Ардын дууны хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулан тоглодог “Glissando” хамтлагийн ахлагч Б.Алтанцэцэгтэй уулзаж ярилцлаа.
-“Glissando” хамтлагийн талаар сонирхуулаач. Хэзээ байгуулагдсан бол?
-Манайх ардын дууны хөгжмийг орчин үеийн хөг хэмнэлтэй хослуулан тоглодог шанз хөгжмийн хамтлаг. ҮДБЭЧ-д олон жил ажиллаж буй шанз хөгжим тоглодог бүсгүйчүүдээс бүрдсэн. Бид нар үндсэн ажлынхаа хажуугаар хамтлаг байгуулаад хоёр дахь жилдээ ажиллаж байна. “Glissando” хамтлаг маань Ихбаяр, Алтанцэцэг, Шинэхүү, Отгонжаргал гэх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй.
-Шанз хөгжмөөр ардын аялгууг орчин үеийн стильд оруулж тоглоно гэдэг амаргүй. Уран бүтээлийнхээ санааг хэдийд олов?
-Түүх яривал их урт. Бид чуулгынхаа найрал хөгжмийн бүрэлдэхүүнд тоглодог л доо. Уран бүтээлч хүний хувьд, шинийг эрэлхийлж, сонирхолтой санаа, өвөрмөц шийдэл олох юмсан гэж үргэлж эрэл хайгуулж хийж явдаг. 2010 онд чуулгын маань 60 жилийн ой тохиож, шанз хөгжмийн группээс тусгай тоглолтоор бэлэг барьсан юм. Энэ тоглолтод бид шанз хөгжмөөр тоглож болох бүхий л уран бүтээлээ оруулж дуучид, бүжигчидтэй хамтарч тоглосон. Мөн хамтлагийнхаа хоёр бүтээлийг сонирхуулж, үзэгчдэд шанз хөгжмийн шинэ урсгалыг таниулсан даа. Чуулгад бид уламжлалт ардын дуу, үндэсний болон найралтай хамтарч тоглодог учраас хамтлагийнхаа уран бүтээлийг арай илүү шинэлэг хэв маягтай болгохыг хүссэн. Тэгээд олон бүтээлээс сонголт хийж байлаа.
-Тэгвэл хамтлаг яг хэзээ бүрэлдсэн гэж?
-Чуулгын маань хөгжимчид жил бүр аттестачлалын шалгалт өгдөг юм. Тэр үеэр манайхан Солонгост үндэсний найрал хөгжмийн тоглолт хийхэд Норвегийн гитарчин шигтгээ болж орсон. Түүний тоглолтын арга барил, өвөрмөц онцлогийг үзэгчид их өндөр хүлээж авсан шүү. Үүнээс санаа авч би “Энэ уран бүтээл аттестачлалын шалгалтад хэрэгтэй юм байна. Бас шанз хөгжмөөр тоглож үзье” гэж бодлоо. Монголд ирээд тэр зохиолыг хайж олоод ноотыг нь гаргатал ганц хүн тоглож болохооргүй санагдсан. Чухам хэдэн хүн тоглох боломжтойг нь судалж үзэхэд тэр зохиолын нэг ч ноотыг алдахгүйгээр тоглоход яг дөрвөн хүн хэрэгтэй болох нь мэдрэгдсэн л дээ. Тэр уран бүтээлээс шалтгаалаад хамтлагийнхаа гишүүдийг сонгосон хэрэг. Чуулгынхаа тоглолтод гитар, бөмбөр зэрэг хөгжмийн бүх төрлийг хослуулж гаргаж ирсэн. Хамтлагийнхаа уран бүтээлийг бид маш их эрэл хайгуул хийж байж гаргадаг. Монгол ардын дуунуудыг яаж холбож тоглох, стилийг нь хэрхэн өөрчлөх вэ гэж их судална. Ихэнх найруулгаа өөрсдөө хийсэн шүү.
-Урын сандаа багагүй бүтээлтэй болсон биз?
-Нэлээд олон бүтээл бий. Тэр дундаас шинэ стильд оруулсан нь гарын арван хуруунд багтахаар байгаа. Харин дуучидтай хамтарсан гурван бүтээл байдаг. Үзэгчдийн хүртээл болсон нь гавьяат жүжигчин Т.Ариунаатай хамтарсан “Домгийн өглөө”. Мөн өнгөрсөн жил болсон МАХН-ын тоглолт дээр Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайд хүсэлт тавьж байлаа. Тэгэхэд бидэнд тусалж дэмжихээ илэрхийлээд “Хүмүүн төрөлхтөн” дууны хөг хэмнэлийг орчин үеийн стилиэр тоглох даалгавар өгсөн юм.
