Дөнгөж 19 настай гэхэд Селена Гомез Шоубизнест өөрийн гэсэн давтагдашгүй орон зайгаа бий болгож чаджээ. Телевиз болон дуу хөгжмийн од, загварын ертөнцийн бизнес хатагтай, бас Жастины зүрхний “нөгөө тал”-ын хувьд Бийберчүүдийн атаархлыг төрүүлдэг нэгэн. Угийн шийдэмгий зантай тэрээр одоо Холливудын шинэ IT Охин болохоор зориг шулуудаад байгаа аж.
Бид Флоридагийн St.Petersburg-ийн эргээс 3,5 кмийн холд Suite Jolene усан онгоц хөлөглөөд замдаа явж байна. Би, Шине Мексикийн хөтлөгч асан яриасаг “Ахмад Жек” буюу Жессе, 100 гаруй кг жинтэй, 2 гаруй метр өндөртэй “дөрвөлжин” бие хамгаалагч, тэгээд түүний өнгөрсөн 26 өдрийн турш том биеэрээ “сүүдэрлэж”явсан уян налархай, дотроосоо гэрэлтэгч залуу бүсгүй, бид 4 байсан юм. Залуу бүсгүй ухлаадастай зуны хар майк, богинохон хар жийнсэн шорт, туяатай кобра шил, бас Холливудын төрөлхийн хээнцэр байдлаараа өөрийгөө гоёсон байв. Биднийг эхний зогсоол дээрээ очиход дунд эргэм насны хоёр эмэгтэй түүн рүү яг л “Тэр мөн гэж үү? Нээрээ юу? Яаж тэр вэ?” гэсэн харцаар, кино хальснаас амилаад гараад ирсэн хүнийг харж байгаа юм шиг нүдээр цоо ширтэж байсан юм.
Селена Гомез уг нь кино од биш. Арай л болоогүй. Гэхдээ 19 насандаа тэр телевизийн шуугиант од болж чадсан юм. Түүний тоголдог Диснейн шоу, саяхан сүүлийн 4 дэх улиралынхаа зураг авалтыг дуусгасан Эммигийн шагналт “Wizards of Waverly place” зэрэг олон ангит кинонууд нь 14-өөс доош насныхны үзэх дуртай телевизийн топ хөтөлбөр болж чадсан. Одоо энэ шоунууд нь 162 оронд, 32 хэлээр цацагдаж байгаа. Тэр бол поп од. Түүний “Selena Gomez & The Scene” хамтлаг гурван ч алтан цомог гаргаад амжсан. Хамгийн сүүлийн “Наран жаргахад…” цомогт нь л гэхэд түүний шижир сингл “Love you like a love song” нь орсон билээ. Тэр бол хувцас загварыг эзэгнэгч. “Dream out loud” хэмээх түүний насанд хүрэгчдэд зориулсан тод, цоглог өнгийн хувцасны коллекц нь өнгөрсөн жил л гэхэд 100 сая долларын ашиг хийсэн. Дээрээс нь, өнгөрсөн 5 дугаар сард тэр өөрийн нэрийн анхны үнэртэнг гаргасан. Тэр одоо Майкл Жексоны “сарны алхалт”-аас хойшхи Холливудад хамгийн их шуугиан тарьж, амжилтанд хүрсэн залуу хүү Жастин Бибертэй үерхэж байгаа. Тэд бол одоо мандаж байгаа шинэ үеийнхний хувьд Бранжелина (Брэд&Анжелина) л гэсэн үг.
Гомез бас хэд хэдэн “гэр бүлийн” кинонуудад тоглоод авсан. “Ramona and the Beezus”-д чанга эгчийн дүрийг, Николь Кидмэнийн найруулсан орчин үеийн “Гүнж ба гуйлгачин”-гийн үлгэр “Monte Carlo” кинонд гол дүрийг бүтээсэн нь түүнд кино шүүмжлэгчдийн зүггээс чамгүй үнэлгээг авчирсан. Гэсэн ч үүгээрээ тэр итгэл хүлээхүйц жүжигчний карьерийг бий болгож чадах болов уу? Хичээсээр л байгаа бяцхан гүнжийг хайрламаар санагдана. Учир нь түүний замналаар явсан олон одод уналтанд орж байсан. Линдсей Лоханаас авахуулаад.
