Соёлын сайд С.Чулуун өнгөрсөн бямба, ням гарагт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа болон тус сав нутгийн түүх, соёлын дурсгалт газрууд болон музей, соёлын төвүүдэд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэлээ. Түүхч, эрдэмтэн салбараа мэддэг сайдын хувьд орон нутгийн соёлын байгууллагуудтай танилцана гэхээс илүү аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд түүх, соёлын дурсгалт газруудыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлд анхаарал хандуулж, орон нутгийн соёлын байгууллагуудыг Засгийн газрын бодлогын хүрээнд салбарын яамнаас дэмжиж ажиллахаа онцлов.
С.Чулуун сайд орон нутгийн томилолтоо Өвөрхангай аймгаас эхэлж буй бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, шашин, соёлын томоохон төв, иргэдийн эргэл мөргөлийн голомт болсон “Эрдэнэ Зуу” музейд эхлээд саатлаа. Сүүлийн жилүүдэд музей үзэх гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Энэ жилийн тухайд цар тахлын улмаас гадаадын жуулчид байхгүй ч урин дулаан, амралт зугаалгын улиралд зорин ирэх дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдсэн хэмээн музейн хамт олон урам зоригтой байна.
Н.ТӨМӨРБААТАР: ИРГЭД ТҮҮХ, СОЁЛОО ХҮНДЭТГЭЖ, ҮНДЭСНИЙ ДЭЭЛ ХУВЦАСТАЙГАА ИРЖ МУЗЕЙ ҮЗЭХ БОЛСОН
“Эрдэнэ Зуу” музейг он гарсаар 100 мянган хүн үзэж сонирхсоноос 30 мянга гаруй иргэн тасалбар авч, музей үзсэн. Тасалбарын үнэ 3000 төгрөг бөгөөд хүүхэд, хөгшдөд үнэ төлбөргүй. Өдгөөгөөс 400 гаруй жилийн тэртээ 1586 онд Абатай сайн ханы үүсгэн байгуулсан шашин, соёлын төв болох “Эрдэнэ зуу” хийдэд Абатай сайн хаан, түүний хүү Түшээт хан Гомбодорж нарын бунхан, Монголын эзэнт гүрний үеийн бичигт хөшөөнүүд, гол шүтээн болсон бурхад, шашны соёлын ховор нандин эд зүйлүүд хадгалагдаж байна. Тиймээс иргэд түүх, соёлдоо хүндэтгэлтэй хандаж, үндэсний дээл хувцсаа өмсөж ирэх нь болсон хэмээн музейн захирал Н.Төмөрбаатар сонирхуулав.
Тус музейн барилга байгууламж олон жилийн насжилтын улмаас хуучирч муудаж байгаа ч сэргээн засварлалтын ажлыг жил бүр тогтмол явуулсаар иржээ. Энэ жилийн тухайд 1740-өөд онд баригдсан түвд хийцийн хавтгай оройтой гурван давхар барилгыг сэргээн засварлах ажил явагдаж байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед эвдэн сүйтгэгдсэн хийдийн барилга байгууламжийг 1944 онд төрийн хамгаалалтад авснаас хойш 1970 оны хүртэл сэргээн засварлалтын ажлыг үед шаттайгаар гурвантаа хийж, хуучин төрхөөр нь хадгалж ирсэн цогчин дуган аж. 50 жилийн дараа хийж буй их засвар, сэргээн засварлалтыг улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Зэндмэнэ суварга” компани гүйцэтгэж байна.
