Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт хүүхдийн зохиолч Надмидын Мандалтай ярилцлаа.
-Мэдээллийн хэрэгсэл, цахим орчноос харж байхад та уран бүтээлийн ургац арвинтай байгаа бололтой. Яг одоо ямар зохиол туурвиж байх юм?
-Би 2014 онд “Солонгон хотын нууц” гэдэг нэртэй тууж бичсэн. Энэ маань цуврал болоод үргэлжилж байгаа. Хоёрдугаар дэвтэр “Хадан хотын нууц”-аа өнгөрсөн намар хэвлүүлсэн. Яг одоо “Зүүдэн хотын нууц” хэмээх гуравдугаар цувралыг нь бичиж байна. Яарахгүй бол өмнөх дэвтэрүүдийг нь уншсан хүүхдүүд үргэлжлэлийг нь нэхдэг боллоо. Уран сэтгэмжийн дүрүүдээр баялаг, адал явдалтай болохоор хүүхдүүд, тэр дундаа хөвгүүдэд их таалагддаг юм билээ.
-Та Монголын уран зохиолд нэгэнт өөрийнхөө орон зайг бий болгосон хүн. Тэр тусмаа хүүхдийн зохиол бол амаргүй гэдэг. Энэ талаар?
-Хүүхдийн уран зохиолд амьдрал, ёс суртахууны, танин мэдэхүйн, уран сэтгэмжийн гэсэн гурван чиглэл бий. Эдгээрийн дотроос зохиолчийн авьяас, нарийн ур чадвар, ухаан шаарддаг чиглэл нь уран сэтгэмжийн чиглэлийн зохиол л доо. Харин эхний хоёр чиглэлээр бичиж сурсан, боддог, уншдаг, ялангуяа хүүхдэд хайртай бол хэн ч бичнэ.
-Хүүхдийн зохиолчид өөрсдөө хүүхэд шиг байдаг гэдэг. Тэдний сэтгэхүйд тохируулж зохиол бичнэ гэдэг өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдийн сэтгэхүйд шилждэг тал байна уу?
-Хүүхдэд зориулсан зохиол бичихийн тулд тэднийг маш сайн судлах хэрэгтэй. Ажаад байхад, тэд амьдралын туршлага, мэдлэг багатай л болохоос томчуудтай адилхан сэтгэж чаддаг хүмүүс. Тиймээс хүүхдийг балчир хэмээн голж, зохиол бүтээлийг нь хялбарт тооцвол алдаа болно. Бас зохиолч нь хүүхэд шиг хөдөлгөөнтэй, хөөргөн дэвэргэн, мөрөөдөмтгий, гэнэн цайлган байдаг гэвэл худлаа. Хэрвээ хэн нэгэн хүүхдийн зохиолчид тийм байдал ажиглагдвал, хувь хүний өөрийнх нь араншинтай л холбоотой байх.
-Ерээд оноос хойш сэтгэлгээ нэрийн дор үндэсний уламжлалт уран зохиол, түүний үг хэллэгт даяаршлын нөлөө бий болжээ. Орчин цагт дэлхийтэй хөл нийлүүлнэ гэж байгааг буруутгах аргагүй. Гэтэл хэтэрхий туйлширч, үндэсний бүхнээ умартаж байгааг шүүмжлэх болжээ. Таны хувьд?
-Үндэстэн гэдэг багачилж бодвол нэг айл юм. Манайх Монгол гэдэг нэгэн айл гэвэл бид яагаад ч, ямар хүчинд ч автаад хөрш Орос, Хятад гэх айлуудтай адилхан болох боломжгүй. Учир нь айл бүр, туйлын ядуу байсан ч, олон үе дамжсан өөрийн түүх, уламжлалтай байдаг. Үндэстнийг бүүр багасгаад хүн гэж авч үзэхэд ч энэ жам ажиглагдана. Хүн бүр өөрийн төрсөн цаг хугацаа, орчин, царай төрх, зан араншинтай байдаг. Түүнийг шинжлэх ухаан яаж ч хөгжөөд, хэн ч, яаж ч ятгаад өөрчилж болдоггүйтэй адил даяаршлын нөлөөгөөр үндэстэн болгон ижил болох боломжгүй юм. Харин бие биенээсээ туршлага, хөгжлийн санаа авч болно. Манай уран зохиол энэ зарчмаар л явж байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, уран зохиолоос маань монголчуудын түүх, соёл хэзээ ч арчигдахгүй. Тийм дархан өвийг өмнөх үе маань бүтээсэн, одоо бид ч бүтээж байгаа.
