-Шинэ цомгоо гаргах гэж байгаа гэсэн шүү дээ? Хэзээ худалдаанд гарах вэ?
-“Say it now” дуугаа клипжүүлэн үзэгчдэд хүргэсэн. Энэ бүтээл маань анхны бие даасан цомгийн маань эхний бүтээл. Цомгоо “Say it now” нэртэйгээр худалдаанд гаргана. Гэхдээ цомог маань таван дуутай, сингл цомог. Цомгийнхоо бүх найруулгыг өөрсдөө хийж байгаа. Куш ба Оюукагын өөрсдийнх нь стилиэр орчин үеийн жааз буюу “Contemporary Jazz” чиглэлээр шинэ цомог мэндэлнэ. Хүмүүс жаахан сатандарт жааз бүтээлийг хүсэн хүлээсэн байж магадгүй. Oyuka манай бүх хөгжмийг бичиж, найруулгийг нь хийдэг. Тэрбээр юу тоглох уу, төгөлдөр хуур нь хаана юуг, яаж дуугарах уу гэдэг ч юм уу тэр бүхнийг өөрөө зохион шүлэг дээр ч гэсэн хамтран ажилладаг. Зарим нэг шүлгийг би ч хийдэг. Гэхдээ “Say it now” дууны хувьд шүлгийг нь Мөнхбаатар, Оюука хоёр зохион аяыг нь Оюука хийсэн. Бид шинэ цомгийнхоо максинг, мастерийг Солонгосын “Super prism” студи руу явуулж хийлгэж байгаа. Цомгоо энэ зундаа багтаагаад гаргах санаатай байгаа.
-Танай хамтлагийг Куш, Оюука гэсэн бүрэлдэхүүнээр хүмүүс мэднэ. Харин ардаа ажилладаг хөгжимчдөө танилцуулахгүй юу?
-Ер нь хамтлаг маань Куш, Оюука хоёр гишүүнтэй гэж ойлгож болно. Бид хоёр өөрсдөө менежментээ авч явдаг учраас. Харин хөгжимчидтэйгээ болохоор гэрээгээр ажилладаг. Түүнээс биш бүүр бодлогын төвшинд хөгжимчидтэй хамтлаг бол биш. Яагаад ингэх болсон гэхээр Европт иймэрхү уүламжлал бий. Жишээ нь, би жааз дуучин байлаа гэхэд өөрийнхөө нэрээр хамтлагаа нэрлээд зөвхөн тоглолт дээр хөгжимчидтэй хамтран ажилладаг. Монголд ч гэсэн гадны тийм жазз хамтлагууд ирж байсан. Түүнтэй л адилхан. Оюука бид хоёр зургаан жил хамт тоглосон болохоор бидэнд байсан санаануудаа нэгтгээд үндсэн сууриа тавьсан учраас хамтлагаа тэгж нэрлэхээр шийдсэн. Хөгжимчдийн тухайд тусдаа рок хамтлаг байдаг. Тэд бол Хөгжим бүжгийн коллеж төгссөн “Beacon” гээд мэргэжлийн хөгжимчдийн амьд хамтлаг. Тэд шинэ хамтлаг учраас бас өөрсдийн уран бүтээлээ бичүүлж байгаа. Манай хамтлаг ковер тоглолт дээрээ ч гэсэн шилдэг, сайн гэсэн хөгжимчдийг авч тоглуулж байсан. Бидний хөгжмийн хүрээнд ямар хөгжимчид хэрэгтэй тэр хүмүүсийг аван хамтран тоглодог. Түүнээс биш яг үндсэн гишүүн хөгжимчид гэж байхгүй.
-Анхны уран бүтээл, цомог нэлээн хожуу мэндэлж байгаа шүү дээ?
-Гол нь бид чанартай уран бүтээл хийхийг хүсч байна. Түүнээс биш манайд аранжровк дээр хийсэн хөгжим дээр ам барьж дуулах ч асуудал бий шүү дээ. Бид дан амьдаар уран бүтээлээ хийдэг. Мөн Монголын хөгжмийн боловсролынх нь талаас сайн бодож, ийм зүйл дутагдалтай байна, энэ зүйл хүмүүст сайн хүрнэ гэж ажиллдаг. Манайд хөгжмийн боловсролын бодлого гэж зүйл ялангуяа рок поп дуунд байхгүй байгаад бид хоёр их эмзэглэдэг. Сайн л зүйл хийхийг хичээж байгаа учраас үүнийгээ монголтойгоо биш илүүтэй гадны хүмүүстэй харьцуулаад аль болох гадагшаагаа анзаарч хийж байгаа. Нэмж хэлэхэд, бид хоёр онлайнд “Amazon”, “Apple store”, “itunes” дээр бид хоёрын “Say it now” шинэ дуугаа байрлуулан зарж байгаа. Мөн гадаадын буюу АНУ-ын радионуудад явж байна. Үргэлжлүүлээд Европд дуунуудаа цацна гээд бодож, төлөвлөсөн зүйл их байна.
-Монголд жааз урсгалын хамтлаг дуучид төдийлөн олон биш. Хүмүүс жааз дуучдыг гадны уран бүтээлийг түлхүү дуулдаг гэж ойлгодог шүү дээ?