Ингээд бид долоо хоногийн дотор тэр дууны хөгжим дээр ажиллаж, өөрсдийн санасан стилиэр тоглоод ур чадвараа харуулсан даа. “Хүмүүн төрөлхтөн” дуу хөг хэмнэлийг нь өөрчилж тоглох боломжтой бусад дуунаас арай өөр юм билээ. Гэсэн хэдий ч, бид нар өөрсдийн сэтгэлгээгээр өөрчилж, шинэ өнгө төрхийг нь бүх зүйлээрээ харуулж чадсан гэж боддог. Энэ бол гавьяат жүжигчин Ж.Чулуунчимэгтэй хамтарсан сонирхолтой уран бүтээл. Энэ жилийн цагаан сараар чуулгын маань уран бүтээлчид төрийн тоглолтод оролцлоо. Тоглолтод бид “Шуранхай” хамтлагийн дуучин Д.Үүрийнтуяатай хамтарч “Ширээ нуур” бэсрэг уртын дуун дээр тоглосон.
-Дүрсжүүлж гаргасан бүтээлүүд тань юу билээ?
-Хамтлагийнхаа сонгодог уран бүтээлийг дүрсжүүлэх зорилго тавиад нэлээд хичээж ажилласан. Хөгтэй зүйл их тохиолдсон доо, бидэнд. “Алтай Халиун” группын захирал Гэрэлбаатар ах бидэнд маш их дэмжлэг туслалцаа үзүүлж “Шинэ урсгал чиглэл гаргаж ирнэ гэдэг их сайн. Уран бүтээлээ дүрсжүүл” гээд нэг хүнтэй холбож өгсөн юм. Тэгээд бид нэг бүтээлдээ клип хийлгэхээр боллоо. Өвлийн хүйтэнд ажлаасаа чөлөө авч гүйлдээд л сар шахам зураг авалт хийлгэж билээ. “Дүрс маань болсон уу” гэж асуугаад л байдаг, өнөөх хүмүүс маань таг чиг. Сүүлдээ бүр алга болчихсон гээд бод доо. Эцэст нь бид ханиад хүрч, даарсан хэдэн улс л үлдлээ. Тэгээд хор шар хөдлөөд өөрсдийн хүчээр клиптэй болох гэж зүтгэсэн. Өнгөрсөн жилийн цагаан сарын өмнө хүч бололцоогоо дайчилж байгаад “Нэгүн” студид бичлэг хийлгэлээ. Хоёр ардын дууны хөгжмийг холбож тоглоод шударга хөгжимд зориулсан хамгийн анхны клипийг гаргасандаа баяртай явдаг юм. Энэ бүтээл маань “Collection” нэртэй. Санаж зорьсондоо нэг алхам ч гэсэн ойртсондоо үнэхээр их урамшсан шүү.
-Уран бүтээлийн талбарт бас нэгэн өрсөлдөгч гарч ирсэн нь “Шанз-3” хамтлаг. Тэдний тухай юу гэж боддог вэ?
-Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд өөрсдийн урсгал чиглэлийг тодорхойлон гарч ирж байгаа хамтлаг шүү дээ, тэд. Шанз хөгжмийн хамтлагууд гарч ирэх цаг нь зайлшгүй болсон. Тэр хүүхдүүдэд юу нөлөөлж, юу харагдаж байгаа нь ч тодорхой. Орчин үеийн хөгжим, хөг хэмнэл байтугай нийгэмд буй бүхий л зүйл өөрчлөгдөн хувьсаж байна шүү дээ. Тиймээс тэд шинэ санаа, шинэлэг хэлбэр гаргаж ирэхийг зорьж байгаа. Хэдийгээр шанз хөгжмийн төрлийг хөгжүүлэхийн төлөө явж буй нэгэн зорилготой ч гэлээ, “Шанз-3” хамтлаг бидний хувьд бол өрсөлдөгч. Уран бүтээлийн талбарт өрсөлдөгч байна гэдэг маш сайн хэрэг. Бидний уран бүтээлд маш их нөлөөтэй шүү дээ.
-Ардын хөгжмийн хэв маягийг өөрчилсөн шигээ стиль имижээ хүртэл сонирхолтой шийдлээр бүрдүүлсэн байх?
