Монгол ардын уртын дуу нь дэлхий дахины ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин урлаг юм. Уртын дуу гэгч уудам тэнэгэр нугалаатай, олон янзын уянга төгөлдөр чимэгтэй, хүний сэтгэлийг догдлуулан хөгжөөгч аялгуу билээ. Уртын дуу нь дотороо айзам, урт, бэсрэг гэсэн төрлүүдтэй. Монгол түмэн бидний өвөг дээдэс уртын дууг “Айзангийн гучин хоёр, хангайн найм” гэж ялган хувааж байжээ. Айзангийн гэдэг нь “Аяа, зээ хө” гэж эхэлдэг дууны нэр бөгөөд уртын дууны дотор хамгийн уудам аялгуутай, гүн хүндэтгэлийн утга бүхий дууллын чанарыг агуулсан байдаг байна. Үүнийг монгол бичигийн хэл, халхын зонхилох аялгуу талаас нь “Айзам” дуу гэж нэрлэдэг. Айзам дууны хөг аялгуу нь Монгол нутгийн сайхан орны сайхан уудам тал нутаг, баян хангайн сүрлэг өндөр уулсыг, өргөн тунгалаг гол мөрөнг дүрслэн санагдуулна. Харин дууны шүлэг бол гүн ухааны утга уянга, төрийн хүндэтгэлийн шинжтэй байдаг. Энэхүү айзам дууг найр наадмын хамгийн түрүүнд тусгай ёс журмаар дараалан дуулдаг бөгөөд дуучин, хуурчин хоёрын чадлыг шалгах ёслол гэж хэлж болно.
2000-аад жилийн өмнө Хүннүгийн Шаньютай холбоотой уртын дуу үүссэн тухай домог байдаг. Энэ нь уртын дууны хамгийн эртний баримт юм.
Эртнээ сайхан ерөөлөөр үү
Энээ монголын оронд-нээ
Эзэн Чингис хааныхаа
Язгуурын эгээ бүрдвээ
Тэнгэр мэтүү заяатай
Тэгш-ий таван оюунтай
Тэнэгэр уужим зарлигтай
Тэнгэрийн мин-у үр сад би-лээ.
“Эртний сайхан” гэх энэхүү дууг Чингис хааны төр улсын үед дуулагддаг байсныг үг нь гэрчилнэ. Мөн энэ дууг анхны төрийн дуулал ч байж мэдэх талаар яригддаг.
XVII-XIX-р зуунд Манжийн эзэрхлийн үед “Тоорой банди”, “Бор борын бялзуухай”,”Ээрэлт хөх морь” “Уртын сайхан” зэрэг олон уртын дуу зохиогджээ.
Уртын дуу нь маш баялаг хэмнэлтэй маш өргөн цараатай байдаг. Мөн дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд шилждэг үсрэлт ихтэй дуу юм. Өөрөөр хэлбэл хөг солигдолт элбэг тохиолддог. Энэ нь үндсэн хөгөөсөө өөрчлөгдөн дэвсгэр хөгд шилжээд буцаж үндсэн хөгөндөө орно гэсэн үг юм. Уртын дуу нь олон хөг ая багтаасан эгшгийн эрэмбэ дараатай байдаг. Уртын дуу дуулахад дуулаачаас дотоод уран сэтгэмж хувийн ур чадварыг их шаарддаг. Тиймээс хэр баргийн хүн шүүрч аваад дуулчихдаггүй дууллаа ч ур дүйг нь тэр бүр бүрэн төгс гаргаж чаддаггүй.
Уртын дууг дуулахын тулд дуучин хүн наад талдаа л хоёр цараат хоолойтой байх учиртай. Энэ нь эрэгтэй дуучин боргил, цээл баритон, эмэгтэй дуучин цөли тунгалаг, уран тунгалаг гэсэн цараат хоолойтой байж уртын дууг дуулна гэсэн үг юм.
Авъяас билэг төгөлдөр уртын дуучдаараа монгол түмэн бид бахархан ярих дуртай. Тухайлбал дэлхийд Монгол улсынхаа нэр алдрыг уртын дуугаараа таниулсан хүн бол Норовбанзад, мөн Дугаржав, Ламжав, Шархүүхэн гээд олон сайхан дуучид бий.
Монгол уртын дууны агуулгад манай ард түмний эртнээс уламжлалтай зан заншил, түүх соёл, гоо зүйн, ёс суртахуун гүн ухаан, аж амьдрал зэрэг олон зүйлийг цогц байдлаар багтаасан байдаг. Түүнчлэн ёс заншил, сургаалийг илтгэсэн хүмүүжлийн чанартай үүргийг давхар агуулж байдгаараа онцлогтой.