-Энэ цагт дангааршиж үлдэх тухай ч ярих болж, нөгөө талд дэлхийн хэмжээнд очно гэх хийсвэр зүйл ч ярих болжээ. Ерөнхийдөө төөрөлдөөд байна уу ч гэмээр зүйл анзаарагдаж байна. Чухам яах ёстой юм бол?
-Зүйрлэвэл, дэлхий маань олон айлуудаас бүрдсэн нэг улс лугаа адил гараг. Онцлог нь, дэлхий гэх айлтай өрсөлдөх айл өөр бий бил үү. Байхгүй шүү дээ. Тэгэхээр дэлхийн түвшинг хэн тогтоов. Харин хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс-айл бол бий. Тийм улсын жишгээр хөгжих нь ямар ч оронд байж болох зүйл. Дангааршиж байна гээд харанхуй, хаалттай байж болохгүй, даяаршиж байна гээд үндэснийхээ өв соёлыг устгаж болохгүй.
-Хүүхдийн зохиолд даяаршлын нөлөө оруулах нь тийм ч сайн биш гэж ярьцгаахыг би сонссон. Бас хүүхдийг дэлхийн хэмжээнд хөгжүүлэх тухай ярьдаг. Аль талдаа илүү давамгайлах хэрэгтэй юм?
-Ер нь “даяаршлын нөлөөгөөр дэлхийн түвшинд хүрэх” гэж ярьцгаадаг нь бусдын сайнаас суралцах тухай л яриа. Манай хүүхдийн орчин үеийн, бичгийн зохиолын хөгжил үндсэндээ 1960 оноос эхэлсэн. Тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын нөлөөгөөр хөгжиж эхэлсэн учраас хүүхдийн зохиол социалист, хаалттай нийгмийн хайрцагт баригдаж, түрүүчийн миний дурьдсан гурван чиглэлээс амьдарл, ёс суртахууны, танин мэдэхүйн бүтээлүүд давамгайлж байжээ. Одоо бол өөр болсон. Сүүлийн жилүүдэд манайхан дэлхийн олон улсын бүтээлийг уншиж судлаад уран сэтгэмжийн чиглэлд анхаарлаа хандуулан бичиж байгаа. Хүүхдүүд өөрсдөө шаардаад байна. Тээр жил, миний бичсэн “Солонгон хотын нууц” туужийг уншсан хүүхэд бүр шахуу “Яг гадаадын зохиол шиг ямар гоё зохиол вэ!” гэж шагшин хэлж байхыг сонсоод би эхэндээ гайхсан ч, дараа нь тэд маань уран сэтгэмжээр ямар их өлсөө вэ гэж дүгнэж билээ. Сургамж голдуу зохиолоос монгол хүүхдүүд залхсан юм биш үү..
-Таны аав С.Надмид бол нэртэй сэтгүүлч төдийгүй хүүхдийн зохиолч хүн байв. Хүүхдийн зохиол бичих болсонд аавын тань нөлөө бий юу. Мэдээжийн хэрэг багш хүний хувьд ч арай ойр байсан байж болох юм?
Аавын нөлөө байлгүй яахав. Аав бичих зохиолынхоо санааг бидэнд үргэлж ярина. Тэгж байх нь надад төлбөргүй сургалт болж.байсан. Гэхдээ манайхнаас ганц би бичиж байгаа нь аавтай илүү адил оюун ухаан, зан чанартай төрснийх биз. Бас миний багш мэргэжил хүүхдийн зохиол бичихэд минь нөлөөлсөн. Тэднийг хайрлах хайраар бүх зохиол маань бүтсэн гэж бардам хэлнэ.
-Уламжлалт уран зохиолын чиг хандлага, хөгжлийн цаана эх хэл, эх хэлийг агуулж байдаг амин сүнс нь уран зохиол байна. Энэ нь улс орны оршин тогтнох нэгэн том үндэс суурь байгааг ойлгох, ойлгохгүй хүн байна?
