Орчин үеийн монголын дүрслэх урлагийн ахмад зүтгэлтэн БНМАУ-ын төрийн шагналт, ардын зураач Ү. Ядамсүрэн Дорнод амйгийн Түмэндэлгэр сумын нутаг Улаан нүдэн хэмээх газар малчин ард Үржингийн анхдугаар хүү болон 1905 оны 12-р сарын 25-нд төржээ. Жаал хүү Ядамсүрэнг 13 настай байхад эцэг нь нас өөд болж дан эхийнхээасрамжинд үлдсэн тул тэр багаасаа ажил хийн маллаж, өрх гэр толгойлсон аж.
Эцэг Үржин нь амьд ахуй цагтаа мал маллан аж төрөхийн зэрэгцээгээрардын урлагт авьяаслаг хүн байжээ. Мөн түүний авга ах Чойдаш алдартай сийлбэрч, зураач хүн байв. Үүний нэг жишээг хэлбэл 1912 онд Сүмбэхамбын тиг ёсоор Андуу нарын Тавхай Бор, Шүүрэг дөрвөн аймаг, шавь тавын хэсэг шилдэг урчуудыг зориуд цуглуулан, дунхарын хот мандалыг модон сийлбэрээр бүтээлгэж, Эх дагины аймагт тавихад тэр хот мандалын туурвихад Чойдаш нутгаасаа ирж оролцож байжээ. Энэ бүхэн ирээдүйн зураачийг багаасаа соёл урлагийн бүтээлийг сонирхон үзэх, ард түмний урлаг, соёлын дурсгалт дээж өв, олон зуун жилийн турш уламжлалт ардынхаа дүрслэх чимэглэх урлагийг гүнээ ойлгож, хүндэтгэн хайрлах үзэлд зохих нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Ядамсүрэн багадаа ялангуяа авга ах Чойдашийнхаа бурхан зурах, номын бар сийлэхийг нь олонтаа харж, түүний будаг шунх бийрийг нь хийлцэх зэргээр үндэсний уламжлалт уран зургийн техник ажиллагаатай ойр дотно танилцан авдар сав будах оймсны хараа, хээ угалз зурах, гэрийн мод будах, хээ тавих ажлыг хийж ардын урлагтай амьдралаа холбожээ.
Ядамсүрэн 25 нас хүртлээ нутагтаа амьдарч байгаад 1930 онд Ардын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн гишүүнд элсэн нийслэл Улаанбаатарт иржээ.
Тэр ардын гэгээрлийн бэлтгэл сургууль, үсэг өрөгчийн сургууль зэрэгт тус тус суралцан хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчөөр ажиллаж байв. Ингэж ажилласан явдал Ядамсүрэнд эх орныхоо нийгмийн хөгжилтэй танилцаж, ертөнцийг үзэх хувьсгалт үзэл, амьдралын итгэл мөрөөдөл бүрэлдэн тогтноход нөлөөлсөн нь мэдээж хэрэг.
Мөн тэнд манай шинэ соёл урлагийн зүтгэлтэн, шинэ дүрслэх урлагийн үндсийг тавилцагч Б. Шарав ажиллаж байв. Түүний уран бүтээл зургийн ажлаар эхлэн оролдож байсан залуучуудын бүтээлч дур сонирхлыг ихэд татаж байжээ. Жишээлбэлзураач Ядамсүрэн дурсан ярихдаа “Бизьягийн аймгийн сүмд Б. Шарав зурсан босоо хүний хэмжээтэй шахуу Лувсандлндовын том хөрөг байсан, түүнийг би харж сонирхдог байж билээ” гэж байжээ. Үүнээс үзэхэд зураач хөрөг зургийн төрөл зүйг илүү сонирхож байсан нь илт.
Ядамсүрэн намын сургуульд орж суралцан дараа нь 1934 онд Зөвлөлт Холбоот улсад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист дээд сургуульд суралцан төгсгөж ирээд Намын төв хороо , Судар бичгийн хүрээлэн зэрэг газар тус тус ажиллаж байлаа.
