УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы хуралдааныг гацааж байсан гэсэн нийгэмд үүссэн бухимдалд та ямар хариу өгөх бол?
-Сонгууль өнгөрөөд сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд УИХ-ын даргын томилгоо хүртэл 24 хоносон байх. Тэр хугацаанд МАН-ын зүгээс улс төрийн харилцаанд орох ямар ч хууль зүйн үндэслэл байсангүй. Эвслийн Засгийн газар байгуулах гэж буй талууд эхлээд АН дотроо фракцуудынхаа сонирхлыг зохицуулах гэж баахан зүдрэх шиг боллоо. Дараа нь эвсэл нэрээр сайд дарга нарынхаа суудлыг тохирох гэж хугацаа авлаа. Тэгээд өнгөрөгч долоо хоногийн дөрөв дахь өдөр дотоод асуудлаа болсон болоогүй 75:25 гэсэн зарчимдаа тохирсон юм шиг байгаа юм. Ингэж тохироо хийсний дараа УИХ-ын хуралдааныг зохион байгуулах үүрэгтэй хүнд мэдэгдэлгүй хурал зарласан. Зүй нь бол Д.Дэмбэрэл гишүүнтэй уулзах байсан. Шинэ УИХ-ын дарга томилогдох хүртэл насаар ахмад гишүүн хурлыг зохион байгуулна гэсэн хуулийн дагуу хуралдаан зарлах, бэлтгэл хангах, тов тогтоох, хуралдааныг дуусгах гэх мэтчилэн чуулганы хуралдааныг явуулах 3-4 шат дамжлага бий. Гэтэл АН хуралдааныг хууль зөрчин зарлаж гацаа үүсгэчихлээ. Тэгээд бүх бурууг МАН-руу тохох гэсэн оролдлого гарч байна. Би хувьдаа УИХ-ыг хурдан эмхэлж цэгцрээсэй. Засгийн газраа хурдан байгуулаасай гэсэн байр суурьтай байна.
-АН, “Шударга ёс” эвсэлтэй эвсч байгаад та ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн санал хураалтын дараа би, чи ялсан гэх яриа гарч Сонгуулийн ерөнхий хороонд намын дарга нар би, чи дээ тулж байх үед АН-ын зарим нөхдүүдтэй утсаар холбогдож “Аль ч нам олонхи суудал авахгүй. Ганц хоёр суудлаар танайх илүү гарч магадгүй. Гэхдээ ухаантай байгаарай. Наадах чинь ялалт биш. Хадаасан дээр суулаа. Их эмзэг парламент бүрдэнэ. Ялалтын баяр тэмдэглэж ийш тийшээ гүйхээ больвол яасан юм бэ” гэдэг зүйлийг ярьсан би.
Яагаад эмзэг гэж хэлсэн гэхээр зургаа дахь удаагийн парламентын хувьд аль ч нам олонхи болоогүй ганц хоёроор илүү суудал авсан нам нь 10 орчим хүнтэй эвсэл гэгчтэй нийлж засаг байгуулах хувилбар л бий болоод байна. Өнгөрөгч 1992 онд намуудын харьцаа 72:6, 1996 онд 50:25, 2000 онд 70:8, 2004 онд 36:36, 2008 онд 45:27 байсан юм. Өөрөөр хэлбэл өнгөрөгч хугацаанд эсхүл дангаараа засаг байгуулах олонхи, эсхүл нийтээрээ 60-аас давсан тооны гишүүдтэй намууд нийлж Засгийн газар байгуулж байв. Одоо цөөнхийн байр сууринд очиж байгаа нам нь бараг 30 суудалтай. Ийм улс төрийн сонин нөхцөл байдал үүслээ. Нэг талаас харахад, нөгөөр талаас харахад АН-ын нийлж байгаа 10 гаруй гишүүн нь нэг хэсэг Ардчилсан намаас нөгөө хэсэг нь МАН-аас урвасан нөхдүүд. З.Баянсэлэнгийг тооцохгүй. Хэзээ л бол хэзээ дургүй нь хүрвэл урвана. Нэг урвасан хүн хоёр дахь удаагаа урвана шүү дээ. Ийм бүрэлдэхүүнтэй АН нийлж Засгийн газар байгуулах гэж байна. Ийм нөхцлүүд үүссэн учраас аливаа асуудалд болгоомжтой хандаарай. Засагт орохгүй намтайгаа учир зүйгээ олоорой гэсэн зүйлийг ярьсаар өнөөдрийг хүрлээ. Чуулган хуралдсан өдөр МАН-ын бүлэг хуралдаад З.