Өөрөөр хэлбэл, эвссэн шиг эвсэх нь. Өчигдөр орой хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээнд улс төрийн намууд гарын үсэг зурлаа. АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөгчид хамтарсан Засгийн газрын тунхаглалыг үйлдэн гэрээ байгуулав. Гэрээнд Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуустал буюу 2016 он хүртэл тогтвортой, үр бүтээлтэй ажиллах үндсэн чиглэлийн заалтууд багтжээ. Түүнээс сандал ширээ, яамдын хуваарилалтыг дурдсангүй. Улс орны эрх ашгийн өмнө сайдын сэнтий яамай л байна гэсэн хэрэг. Тэгэхээр энэ удаагийн хамтарсан Засгийн газарт ихээхэн итгэл төрөөд байгаагаа нуух юун.
Гэхдээ сайнаасаа түрүүлж саарыг боддог нь хүний зан юм даа. Бидэнд хамтарч, эвсэж Засгийн газар байгуулсан түүх бий. Тэр бүхэн алдаатай, адармаатай, бутарсан, задарсан, унасан сургамжийг үлдээж. Тиймээс сургамж авсан гэдгийг ч улс төрийн хүчнүүд хэлж байна. Сургамж авахаар ч үйл явдлууд өрнөсөн.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын тулд УИХ болон Засгийн газрын төвшинд хамтран ажиллах нь төрийн аппарат гацахгүй урагшлахад тустай. Тиймээс нийт яамд түүний сайд, дэд сайдын 75 хувийг парламентад олонхийн суудал авсан АН-ынхан, 25 хувийг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн удирдахаар тохиролцжээ. Харин УИХ-ын хувьд байнгын ажиллагаатай долоон хорооны тавыг нь АН-ынхан удирдах бол үлдсэн хоёрыг нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн төлөөлөгч удирдан зохион байгуулна. Ингэхдээ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүн удирдахаар болсон нь улс орны чухал асуудал болсон аюулгүй байдлын талаархи мэдээллийг Засгийн газрын цөөнхийг бүрдүүлэгч нам, хүчинд хүргэх давуу талтай аж.
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр парламентад суудал авсан нам, эвслээс ганц МАН л Засгийн газарт орсонгүй. Учир юу гэвэл тэд хамтрах хүсэлтээ олонхийн суудал авсан намд илэрхийлээгүй бөгөөд сөрөг хүчний байр суурин дээрээ үлдэв. Хамтарсан Засгийн газар байгуулах тухай гэрээнд бусад улс төрийн хүчин хамтран ажиллаж болно гэж заасан. Томоохон нам гэлтгүй бие даагч гишүүн хүртэл Засгийн газарт орж ажиллаж болно гэсэн үг. Үүнийгээ ч нотлон АН-ынхан өөрт оногдох яамдаасаа ИЗНН-д шилжүүлж байгаа юм. МАН хэрэв хамтрах хүсэлт гаргасан бол ИЗНН-ын нэгэн адил Засгийн газарт орж ажиллан, улс орны ирээдүйн тогтвортой байдлын төлөө аль нэгэн салбарыг удирдан ажиллаж болох л байж.
Тэгсэн, өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “УИХ-ын даргыг хоёр нам хоорондоо яриад шийдчихдэг асуудал биш” гэж хэлэв. Түүний үгнээс УИХ-ын даргыг цаашлаад Ерөнхий сайдыг ч зөвшөөрөхгүй гэх өнгө аяс цухалзав. Гэтэл хамтарсан Засгийн газар байгуулсан намууд Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын даргад АН-аас нэр дэвшигчийг дэмжиж ажиллана гээд гарын үсгээ зурчихлаа. Тэгэхээр МАН-ын сөрөг байр суурь үр дүнд хүрэхгүй л болов уу. Энэ л өнөөх хамтрахын ид шид шүү дээ.
Зөвшилцөл гэдэг улс төрийн соёл. Нэр бүхий намууд Монголын түүхэнд байгаагүйгээр хамтарч ажиллахаар шийдсэн гэдгийг дахин онцолъё. Үүнийгээ ч яруу тодоор баталж удахгүй болох орон нутгийн сонгууль, ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохоор боллоо. Ийм түвшинд хамтарч ажиллах гэж байгаа болохоор энэ удаагийн Засгийн газарт итгэл төрж байна.
Тиймдээ ч “Сонгогч олны хүсэл зоригийг эрхэмлэн АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд бид Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой, үр бүтээлтэй хамтран ажиллахаар тохиролцон хамтарсан Засгийн газрыг байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглаж байна” хэмээн хамтарсан Засгийн газар байгуулж байгаа улс төрийн хүчнүүд тунхагласан нь маш том эрх ашгийг харууллаа.
М.Бүүвэй