Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найрагч бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхайн бүтээл "Дэлхийн нэг шүлгийн ном"-д багтжээ. Тодруулбал, "Инээд шиг хуучин хүний амьдралд" хэмээх зохиолчийн өөрийнх нь тодотгосноор постмодерн, авангард чиглэлийн шүлэг нь хэвлэгдсэн байна. "Дэлхийн нэг шүлгийн ном"-ыг Францын нэртэй эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг бөгөөд хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг маш нарийн шалгуурын дор хэвлэхээр сонгодог аж.
Тэгээд шалгарсан бүтээлээ хоёр жилийн туршид уншиж судалсны эцэст ганцхан шүлгээр л өнөө ном бүтээнэ. Ном бүтээх үйл явц нь үнэндээ сонгодог гэж байгаа. Номыг хэвлэхэд орчин үеийн ямар ч техник, технологи шаардлагагүй. Гар аргаар тусад нь боловсруулсан цаасан дээр гангаар барлаж өнөө шүлгээ бичээд л болдог ажгуу. "Дэлхийн нэг шүлгийн ном"-д Д.Урианхай найрагчийн бүтээл орсноор Ази тивээс анх удаагийнх болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол Монголын утга зохиол, соёл, түүхийн хүрээнд болж буй нэгэн онцгой үйл явдал мөн билээ. "Инээд шиг хуучин хүний амьдралд" шүлгийн дараа Францад зохиол бүтээлээ туурвидаг Солонгосын яруу найрагчийн дөрвөн мөрт шүлгүүдээс хэвлэгдсэн дуулдсан.
"Дэлхийн нэг шүлгийн ном"-ыг ердөө 50 ширхэг хэвлэж олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын сангуудад тусгайлан дурсгадаг ажээ. Эхний таван номыг Францын эрдэмтэн профессорууд өөрсдөө авдаг аж. Харин зохиолчдын мэдэлд гурваас таван ширхэг л ирдэг гэнэ. Д.Урианхай зохиолч нэг хувийг өөртөө авч номынхоо өргөөний хойморт залаад, дахиад нэг хувийг нь Үндэсний төв номын сангийн эртний ховор номын танхимд бэлэглэжээ. Бас нэг хувийг нь ажлынхаа хамт олонд дурсгасан юм. Тодруулбал, "Шинэ Ази" группийн ерөнхийлөгч Лхамсүрэнгийн Төрбаярт "Дэлхийн нэг шүлгийн ном"-ынхоо дээжийг барьжээ. Д.Урианхай зохиолч бол Л.Төрбаяр захирлын оюун санааны зөвлөхөөр ажилладаг билээ. Тэрхүү ёслолд уг бүтээлийг хэвлүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж, шүлэг зохиолыг нь анх өөрөө сонгон орчуулж уг номыг бүтээгчдийн сонорт хүргэсэн ачтан уран бичээч Т.Жамьянсүрэн болон Францын эрдэмтдийн төлөөлөл байсныг онцлох нь зүйтэй. Ингээд буурал найрагчтай цөөн хором уулзаж санаа бодлыг нь хуваалцсанаа уншигч олондоо толилуулъя.
-Юуны өмнө танд баяр хүргэе. "Дэлхийн нэг шүлгийн ном" хэмээх олон улсад маш нэр хүндтэй бүтээлд таны шүлэг багтаж хэвлэгдлээ?
-Өвгөн ах нь их л баярлаж байна. "Дэлхийн нэг шүлгийн ном"-д бүтээл маань хэвлэгдлээ. Ази тивээс анх удаа Монголын яруу найрагчийн бүтээл хэвлэгдсэн нь хамгийн том баяр юм даа. Энэ бол зөвхөн миний баяр биш Монголын найрагчид, урлаг, утга зохиолыг хайрлан хүндэтгэдэг хүн бүхний баяр юм. Ингэж бодоод дотроо ихэд сүсэг бишрэлтэй байна даа. Өмнө нь Хятад, Япон, Солонгос, Энэтхэгийн найрагчид зохиол бүтээлээ явуулж байсан ч тэнцэх шүлэг гараагүй юм даг уу даа.
-Францын нэртэй эрдэмтэд нарийн шалгуураар сонгож аль нэг орны уран бүтээлчийн ганцхан шүлгийг хэвлэдэг юм байна. Энэ тухай та өмнө нь сонсож байв уу?