Энхболтой уулзах хүсэлт тавиад 18.30 цаг хүртэл хүлээсэн. Орж ирээгүй. Манай намын зүгээс зөвшилцлийн бичгээ бэлэн болгосон байсан. Хэрэв андуураагүй бол тэр өдрөө зөвшилцлийн бичгийн хариу бэлэн болсон юм. Нэр дэвшүүлж буй хүнтэй нэг уулзах хүсэлттэй байсан. Тухайн долоо хоногийн хоёр дахь өдөр нь МАН-ын Бага хурал хуралдаж 09.30 цагийн үед бүлэг хуралдаж, маргааш нь 10.00 цагт Чуулганы хуралдааныг эхлүүлнэ гэсэн шийдвэрт хүрсэн. Тэгээд Д.Дэмбэрэл гишүүнийг “Хурлаа зарлачих” гэсэн. Д.Дэмбэрэл дарга УИХ-ын Тамгын газарт очиж хуралдааны товоо гаргасан юм. Гэтэл тэр хойгуур хүчээр чуулганыг АН хуралдуулж УИХ-ын даргыг сонгосон. Тэр үед Төрийн байгуулалтын байнгын хороог бас хүчээр байгуулах тухай яригдаж байв. Би АН зарим гишүүдтэй уулзаад” Та бүхэн хоёр дахь удаагаа хүч хэрэглэж болохгүй. Нөхцөл байдал хүндэрнэ. Олонхи нь илүү ухаалаг байх ёстой” гэтэл гараад л УИХ-ын чуулганыг хуралдуултал Н.Батбаяр гишүүн танхимаас долоон гишүүний карт сугалаад гарсан байгаа юм. Тэр үед та нар байсан байх. Ингээд л дахиад л хууль бус зүйл болсон. Ийм л үйлдэл явагдаад байна. Уулзаад ярилцах гэхээр зөрүүдэлдэг. Ийм хачин нөхцөл байдал үүслээ. Энэ бүхний цаана нэг л сэдэв байна. Яамдын тоог хорь хүргэх тухай асуудал бол засаг байгуулах гэж байгаа хэсэгт яригдаж байна гэж сонслоо. Яамдын тоог хорь хүргэж, сайд нарынхаа тоог хувааж авах л санаа. Том зургаар нь харвал хоёр гишүүний дунд нэг яам байх зохион байгуулалт хийх гэж зэхэж байна. Энэ үнэн үү, худал уу гэдгийг АН-аас асуух гэсэн юм. Өнгөрөгч УИХ-ын үед арав байсан яамыг 45-тай бүрэлдэхүүн яахаараа хорь хүргэдэг юм бэ гэдэг асуудлыг тавих гэсэн юм. Үүнд хариулт хэлэх хүн алга. Тэр карт сугалсан явдал бол зүгээр нэг хүн уур нь хүрч сугалсан юм биш. АН хоорондоо эв зүйгээ олохгүй байгаа шинж тэмдэг. АН-ынхны гэдэс ходоодыг мэднэ. Миний мэдэхийн өнгөрөгч 2004 оны үед засаг нэг унасан. 2008 онд нэг унасан. Нийтдээ зургаан удаа унасан юм. Энэ 22 жилийн түүх. Засгийн зургаан удаагийн уналт дан АН-аас үүдэлтэй. М.Энхсайханы засаг унасны дараа элсний 13 гэгч гарч ирсэн. Тэр нь Сэргээн босголтын банкинд улс төрийн тэмцэл явагдаж байхад тэр үеийн МАН-ынхантай нийлж Ц.Элбэгдоржийн засгийг унагасан. Ц.Элбэгдоржийн засгийг унасны дараа Ц.Наранцацралтын засаг гарч ирээд Эрдэнэт үйлдвэрийн талаар Москвагаас З.Энхболд нэг бичиг олж ирээд сөрөг хүчний удирдагч Н.Энхбаярт өгчихсөн юм. Тэр бичгээс болж Ж.Наранцацралтын засаг унаж байлаа. Эх орон ардчилал гэсэн нэртэй бүлэг байсныг Б.Эрдэнэбат, М.Энхсайхан хоёр тараасан. 2008 онд засгаас АН гарсан үндсэн шалтгаан нь Х.Баттулга намын дарга болж сонгуульд ялж Ерөнхий сайд болох гэж зүтгэсээр байгаад Н.Алтанхуягийг өрсч мэдэгдэл хийхээр аргаггүй байдалд хүргэсэн. Ингэж зургаан удаа АН-ын түүхээс болж засаг унаж байлаа. Энэ мартаж болохгүй түүх шүү. Өчигдөр миний сонссоноор МАХН-МҮАН-ын “Шудага ёс” эвсэл АН-д тулган шаардлага хийсэн гэж ойлголоо. Тодруулбал Н.Энхбаярын шүүх хурлийн шийдвэр “Шударга ёс” эвслийн хүсээгүй шийдвэр гарвал засаг байгуулахаас татгалзана шүү гэсэн байгаа юм. Энэ мэт олон учир шалтгаан байна шүү дээ. Түүнээс биш МАН сандал ширээтэйгээ зууралдаад, албан тушаал гуйсан юм үнэндээ алга.
Н.Түвшин