Дэлхийн загварын хамгийн алдартай хатагтай, супер модель Кэйт Мосс “Interview” сэтгүүлд ярилцлага өгснийг орчуулан хүргэе.
Гленн О.Брейн: Чи уулзъя гэсэн хүн бүртэйгээ уулздаг уу?
Кэйт Мосс: Тийм шүү, хүмүүстэй уулзах сайхан байдаг.
Г.О: Тэгвэл уулзахыг хүсдэг ч, учраа бүрдээгүй хүн байна уу?
К.М: Бараг үгүй ээ, би уулзахыг хүсдэг байсан хүн бүртэйгээ уулзсан. Харин чиний хувьд?
Г.О: Боб Дилантай уулзахыг хүсдэг.
К.М: Би түүнтэй уулзаж байсан юм байна шүү. Тэр танхимд цугласан хүн бүртэй мэндчилж, гар барьж яваад над дээр ирэхэд нэг нь “Энэ чинь өнөөх Кэйт шүү дээ” гэхэд Боб толгой дохисон. Би гараа сунгатал тэр мэндчилээгүй. Би ичээд гараа буцаасан л даа. Харин олны хөлөөс хол газар тэр надтай тусгайлан гар барьсан. Би бараг л ухаан алдах дөхсөн шүү.
Г.О: Хөгжилтэй юм аа.
К.М: Дараа нь Боб Дилан болон Фрэнк Синатра нартай уулзах аз тохиосон. Фрэнк бүр миний уруул дээр үнсээд, надад шүлтүүргүй тамхи өгсөн гээч.
Г.О: Би тамхи татвал, тэгэхдээ бүр Фрэнктэй цуг гэвэл ухаан алдах байх аа.
К.М: Домог болсон хүмүүстэй уулзахын тулд ухаан алдахаас ч буцахгүй ээ.
Г.О: Энэ түүх цааш хэрхэн үргэлжилсэн бэ?
К.М: Гайхалтай. Тэр жижигхэн цэнхэр нүдээ эргэлдүүлээд л, тэгэхэд би Жонни Депптэй (экс найз залуу) хамт явсан юм. Фрэнкийн өрөөнд ороод түүний анхаарлыг татахын тулд тамхиа баагиулаад л сууж байв. Гэтэл тэр гэнэт “Та энд юу хийж байгаа билээ” гэхэд нь би “Төрсөн өдрийн мэнд хүргэе, Фрэнк” гээд гарыг нь атгасан.
Г.О: Гайхалтай. Тэгээд…?
К.М: Түүний 80 насны төрсөн өдрөөр болсон явдал.
Г.О: Фрэнк чамд зориулаад “Strangers in the night”-аа дуулсан уу?
К.М: Үгүй ээ, тэр концертийн үеэр бүгдэд зориулж дуулсан.
Г.О: Та үргэлж аялдаг. Харин үргэлж нэгдүгээр зэрэглэлээр нисэх уйтгартай санагдаж байсан тохиолдол бий юү.
К.М: Нэг удаа би энгийн нислэгээр нисээд, хамаг тээшээ алдаж байсан. Миний хамгийн хайртай даашинз, бикини бүгд алга болсон.
Г.М: Загварын донтоны хар өдөр байж дээ.
К.М: Би загварын донтон биш шүү.
Г.М: Тийм ээ, чи мөн. Булзах гээ юү.
К.М: Үгүй, би хэзээ ч загварын донтон байгаагүй, байх ч үгүй.
Г.М: Тийм байж, гэхдээ л та хувцаслалтдаа маш их анхаардаг нэгэн биз дээ.
К.М: Би сайхан хувцсанд дуртай. Гэхдээ би нэг ч удаа шоппин хийж үзээгүй. Нээрээ шүү, нэг ч удаа.
К.М: Нэр алдрыг минь дагаж ирдэг юм. Харин би эртний эдлэлийн дэлгүүр хэсэх дуртай. Өөрийн өмсдөг хувцсуудаа би охиндоо зориулж хадгалдаг. Тэр 16 нас хүрээд өмсөж эхлэх байх. Гэхдээ түүнд миний 17 насандаа мөрөөдөөд ч авч чаддаггүй байсан брэндийн хувцаснууд очно. “Оройн хоолоо битгий ид, тэгэхгүй бол чи миний хувцсыг өмсөж чадахгүй шүү. Хэрэв чи өндөр болохгүй бол миний хувцас таарахгүй” гэхчилэн “сүрдүүлж” байгаа. Тэр ёстой л загварын донтон болно байх.
Г.О: Охин чинь хэдэн настай вэ?
К.М: 6
Г.О: Миний хүү наймтай. Тэр ч охидын хайрыг татсан нэгэн болно байх аа.
К.М: -Охин маань өөрөөс нь ах хөвгүүдэд дуртай. Чи надад зургийг нь үзүүл дээ (Тэгтэл тэр үзээд дуу алдан) тэр тослог арьстай юм гээч.
