Холливудад өөрийн үеийн хамгийн инээдтэй, олны танил алдарт алиалагч болсон Бен Стиллерийн инээдмийн кинонууд нэн амжилт олж байгаа билээ. Гэхдээ тэрээр өөрийгөө “гутранги үзэлт дүнсгэр хүн” хэмээн нэрлэдэг бөгөөд “меланхолик уйтгарт байдлаас зугтахад кино маань л надад тусалдаг” хэмээн үздэгийг мэддэг хүмүүс цөөн юм.
-Таны тоглосон “Мэрид бүх хүмүүс ухаангүй хайртай”, “Хар дарсан зүүдний бүсгүй” кинонууд их алдаршсанаас хойш инээдмийн киноны бүх зохиолуудыг танд зориулан бичицгээх болсон гэж би сонслоо. Үнэхээр тийм юм уу?
-Би бас тэгж сонссоон. Гэхдээ энэ цуурхлыг миний ноднингийн “Музейд өнгөрүүлсэн шөнө” киноны зохиолчид тараасан юм шиг санагддаг. Энэ асуултанд тэд тоглоом болгож “Өнөөдөр Холливудад ажиллаж байгаа хүмүүс дотор Бенийг боддоггүй хүн бий гэж үү?”хэмээн хөхрөлдсөн гэсэн. Мэдээж, тоглоом шүү дээ. Магадгүй, би дэндүү их кинонд тоглож байгааг ч хэлж байж мэднэ. Зарим жил би зургаан кинонд тоглосон байх юм. Телевизийн шоунуудыг тооцохгүйгээр ш дээ. Ер нь хүмүүс надаар тоглоом хийх их дуртай л даа. Ганц надад зориулж бичнэ гэж байхгүй. Тоглоом л байх.
-Та өнөөгийн Холливудын хамгийн гол алиалагч хүн юм чинь хариуд нь тоглоом хийдэг үү?
-Бараг үгүй шүү. Надад буу тулгасан ч би хошин зүйл бодит амьдрал дээр гаргаж чаддаггүй. Эсвэл яг тэр үед мөнгө амласан ч чадахгүй. Өөр хүн тоглом шоглоом хийж байхад ч цаг тухайд нь анхаарч, инээж чадна гэдэгтээ сайн итгэдэггүй. Онигоо тогтоохдоо муу учраас онигоо ярих шаардлага гарвал дөлөхийг хичээдэг. Тэгээд ч аль нэг газар руу ороод л, онигоо яриад хүмүүс инээлгэж байх хэрэгцээ шаардлага надад гарч байсангүй. Гэхдээ ер нь бол цугласан хүмүүсийг хөгжөөж чаддаг хүмүүсийг би үнэхээр биширдэг, харин миний өөрийн чадах зүйл бол хүүхдүүдийнхээ өмнө памперс толгойдоо углаад инээлдэж л чаддаг. Тэднийгээ өөртөө татах гэж найдаад. Ер нь аав байх надад таатай нөлөөлдөг. Би голдуу ямар нэгэн тодорхой зүйлд зууралдаад, тайвширч чаддаггүй мөрт хүүхдүүдтэйгээ байхдаа тийм байдал аяндаа арилчихдаг.
-Тэгэхээр бодит амьдрал дээр бол та дүнсгэр, хөгжилтэй биш хүн үү?
-Яг тийм. Дүнсгэр баргар төдийгүй, голдуу зан муутай байдаг. Ажил маань л авардаг. Ахуйн, бодит амьдралын асуудал, бэрхшээлд дургүй, төвөгшөөж ханддаг. Зохицуулах арга эвээ ч олдоггүй. Сэтгүүлчид надаас “Ийм олон кинонд тоглоод ядарч байна уу?” гэж хааяа асуудаг. Ядардаг л даа. Гэхдээ энэ ажил маань л намайг дүнсгэр, гунигт байдлаас гаргаж өгдөг. Би Вуди Алленыг дуурайхыг хүсдэг л дээ. Вуди ч бас нэг төслөө дуусаагүй байхдаа өөр нэг төсөл бариад авдаг юм билээ.
-Гэхдээ Вуди зав гаргаад сэтгэл зүйч эмчид үзүүлж амждаг. Та яадаг вэ?
-Би бол амждаггүй. Залуу байхдаа сэтгэл зүйчид очсон ч олигтой юм болоогүй. Надад тохирох цорын ганц эм бол ажил маань л юм гэдгийг ойлгосон. Миний анхны хайр Жанин Гарофало миний гунигт байдлыг засах гэж их чармайсан. “Өөрөө өөртөө тусал” цувралын сэтгэл заслын номууд шиг ном бичээч гэж ятгадаг байсан. Тэгээд би ном бичсэн, зөндөө мөнгө олж, бас “Өөрийгөө боловсронгуй болгох, оюун санаа, сексийн амьдралаа төгс байдалд хүргэх нэн чухал хөтөч” хэмээх цол ч хүртсэн шүү.
-Тан шиг ийм аятайхан хүн олон сайхан бүсгүйчүүдтэй үерхэж байсан болов уу гэж санагдах юм. Эхнэр тань ч бас сайхан бүсгүй шүү дээ.
-Надад найзалж байсан бүсгүйчүүдээрээ гайхуулах хүсэл нэг их төрдөггүй юмаа. Анхны найз Жанин маань намайг “маш сексуальный” гэж надад батлахыг хичээдэг л байсан. “Ямар нэг газар очмогц л эмэгтэйчүүд чамайг хараад, дорхиноо дурлаад байх юм” гэдэг байлаа. “Ийм илэрхий байдлыг хараад ойлгохгүй байгаа чинь тэнэг хэрэг шүү” гэнэ. Магадгүй, түүний зөв ч байж мэднэ. Холливудын хамгийн сайхан, нууцлаг жүжигчин бүсгүйчүүдийн нэг Жин Трипплхорнтой би удаан үерхсэн. “Төрөлхийн инстинкт” кинонд эмчийн дүрд /Шарон Стоунтай хамт/ тоглосон Жинн л дээ. Бид Холливудын ууланд сайхан байшинд амьдарч, гэрлэх тухай бодоцгоож байлаа. Жинн ганцаар тайван амьдрах дуртай байсан, тэгээд нэг л өдөр гэрлэх бодлоо өөрчилсөн юм. Магадгүй, миний хэт их ажилладаг, эсвэл дүнсгэр байдал таалагдаагүй болов уу. Дараа нь өөр сайн хүнтэй сууж, хүүхэд төрүүлсэн, одоо манайтай бараг хөрш амьдардаг. Ер нь би үерхэж байсан бүх бүсгүйчүүдтэйгээ найрсаг харьцаагаа хадгалж явдаг. Калиста Флокхартад сайн ханддаг. Бид хоёр бүтэн жил үерхсэн. Заримдаа нэлээд этгээд зантай бүсгүй байсан, гэхдээ би өөрөө ч бас бүрэн сайн ойлгохыг хичээх ёстой байсан болов уу. Холливудад байгаа бүсгүй хүн эсвэл турах, эсвэл таргалах шаардлага нэлээд гардаг. Ийм байдал, бас нэр алдар ч Калистад төвөгтэй байсан. Нервтэх тал дээр бид адилхан хүмүүс байж. Гэхдээ ижил цэнэгүүд түлхэлцэх юм даа. Би одоо ч гэсэн Калистаг хэт туранхай энэ тэр гэхэд нь хамгаалсаар явдаг. “Тэр гайхамшигтай сайхан биетэй, Холливудын хамгийн сайхан хөлтэй” гэж би давтан хэлдэг.
НЯМГАРИГ