Уг цогчин дуганы гуравдугаар давхарт Махгалын орон хэмээх 75 махгал бурхдын баримал, дахин давтагдашгүй, маш ховор нандин хийцтэй шүтээнийг байршуулж байсан. Хоёр, гуравдугаар давхартаа музейн үзмэрүүдтэй, нэгдүгээр давхарт Эрдэнэ зуу хийдийн лам нар хурал номоо хурдаг барилга байсан. Дуганд засвар эхэлсэн учир хажууд нь гэр барьж, лам нар хурлаа хурж, шашны үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Тус музей ховор нандин үзмэр олонтой ч сан хөмрөгийн зориулалтын байргүй. Иймд музейн сан хөмрөг хадгалж буй байр болон түр үзэсгэлэнгийн танхимын барилгыг хуучин төрх загвараар нь хойш нь өргөтгөн, зай багтаамжийг нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа музейн захирал Н.Төмөрбаатар сайддаа танилцуулав.
Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун “Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд аялал жуулчлалын гол төвүүдийг цогцоор нь хөгжүүлэх бодлого барьж байна. Орхоны хөндийн аялал жуулчлалын сав нутгийн түүх, шашин соёлын дурсгалт газрыг хөгжүүлэх нь тэр зорилтуудын нэг юм. Тийм ч учраас Соёлын яамыг шинээр байгуулж, яаманд соёлын өв хариуцсан долоон мэргэжилтний орон тоотой бие даасан газар байгуулсан. Өмнө нь яаманд соёлын өв хариуцсан нэг мэргэжилтэн ажиллаж байсан бол одоо долоон мэргэжилтэн ажиллана. Монгол Улсын соёлын бодлогыг хэрэгжүүлж, соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээх засварлах, сурталчлан таниулах зэргээр олон талаас нь дэмжиж ажиллана” гээд, музейн барилгыг өргөтгөх санал хүсэлт, зураг төслөө салбарын яаманд өгөхийг сануулаад, санхүүжилтийг ирэх оны Улсын төсөвт үе шаттайгаар суулгаж, өгөх боломжтой гэлээ.
Соёлын сайд С.Чулуун 2019 оны сүүлчээр ашиглалтад орсон Хархорин сумын Соёлын төвийн барилгатай танилцав. 12 мянга гаруй хүн амтай тус суманд 3000 ам.метр талбайтай урлаг соёлын үйл ажиллагаа явуулах зориулалтын танхимтай, хоёрдугаар давхартаа сумын иргэдийн зориулсан нийтийн номын сантай. Соёлын төвийн зориулалтын тоног төхөөрөмж хангалтгүй бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 15 сая төгрөгөөр хөгжим худалдаж авчээ. Үүн дээр концертын танхимын сандал, зарим хэрэгсэл дутагдалтай байгааг танилцуулж, санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг сайдаасаа хүслээ.
Иргэд номын санд суух, гэрээрээ ном авч унших сонирхолтой. Ялангуяа сүүлийн үед хэвлэгдсэн уран зохиолын ном их асуудаг. Гэвч номын фондын баяжуулалт хийхэд жилд улсаас 200 мянган төгрөг буюу ганц, хоёрхон сайн чанарын ном авах хэмжээний мөнгө төсөвлөдөг ажээ. С.Чулуун сайд номын фондыг баяжуулахад дэмжлэг үзүүлж, шинээр хэвлэгдсэн номнуудыг илгээнэ гэдгээ амлаж, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг яамныхаа мэргэжилтэнд үүрэгдэв. Сайд орон нутгийн соёлын байгууллагуудын нөхцөл байдлыг танилцуулж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд анхаарч, энэ талын мэдээлэл өгөх зорилгоор орон нутгийн томилолтын багтаа Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбатыг багтаасан юм.
Соёлын сайд С.Чулуун “Эрдэнэ зуу” музей, Хархорин сумын Соёлын төвөөс гадна Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь, “Хархорум” музей, 745-840 онд төр улсаа байгуулан оршин тогтнож байсан Уйгурын анхны нийслэл Хар балгасын туурь, Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдам хэмээх газарт 2010 онд байгуулсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдвор бүхий “Хөшөө цайдам” музейд ажиллав. Түүх соёлын жимээр явсан тухай сурвалжилгыг удахгүй хүргэх болно.