Эрхэм уншигч та бүхэн Олон Улсын Музейн өдрийг тохиолдуулан Монголын театрын музейтэй танилцана уу. Театрын музей нь 1991 оны 3 дугаар сарын 27-нд /Олон улсын театрын өдөр/ Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус музей нь Монгол Улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулахаас гадна өнөөдөр тоглогдож байгаа жүжиг, дуурь, балет, дуу, хөгжмийн талаар мэдээлэл бүрдүүлэн, судалгаа хийж, үзмэрээ цуглуулж ажилладгаараа бусад музейгээс онцлогтой.
Театрын музей нь 9500 гаруй үзмэртэйгээс 40-өөд хувь нь үзүүллэгийн 590 кв.м талбай бүхий 6 танхимд дэлгэгдсэн.
Уран зургийн танхим
Үзэгч та тус танхимд Монголын соёл, урлагийн нэрт уран бүтээлчдийн хөрөг, дүрүүдийн уран зураг, драм, дуурь, бүжгэн жүжгийн тайзны макет зэрэгтэй танилцах болно.
Тайзны урлагийн танхим
“Тайзны урлаг” танхимд шинэ цагийн ардын театрын анхны үүсэл болсон жүжгийн бүлгэм, клуб /1922-1924/, Ардын цэнгэлдэх хүрээлэн /1926/, Улсын төв театр /1931/, Хөгжимт драмын театр, Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын Филармони, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр, Цирк, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хүүхэд залуучуудын театрын тухай баримт бичиг, жүжгийн тоглолтын гэрэл зураг, шүүмж судлал, ном товхимол, хувцас, макет, эскиз, баримал зэрэг материалуудыг энэ танхимд дэлгэн харуулжээ.
Театрын уламжлалын танхим
Нүүдэлчин ахуйд зохицсон үлгэр туульс ярих, цугларсан найр наадам хийх, бадарчны явган шог ярих, Цамын ёслол, Ший-янгууны тухай энд үзэж болно. XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч Догшин ноён хутагт Данзанравжаагийн “Намтар дуулах дацан” сүм театртай холбогдох баримтыг энд дэлгэн үзүүлсэн.
Ардын хөгжмийн танхим
Тодорхой нийтлэг үндэстний дунд үүсэж хөгжөөд тэдгээр ард түмний аж байдал, ахуй амьдралд нь хэрэглэгддэг хөгжмийн зэмсгүүдийг ардын хөгжим гэнэ.
Энэ танхимд морин хуур, ятга, шанз, хуучир, шанаган хуур, чавхдаст цохилуур ёочин, лимбэ, цуур, аманхуур зэрэг хөгжмүүдийг сонирхоорой.
Монгол кино урлагийн танхим
Кино урлаг нь XX зууны эхэн үе буюу 1910-аад оны үед Монголд орж ирсэн бөгөөд, 1913 онд Сайн ноён хан Намнансүрэн Оросоос кино авчран Богд хааны өргөөнд гаргаж байжээ.
Монголын кино урлагийн түүхэн хөгжил нь 1936 оноос эхлэлтэй. Хуучин нэрээр /ЗХУ/-ын туслалцаатай бүтээсэн “Монгол хүү” кино анх дэлгэцэнд гарчээ. Анхны баримтат болон уран сайхны киноны тухай, түүнд хэрэглэж байсан аппарат хэрэгсэл, хувцас зэрэг үзмэрийн дээж энэ танхимд бий.
Орчин үеийн урлагийн танхим
Энэ танхимд орчин цагийн урлагийн түүх болон хөгжмийн зэмсэг, эд зүйлсийг дэлгэжээ.