Г.О: Харамсалтай нь миний хүү гэрлэчихсэн байна билээ (инээв). Сургууль дээрээ ангийнхаа охинтой гэрлэчихсэн гээд бөгж зүүгээд ирсэн шүү дээ. “Та хоёр одоо үргэлж цуг байх уу” гэж асуутал “Би заавал тэгэх ёстой юм уу?” гэсэн. Миний хүү ухаалаг байгаа биз.
К.М: Лила (түүний охин) гурван нөхөртэй болно гэж надад хэлсэн. Хүүхдүүд нээрээ ухаан санаанд багтамгүй зүйл ярьдаг шүү.
Г.О: Энэ Оскарын (Гленний хүү) Ямайкийн “Golden Eye” амралтын газар авахуулсан зураг байна, үзэх үү?
К.М: Өө, би бас энд очиж байсан юм байна.
Г.О: Мэдсээн, тэнд чиний тарьсан мод байна лээ. Чамтай хамт мод ургуулж байгаадаа баяртай байна.
К.М: Чи “River Phoenix”-ийн модыг харсан уу, үнэхээр том байгаа биз.
Г.О: Харин чи ойрын үед Жоннитой хамт тийшээ явах хэрэгтэй байх аа. Түүний тарьсан мод хатчихсан байна лээ.
К.М: Би хүргэж өгнө өө.
Г.О: Би чамайг ийм хэвээр чинь маш олон жил харлаа. Яаж биеийн жингээ тогтмол барьдаг юм бэ?
К.М: Мэдэхгүй, магадгүй төрөлхийн байх. Дасгал хийнэ гэдэг миний дуртай зүйлсийн жагсаалтад байдаггүй эд.
Г.О: Чи үргэлж л ийм туранхай байсан уу?
К.М: Тийм ээ, загварын шоунд оролцоод ийш тийшээ нисэх зуур хэн ч намайг хооллодоггүй. Загварын шоуны тайзны ард ямар ч хоол хүнс байхгүй. Тиймээс олон жил загвар өмссөн хүмүүс хооллохыг мартчихдаг. Би нэг өдөр санаандгүй толины өмнө нүцгэн зогсоод өөрийгөө хартал үнэхээр туранхай байсан. Би бүр өөрийгөө үзэн ядсан.
Г.О: Хэрвээ чиний бие одоогийнхоос өөр байсан бол гэж боддог уу. Жишээ нь, бага зэрэг өндөр байсан бол?
К.М: Би өндөр, том хөхтэй, магадгүй Амазоны охин байсан бол байдаг л нэгэн болох байсан.
Г.О: Чи эрчүүдтэй уулзахдаа хамгийн түрүүнд юуг нь анхаардаг вэ?
К.М: Нүд, уруул… мэдэхгүй юм даа.
Г.О: Харин эмэгтэйчүүдтэй уулзахдаа…?
К.М: Мэдээж хөх, яг л эрчүүд шиг өлсгөлөн харцаар ширтэнэ гээч (инээв).
Г.О: Тэгвэл “хөхөнд дурлагч эр минь” чи хиймэл хөхтэй болохын талаар ямар бодолтой байдаг вэ?
К.М: Байж болохгүй зүйл. Миний цөөнгүй найз хиймэл хөхтэй болсон, тэд бүгд буруу алхам хийсэн. Нэгнийх нь хөх томорч ургаад, товчноос нь цус гарч эхэлсэн.
Г.О: Модель, супер модель хоёрын хооронд хэр том ялгаа байдаг вэ?
К.М: Хэлж мэдэхгүй юм даа. “Vogue”-ийн нүүр хуудсанд хэн олон, цөөн гарсан бэ гэдгээс л хамаардаг юм шиг. Энэ бол муухай зүйл.
Г.О: Чи загварын ертөнцийн тухай ихийг мэдэх нэгэн гэж өөрийгөө боддог уу?
К.М: Би тасралтгүй 20 жил загвар өмслөө. Энэ зуур юу эсийг үзэж, мэдэх вэ дээ.
Г.О: Чамд нөлөөлсөн, чамайг гайхашруулсан загвар өмсөгч хэр олныг мэдэх вэ?
К.М: 1960-аад оны моделиуд догь санагддаг. Жишээ нь, Верушка ч юм уу. Ричард Аведон, Ирвин Пеннийн зургуудыг харахад охид нь үнэхээр хүчирхэг, сайхан харагддаг.
Г.О: Чи загварт өөрөө суралцсан байх аа.
К.М: Тийм ээ, би өөрөө суралцсан. Гэхдээ Коринне Дэй намайг өөрийгөө нээхэд тусалсан. 15 настай байхдаа би өөрчлөгдмөөр байна, том хөхтэй болмоор байна, Синди Кроуфорд шиг харагдахын хүслэн байсан. Харин тэр чи бол хүчирхэг гэж өөрт минь мэдрүүлсэн.