Зүгээр ч нэг “ойлгомжгүй” биш бүр “хамгийн тэнэг” гэж тодотгон нийтэлсэн нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Сонсоод байх нь зарим нэг нь бүр “хэт” таалагдсаныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Харин танд…? Жич: Зарим бичлэгний чанарыг сайжруулж үзээрэй.
1. “#Seapunk”
Энэ нь Электроник Дэнс / “Electronic Dance” хөгжмийн нэгэн жанр бөгөөд хэсэг бүлэг хүмүүсийн онлайнаар тархаасан хувцас загвар болон дизайн стилийн хувьд бусдаас ялгагддаг хөгжмийн урсгал гэнэ. Энэ жанраар хамгийн анх уран бүтээл хийж эхэлсэн нь дуучин “Zombelle” бөгөөд “Tropicult EP” цомгоо гаргаад байгаа юм байна. Сонирхогч нь оюу эрдэнийн ногоон, цэнхэр зэрэг тод өнгөөр үс, нүүрээ будаж хувцаслах бөгөөд “Sea – Punk” гэдэг утгаараа далай / устай холбоотой хувцасладаг байна.
2. “Crunkcore”
“Crunk Punk” / “Screamo Crunk” / “Crunk Rock” гэх зэрэг олон нэршилтэй энэ жанрын хувьд “Hardcore” ба “Heavy Metal” жанрын нэгдмэл урсгал гэж ерөнхийлөн тайлбарлаж болох юм. Үүсэл гарлыг 2005 оноос эхтэй гэж үзсэн бөгөөд Америкийн “Panic! At the Disco” хамтлаг анх “Emo” ба “Electronic” хөгжмийг хослуулж уран бүтээлээ хийсэн үеэс санаа авч үүссэн гэжээ. Тэмдэглүүштэй хамтлагуудад “Brokencyde”, “3OH!3” зэргийг нэрлэж байна.
3. “Donk”
“Bouncy House” / “Bouncy Techno” гэдэг нэрээр нь хүмүүсийн мэддэг энэ жанрын хувьд 1990-ээд оноос Шотланд болон Хойд Англиас эхтэй “Hardcore Dance” хөгжмийн давалгаа ажээ. Нэг их дуулалт байхгүй хөгжмийн эрчтэй хэмнэл бүхий энэ жанрыг сүүлийн жилүүдэд хамгийн “тэнэг” урсгалаар хэдэнтээ нэрлэжээ.
4. “Grebo”
1980 – 1990-ээд онд Их Британийн соёлын нэг хэсэг болж “мэндэлсэн” энэ урсгалаар тоглодог гол уран бүтээлч нь “Pop Will Eat Itself” бөгөөд “хит” болж байсан дуу нь энэ ажээ. “Гребо” урсгал сонирхогч нь үсээ хэсэгчилж хуссан, эсвэл Боб Марли хэв маягийн үсний засалттай, эсвэл бүр үсээ сүлжсэн байх тохиолдол олонтаа бөгөөд шоотой цамц, арьсан яак, цэрэг армийн хувцас өмсөж этгээд малгай, ороолтоор чимэх ажээ. Сүүлийн үед энэ чиглэл өөр урсгал руу хэвийж төдийлөн нэр хүндтэй байх нь үгүй болжээ.
5. “Viking Metal”
“Black Metal” урсгалын төлөөлөл болсон эмх замбараагүй хөгжмийн тоглолт, Норвеги домог яриа, хүүрнэл бүхий ойлгомжгүй энэ жанрыг 1980-аад оны сүүлчээс Скандиновт үүссэн гэдэг. Норвегийн ардын хөгжим ч гэж зүйрлэж үзэх тохиолдол бий бөгөөд Англи, Орос, Европын орнуудын Викингчүүдэд түлхүү тархжээ.
6. “Tumblr – wave”
“The Guardian” сэтгүүлд дурьдсанчлан дээрх жанрын тухай мэдээлэл онлайнаар төдий л тархаагүй байсан бөгөөд энэ урсгалаар уран бүтээл хийдэг нэг л реппэр эмэгтэй байдаг нь Китти Прайд хэмээх энэ охин гэнэ. Дууг нь сонсоод нэг иймэрхүү урсгал юм байна даа гэсэн төсөөллийг авах биз ээ.
7. “Hip Hopera”
“Rap Opera” ч гэж нэрлэдэг эл урсгал 1970-аад оны эхэн үеэс Америкт үүсчээ. “Rock Opera”-гаас санаа авч гарсан “Hip Hopera” нь хип хоп дуурийн хослол юм. Мэргэжлийн түвшинд гэхээсээ илүү ашгийн бус чөлөөт уран бүтээлчид энэ төрлөөр ганц нэг уран бүтээл хийдэг.
8. “Celtic Punk”
Баруун Европын Кельтийн гэгдэх үндэсний уламжлал хөгжмийг “Punk Rock” урсгалтай хослуулсан хөгжмийн энэ урсгал 1980-аад онд Лондонд үүссэн байна. Улс төрийн сэдвийг голлон авч хэлэлцэх энэ урсгалын дуунуудад Ирландын ажилчин анги, тусгаар тогтнол гэх зэргийг тунхаглан дуулсан байдаг.
9. “Flametal”
Францын “Flamenco” хөгжмийн жанрыг “Metal” урсгалтай хослуулсан хөгжмийн урсгалын нэг төрөл юм байна. "Фламенко" хөгжмийн аянд улаан даашинз өмссөн бүсгүйчүүд алгаа ташин хөлөө товшин бүжиж, аялгуу хөг эгшиг болоод Франц дуундаа уян налархай эротик хөдөлгөөн хийн наадах нь "Метал" урсгалтай хэрхэн хосолсон юм бол?
10. “Post – Internet”
“The Guardian” сэтгүүлд нийтэлсэн хөгжмийн энэ жанрын тухай мэдээлэл хараахан байхгүй байсан бөгөөд ямартаа ч төлөөлөл болгон хүргэсэн Канадын уран бүтээлчийн дараах дууг сонирхуулж байна. Тэрээр энэхүү дууныхаа стилийг “орчин үеийн” шинэ, шинэлэг мэдрэмж өгөх аялгуу хэмээн тодорхойлсон бөгөөд энэ урсгалын талаарх мэдээллийн олдоц хүртээмж бага байгааг өнөө цагт олноор сураг алдарсан хөгжмийн урсгал, жанрын сан хөмрөг, мэдээлэл дутмаг болсонтой холбон тайлбарласан юм.