-Нарийн сайн мэдэхгүй байсан. Ямар сайндаа шүлгийн номоо орчин үеийн техник технологийн дэвшлийг харуулсан, их л гоё ганган чамин хийцтэй, дизайн шийдлийн хувьд маш өвөрмөц тийм л ном байх болов уу гэж санаж байлаа. Гэтэл гар аргаар тусдаа боловсруулсан цаасан дээр гангаар барлаж хэвлэдэг юм байна. Техник технологийн шаардлага огт байдаггүй юм байна. Хэвлэх аргаа машид нууцалдаг юм билээ. Нэг л далбайсан томоо гэгч ном байна даа. Тун өвөрмөц юм аа. Нэг ном 250 еврогийн өртгөөр бүтдэг гэсэн байх шүү. Миний болоод Монголын уншигч олны, зохиолч найрагчдын ихэд талархаж, тусгайлан баяр хүргэх хүн бол манай уран бичлэгийн нэртэй мастер Т.Жамьянсүрэн маань юм. Энэ хүн л Марк Пэссан тэргүүтэй Францын эрдэмтэд, уг номыг бүтээгчдэд Монголын зохиолчдын бүтээлийг танилцуулсан байгаа юм. Өөрөө Францад уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргаж байгаад тэдгээр хүмүүс дотно танилцжээ. Уран бүтээлийн нөхөд ч болсон байна. Өнөө франц нөхөд нь "Танай яруу найрагчдын бүтээлээс сонирхож болох уу" гэж асуусан байлгүй. Тэгээд л манайдаа нэртэй гэсэн бүх л найрагчдын бүтээлээс франц руу орчуулж уг номыг зохиогчдод хүргүүлжээ. Гэвч тэдэнд Монголын найрагчдын бүтээл төдийлөн таалагдахгүй байж. Харин миний "Модод" хэмээх шүлэг сонирхлыг нь татсан юм билээ.
-Уг шүлгийг Г.Аюурзана найрагч "Монголын сонгомол яруу найраг" бүтээлдээ оруулсан байдаг?
-Тийм ээ. Цуврал шүлэг шүү дээ. Аюурзана нэг хэсгийг нь аваад өнөө улаан номондоо оруулчихсан байсан. Түүнийг Жамьянсүрэн уншиж үзээд өөрт нь ихэд таалагджээ. Тэгээд Франц руу орчуулаад явуулахгүй юу. Гэтэл нөгөө хүмүүс нь "Энэ маш сонин шүлэг байна. Өгүүлэмж, сэтгэлгээ цаад утга санаа зэргээрээ бидний шаардлагад нийцэж байна. Уг шүлгийг бид хэвлэхээр боллоо. Эзнээс нь зөвшөөрөл аваад өгөхгүй юу" гэсэн хариу илгээжээ. Тэгээд л Жамьянсүрэн надтай холбогдсон. "Дэлхийн нэг шүлгийн ном"-ын тухай танилцуулсан. Ази тивээс таны бүтээл анх удаа хэвлэгдэхээр болж байна гэсэн баяртай мэдээг дуулгасан.
-Тэгээд яагаад "Модод" гэсэн шүлэг хэвлэгдээгүй юм бэ?
