Өнөөдөр /2019.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс энэ өдөрт зориулж “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.
“Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” үндсэн сэдэвтэй форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөгчид оролцож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн үндэсний форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар илгээлт явуулсныг Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ө.Золбаяр нар уншиж танилцууллаа.
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ИЛГЭЭЛТДЭЭ, "1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлан тунхагласан. Энэ өдөр Монголын сэтгүүлчид дэлхий дахины мэргэжил нэгт нөхөдтэйгээ дуу хоолойгоо нэгтгэж чөлөөт хэвлэлийн хөгжил, сорилт бэрхшээл, туршлага сургамжаа хуваалцаж, хэлэлцэн ярилцдаг сайхан уламжлалтай билээ. Тиймээс дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, үнэнийг дархлах, түүхийг шаштирлах үзгэн хөлөг тань шандастай байхын ерөөл өргөе. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ өдрийг тохиолдуулан “Тунгалаг, үнэн бодит мэдээлэлгүй бол ардчилал үнэ цэнэгүй болно. Хэвлэлийн эрх чөлөөгүйгээр шударга, алагчлалгүй нийгмийг цогцлоож, эрх мэдэлтнүүдийн үйлдэл, засаглалын бодит үнэнд хүрч чадахгүй” гэж хэлсэн байна.
Хараат бус, мэргэжлийн ёс зүйд суурилсан сэтгүүл зүй Монголд юу юунаас үнэ цэнэтэй боллоо. Шударга ёс алдагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэг нийгмийг, хөгжил дэвшлийн ирээдүйг бохирдуулж байгаа нь үнэн. Хуулийг үл тоомсорлох, ард түмнээ алагчлах нь ердийн үзэгдэл болж, хууль шүүхийн байгууллага хэсэг бүлгийн хүсэл шуналаа гүйцэлдүүлэх хэрэгсэл болон хувирлаа гэсэн яриа олон жил үргэлжиллээ. Монголын асар их эрдэнэс баялаг цөөн гэр бүлийн мэдэлд төвлөрч, амь амьдралынхаа төлөө зүтгэж, хөдөлмөрлөж яваа жирийн иргэд ядууран доройтож, доромжлогдож байгааг нуух аргагүй. Хариуцлага, сахилга хаа сайгүй алдагдаж, нийгмийн хийгээд иргэний ёс зүй бохирдож, түгшүүр дэлдэж эхэлснийг ч бид харж, мэдэрч байна. Ийм байж таарахгүй, энэ хэвээр байвал ирээдүй минь бүрхэг болно гэдгийг хүн бүхэн мэдэж, ойлгож, үнэн шударгын төлөөх үндэсний ухамсар сэргэж байна. Тиймээс шударга ёс тогтоох, гагцхүү хууль засагладаг тогтолцоог бүрдүүлэх зорилтыг Монголын төр, засаг дэвшүүлэн тавьж, өөрчлөлт шинэчлэлт хийж эхэлсэн. Олон жил бугшиж, тогтолцоо болтлоо бэхэжсэн шударга бусын ийм хана хэрмийг нураах ажил хялбар биш, бэрхшээл саад ч багагүй байгаа. Гэхдээ дөрөв дэх засаглалынхан болох Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага бидэнтэй хамт байж, нэгдэн тэмцэнэ гэдэг итгэл ямагт дүүрэн байдаг. Нийт монголчуудыг сэрээсэн шударга ёсны төлөөх тэмцэл үр дүнд хүрч, сайн цаг удахгүй ирнэ гэсэн ард түмний минь итгэл найдвар биелэхэд Та бүхний оруулах хувь нэмэр нэн чухал шүү гэдгийг энэ өдөр сануулж хэлэхийг хүсэж байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “Ардчиллын төлөөх олон нийтийн мэдээллийн хэрэгсэл: Хуурмаг мэдээллийн эрин дэх сонгууль ба сэтгүүл зүй” гэсэн уриан дор тэмдэглэхээр ЮНЕСКО-гоос шийдвэрлэжээ. Монголын сэтгүүлчид “Хараат бус сэтгүүл зүй”-н асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Энэ бүхэн Монголын төрд ч хамаатай сэдэв юм. Учир нь шударга сонгуульгүйгээр шударга төрийг эмхэлж чадахгүй. Шударга сонгуулийг ард түмний, хэвлэл мэдээллийн, сэтгүүлчдийн хяналт