-Манайд жааз дуучид бага байгаа нь үнэн. Нөгөөтэйгөөр жаазын хөгжмийн боловсрол байхгүй. Монголынм хөгжим бүжгийн коллежид байх ёстой нэг анги бол жааз хөгжмийн анги. Тэр нь болохоор бөмбөрчин, дуучин гээд тусдаа энэ чиглэлээр мэргэшдэг анги байдаг. Нэг талаасаа ийм зүйл байхгүй болохоор манайд энэ урсгалын уран бүтээлчид цөөн. Нөгөө талаас гадны хүмүүсийн дууг авч дуулдаг гэдэг нь ер нь жаазад тийм уламжлал байдаг. Жишээ нь 1920 онд зохиогдож байсан жааз дууг өнөөдөр өөр өөр газар маш олон янзаар тоглодог уламжлал бий. Үндсэндээ хүүхэд уншиж сурахын тулд “А” үсгийг мэдэх ёстой гэдэгтэй яг адилхан. Жаазыг тоглож сурахын тулд тэр олон нотнуудыг сурсан байх шаардлагатай. Шинээр зохиогдож байгаа дуунуд манайд бол байхгүй. Буянаа, Хулан нар хуучны дууг жааз аранжровкт оруулаад тоглосон байдаг. Бид хоёр болохоор цэвэр өөрсдөө шинээр зохиосноороо онцлог.
-Шинэ цомгийн таван дуунаас хэд нь цацагдахад бэлэн болсон бэ?
-Ганцхан “Say it now” дуугаа л цацсан. Шинэ цомгийн хүрээнд олон ажлуудыг төлөвлөөд байгаа. Мэдээж цомгийн нээлт, тоглолт багтана. Хамгийн гол нь эдгээр дуунуудаа амьдаар хүргэнэ гээд гоё зүйлс олон байгаа.
-Жааз хөгжим бол “night club”-т зориулагдсан хөгжим. Түүнийг Соёлын төв өргөө ч юм уу UB palace-д тоглоход тийм ч тохиромжтой биш байх аа.
-Жаазын үүсэл нь өөрөө “club”-т шүү дээ. Америкт байдаг Нью-Орлеон орчмын харууд Европын мэргэжлийн хөгжмийг сурсан. Тэгээд тэр дунд тодорхой стиль үүссэн. Цохилтнуудаа болохоор Африкаас аваад, үндсэн хөгжмийн хэрэглэлүүдийг Европоос авсан нь жааз чиглэл. Энэ чиглэлийн хамгийн сонирхолтой хэсэг нь Европ стандарт бол тодорхой нот тавиад түүндээ бүх өгүүлэмжээ хэлдэг бол жааз бол чөлөөт уран сэтгэмжээр буюу тухайн гармон дээр суурилсан өөрийнх нь аялгуунуудыг зохион тоглодог. Түүгээр л жааз онцлог бөгөөд үүнд дунд хүмүүс өөрсдийгөө илэрхийлдэг. Энэ нь яваандаа томроод тайзны чиглэлээр хөгжсөн.
-“Say it now” клипийг үзэхэд шинэлэг содон зүйлс их байсан л даа. Яагаад ч юм жааз хөгжим гэхээр л 60,70-аад оны дэгжин, ихэмсэг донж, төрх санаанд буудаг л даа. Танай клипнээс тэр л зүйл илүүтэй мэдрэгдсэн. Оюукагын төгөлдөр хуурын гоцлол, саксфон гээд л. Клипний зохиoлыг хэн бичсэн бэ?
-Клипний зохиолоо бид хоёр бичээгүй, цэвэр найруулагчийн санаа байсан. “The Multiverse” гээд манай найзуудын студи. Тэд гэрэл зургийн чиглэлээр ажилладаг студи ч анхны дэлгэцийн уран бүтээл хийж байгаа нь манай клип болсон. Энэ клипэнд Оюука бид хоёроос гадна загвар өмсөгчид гээд нийт 50 орчих хүн оролцсон. Сонирхуулж хэлэхэд, стилист нь Мөөнөө гээд “The Multiverse”-т ажилладаг манай өөрсдийн стилист. Тэрбээр “Гоо даль” сэтгүүлд ажилладаг байсан болохоор манай клипэнд “Гоо даль”-ийн моделууд амилсан гэж хэлж болно. Тэр л хүн тэр бүх хувцасны загвар, нүүр будалтыг хийсэн. Анх бид хоёр тэдэнд дуугаа сонсгоод л тэд юу хийнэ гэсэн түүнийг л дагасан.
-Жил болгон Монголд “Их талын жааз” гээд Олон улсын жааз хөгжимчид ирж оролцдог фестиваль болдог шүү дээ. Үүгээр дамжуулан монголын жааз урсгалын уран бүтээлчдэд харилцан туршлага солилцох, гадны уран бүтээлчидтэй хамтрах гээд олон боломжийг олгодог шүү дээ?
-Тийм шүү олон сайхан боломжийг олгодог. Тэр бол миний хийдэг үндсэн ажлаас тусдаа сайн дурын ажил л даа. “Их талын жааз” ТББ-тай таван жил хамт ажиллаж байгаа.
-Энэ жил хэзээ болох вэ?
-Ирэх аравдугаар сарын 2-6-ны хооронд “Их талын жааз” наадам болно. Бид мөн хамтлагаараа оролцоно гэж бодож байгаа.