Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2018 оны намар цагийн аялан тоглолтоо есдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, 2018 оны есдүгээр сарын
- 12, 13,14-ний өдрүүдэд Баянхонгор аймагт,
- 15, 16,17-нд Өвөрхангай аймагт тус тус зохион явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Энэ удаагийн аялан тоглолтын хөтөлбөрт
- Э.Оюун зохиол, Н.Наранбаатрын найруулга “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” драмын жүжиг
- СГЗ Ш.Гүрбазарын зохиол “НАДААР ТОГЛОСОН ХАЙР” уянгын драмын жүжиг
- Рей Куни . Ж.Чэпмен “ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН ЧИ” инээдмийн жүжиг
- С.Михалков “БАРДАМ ТУУЛАЙ” хүүхдийн жүжгүүдийг тус тус толилуулах болно.
Энэхүү ажлын хүрээнд тус театрын уран бүтээлчид аймгийн иргэд хөдөлмөрчид, хүүхэд залууст зориулан шилдэг сор бүтээлүүдийн дээжсээ бүх насны үзэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлж, уран бүтээлчдийн уулзалтыг нутгийн иргэд хөдөлмөрчидтэй хийж, төв хөдөөгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ тухайн аймгаас төрөн гарсан театрын урлагийн алдар цолтой ахмад уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлж, тэдний бүтээл туурвилийг таниулан сурталчилж, нутгийн зон олонтой нь уулзан золгуулах зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулж иржээ.
Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон манай шилдэг жүжигчид, арын алба нийлсэн нийт 40- 50 гаруй уран бүтээлчид тухайн нэг аймагт оролцдог.
Аялан тоглолт гэдэг утгаараа Хавар Намрын сайхан улиралд зохион байгуулж, тоглолтын зэрэгцээ уран бүтээлчдээ тухайн орон нутгийн түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газруудаар танилцуулдаг уламжлалтай.
Хөтөлбөрт нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон сонгодог, орчин үеийн, хүүхдийн зэрэг бүхий л төрөл жанарын бүтээлүүдээ толилуулдаг.
Дашрамд дурдахад, Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй соёлын урлагийн бодлогын хүрээнд УДЭТеатрын хамт олон хөдөө орон нутгийн иргэд хөдөлмөрчдөд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр үйлчлэх зорилгоор 2002 оноос хойш “Улсын Драмын Эрдмийн Театрын Өдрүүд” аялан тоглолтыг 21-н аймгийн Засаг даргын тамгын газар, театр чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсээр байгаа ажээ.