дор л хэрэгжүүлж чадна. Хараат бус сэтгүүл зүй, иргэний эр зориг, мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлчгүйгээр шударга ёсыг тогтоох зорилт хэрэгжих боломжгүй. Хуурмаг мэдээлэл, зөрчил сөргөлдөөн, хагарал бутралаас Монголоо сэргийлэн хамгаалж, зөвхөн бодит үнэнийг ил тод хэлж мэдээлж, эв нэгдэл, ойлголцол зөвшилцлөөр нийгмээ тохинуулахад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй. Тиймээс Та бид нийтлэг эрх ашгаа нэгтгэж, нэг завин дээр хамт суух ёстой гэж би бодож байна. Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчид Монгол эх орныхоо гал голомтыг цэвэр тунгалаг байлгахын төлөөх зорилгын хамтран зүтгэгч, итгэлт нөхөд минь байгтун хэмээн энэхүү илгээлтийг сонордуулж байна. Нийгмээ эрүүлжүүлэх энэ тэмцэл Та бүхнээс ихээхэн тэвчээр хатуужил, зориг зүрх, мэдлэг ухаан шаардана. Тиймээс сэтгүүлчийн хөдөлмөрийг шударгаар үнэлэх, нийгмийн сайн сайхны төлөөх бүтээл туурвилыг хөхиүлэн дэмжих, тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг тань шийдвэрлэх, чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчныг бүрэн төлөвшүүлэх, иргэдийнхээ үнэнийг мэдэх эрхийг хангах чиглэлд Монгол Улсын Их Хурал онцгой анхаарах болно. Монгол оронд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хуулийн засаглалыг бэхжүүлэх, эрүүл нийгмийг цогцлоох эрхэм үйлсэд тань амжилт хүсье. Эрх тэгш, элбэг хангалуун, хөгжин цэцэглэсэн шинэ Монголыг бүтээхийн төлөө хамтран тэмцье" гэв.
***
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИЛГЭЭЛТДЭЭ, "Та бүхэнд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Өнөөдөр та бүхэн үндэсний сэтгүүлзүйн 106 жилийн түүхээ эргэн харж, хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын өнөөдрийн нөхцөл байдлыг шүүн тунгааж, ирээдүйн хөгжлийн бодлогоо тодорхойлохоор “Хараат бус сэтгүүлзүй” Үндэсний форумд хуран цуглараад байна. Манай улсын замнаж ирсэн нийгмийн аль ч тогтолцоон дахь ард олны оюун санааны амьдралд та бүхний мэргэжил, үйл хэрэг чухал нөлөөтэй, үнэмлэхүй өндөр байр суурьтай явж ирлээ. Монгол улс шинэ үндсэн хуулиа баталж эх орондоо Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар бартаа нугачаатай эгэл бус замаар урагш тэмүүлсэн он жилүүдэд сэтгүүлч та бүхний хараат бус, хариуцлагатай, чөлөөт сэтгүүлзүйг төлөвшүүлэх чин эрмэлзэл, мятрашгүй зүтгэл тань шударга үнэний дуу хоолой болон нийгэмд түгж, нийгмийн бусармаг, шударга бус аливаа үг үйлдэлд хатуу хяналт тогтоож ирснийг Монголын ард түмэн, төр засаг зүй ёсоор үнэлдэг.
Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ. Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус, мэргэжлийн ёсзүйтэй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээ, мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.
Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаад миний бие огт эргэлздэггүй.
Сэтгүүлчид бол төр засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч байгаа алдаатай болгонд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ. Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Монгол улсын Засгийн газар Ерөнхий сайд минйи бие Монголын хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд онцгой анхаарч, салбарын хараат бус байдлыг хангахад бодитойгоор дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлье. Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүхний үйлс тод, үг тань хурц байх болтугай" гэлээ.
