Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Төөдөө буюуД.Түвшинтөртэй ярилцлаа.
-Хөдөөгүүр явж байгаа сураг байсан. Зураг авалтаар яваа юу?
-Үгүй ээ. Амралтаараа найзуудтайгаа Булганы Орхон, Тэшиг гээд сайхан сайхан газруудаар яваад ирлээ. Манай продакшн зун амардаггүй юм. Харии энэ зун амарлаа, амрах чинь гоё байдгийг сая л мэдэрлээ. Орхон, Онгийн голоор явлаа. Манайхан чинь хөдөөгүүр их аялдаг болсон байна. Үнэхээр дэлхий дэлэгнэсэн сайхан зун болж байна.
-Шинэхэн уран бүтээлийн ажилдаа орсон гэсэн үү?
-Тэгэлгүй яахав. Манай хамтлагийнхан ирэх наймдугаар сарын 15-наас Соёлын төв өргөөнд шинэ тоглолтоороо үзэгч олондоо бэлэг барина. Хараахан тоглолтынхоо нэрийг товлоогүй байна.
-Найруулагч А.Миеэгомбын найруулсан Монголын анхны 30 кино болох "Сайн, муу, хэрцгий"-д та тоглосон. Дүрдээ тоглож, продюсерээр ажиллах хэцүү байсан уу?
-Жүжиглэхийн хажуугаар хүмүүсийг зохион байгуулна гэдэг амаргүй юм билээ. Тэрний оронд жүжигчний мэргэжлээрээ ажилласан хамаагүй дээр гэдгийг ойлгосон. Гэхдээ их ажлын ард гарчихаад харж байхад сайхан санагдсан. Энэ киноныхоо хоёрдугаар ангийг удахгүй хийх бодолтой байна. Зохиол нь бүрэн бичигдээд дууссан үед зураг авалтынхаа ерөнхий хугацааг шийдэх байх. Өмнөх ангид нь тоглосон гол дүрийн жүжигчид нь хэвээрээ байгаа. Харин туслах дүрийн жүжигчид л нэмэгдэх байх.
-Та тэр киноны хоёр дүрд тоглосон шүү дээ?
-Хоёр дүрээ хооронд нь ялгахыг зорьсон. Мэргэжлээрээ олж авсан мэдлэгээ ашиглаж ур чадвараа харуулахыг хүссэн юм. Жүжигчнийхээ хувьд чадвараа сорьсон, сонирхолтой ажил болсон.
-Танай оюутны ангийнхнаас хошин урлагт ямар хүмүүс тоглож байна вэ?
-Байлгүй яахав. Г.Нарансолонго бид хоёр нэг анги. Хөтлөгч Т.Өөдөө, FM104,5-ын захирал Т.Бямбацогт, "Шинэ дэлхий" телевизийн Ч.Энхтөрмэнд бас манай ангийнх. Бүгд л салбартаа амжилттай ажиллаж байгаа.
-Та оюутан байхдаа аав болсон гэдэг. Их л баярласан байх даа?
-Тэр үед чинь юун догдлох, баярлах. Харин ч айж сандарч бөөн юм болсон. Ингээд аав болчихлоо гэж үү гээд. Манай багш, ангийнхан баяр хүргэж, эерэгээр хүлээж авсан л даа. Нэгэнт гараад ирчихсэн хүүхдийг буцаагаад хийлтэй нь биш. Тиймэрхүү байдалтай байлаа /инээв/.
-Жүжиглэхээс гадна хувийн бизнес хийдэг уран бүтээлчид цөөнгүй байдаг. Та өөрийн гэсэн бизнестэй юу?
-Миний хувьд бизнес хийдэггүй. Манай хүн хүнсний технологич, инженер мэргэжилтэй. Одоогоор эгчтэйгээ хамт хувиараа бизнес эрхэлдэг. Оюутан болохоосоо хоёр жилийн өмнө хотод орж ирээд янз янзын л юм хийж байлаа. Жүжигчний мэргэжлийг бүр багаасаа л мөрөөддөг байсан. Хүсч тэмүүлсээр байгаад сургуульдаа орсон. Гэхдээ жүжигчин болох гэж хошин шогийн гэмээр зүйлс их тохиолдсон. Жолооны үнэмлэхтэй болох гэж дээхнэ үед ШУТИС-д хүртэл сурч байлаа. Тэгсэн чинь чилийсэн дөрвөн жил дэндүү урт санагдсан. Тэгээд л орхичихсон. Жолооны курс хоёр, гуравхан сар болчихсон үед нь үнэмлэх авсан.
-Жүжигчин болчихоод шантарч байсан уу?
-Өөрөө дуртай болохоор шантарсан ч гэсэн учиртай шүү. Жаргалын удаан, зовлонгийн түргэн нь дээр гэдэг дээ. Хийж байгаа ажлаа чанартайхан хийвэл болно. Шантраад л болъё гээд байх юм бол ажил бүтэхгүй.
-Танай продакшнаас гараад "Мөрөөдлийн театр" байгуулсан Батаатай хэр найз вэ?
-Бид хоёр энгийн сайхан найзууд. Өөд өөдөөсөө харсан хаалганд амьдардаг болохоор бие биенийхээрээ орж гарна. Батаа Хөвсгөл рүү хадамлахаар явсан сураг байна.
-Таныг Батаа жүжигчинг продакшнаасаа гарч "Мөрөөдлийн" театр руу ороход дургүйцсэн гэж сонссон?
-Надад дургүйцээд байх юу байхав. Хувь хүн өөрийнхөө сонголтыг хийсэн.
-Өөрийн гэсэн продакшнтай болох хүсэл бий юу?
-Тийм бодол алга. Би анх "X түц"-д хөл тавьж эрийн цээнд хүрлээ. Манай найруулагч Ч.Найдандорж багш энэ продакшныг үүсгэн байгуулсан хүний нэг. Намайг продакшндаа урьж, хөтөлж ирсэн болохоор багшийгаа гомдоохыг хүсдэггүй.
-Та хоёр хүүтэй байх аа. Мэргэжлээ өвлүүлье гэсэн бодол байдаг уу?
-Тиймээ, хоёр хүүтэй. Энэ жил том хүү маань есдүгээр ангид орно. Өөрөө мэргэжлээ сонгох биз дээ. Тухайн хүн өөрийгөө тэжээгээд явах хэмжээний ажил мэргэжлийг сонгож, боловсрол эзэмшсэн байх ёстой. Би ээж, ааваараа мэргэжлээ сонгуулаагүй. Ер нь сонирхлоороо явсан хүн л амжилтанд хүрдэг.
-Гадагшаа тоглолтоор их явж байв уу?
-Европ, Герман, Австрали гээд их олон газарт тоглолт хийж байсан.
-Та рекламанд их тоглодог. Рекламнаас хэр их мөнгө олдог вэ?
-Хэдэн төгрөгөөр тоглодог, хэр их мөнгө олдгоо нууцалмаар байна.
-Чөлөөт цагаараа юу хийхийг хүсдэг вэ?
-Чөлөөт цаг бага гардаг. Найз нартайгаа биллъярд тоглодог. Сүүлийн үед тэр бүр тоглож амжихгүй болчихоод байна. Ажил амьдрал гэдэг аргагүй хүчтэй юм аа.
Л.МИНЖМАА