“Надад ихэвчлэн өсвөр насныханд зориулсан киноны санал ирдэг. Би ч хүлээж авдаг. Би Трансформерс кино шиг хэдэн зуун сая доллар хийгээгүй, угаасаа ч тэр миний хүсэж байгаа зүйл биш” Үүний оронд Гомез өөр бодлого баримталж байгаа аж. Тэр яг одоо хачин жигтэй бүтээлтэй найруулагч гэгддэг Хэрмони Корайны “Spring Breakers” киноны зураг авалтанд орохоор Флоридад ирээд байгаа аж. Гомез энэ кинонд хаврын амралтаа юунаас ч айдаггүй “галзуу” охидтой (Ванесса Хадженс, Эшли Бэнсон, Рейчел Корайн) цуг өнгөрүүлэхээс өөр аргагүй болсон, бурхнаас айдаг Католик охин Faith-ийн дүрийг бүтээж байгаа юм. Түүнийг хар тамхины наймаачин хулгайлж одсоноор киноны адал явдал өрнөх аж. “Хэрмонигийн кинонууд дан студийн бүтээл, эсвэл ямар нэг арилжааны зорилготой байдаггүй. Миний Телевизийн шоу, миний дуунууд, энэ бүгдийг би шүтэн бишрэгчиддээ зориулж хийдэг. Гэхдээ энэ кинонд би зөвхөн өөртөө зориулж тоглож байгаа. Би өөрийгөө шахаж, дайчилмаар санагдсан юм”
Нэгэнт цугларсан фэнүүдийн давалгаагаа түрхэн ч болов орхиод, өөр төрлийн кинонд тоглоно гэдэг бас л эрсдэлтэй тоглоом. Ийм тоглоомонд зөвхөн Райн Гозлинг л ялж байсан. Тэр Дисней, Никелодеон, Фокс Кидсийн тайзнаас том үсрэлт хийж бокс оффисын “зүрхний хулгайч”-ийн статусыг бий болгосон. Гэсэн ч, хүүхдүүдээс өсвөр насныхан хүртэлх хүн бүхэн Гомезд хайртай. Заримдаа түүнийг хаа явсан газар нь дагаж явах жаахан хүүхдүүдийн харцнаас зугатаахаас өөр аргагүй болно. “Намайг энэ киноны зураг авалтанд ороод F… гэдэг үгийг хэлж байхыг хажуунаас 5, 6-хан настай хүүхдүүд харахад надад маш хэцүү байдаг. Би тэдэн дээр очоод энэ киног битгий үзээрэй, гуйя гэж хэлдэг”
Рейчел Корайн: “Түүний тусламжтайгаар би түүний, тэр миний ертөнцтэй нэг алхмаар ойртсон. Тэгээд бид хоёулаа өмнө нь байж үзээгүй ертөнцдөө ирсэн. Энэ миний хувьд маш сонирхолтой байгаа”. Рейчел Селенагийн секси, өхөөрдөм хоёрыг хослуулсан төрх нь энэ кинонд яг тохирно гэж үзсэн аж. Агент, менежерээр хүрээлүүлсэн түүний ертөнц яг л зогсолтгүй эргэх хүрд шиг. Тэгсэн хирнээ л тэр хажуугаар нь өөртөө цаг гаргаж чаддаг. Түүнд шоубизнесийг бүх амьдралаа болгох сонголт байсан ч тэр зөвшөөрөөгүй. “Жүжиглэж, дуулж, бүжиглэж, гарын үсэг зураад л гүйхгүй бол Диснейд байх боломжгүй гэж хүмүүс боддог. Гэхдээ тийм биш ээ, би үргэлж л юм бүхнийг өөрийнхөө хүссэнээр хийдэг байсан. Би зүгээр л өөрийгөө бэлэн болсон гэж бодсон цагтаа дуу хийхээр шийдсэн юм. Дараа нь хувцасны коллекц гаргахаар шийдсэн. Бурхан минь, надад ирсэн саналуудыг уу, миний царай, миний зурагнуудтай хувцас гаргана гээд л, энэ ердөө ч миний хүссэн зүйл биш. Би бизнесийн хэлэлцээр хийж чадахгүй л дээ, гэхдээ би намайг үл хүндэлж байгаа хүмүүсийн эсрэг зогсож чадна”