Энэхүү гайхамшигийг үнэлэн 2005 оны 10 сарын 15 нд Монгол ардын уртын дууг оюуны их бүтээл хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн Соёлын өвд бүртгэн авсан билээ. Тухайн оны 3-н сард засгын газраас үндэсний хөтөлбөр батлах тухай тогтоол гаргасан байна. Үүнд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай”, “уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн “Морин хуур,уртын дуу” үндэсний хөтөлбөрийг зарласан байна. Хөтөлбөрийн гол зорилго нь морин хуур, уртын дууны уламжлалт урын сан, морин хуурч, уртын дуучдынхаа авъяасыг хадгалж хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх, тухайн чиглэлээр сургалт, судалгааг эрчимжүүлэх, морин хуурч ,уртын дуучдыг тодруулан алдаршуулах явдал юм. Морин хуур, уртын дууны үндэсний хөтөлбөрийг 2005-2014 оны хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд БСШУЯ болон аймаг сумдын засаг даргын захирамжаар удирдуулан зохион байгуулж байгаа юм. Уг хөтөлбөрийн үйл ажиллагаа хэрхэн явж байгааг хянахад төвөгтэй юм. Гэхдээ завхан аймгийн бүх арван жилийн сургуульд “морин хуурын” тусгай дугуйлан нээж сурагч хүүхдүүдийг сайн хамруулж байгаа сайхан мэдээ байна. Гэтэл уртын дуутай холбогдох дорвитой ажил хийгдэхгүй байгаа юм. 2009 онд “Монгол ардын уртын дуу” нэртэй ном хэвлэгдэн гарсан байна. Уртын дуугаа монгол хүмүүстэй эзэмшүүлж, дуулах эрдэмд сургахад нь зориулан энэхүү эмхтгэлийг гаргажээ.
Монгол ардын уртын дууг монгол туургатны өв соёл гэж үзэх болсон билээ. Дэлхийд манай улс шиг нүүдэлчин соёл иргэшилтэй байсан улс орнуудад ч уртын дуутай төстэй, уртын дууны хэмжээнд авч үзэхээр төрөл зүйл байхгүй. Энэхүү агуу их соёлыг судлахдаа ОХУ, БНХАУ-тай хамтарч судлахаар болсон.
Учир юу гэвэл энэ 2 оронд манай монголчуудын нэг хэсэг болох буриад, өвөр монголын угсаатнууд амьдарч байгаа юм. Уртын дуу зөвхөн бидэнд л уламжлагдан ирсэн нь монгол угсаатнаас үүссэн гэдгээр батлагдаж байна. Монголчуудынх гэдгийг гэрчилж байна. Хүн өөрийн гэсэн зүйлдээ илүү хайртай бусдаас харамладаг зантай. Түүнийхээ төлөө магадгүй юу ч хийж чадна. Дэлхийн оюуны өвд бүртгэгдсэн Монголчууд бидний энэхүү өв соёл өв соёл залуус бидний зүрх сэтгэлд бүртгэгдсэн болов уу, энэ л чухал. Гадныхан энэ аялгуу эгшиг хоолойн царааг бишрэн магтацгааж байна. Энийг сонсохыг судлахыг хүсцгээж байна. Өнөөдөр МУИС-ийн уртын дуу дуулаачийн ангиас төрөн гарсан тоотой сайн дуучид л байна. Тэдний нэг нь Г.Хонгорзул юм. Тэрээр Монголынхоо уртын дуу, өв соёлоо олон улсад таниулж яваа сайн дуучин. Дэлхийн хэмжээнд зохиогддог олон олон тэмцээнээс шагнал медальтай ирдэг. Энэ нь уртын дуу бусад өөр соёл уламжлалтай орнуудад ч гайхшрагдан бишрэгдэж байгаагийн илрэл буй заа. Мөн тэрээр 2002 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцож, уртын дуугаар нээж байсан. Бидний өв соёл дэлхийд танигдаж байна. Дэлхий сонсохыг хүсэж байна гэж та бодохгүй байна уу?
Гэтэл…. хааяа нэг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр уртын дуу эгшиглэхэд хүүхэд залуус<цагаан сар> болж байгаам уу гээд хошигноцгоох юм. Уртын дуу гэдэг чинь Монголчуудын томоохон соёл. Үүнийгээ бид сурч, сонсож, үгүйдээ л юу илэрхийлээд буйг ойлгодог болохсон.
Залуу уртын дуучид гарч ирж байгаа ч гэсэн үндсэн шинжийг нь хадгалан дуулах нь ховор. Нэг үгийг олон хөг аялгуу дамнуулан илэрхийлдэг ба нэг дуу нь л гэхэд 30 орчим минут дуулагддаг байжээ. Энэ олон өнгийн хөг аялгууг хослуулан, угтуулан гаргаж байгааг анх сонссон хүн мэл гайхан хоцордог. Өнөөдөр уртын дуу дуулаачид маань дууныхаа эхний түрлэгийг дуулаад л болчихно. Мөн орчин үеийн хэмнэлд оруулж дуулах нь техникийн хөгжил, цаг үетэйгээ нийцүүлж байгаа юм шиг боловч уртын дууны мөн чанарыг алдагдуулж байна. Уртын дууг, ардынхаа морин хууртай л сонсох сайхаан гэж уртын дуунд дуртай хэн бүхэн хэлнэ. Ардын юм чинь ардынхтайгаа л зохицоно шүү дээ.
Уртын дуу ямар ч үед монгол хүний сэтгэлийн гүнд хүрдэг, монгол хүний цусанд нь шингэсэн соёл мөн. Уртын дуу маань уужим цэлгэр нутгаа, өндөр хангайн уулсаа, газраас тэнгэр огторгуйн уудамд хүргэх аялгуу айзамтай бөгөөд Монголчууд, Монгол нутгаасаа салашгүй холбоотой тийм сайхан аялгуу билээ.