-Одоохондоо бидэнд ямар нэгэн ивээн тэтгэх байгууллага, продюссер алга. Хамтарч ажиллах, шоу тоглолтод урьсан саналуудыг бид дуртайяа хүлээж авдаг. Гэхдээ цаашдын төлөвлөгөө маань ийм зогсонги байдалтай байхгүй биз. Одоо бид хөгжмийн зохиолчоос авсан хоёр бүтээл дээр ажиллаж байна. Зөвхөн нэг хүний арга барилаар ажиллаж, найруулга хийгээд байвал хөгжихгүй шүү дээ. Тиймээс олон талын эрэл хайгуул хийж, хөгжмийн зохиолчдод хүсэлт тавьсан юм. Шинэ уран бүтээл гаргахын тулд чамгүй мөнгө зарцуулах нь тодорхой. Энэ асуудлаа шийдэж, үзэгч сонсогчдод чанартай уран бүтээл хүргэхийг зорьж явна. Ардын хөгжмийг орчин үеийн стильд оруулж, өөр чиглэлээр тоглоно гээд бид нар дээл өмсөөд явахгүй нь мэдээж. Хамтлаг байгуулахдаа ямар хувцас өмсөх, яаж уран бүтээл хийх, ямархуу байдалтай байхаа хүртэл сайтар ярилцсан. Тэгээд уран бүтээлийнхээ өнгө аяст тохирсон орчин үеийн хувцас өмсөх ёстой гэдэгт бүгд санал нэгдсэн дээ. Түүнээс хойш төрөл бүрийн загвартай хувцас өмсч тоглож байна.
-Хамтлагийн тань нэр ямар учиртай юм бэ?
-Хөгжмийн элементийн нэр л дээ. Хоёр ноот тоглох хоорондын гулсах, чирэх, уянгалах дуугарах холбоосыг үүсгэж байгаа хэлбэр гэсэн үг. Бараг бүх хөгжмөөр гаргаж болно. Гэхдээ яг жинхэнэ утгаараа бол, шанз хөгжим дээр илүү гоё дуугардаг. Тиймээс бид энэ нэрийг зориуд сонгож өгсөн.
-Шанз хөгжмийг монголоос гадна хятад, солонгосоос гаралтай гээд янз бүрээр ярьдаг. Хөгжимчин хүний хувьд, энэ талаар судалж үзсэн болов уу?
-Тийм ээ, маш их маргаантай байдаг юм билээ. Янз бүрийн улс диплом хамгаалах, эрдэм шинжилгээний бага хурал дээр хүртэл олон талаас нь авч үздэг ч, яг хаанаас гаралтай болох нь өнөө хэр шийдэгдээгүй. Судалгаа хийж үзвэл, баруун монголын ааган товшуур хөгжмөөс үүсэлтэй юм билээ. Шударч тоглодог болохоор хожим нь шударга хөгжим гэсэн нэртэй болсон байх. Ардын бий биелгээ, дуун дээр хослуулж тоглоход яг тохирдог хөгжим. Хаад ноёд, ихэс дээдсийн ард эхнэрүүд нь тоглож байсан гэхээр энэ хөгжим яалт ч үгүй, манай монголоос үүсэлтэй байгаа биз. Үнэндээ чухам ямар судалгаагаар хятад, солонгосоос гаралтай гэж үзээд байгааг нь мэдэхгүй юм. Шударга хөгжмийг хятадад үйлдвэрлэдэг боловч, тэнд ер тоглодоггүй юм билээ. Харин манайд шанз хөгжмийг мэргэжлийн шатанд нь хүртэл хөгжүүлэхэд Дашдулам багшийн хувь нэмэр их байсан. Анхны сургалтыг явуулж ,мэргэжлийн хөгжимчдийг хүртэл бэлтгэсэн нь манайх шүү дээ. Бид нар дэлхийн сонгодог зохиолоос гадна ардын хөгжим гэх мэт бүх төрлөөр тоглож сурсан. Мөн орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй яаж зохицох вэ, аль талаараа нийцэж байна гэх зэргээр бүх талаас нь судалж, тоглож байгаагаараа шанз хөгжмийг хөгжүүлж байгаа гэсэн үг. Шанз хөгжмөөр сонгодог бүтээлийг тоглож байгаа нь зөвхөн монголын уран бүтээлчид байна шүү дээ. Энэ хүртэл нь хөгжүүлээд шинэ өнгө төрх нэмж байгаад маш их бахардаг. Хамтлагийнхаа уран бүтээлээс гадна бид энэ төрлөөр зохиогдсон олон улсын уралдаан тэмцээнд хүч сорих бодолтой явдаг.