-Тиймээ, эх хэл бол уран зохиолын амин сүнс. Эх хэл бол сэтгэхүй, мэдрэхүй, дотоод сэтгэлийн эрч хүч мөн учир уран зохиол түүнгүй яахин бүтэх. Эх хэл, соёлоор дамжин үндэсний уран зохиол бүтэж, улс орныхоо оршин тогтнох, урагшлан хөгжих үндэс нь болж байдаг. Тиймийн учир монгол хүн бүр эх хэлээ тэргүүлэх зэрэгт тавьж, мохоохгүй авч явахын төлөө хичээн зүтгэх ёстой.
-Аавын тань “Дааганы уралдаан”-аас эхлээд уламжлалт ахуй, үндэсний онцлогыг агуулсан олон сайхан зохиол байдаг. Эдгээр нь танд ямар нэгэн нөлөөлөл үзүүлж элдэв зүйлд туйлшрах аргагүй болгодог болов уу?
-Дахин дахин уншаад байхад уйдамгүй сайхан хэл, найруулгатай зохиолууд зөндөө. Ялангуяа манай алтан үеийнхний зохиолуудын хэл гайхамшигтай. Би одоо ч аавынхаа зохиолыг ахин дахин уншихдаа өөрийнхөө хэлийг голдог. 30 жил дэргэд нь амьдрахдаа нөлөө аваагүй юм билээ. Хар залуугаасаа орос, англи хэл сурахаар шимтэж байсны минь гор биз ээ.
-Орчин цагийн хүүхдийн уран зохиол, тайз дэлгэцийн бүтээл хүүхдийн хүмүүжилд бодит нөлөө үзүүлж чадаж байна уу?
-Өнөөгийн хүүхдүүд техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эринд амьдарч байна. Ном, театр гэхээсээ цахим ертөнцөд шимтэх болж. Гэтэл тэдний хүн болон төлөвшихөд уран зохиол, түүнээс салбарласан урлагууд ямар их нөлөөтэй билээ. Үүнийг мэдээд манай төр засаг хүүхдийг номтой нөхөрлүүлэх, уран зохиолд шимтүүлэх ажлыг бодлоготойгоор хиймээр санагддаг. Хийж байгаа ажил байх ч туйлын чамлалтай. Бага боловсролын сургалтаас “Унших” хичээлийг хасаад олон жил болж байна. Бидний үед гэж ярихаа больё, өнөөдөр хөрш Орос улсын хүүхдүүд 1-4 дүгээр ангидаа “Литратурное чтение” хичээлийн сурах бичиг тус бүр хоёрыг үзэж, уншиж дуусгаж байна. Бага ангийн сурагчдын судалдаг нийт найман боть ном нь тэр чигтээ үндэснийх нь алдартай, сонгодог зохиолчдын бүтээлүүдээр дүүрэн юм билээ. Яг л манай хуучин үеийнх шиг, хэл, тоотойгоо тэнцүүхэн цагтай хичээл нь “Уран зохиолын унших” шүү дээ. Шведийн Женевт хүүхдийн 500 гаруй театр байдаг гэж би сонссон. Харин манай нийслэл хотод цор ганц шахуу Хүүхэлдэйн театр чадлаараа ажиллавч очиж байгаа хүүхдийн тоо жилдээ яагаад ч 10.000 хүрэхгүй шүү дээ. Байдал иймд бид уран зохиол, театр монгол хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилтгүй ээ.
-Одооны хүүхдүүд ном уншдаг болсон гэцгээх. Таны ажиглалтаар?
-Манайх нэг үеэ бодвол номыг их гоё хэвлэдэг, хүүхдийг номтой нөхөрлөх ажил багагүй хийцгээдэг болж. Үүний үр дүн байлгүй яахав. Гэхдээ захын хороолол болоод хөдөө орон нутагт номын дэлгүүр, номын сан бараг байхгүй. Үүнд л төр засаг анхаарлаа хандуулах хэрэгтэй санагдана. Хүүхэд хэмээх хөөрхөн ертөнцийг хайрлах хайрын дээд нь ном мөнөөсөө мөн. Ирээдүй хойчийнхоо оюун тархийг номоор тэжээн байж бид оюунлаг нийгэм байгуулна.
-Танд баярлалаа. Уран бүтээлд тань өндөр амжилт хүсье!.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН