна?
-Сэтгүүлчид хүнийг гүтгэж болохгүй. Худал мэдээлэл өгч болохгүй. Гэхдээ улс төрчид, төрийн дээд албан тушаалтнууд, эрх баригчид зэрэг нийгэмд нөлөө бүхий хүмүүс тус хуулийн заалтыг өөрсдийнхөө зорилгод урвуулан ашиглаад үнэн мэдээллийг боогдуулдаг. Зөрчлийн тухай хуульд тусгагдсан гүтгэлгийн тухай заалтыг ямар хуулийн хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой биш. Жишээлбэл Зар сурталчилгааны хууль, Тамхины тухай хуульд тус хуулийг сахиулах албан тушаалтны тухай заалт байгаа боловч Зөрчлийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан хэн бэ гэдэг нь тодорхойгүй. Төрийн албан хаагч шийдвэр гаргаж, торгууль ногдуулах гэж байна. Тиймээс ч сэтгүүлчид үүнийг эсэргүүцэж байгаа. Нөгөө талдаа зөрчлийн хууль яагаад гарав. Яагаад эрх баригчид байнга хэвлэл мэдээллийн хэргсэл болон сэтгүүлчдийн үйл ажиллагааг боомилох гээд оролдоод байна вэ гэдгийг эргэцүүлж тунгааж үзэх хэрэгтэй. Өнөөдөр мэргэжлийн сэтгүүл зүй, ёс зүйтэй сэтгүүл зүй дутагдаж байна. Үүн дээр дөрөөлсөн эрх мэдэлтнүүд хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгааг манай сэтгүүлчид өөрсдөө бас ойлгох хэрэгтэй.
Монголын сайтын холбооны зүгээс бидэнтэй хамтран зохион байгуулж байгаа “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалт бол үнэхээр цаг үеэ олсон сургалт боллоо гэж миний хувьд дүгнэж байгаа. Хууль эрх зүйн орчин сул үед илүү хариуцлагатай ажиллах, ёс зүйн зарчмаа баримталж ажиллах, цахим ертөнцөд кибер довтолгооноос хамгаалах гээд маш олон сэдвийг хөндсөн сургалт боллоо. Нөгөө талаарх НҮБ, ЮНЕСКО зэрэг Олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжүүдийн талаар танилцууллаа.