Тэр үед зураг зурах авьяас билэг нь улам тодорч, зургийн урлагтаа ихээхэн ахиц олж монгол орны амьдралыг үзүүлсэн томоохон зураг зурж байлаа. Тэрбээр Москва хотноо сурч байхдаа ертөнцийн урлаг соёл, түүх, дурсгал, эрт эдүгээгийн уран бүтээлийг нарийвчлан судалж, зураач болох хүсэл эрмэлзэл нь улам өрнөж энэ чин хүсэлд хөтлөгдөн 1939 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотноо Суриковын нэрэмжит дээд сургуулийн зургийн ангид орж суралцан Зөвлөлтийн нэрт зураач А. И. Герасимов, Н.Э Грабарь нараар зургийн эрддмийг заалгасан юм. Түүний сургуульд байх хугацаадаа олон бүтээл туурвисны шилдгийг нь тэр үед Зөвлөлт Холбоот Улсад сууж байсан манай элчин сайдын яамаар дамжуулан монгол руу явуулдаг байжээ. Тэр зургууд нь улсын төв театрт байгуулагдаж байсан үзэсгэлэнд тавигдаж байсан боловч харамсалтай нь тэдгээр зураг улсын төв театрын байшин шатахад хамт үрэгджээ.
"Чойбалсан"
"Сүхбаатар"
"Чойбалсан Сталин 2"
"Ударник Ичинхорлоо"
"Үхэр сүрэг"
Сургуулиас ирээд Судар бичгийн хүрээлэнгийн харьяа түүх, хувьсгалын музейд зураачаар ажилласан нь улсынхаа урлаг, соёлын өв дээж, угсаатны зүйн онцлогтой танилцаж цаашдын уран бүтээлийн ажилд ач холбогдолтой болсон юм.
Түүнээс хойш тэрбээр том, бага хэмжээний ная гаруй хөрөг, түүхийн сэдэвт зураг тав, байгалийн сэдэвт зураг дөрөв, суурь зураг долоо, угсаатны зүйн сэдэвт бүтээл хоёр зуугаадыг зуржээ.
Зураач Ядамсүрэнгийн уран зурагт амьдралыг дүрслэх арга нь хоёр үндсэн чиглэлтэй. Үүнд монгол зургийн уламжлалт аргаар амьдралыг дүрслэх, нөгөөтэйгүүр дэлхийн сонгодог урлагийн уран зургийн аргаар амьдралыг дүрсэлж байсан явдал юм.
Монгол зургийн аргаар “Ардын ерөөлч”,”Шанзчин”,”Эрдэмтэн Тагол”, Чойбалсан”, Хүүрч Түдэв”,”Лувсан хуурч”, ”Дууч Дугаржав”, ”Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Хуурч Парчин”, Дөрвөлжин үсэг зохиогч Пагва лам Лодойжалцан”, ”Уйгурын Чойжи-Одсэр бандида”, ”Монгол галиг үзэг зохиогч Аюуш Гүүш”,”Ойрдын зая Бандида Огторгуйн далай Намхайжамц”,”Онхойдойн Жамц” г.м хөргүүдийг зуржээ.
Ядамсүрэн Цогттайж киног бүтээхэд оролцсон манай олон зураачдын нэг юм. Зураач Чүлтэм жижиг хэрэглэл, зэвсэг багажийн загвар зураг, Гаваа тайзны чимэглэл, Ядамсүрэн хувцасны загвар, хүмүүсийн нүүр дүрийг зуржээ.
Ядамсүрэнгийн уран бүтээлд монгол ардын эд хэрэглэл, хувцас зурсан угсаатны зүйн зураг онцгой суурийг эзлэнэ. Эдгээр бүтээлүүлийг зөвхөн цуглуулж зураад зогсоогүй орчин үедээ зохицуулан амьдралд өргөн түгээмэл хэрэглэх талаар ихээхэн анхаарч ирсэн билээ.
Улсын шинэ драмын театрын дотоод чимэг, хээ угалз, хөшигний загвар тэргүүтнийг тэрбээр зурж өгсөн юм.
Зураач зээгт наамлын загвар зурж, өөрийн эхнэрийн хамт олон зээгт наамал хийсэн.
Түүхт хүмүүсийн дүрийг бүтээхдээ их нарийн судалгаа хийж, холбогдох зүйлийг болон тэр үеийн түүхэн онцлогийг нарийн чанд гаргаж зурдаг заншилтай.