Хувийн амьдралын хувьд, тэр сонин болгон дээр алгасалгүй гарч, папарациудын дуранд өртдөгтөө санасныг бодвол бага бухимддаг аж. 18 настай Бийбэр тэр хоёрын үерхэл онлайн хов живийн бай болдог ч гэсэн Гомез энэ бүхнийг үл тоомсорлодог юм байна. “Хүмүүсийн хандалтыг л өсгөх гэж хийдэг зүйл. Үнэндээ бол хямдхан мэдээллүүд”. Бийбер тэр хоёр өөрсдийг нь нууцаар авч мөшгиж байгаа хүмүүсээс бушуухан холддог. “Жастин энэ тал дээр маш хатуу байр суурьтай. Яагаад гэвэл бидэн шиг залуу хүмүүст энэ бүхэн шударга биш санагддаг”. Тиймээс ч Гомез үерхлийнхээ тухай ам нээхийг хүссэнгүй. “Бидний талаар сэтгүүлчдийн мэдэхгүй зүйл ч бас бий гэж бардам хэлж чадна. Үүндээ ч баяртай байна”. Өнгөрсөн 9 дүгээр сард Жастин Бийбэрийг Селенатай цуг хоёулахнаа Титаник үзэхийн тулд Staples Center-ийн талбайг бүхлээр нь түрээслэж авсан гэсэн дуулиан тараад байсан. Энэ тухай дурдахад тэр “Хэрэв би түүний тухай ямар нэг юм ярих ёстой бол, Жастин үнэхээр романтик л гэж хэлэх байна. Би зүгээр л машинд сууж байхдаа, дахиад нэг удаа Титаник үзэх юмсан гээд яриан дундаа хэлчихсэн юм. Гэтэл тэр…”
Бийбер бол түүнийг хараад алмайрсан цорын ганц хүн биш. 3 жилийн өмнө анх удаа Эммигийн шагнал гардуулах ёслол дээр Marchesa-гийн саарал өнгийн шиффонон даашинз өмсөж оролцсоноосоо хойш тэрээр “улаан хивсний шилдэг даашинзтай од”-оор тоймгүй олон удаа тодорсон. Giorgio Armani, Emilio Pucci, Reem Acra, Dolce and Gabbana нар бол түүний хайртай дизайнерууд. Хамгийн сүүлд 2011 оны Vanity Fair сэтгүүлийн Оскарын дараах үдэшлэг дээр Бийбер тэр хоёр анх удаа хувцсаараа хослож хүмүүсийн харааг булаасан.
Селена Гомез энэ жил Өмнөд Африкаар аялан тоглолт хийгээд явж байхдаа, тэр аюултай киноны продюссер Эли Ротын “Aftershock”-ын зураг авалтаар дайраад гарчээ. “Би түүнийг 10 минут болчихоод л явах байх гэж бодсон ч тэр тэнд 3 цаг байсан.” Тэгмэгц Рот тэр дор нь Селенад өөрийнхөө кинонд тоглох жижигхээн хэсэг оноогоод өгчихөж. “Би Хэрмони Корайнд Селенаг өөрийнхөө кинонд түрүүлж тоглуулж чадсан гэж онгирохыг хүссэн юм.” Тэгээд л нүд ирмэхийн зуур түүний хэсгийн зураг авалтыг хийгээд дуусчихсан гэнэ. “Ганцхан сургуулилаад л тэр бүхнийг гайхшруулж орхисон. Диснейн одын хувьд миний киноны зураг авалтын тайзны буланд гишгэх нь хүртэл хориотой баймаарсан. Дисней бол маш хүчирхэг брэнд учраас, үүнтэй орооцолдсон бүхэн тодорхой хайрцганд орохоос өөр аргагүй болдог. Гэхдээ Селенагийн зөн совин түүнийг өөр зүг рүү явахыг шаардаад байгаа. Тэр харанхуй зохиолоос ч айхгүй байгаа. Яг л Жонни Деппийн жишээ шиг. Жонни уг нь Tiger Beat-ын өсвөр насны од байсан. Гэхдээ тэр нэг л өдөр, Тим Бюртон, Жон Ватерс нарын кинонд тоглоно гэж зоригтойгоор хэлсэн.”