***
МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР форумын эхэнд “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн үзэл санаа” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ "Зөрчлийн хууль гэж гаргаж ирээд сэтгүүлчдийг шүүхгүйгээр яллаж байгаа. Энэ хууль засагдах байх гэж найдаж байна. Хэвлэл мэдээллийн 15 байгууллага нэгдэж, ХЗДЯ-нд Зөрчлийн хуулийн 6-гийн 21-д байгаа заалтыг хасч өгөөч гэсэн маш тодорхой санал хүргүүлсэн. Энэ чуулганаар Зөрчлийн тухай хуулийн энэ заалтыг эргэж хэлэлцэх байх гэж итгэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө энэ асуудлыг эрх баригчдад сануулан хэлэх нь зөв байх. Дараагийн бас нэг хуулийн асуудал бол Өргөн нэвтрүүлгийн хууль. Монголын хэвлэлийн салбарын орлого 50 тэрбум төгрөг юм байна. Үүнээс 60 хувь нь телевизийн салбарт оногддог. Монголд 100 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. 30 тэрбумаа 100-д хуваагаад үзье. Гэтэл өргөн нэвтрүүлгийн нэг телевизийн жилийн зардал тэрбум давж байгаа. Хаанаас ийм мөнгө олох вэ, эсвэл хаанаас энэ мөнгө гарч байна вэ? Үүний цаана хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшигчид, эздийн асуудал гарч ирнэ. Хувьцаа эзэмшигчид ил байх ёстой. Санхүүжилт ил байх ёстой. Үүний дараа бид хараат бус сэтгүүл зүй гэж ярих ёстой юм. Хараат хэвлэлийн хэрэгслийн сэтгүүлчээс хараат бус зүйл хий гэж яаж шаардах вэ? Өргөн нэвтрүүлгийн хуулийг баталж, ний нуугүй хэлэхэд хэтэрхий даварсан энэ АйПи телевизүүдийн хазаарыг чангалахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө тэнд хязгаарлагдаад байна. Кабелийн телевизээр нэвтрүүлгээ цацах гэж телевизүүд мөнгө төлж байгаа. Татвар төлж байгаа. Харин энэ контентийг тэд хэрэглэгчдэд зарж, мөнгө олж байгаа. Нийлүүлэгч, хэрэглэгч аль алинаас нь мөнгө авдаг ийм бизнес байдаг юм уу. Энэ бүхнийг эргэн харах болсон. Тэдэнд энэ талаар шаардлага хүргүүлнэ. Татварын мөнгийг контент үйлдвэрлэгч нарт шилжүүлж байж Үндэсний контент хөгжинө. Ингэж байж телевизүүд хөгжинө, улс төрийн нөлөө, мөнгө багасна. Эх үүсвэр нь тодорхойгүй санхүүжилт багасна. Ингэж байж сэтгүүлчдийн цалин өсөх юм.
Одоо бидэнд Олон нийтийн сүлжээний тухай хууль зайлшгүй шаардлагатай боллоо. Сүлжээнд нэвтрэх эрхийг хязгаарлана гэж ярьж байна. Хэдэн жилийн өмнө сайтуудын сэтгэгдлийг хаана гэж байсантай л ижил байна. Үндэслэлгүй, судалгаагүй, Монголын ардчилалын талаар огт бодоогүй шийдвэрүүд яригдаж байгаа. Хэрэв үнэхээр ийм хууль батлах гэж байгаа бол эрх баригчид бидэнтэй хамт суугаад ярих, судлах хэрэгтэй. Сошиал бол мэргэжлийн сэтгүүл зүй биш.
