Герман Монголын Дипломат Харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойн хүрээнд Монгол Германы хамтарсан " Отгонбаяр" сангийн санаачилж зохион байгуулсан Европын улсуудад ажиллан амьдарч байгаа мэргэжлийн зураачид, дизайнерууд мөн артистуудын туурвил бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл явдал анх удаа Герман улсын нийслэл Берлин хотноо боллоо.
Гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн Монголын Бизнес төвд Ө.Хосбаярын дэмжлэгтэйгээр нийт долоо хоног үргэлжилж байна. Зорин ирсэн хэн бүхний харааг булаах уран бүтээлүүд үүднээсээ эхлээд ар араас нь дэс дараагаар нь байршуулсан байлаа.
Ханаар өлгөгдсөн уран зураг бүр өөр өөрийн хэлэмжтэй агаад, хэлбэр дүрс, хээ угалз бүрт утга агууламж монгол ахуйг шингээж өгсөн нь Европт Монгол уран бүтээлчид авьяасаараа түрэн нэгдэж буйг хараад бахархах сэтгэл төрсөн юм. Үнэхээр л чадалтай, авъяастай, уран бүтээлчид хийгээд шинийг санаачлагч бүгд өөр өөрсдийн хэв маягийг илэрхийлж өнгөрсөн үеийн түүхийн уламжлалт зан заншлыг өнөөгийн хэв маягт тусган өнгө будгийн чамин цогцлоор илэрхийлсэн нь бүтээл бүгд дээр тод тусч ихэд сэтгэл хөдөлгөж байв. Үзэсгэлэнг зорьсон олонхи дотор дан ганц монголчууд байсангүй Европын зочид төлөөлөгчид улс төр, урлагийн хүмүүc, эрдэмтэн судлаачид ч бас ирсэн байлаа. Үүнээс дурьдахад монгол судлаач эрдэмтэн, докторууд бас харагдсан юм.
Монголчууд биднийг дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй тиймдээ ч энэхүү үзэсгэлэнд монгол дээл гоёлоороо гангарсан эгч нар Европын өнцөг булан бvрээс ирсэн нь хичнээн гоё харагдаж байсныг бичихгүй өнгөрөөж чадахгүй нь.
Танхимд Австри, Голланд, Франц, Чех мөн Герман улсын муж бүрээс монголчууд цугларч, дурсгалын зураг татуулж, нэг нэгэнтэйгээ яриа өрнүүлэн халуун дулаан орчинг бүрдүүлж байв.
Нийт 120 гаруй хvнтэй хөл хөдөлгөөн их байсан ч хэдий ч зохион байгуулалт сайтай, багийн хамтын ажиллагаа хүчтэй, олны сэтгэл оломгүй далай гэдгийн тод илрэл сэтгэл гарган бэлдсэн ширээ дүүрэн зууш, вино, ус, ундаа гээд ирсэн зочид бүрт хангалттай байлаа.
Үзэсгэлэнг эхлүүлж монгол залуусын түүчээ болсон Герман улсын Бавари мужийн улс төрд хүчин зүтгэж яваа хөдөлмөрч бүсгүй Н.Солонго хэл зүйн гайхамшгийг герман, монгол хэл дээр хослуулан хөтөлж, энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчид, зочид төдөөлөгчидтэй халуун дотноор мэндчилэн тусалж дэмжсэн элэг нэгт монгол ахан дүүсдээ, баг хамт олондоо талархсан сэтгэлээ илэрхийлэв. Түүний дараагаар цээл сайхан хоолойгоор англи, монгол сайхан дуунууд дуулагдсан юм. Монгол ардын дуу "Хар торгон хамжаар" дууг Берлин хотын Артист Б. Урнаа мөн уянгалуулав. СТА морин хийлч Б. Ууганаа, хийлч О.Далай гээд , Т.Улаанаа гээд харь нутагт монгол ардынхаа дууг , монгол хөгжимчид, дуучидаа сонсохоор өөрийн эрхгүй нутаг усаа санаж, уул усаа мөрөөссөн нь монгол хүний зан гэлтэй. Үүний дараагаар ХБНГУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд Д. Ганбат үйл ажиллагааг нээв.
Тэрээр үзэсгэлэнд оролцсон бүх уран бүтээлчдэд халуун баяр хүргэж цаашдын уран бүтээлүүдийг нь дэмжин ажиллахаа илэрхийлэн монгол орныхоо нэрийг дэлхийд гаргах их үйлсэд гар бие оролцоно гэдгээ мэдэгдэж зохион байгуулагчдад талархав. Түүнээс гадна Герман улсад монгол урлагийг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хориод жил хүчин зүтгэж яваа дуучин, бүжигчин Ш. Мөнгөнцэцэгийг "Алтан гадас" одонгоор шагнасан сайхан үйл явдал болсон юм. Баяр дээр давхар баяр давхацсан онцгой үйл ажиллагаа болж өнгөрсөн билээ.
"Отгонбаяр" сан сvvлийн таван жил Монголын төлөө хилийн чанадаас хөрөнгө оруулалт хийж, монгол залуучуудын оюунд болоод бvхий л талд дотоодод төдийгvй гадаадад vйл ажиллагаа явуулж буй ашгийн бус гэр бүлийн сан юм. Сангийн хvндэт гишvvн үйл ажиллагаа болон монголчууд биднийг дэмжин ажилладаг Герман улсын иргэн ноён Вилли Белгер зочдод хандаж монголчуудын тухай сэтгэгдлээ илэрхийлсэн нь монголд хайртай, элэг нэгтэй эрхэм байлаа түүнд ихэд талархан зогссон билээ.
Монгол оюун билгийг таниулах энэхүү анхдагч "Версинаж" 2019 үзэсгэлэнгийн нэгээхэн хэсэг болсондоо элэг нэгт монголчуудтайгаа нэгэн оройг дуу хуур, баяр хөөр, халуун дулаан уур амьсгалтай өнгөрүүлж, танилын хүрээгээ тэлээд зогсохгүй түүхэнд дурсамж болон үлдэх энэхүү гайхалтай өдрийг тэмдэглэл болгон буулгав. Өчүүхэн миний сэтгэл ихэд хөдөлж өөрийн харсан, мэдэрснээ бусдадаа хуваалцах хүсэлдээ хөтлөгдөж чадан ядан бичлээ таалан болгооно буй за.
Уран бvтээлчид :
Г.Наранцацрал
Ц.Цацрал
Ц.Ган Эрдэнэ
Ц.Номин Эрдэнэ
Ж.Загдcvрэн
Г.Тэгштуяа
Б.Навчаа
М. Даваа
Ч.Гэрэлхvv
Б.Уранчимэг
Ө. Оюусувд
Монголчууд тэр дундаа монгол уран бvтээлчид хилийн чанадад нэгдэж байна.
Берлин хот
Ч.Энхчимэг