“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын анхны медальтан, анхны аваргаар БНХАУ-ын буудлага спортын тамирчин И Силинг тодорлоо. Долдугаар сарын 28-нд эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдсөн тэрбээр урьдчилсан дасгалд 399 оноо, харин шигшээ буудлагад 103,9 оноо авснаар нийлбэр 502,9 оноогоор энэ удаагийн зуны олимпийн наадмын анхны алтан медалийн эзэн болж байна. Харин мөнгөн медалийг Польшийн тамирчин Силвия Богачка 502,2 оноогоор хүртсэн бол БНХАУ-ын тамирчин Юү Дань 501,5 оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна.
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын эхний өдөр буюу бямба гаригт усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 400 метрийн ганцаарчилсан холимог сэлэлтийн төрөлд БНХАУ-ын тамирчин, 16 настай Е Шивень дэлхийн дээд амжилтыг шинэчилж, олимпийн аварга боллоо. Тэрбээр шигшээ уралдаанд 4:28.43 секундын амжилт үзүүлснээр дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Харин мөнгө, хүрэл медалийг дэлхийн аварга, Америкийн тамирчин Элизабет Бейзел, БНХАУ-ын Ли Суансү нар хүртсэн байна.
Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийд ноёрхогч байр суурь эзэлдэг БНХАУ-ын тамирчид “Лондон-2012” олимпийн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 48 кг-д аваргын алтан медалийг өөрийн болгож чадлаа. Бээжингийн олимпийн наадамд Хятадын хүндийг өргөгчид нийт 15 жингээс наймд нь алтан медаль хүртэж байсан билээ.
Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-ын жингийн тэмцээнээр эхэлсэн хүндийг өргөлтийн анхны алтан медалийг БНХАУ-ын тамирчин Ван Минжуан хүртжээ. Дэлхийн дөрвөн удаагийн аварга тэрбээр анхны олимпийн наадамдаа оролцож, аваргалж буй нь энэ аж. 2002 онд дэлхийн аваргад анх удаа түрүүлснээс хойш олон улсын тавцанд ялагдал амсаагүй тэрбээр огцом өргөлтөөр 91 кг, түлхэлттэй өргөлтөөр 114 кг, нийт 205 кг-ыг амжилттай өргөснөөр Лондонгийн олимпийн аварга болжээ.
Японы тамирчин Хироми Мияакэ нийт 197 кг /огцом-87 кг, түлхэлттэй-110 кг/-ыг өргөж, мөнгөн медалийн эзэн болсон байна. Тэрбээр 1968 оны Мехикогийн олимпийн хүрэл медальт Йошиюүки Мияакэгийн охин бөгөөд Бээжингийн олимпийн наадамд зургадугаар байрт, харин 2004 оны Афины олимпийн наадамд есдүгээр байрт шалгарч байжээ.
Харин БНАСАУ-ын тамирчин Руан Чун Хуа нийт 192 кг /огцом-80 кг, түлхэлттэй-112 кг/-ыг өргөснөөр хүрэл медалийн тавцанд гарчээ.
Олимпийн наадмын байт харвааны эрэгтэйчүүдийн багийн тэмцээний аваргууд бямба гаригт тодорсон байгаа. Шигшээд шалгарсан Итали болон АНУ-ын багийн өрсөлдөөнд Италийн байт харваач Мишел Франгилли сүүлийн сумаар 10-ыг оносноор багтаа ялалт авчирчээ. Олимпийн наадмаас багийн төрөлд алтан медаль хүртэж байгаагүй италичууд Франгилли, Мауро Несполи, Марко Галиаццо нарын бүрэлдэхүүнтэйгээр АНУ-ын багийг 219:218 харьцаатай, ганцхан онооны давуугаар ялж, аваргалсан байна. АНУ-ын багийн бүрэлдэхүүнд Брэди Эллисон, Якоб Вуки, Жейк Камински нарын тамирчид багтжээ.
Харин тэмцээний гол фаворитаар нэрлэгдэж байсан БНСУ-ын тамирчид хагас шигшээд АНУ-ын багт 224:219 оноогоор ялагдсан бөгөөд хүрэл медалийн төлөө Мексикийн харваачдыг ялж, медалийн тавцанд гарчээ.
