Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгохоор тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнгөрсөн 2017 онд Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор дараах ажлуудыг санаачлан хэрэгжүүллээ:
- “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг хоёрдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулан зохион байгуулав.
- Сөүлийн гудамжийг автомашингүй Шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нээсэн бөгөөд тус гудамжинд гадаад дотоодын жуулчдыг бүхий л төрлийн мэдээллээр ханган аяллын туслалцааг үзүүлэх зорилгоор Жуулчны мэдээллийн төвийг нээж шөнийн уртасгасан цагаар ажиллуулав.
- Жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор “Ulaanbaatar Official Visitors Guide” болон “Ulaanbaatar Official Tourist Map”-ийг тухайн салбаруудын мэргэшсэн байгууллагуудтай хамтран англи хэл дээр жуулчдын хүртээл болголоо. Тус хөтөч ном болон газрын зураг нь жуулчдыг нийслэл хотоор аялахад шаардлагатай бүхий л мэдээллүүдийг өөртөө агуулж байгаа бөгөөд үнэгүй түгээгдэж байна.
- Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн "Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан бүтээв.
- Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлж амрах цэгүүдийг байгуулан тохижууллаа.
- Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд тус газрын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 30 гаруй уран бүтээлчидтэй хамтран мөсөн сийлбэрийн гайхамшигт бүтээлүүдийг урлан 2017 оны 12-р сарын 20-ны өдөр Мөсөн хотхоны нээлтийг хийлээ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.