-Надаас л болохгүй юу. "Модод" чинь цуврал шүлэг гэдгийг би дээр хэллээ шүү дээ. Бүрэн эхээр нь хэвлэж өгөхгүй юу, хэрвээ энэ хэсгийг хэвлэнэ гэвэл би зөвшөөрөхгүй гэсэн хариу өгсөн юм. Тэгтэл "Танд богино хэмжээний өөр шүлэг байна уу. "Модод" шүлгийг бүрэн эхээр нь гаргах боломжгүй ээ. Ном маань өөрийн гэсэн тогтсон хэмжээтэй. Бид таны шүлгийг хэвлэх сонирхолтой байна. Та их анхаарал татаж байна" гэсэн утга бүхий илгээмж иржээ. Жамьянсүрэн л надад хэлж байгаа юм. Тэгэхээр нь "Инээд шиг хуучин хүний амьдралд" гэсэн шүлгээ явууллаа л даа. Саймоны англи орчуулга, Жамьянсүрэнгийн франц орчуулгаар явууллаа. Тэгтэл өнөө шүлэг чинь номыг эрхлэгч тусгай багийнхныг бүр зовоогоод хаячихаж. Сонирхлыг нь татаад байдаг. Гол нь ойлгомжгүй. Уг шүлгийн тухай бүтэн хоёр жилийн турш надаас асуусан. Европ болоод Дорнын, Монголын сэтгэлгээний ялгаа илт анзаарагдсан байх л даа. Үг бүхнийг цэг, таслалтай нь асууж байгаа юм. Жишээ нь "Инээд шиг хуучин хүний амьдралд маргааш шиг ойрхон байх" гэсэн мөр байгаа. Үүнийг гэхэд л ойлгохгүй. Мөн "…харагдахгүй бурхан шиг ил байх" гэж бий. Бас л ойлгомжгүй. "Магад ирэх үхэл шиг давтагдахгүй байх" гэдэг бас л түвэгтэй. Би өөрийнхөөрөө тайлбарлахаар бүр ойлгомжгүй болоод явчихна. Жамьянсүрэнгээ давхар зовооно. Тэгж тэгж л ганцхан шүлэг минь тавин ширхэг л хэвлэгдэж хүн төрөлхтний элит номын сангуудад хүрч байна даа.
-Элит номын сан гэснээс дандаа л эртний, хаадын, язгуурын номын сангуудад тусгайлан дурсгадаг гэсэн?
-Харин тийм юм аа. Эхлээд би дэлхийн томоохон номын сангуудад очих нь гээд ухаандаа, Америкийн Конгрессын номын санд бүтээл минь хүрэх нь гэж бодохгүй юу. Гэтэл Конгрессын номын санд чинь очих эрхгүй юм байна шүү дээ. Ерөөсөө л жинхэнэ элит роял номын сангуудад хүрдэг юм байна. Бусад цөөхөн хувь нь өөрийн хүрээний тусгай уншигчдын гарт хүрдэг дуулдсан шүү. Тавин ширхгийн эхний таван ном нь өөрсдөдөө үлддэг гэсэн. Зургаа дахь нь надад ирсэн. Долоо дахь нь Жамьянсүрэнд, найм дахиа би төв номын санд өглөө. Харин ес гэсэн дугаартай номоо "Шинэ Ази" группийнхээ хамт олонд барьж байна даа. Ном бүхэн дэс дугаартай, тун нарийн юм аа.
Буурал найрагчтай цөөн хором хөөрөлдсөн минь ийм. Харин одоо уншигч олондоо эхний шалгуурт тэнцэж Францын бичиг соёлын болоод шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхлыг татсан "Модод" шүлэг, "Дэлхийн нэг шүлгийн ном"-д хэвлэгдсэн "Инээд шиг хуучин хүний амьдралд" шүлгүүдийг хүргэе.
Н.ГАНТУЛГА
Модод
Навчсын чинь шуугиан чиний үг үү, салхины үг үү
Намрын сэтгэл гэгэлзүүлсэн аниргүй чинь чиний нам гүм үү,
бараа тасарсан шувуудын орхисон зай юу
Намрын торомны ноос шиг өнгө чинь чиний өнгө үү, зэвэргэн борооны өнгө үү
Чи зовлон таньсан ухаант хүн шиг л дуугүй байх юм
Дуугүй үгийг чих сонсдоггүй,
Нүд, зүрх хоёр минь л сонсох юм
Чамтай ярихад хэцүү юм,
Чадахгүй байх тусмаа улам их хүсэх юм
Аливааг асуумаар санагдана
Асуусанд чи дуугарахгүй
Хүүхэд шиг, юу ч мэдэхгүй маанаг шиг, юм бүгдэд гэгээрсэн мэргэн шиг
Асуултад минь асуултаар л хариулах юм аа…
Инээд шиг хуучин хүний амьдралд…
Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх үхэл шиг
Давтагдахгүй байх!
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр шагнах
Харагдахгүй бурханы хутаг олох!
Мартагдахгүй гомдолдоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдөрийнх шиг,
Уржигдарынх шиг,
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Яасан ч дахиад амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Тэнэг шүлэг бичихээр
Дахин төрөхгүй байх!
Инээд шиг хуучин…
Нулимс шиг хуучин…
Гомдол шиг хуучин..,
Харагдахгүй бурхан шиг
Хүний амьдралд
"Байхгүй юм" шиг нь
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь
Мөнхөд өөр байх!..