Тэмцээний дараа Италийн багийн тамирчин Франгилли “Хүнд хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд ирсэн медаль. Би энэ мөчийг 16 жил хүлээсэн. Үнэхээр мөрөөдөл минь биеллээ. Сүүлчийн сумаар 10 ононо гэдэг зүүд мэт хэрэг байлаа. Надад ямар мэдрэмж төрж байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээн ярьжээ.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн багийн харвааны тэмцээн болж байна. Харин маргаашнаас эрэгтэй ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн харваа эхлэх юм.
Лондонгийн зуны олимпийн наадмын эрэгтэйчүүдийн замын дугуйн тэмцээнд Александр Винокуров түрүүлж, Казахстаны багийн анхны алтан медалийн эзэн болжээ. Тус төрөлд өндөр амжилт үзүүлнэ гэгдэж байсан, зохион байгуулагч орны тамирчин Марк Кавендиш харин 29 дүгээрт барианд орсон байна. Харин Колумбын тамирчин Ригоберто Уран мөнгө, Норвегийн Адександр Кристофф хүрэл медаль хүртжээ.
Сэргээшийн асуудлаар 2007-2009 оны хооронд хоёр жилийн хугацаатай эрхээ хасуулж байсан Винокуров өдгөө 38 настай. Лондонгийн олимпийн аварга болсон тэрбээр ирэх лхагва гаригт болох эрэгтэйчүүдийн цагийн уралдаанд оролцсоны дараа зодог тайлах төлөвлөгөөтэй буйгаа дуулгажээ.
“Лондон-2012” олимпийн наадамд Их Британийн шигшээ багт багтаж чадаагүйдээ сэтгэл дундуур байсан хөлбөмбөгч Дэвид Бекхэм олимпийн галт бамбарыг Темза мөрөн дээгүүр завиар авч явж, олимпийн цэнгэлдэхэд хүргэж өгчээ. Харин моторт завин дээр олимпийн бамбар авч явахдаа Дэвид бүх гунигаа мартсан мэт инээмсэглэж харагдсан гэнэ. “Лондон-2012” наадамд Их Британийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч болох нь сүүлчийн хүсэл хэмээн ярьж байсан Дэвидийг шигшээ багт заавал орох ёстой хүний нэг гэх хүн олон байсан ч Английн олимпийн хороо түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Хэдийгээр шигшээ багаа ахлах аз дутсан ч Дэвид “Лондон-2012” наадмын яах аргагүй хүндтэй зочдын нэг байсан бөгөөд АНУ-ын тэргүүн хатагтай түүнтэй гар барьсан гэнэ лээ.
“Лондон-2012” олимпийн цэнгэлдэхийг дээрээс нь үзэгчдэд харуулахын тулд босгосон “Орбит” цамхаг үүдээ нээжээ. Олимпийн наадам эхэлсэн өдрөөс хойш Орбит цамхгийн оройгоос олимпийн цэнгэлдэх хүрээлэн, олимпийн тосгон, тэр бүү хэл Лондон хотыг бүхэлд нь харах гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байгаа гэнэ. Лондонд очсон хүн болгон заавал үзэх Орбит цамхгийн зураг төслийг олон улсад нэртэй уран барилгач Аниш Капур гаргажээ. 115 метр өндөр Орбит цамхаг Их Британийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байна. Зочид цамхгийн нарийхан хаалгаар орж, цахилгаан шатаар дээш өгсөн, ердөө 30 секундын дотор 85 метрийн өндөрт гарах аж. Харин цамхгийн орой дээрээс олимпийн цэнгэлдэх төдийгүй, Лондон хот бүхэлдээ харагддаг байна. Цамхгаас доош буухдаа мушгиралдсан дугуй шатаар буудаг аж. Орбит цамхгийг олимпийн наадмын дараа түр хугацаагаар хааж, 2013 оны сүүлчээр дахин нээх юм байна.
Олимпийн тосгонд 180 метр өндөр цамхаг байгуулах төсөл дээр олон улсын 30 гаруй уран барилгач ажиллажээ. Эцэст нь уран барилгач Аниш Капурын загварыг сонгосон байна. Цамхгийг барих ажлыг 2010 оны арваннэгдүгээр сараас эхэлж, өнгөрсөн дөрөвдүгээр сард барьж, дуусгажээ.
С.ЦЭЛМЭГ