Эли Ротын ингэж хэлсэн тухай нь Селенад дуулгахад тэр хоёр гараараа нүүрээ таглаж, хойшоо савсхийгээд “Аааааах. Бурхан минь. Эли тэгсэн гэж үү?” гэж уулга алдлаа. Гэхдээ тэр түүний хэлсэн санааг үгүйсгэхийг хүссэнгүй. “Эли надад, хэн ч жинхэнэ чамайг одоохондоо мэдэхгүй байгаа. Энэ чигээрээ яваад л бай. Хүмүүсийг цочролд оруул гэж хэлсэн нь миний санаанаас огт гарахгүй байгаа”
Гомез Техасын Grand Praiie хотод ээж Амандатайгаа цуг өсчээ. Ээж нь түүнийг 16 насандаа төрүүлж, ааваас нь 4 жилийн дараа салсан аж. Театрын жүжигчин мэргэжилтэй Аманда охиноо юугаар ч дутаахгүй өсгөхийн тулд хэд хэдэн ажил давхар хийдэг байсан юм. “Бид хоёрт бензиний мөнгө байхгүйгээс болоод зам дээр машинтайгаа гацаж байсан тохиолдол лав миний санахаар 7 бий” гэж Гомез ярьж байв. Тэгсэн ч түүний ээж Гомезыг музей, тоглолт, цэцэрлэгт хүрээлэнгээр дагуулж явахын тулд мөнгөө хураадаг байжээ. “Ээж минь надад бодит хорвоо ертөнцийг танин мэдүүлэхийн тулд их хичээдэг байсан”
5 настай байхдаа Гомез зурагтаар Женнифер Лопезыг “Селена” кинонд тоглож байхыг нь олж харчээ. Тэгээд л шууд өөрийнхөө нэрний “нэрэмжит” стилийг тэндээс “хулгайлж” л дээ. “Би усны хувцсаа хараар будаж тайраад корсет болгож байсан. Тэгээд дээр нь цавуу саа асгаж өмсчихөөд, тайлахгүй гэж зөрүүдлэдэг байлаа” Тэр 7 настай байхдаа анх удаа телевизийн шалгаруулалтанд орж байжээ. “Тэр өдөр их халуун байсан. Барилгыг 3 дамнаж тойрсон1400 хүүхэд шалгаруулалтанд орох гээд дугаарлачихсан байсан юм. Ээж минь гэр лүүгээ харья гэж хэлсэн ч би тэнд үлдэхийг хүссэн” Тэр өдөртөө Селена PBS-ийн Barney&Friends кинонд дүр авч гэнэ. Хэдэн жилийн дараа түүний амьдралд Дисней суваг орж ирсэн гэдэг. Тэр үед Селена “Wizards Of Waverly Place”-ийн зураг авалтанд орох гээд Лос Анжелост ирчихсэн байж. Тэр үед Селена Диснейн ертөнцөд тохирохын тулд, Диснейгээс төрсөн одууд болох Хилари Дафф, Бритни Спийрс, болон Friends-ийн Женнифер Энистон нараас үлгэр дууриал авч дэглэмж барьдаг байсан гэнэ. “Би Энистон шиг хувцаслаж, үсээ түүн шиг болгодог байсан. Би түүнийг орой бүр 22 цагаас 33 дугаар сувгаар үздэг байсан юм”
Гомезыг анх Диснейн сувгаар гарч эхлэснээс хойш АНУ-ын Испани гаралтай оршин суугчдын тоо 31 хувиар өсч 50,5 сая болсон бол, тус сувгийг нэвтрүүлдэг Латин Америкийн сүлжээ 2001 онд 12 байсан бол одоо 100 болж эрс өсчээ. Харин Диснейн олон ангит киноны гол дүрд тоглосон анхны Латин Америк охины хувьд Гомезд ирсэн шагнал илүү хувийн шинж чанартай байсан юм. “Миний үеийн өсвөр насныхан бүгд шаргал үстэй, цайвар өнгийн нүдтэй байсан. Надад ч бас тэдэн шиг болохыг хүсч байсан үе бий. Латин аав ээжүүд надад хандаж эхлэхээс өмнө би өөрийнхөө яс үндэс, удам угсаа, соёлыг төлөөлөх нь ямар чухал гэдгийг ойлгодоггүй байсан юм. Тэгээд л би ойлгосон. Би үүнээс өөр үеийн, өөр соёлын төлөөлөл болж чадах юм байна аа гэдгээ.”