-Хөгжмийн хувьд, маш уран тансаг. Бас их донжтой хийгээд өөр ертөнц, өвөрмөц өнгө төрхийг мэдрүүлдэг юм билээ. Таны хувьд ямар мэдрэмжээр тоглодог вэ?
-Багшийнхаа хэлсэн үгийг дурдмаар байна. Анх барил тавилаа заалгаж байхад багш маань “Шанз хөгжмийг суудлаас нь эхлээд бодоод үз. Цээж төвгөр, нуруу хотгор, эрүүгээ хүртэл цэх байлгаж тоглодог гэхээр ямар их донжтой харагдана гээч. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн цогц гэсэн үг. Хөгжмийн дуугаралт, донж маяг нь хүртэл зохицсон” гэж билээ. Шанз бол их баялаг дуугаралттай хөгжим. Янз бүрийн дуугаралтыг өөртөө агуулсан тул олон төрлийн өнгө хэмнэл харагдана. Ялангуяа ардын дуун дээр хэтэрхий донжтой гэж хэлнэ шүү. “Жийжүү хот” дуунд хүртэл өгүүлдэг шүү дээ.
..Арван цагаан хуруугаараа шанз хөгжим тоглоход
Аятайхан байдаг… гээд л. Ингээд бодохоор их маяг донжтой, харахад хүртэл хайр хүрмээр хөгжим. Харин суугаад тоглоход сэтгэл хөдлөл бага гардаг байх. Сүүлийн үед бид нар зогсч тоглож байгаа учраас сэтгэлийн өнгө, хөгжмийн дуугаралтуудаа хүртэл чөлөөтэй илэрхийлж байна. Хөдөлгөөн хүртэл хязгаарлагдмал бус, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй гаргах боломжтой. Түргэн хэмнэлтэй тоглох үед бүр галзуу нөлөөлнө шүү.
-Та яагаад шанз хөгжмийг сонгох болсон бэ. Энэ талаараа сонирхуулаач?
-Анх шалгалт өгөх гэж байхдаа шанз гэж ямар хөгжим байдгийг ч сайн мэддэггүй байлаа. Тухайн үед хүүхдүүд “Ёочинд орно, болохгүй бол ятгын анги руу явна. Тэнцэхгүй бол шанз юмуу хуучир сонгоно” гэдэг байсан. Энэ ч утгаараа, би ёочин болно гэж бодож байлаа. Гэтэл тэр ангид ердөө гуравхан хүүхэд аваад шалгалт нь дуусчихсан. Харин ерөнхий шалгалтад тэнцсэн хүүхдүүдийг хуваарилах үед Дашдулам багш маань намайг шанз хөгжмийн ангид авсан даа. Тэр үед би ийм гоё хөгжимтэй холбогдсон гэдгээ ер мэдрээгүй байж. Харин одоо ийм гоё хөгжимд суралцаж, маш гоё мэдрэмж авч байна. Хамтлаг байгуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн болохоор багшдаа их баярладаг юм.
-Урын сандаа нэлээд олон бүтээлтэй болсон гэхээр удахгүй цомог гаргаж, тоглолт хийх байх?
-Хүсэл мөрөөдөл хязгааргүй. Хамтлагийн хувьд, эхний төлөвлөгөө дагуу цомог гаргана. Түүнд орох бүтээлээ төлөвлөж, сонголт хийх хэрэгтэй. Холимог юм уу аль эсвэл сонгодог бүтээл байх уу гэдгээ сонгох шаардлагатай шүү дээ.
Чанартай, бас төрөлжсөн бүтээлээс бүрдсэн цомог гаргах нь чухал. Хоёр дахь хүсэл зорилго маань тоглолт хийх. Барууны орнуудын жишгээр маш чадварлаг зохион байгуулалттай, хөгжимлөг тоглолт хийхийг хүсдэг. Хамтлагийн бүсгүйчүүд маань 29-35 насныхан. Бүгд гэр бүлтэй. Энэ дашрамд, хамтлагийн арын фронтын туслагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Гишүүдийн маань тал хувь нь хөгжимчин нөхөртэй.
Гэр бүлийнхэн маань бүх зүйл дээр дэмжиж тусалдаг, бидний галзуу улаан фэн болохоор “Glissando” хамтлаг ийм амжилттай явж байгаа. Уран бүтээлийг минь маш сайн ойлгож, бидэнтэй адилхан баярлаж догдолдог тэдэндээ баярлаж явдаг шүү.
Р.МӨНГӨН