Бид редакторын зөвлөлийг тус тусад нь байгуулах хэрэгтэй. Спорт, улс төр, эдийн засаг гээд салбар салбараар нь байгуулж, алдаа оноогоо засах шаардлагатай. Энэ асуудлыг шийдэх ямар шийдэл хэрэгтэй вэ? Энэ бол мэргэшсэн сэтгүүлчдийн клуб байгуулах. Манайд уул уурхай, эмнэлгийн сэтгүүлч хэрэгтэй байна. Яг тухайн салбараа сайн мэддэг сэтгүүлч хэрэгтэй. Нэг хүн бүх төрлөөр бичээд байх биш мэргэшсэн сэтгүүлч нь бичдэг байх ёстой. Ингэвэл сэтгүүлчид, хэвлэл мэдээлллийн байгууллагын нэр хүнд өснө. Үүний тулд төр засгийн байгуулалагатай хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Хамтарлаа гээд, хараанд нь орлоо гээд хардах хэрэггүй. Үүнд бүх хэвлэл мэдээллийн байгууллагаа хамтран ажиллахыг уриалж байна. Сайтууд хамтран ажиллацгаая. Мэргэжлийн сайттай болъё. Жижиг 10 сайт нийлээд нэг сайт гаргавал илүү сайн чанартай болно. Монголд 300 сайт хэрэггүй, мэргэжлийн чанартай хэдэн сайт хэрэгтэй. Ингэвэл мэргэжлийн чанартай өрсөлдөөн гарах юм. Редакцийн стандартыг бий болгож, сэтгүүлчдэд мэргэжлийн зэрэг олгох саналтай байна. Ингэвэл сэтгүүл зүйн нэр хүнд өснө, сэтгүүлч биш хүмүүс илчлэгдэх юм. Худлаа сэтгүүлч нэр зүүсэн сошиал медиагийн хүмүүс баригдана. Бас нэгэн хэлэх зүйл бол МСНЭ 2019 оныг Гадаад харилцааны жил болгож зарласан. Манай сайд, дарга нар гадаад улсад айлчиллаа гэхэд албан ёсоор улс орноо сурталчлахад маш их мөнгө шаардагддаг. Харин бид, манай сэтгүүлчид энэ ажлыг хийж чадна. Энэ жил сэтгүүлчид гадаадын 20 улсаар аялж, туршлага судална. Мөн гадаад сэтгүүлчдийг авчирч, Монгол Улсаа ч сурталчлах юм.
Бид "Сэтгүүлчийн ордон" барих гэж байгаа. Өнгөрсөн жил би ингэж хэлээд зогсож байсан. Гэхдээ ажил урагшилж байгаа. Газрын асуудлаа шийдлээ, энэ жил зургийн ажлаа дуусгасан. Одоо санхүүжилт босгож байгаа. Ерөнхий сайдад хүсэлт гаргасан, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бид сэтгүүлч та бүхнээс, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хандив хүсч байна. Хандивын сан нээнэ. Бид өндөр сайхан байшинд ороод суух биш Монгол Улсын ардчилалыг хамгаалдаг харуулын баганатай болох гэсэн юм. Одоо бид үндсэн суурь ажлаа шийдэх нь чухал. Төр засагт ойлгуулъя. Хоосон яриад байвал хөгжихгүй. Ирэх жилийн энэ өдөр Хэвлэлийн эрх чөлөөний хууль үйлчлээд эхэлчихсэн байгаасай гэж хүсч байна. Тиймээс хамтдаа хүчээ нийлүүлэн явцгаая. Монголын онцлогтой сэтгүүл зүйн төлөө хамт зүтгэе" гэдгийг онцлов.
ФОРУМЫН ХӨТӨЛБӨР
09.00-09.10 Нээлт: МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлнэ.
09.10-09.40 Үндсэн илтгэл: “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн үзэл санаа”. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр.
09.40-10.00 Баярын мэндчилгээ: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан. Шагнал гардуулах ёслол.
10.00-10.25 Илтгэл: “Орчин үеийн хэвлэл мэдээллийн хөгжлийн зарим асуудал”. МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, профессор М.Зулькафиль.
10.25.-11.00 Цайны завсарлага.
11.00-11.12 Илтгэл: “Телевизийн салбарын өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт”. Монголын телевизүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Ганзул.
11.12-11.24 Илтгэл: “Сонин, сэтгүүлийн өнөөгийн байдал, цаашдын хандлага”. МСНЭ-ийн Мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа.
11.24-11.36 Илтгэл: “ФМ, Радиогийн өнөөгийн байдал, цаашдын хандлага”. МСНЭ-ийн ФМ, радио хариуцсан Дэд Ерөнхийлөгч Г.Батзаяа.
11.36-11.48 Илтгэл: Мэдээллийн сайтын өнөөгийн байдал, цаашдын хандлага”. МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч О.Ариунбилэг.
11.48-12.00 Хаалт: МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэлнэ.