Дүрүүд:
Mei Lan Fang: Хятад залуу 22 настай
Сэмбэрүү: Лан Пангийн гэргий 21 настай, монгол бүсгүй
Хангай: Сэмбэрүүгийн аав
Зохиолч: Ц.Баттуяа
Эхлэл
Хурим. Талбайн голд маш олон хүн бөөгнөрчээ. Тэдний голд цагаан даашинзтай бүсгүй, цагаан костюм пиджактай залуу хоёр инээмсэглэн зогсоно. Тэдний байгаа байдал нь их л аз жаргалтай байгааг нь илтгэнэ. Залуу нь хятад хүн болох нь харваас тодорхой бөгөөд харин бүсгүй нь цэвэр халх. Хуримлагч хосыг тойрсон хүмүүсийн дотор ч хятад хүн нэлээн олон байна.
Тэд хуримын бүжиг хийнэ. Хуримлагч хоёрын бүжиж байгаа нь нуурын мандал дээр хөвөх хос хунгийн адил харагдах бөгөөд тэднийг тойрсон хүмүүс бундан хэлбэр үүсгэн зогсоцгоосон байна.
Нэгдүгээр үзэгдэл.
“Чингэс хаан” нисэх буудал. Үй олны их хөдөлгөөн дунд бидний танил хоёр зогсож байна. Тэдэнтэй хамт бүсгүйн ээж Өлзий, аав Хангай мөн ангийнхан нь байх ажээ.
Ангийн дарга:-Бид дөрвөн жил нэг үүрэнд торнилоо. Дөнгөж энэ хавар л бид жигүүрээ дэлгэн, өөр өөрийн зорьсон зүгт нисэцгээх гэж байна. ХаринСэмбэрүү, Лан Пан хоёр маань нэгэн зүгт нисч байгаад бид баяртай байна. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд хуримынхаа маргааш л хятад руу явна гэхэд ангийнхан чинь жаахан балмагдсан шүү. Гэвч энэ замыг сонгосондоо харамсаж, эргэж буцахгүй гэдэгт чинь итгэлтэй байна. /холын замд үдэн гаргах ёслол хийнэ/.
/Гэтэл хэн нэг нь/:
Хөөрхөн халиун долгио шүү
Хөлд нь сууж ээ бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж ээ л дасаарай /бүгд дуулна/.
Тэднийг ийнхүү үдэн гаргахдаа хэн ч харамсахгүй байгаа нь нүднээс нь илт бөгөөд хосууд ч тун сэтгэл хангалуун байгаа харагдана.
Онгоц хөөрөх дуу гарна.
Хоёрдугаар үзэгдэл.
/Гурван сарын дараа/
Лан Паны хятад дахь гэрт хос 2 сууж байна. Тэдний бие биенээ харах нь их л энхрий агаад биестээ зориулсан хайраа багтааж ядан байх шиг. Залуу бүсгүйдээ энхрий үгс шивнэнэ.
Лан Пан: Хайрт минь, чи жаргалтай байна уу? /Бүсгүйгээ энхрийлэн, үсийг нь илбэнэ/
Гэтэл гаднаас нэгэн уравгар залуу орж ирээд:
-Машин бэлэн боллоо. /Залуу босно. Сэмбэрүү түүнд ширээн дээрээс урьдчилан бэлдсэн халуун савтай хоолыг авч өгнө./
Сэмбэрүү: Хэзээ ирэх вэ? /тунирхсан аяс үзүүлнэ/
Лан Пан: –Ажил хэзээ дуусна. Тэр цагт ирнэ. /бүсгүйгээ тэвэрнэ/. Гарч одно.
Бүсгүй залуугийн өөрт нь өгсөн хувцасны шүүгээг уудлан хувцаснуудаа өмсөж, толины өмнө эргэлдсээр харанхуй болгоно. Цагийн харанга цохино.Сэмбэрүү орой болсныг гэнэт ухаарна.
Сэмбэрүү:-Бүтэн өдөржин янз бүрийн хувцас өмсөн толины өмнө эргэлдсээр цаг орой болсныг ч анзаарсангүй. Удахгүй нөхөр маань ирнэ. Тэр минь миний төлөө өглөөнөөс орой хүртэл ямар ч амралтгүй л ажиллах юм. Гэтэл би гэртээ сууж, бүтэн өдрийн турш өөрийгөө зугаацуулахаас өөр юу ч хийхгүй. Хэтэрхий жаргалтай байна даа. Бүтэн гурван сар өнгөрчихөөд байхад ганц хоол сайн хийгээд сурчихаж ч чадаагүй. Орой болгон л гоймон таваглаад, нөхрөө угтана. Ядахдаа гэрээ ч сайн цэвэрлэчихэж чадахгүй шүү. Уг нь надаас өөр хүн бол өөрийгөө зугаацуулах аргаа бодож суухын оронд ядаж хоолны жор судалж суух байсан даа. Аав ээж хоёр ч намайг их л эрхлүүлдэг байж. Одоо ч бас Лан Пан эрхлүүлээд байхаар би ч өөрөө юм сурья гэж бодохгүй нь бололтой. Энэ янзаараа бол эрх Сээгий хэзээ ч засрахгүй нь шив. Ямар ч байсан чаддагаараа гоймонгоо л чаная даа.
/гэж хэлээд, гал тогооны өрөө рүү гүйнэ/
Цагийн зүү нэгийн тоог заана. Лан Пан гэртээ орж ирнэ.
Лан Пан: -Өнөөдөр маш муу өдөр байлаа. Олигтой ч орлого орсонгүй /үглэнэ. Сэмбэрүү нөхрийн орж ирэх чимээнээр нэлээн нойрмоглосон янзтай түүн дээр ирнэ/
Сэмбэрүү: -Чи минь их ядрав уу? /Хувцасыг нь тайлна/
Лан Пан: -Их ядарлаа. Урьд урьдынхаас бүр илүү их ядарлаа.
Сэмбэрүү: -Яагаа вэ? Ажил дээр чинь ямар нэгэн асуудал гараа юу, хайрт минь?
Лан Пан: Тийм ээ. Маш том асуудал гарчихаад байна. Нэг томоохон түнш маань Жан Жао-гийн пүүстэй гэрээ байгуулчихаж. Манайхаас түншийнхээ харилцааг нэгмөсөн тасалж байгаа юм байх аа
Сэмбэрүү: -Тийм чухал түнш юм уу?
Лан Пан: -Чухлаар барах уу даа. Манай пүүсийн сарын орлогын 30 хувийг ганцаараа оруулдаг байсан юм. Сүүлийн хэдэн өдөр орлого бага байна. Гэтэл бас нэг чухал түншээ алдчихлаа.
Сэмбэрүү: -Хайрт минь тайвшир. Бүх юм сайхан болно. Чи минь өдөржин завгүй ажиллаад, өлсөө биз дээ. Хоолоо идээд, эртхэн унтаж амарцгаая. Маргааш ч бас их ажилтай байх биз.
Лан Пан: -Ямар хоол хийсэн юм бэ?
Сэмбэрүү: -Гоймон /гэж итгэл муутайгаар хэлнэ/
Лан Пан: -За за, хоёулаа ер нь эртхэн унтаж амарья даа /тэд унтахаар хэвтэнэ/
Гуравдугаар үзэгдэл.
Шөнийн дөрвөн цаг. Бүсгүй зүүдлэнэ. Түүний зүүдэнд хэн нь үл мэдэгдэх нэгэн “Сэмбэрүү” хэмээн дуудна. Бүсгүй хариу дуугарах гээд дуу нь эс гарна. Тэр хүн ахиад дуудна. Сэмбэрүү ахиад л дуугарч чадсангүй. Тэр хүний дуу Сэмбэрүүд нэг л танил дотно боловч бүсгүй хэчнээн ч мэрийгээд хэн болохыг нь таньж чадсангүй. Тэр дууны эзэнд бие гэж үгүй ажээ. Гэтэл гэнэт монголын тал нутаг гарч ирнэ. Уулс нь өндөлзөн “Сэмбэрүү” хэмээн дуудна. Гэтэл бас цэцэгс ганхан бүсгүйн нэрийг дуудна. Гол мөрөн мяралзан бас л түүнийг дуудна. Гэнэт нэг чулуу байран дээрээ тонгочин “Сэмбэрүү” гэж бас л түрүүчийнхийг давтан дуудна. Гэвч бүсгүй алинд нь ч хариу хэлж эс чадна. Хэсэгхэн чимээгүй байснаа нөгөө үл таних дуу дахин гарч “Охин минь дээ” хэмээн хэлэхэд, бүсгүйн хацрыг зөөлөн гэхэд дэндүү зөөлөн гараар илбэх мэт болно. Гэвч энэ гар биш байна гэдгийг Марал мэдэрнэ. Энэ бол салхи байлаа. Гэхдээ энэ эндэхийн өөрөөр хэлбэл хятадын салхи биш байна гэдгийг мэдэрмэгц Сэмбэрүү байдаг чангаараа хашгирлаа. Гэвч түүний дуу гарсангүй гэдгийг Сэмбэрүү мэдэрнэ. Гэтэл нөхөр нь түүнийг хүчлэн сэрээнэ.
Лан Пан: -Чи яагаад хашгирав? /хажуудаа байх ширээний гэрлийг асаана/
Сэмбэрүү:-Би зүүдлэлээ /гээд зүүдээ ярихад нөхөр нь нэг их тоосонгүй/.
Лан Пан: -Сээгий, Чи минь одоо бос. Надад өглөөний цай бэлтгээд өгөөч. Би эрт явна
Сэмбэрүү: -Үгүй ээ, дөнгөж л таван цаг болж байна шүү дээ. Чи их орой унтсан. Жаахан унтаж амрахгүй юм уу. /Гэрэлд цагаа харна/
Лан Пан: -Дотор газрын хүмүүс бид чинь тахиан дуунаар босдог. Эрх Сээгий шиг үд болтол унтахгүй шүү. Үд болтол унтвал нэг зоос алдана. Нэг зоос ч их мөнгө шүү дээ /Босч, хувцасаа өмсөнө/
Сэмбэрүү: -Чи ч ёстой хятад хүн шиг ярьж байна даа. /Эвшээлгэн босч, хувцасаа өмсөөд, өрөөнөөс гарч явна/ Нутагтаа ирээд жил болоогүй байж л дотор газрын хүнийхээ дүрд орчих юм. Монголд дөрвөн жил амьдрахдаа чи арай л гэж дасаа биз дээ. Овоо монгол хүн шиг болчихсон байсан чинь…
Лан Пан: -Монголчууд үхэвч үхэр буугаа тавихгүй гэдэг. Би нэгэнт дотор газрын хүн юм чинь яаж монгол хүн болох вэ дээ. Чи ч мөн адил хятад хүн болж чадахгүй шүү дээ /Араас нь тэврэн, хүзүүн дээр нь зөөлөн үнсэнэ/
Лан Пан: – /өглөөний цайгаа ууж дуусмагц, эхнэрээ үнсээд/ Ажил бүтэмжтэй бол эрт ирнэ ээ, миний хайр битгий уйдаарай /гарч одно/
Сэмбэрүү цонхоор харан, гараа даллаад, эргэж хармагцаа санаа алдаж, аяга тавгаа хураана.
Дөрөвдүгээр үзэгдэл
Гурван сарын дараа.
Цагийн харанга үдшийн 10 цагийг цохилоо. Лан Пан гэртээ инээмсэглэн орж ирээд, эхнэрээ дуудав. Сэмбэрүү нөхрийнхөө дууг сонсмогц баярлаж, шатаар бууж ирэн, тэд тэврэлдэнэ.
Лан Пан: -Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Бүх ажил амжилттай сайхан бүтлээ. Уг нь дотор газрын хүн ажлаа эрт дуусвал дараа өдрийн ажлаа нөхөж хийдэг юм. Тэгвэл илүү нэг зоос олно. /Бүсгүйгээ тэврэн үнсэнэ/ тэр үргэлжлүүлэн:
-Гэвч би чинь чамдаа яараад, тэр нэг зоосыг салхинд хийсгэчихлээ. Аав мэдвэл ч… /Толгой сэгсрэн инээмсэглэнэ/
Сэмбэрүү: -Би чинь чамайгаа ямар их санав аа. Ийм эрт ирнэ гэдгээ хэлэхгүй дээ. Хэлсэн бол би чамдаа сайхан хоол хийчихээд сууж байхгүй юу /Хариу инээмсэглэнэ. Нөгөө өрөө рүү нөхрөө хөтөлнө/
Лан Пан: -Сайхан хоол хийнэ ээ? Чиний ганц сайн хийдэг сайхан хоол чинь гоймон л биз дээ
Сэмбэрүү: -Арай ч дээ. Би өөр хоол хийгээд сурчихсан шүү дээ. Хүнийг мэрийгээд байхад ийм юм хэлж байдаг урам хугармаар гэдэг нь. /Тунирхана/
Лан Пан: -За за, тоглож л байна шүү дээ.
Сэмбэрүү: -Чи нээрээ надад бэлэг авчирна гэсэн шүү дээ. Би бэлгээ үзье.
Лан Пан: -Одоохон /Өрөөнөөс гарч одно/.
Сэмбэрүү нөхрөө хүлээх зуураа цонхоор гаднах байдлыг ажиглаж зогсоно. Гэтэл гэнэт хэн нэг нь “Сэмбэрүү” хэмээн дуудна. Бүсгүй цочин эргэн тойрноо харна. Хоёр дахиа дуудахад Сэмбэрүү тэр дууг танина.
Сэмбэрүү: -Чи хэн бэ? Юунд намайг дуудаа вэ? /Тайвширна. Цонхон дээр эргэн очиж сууна/
Үл таних дуу:
-Би салхи байна
Сэмбэрүү: – Салхи гэнэ ээ? Аан… Та миний зүүдэнд ирж байсан миний нутгийн салхи мөн үү? /Бүр шимтэнгүй сонсоно/
Салхи: -Тийм ээ
Сэмбэрүү:-Та надад нутгийн минь мэндийг авчирав уу? /Догдолно/
Салхи: -Тийм ээ.
Сэмбэрүү: -Эх нутаг минь амар амгалан уу?
Салхи: -Тийм ээ.
Сэмбэрүү:-Эх нутаг минь таниар дамжуулж, надад юу хэлүүлэв?
Салхи: -Эх нутаг чинь чамайг санаж байна /Салхины исгэрээ ширүүснэ/
Энэ үгтэй зэрэгцэн Лан Пан өрөөнд орж ирнэ.
Лан Пан: -Сэмбэрүү, Энэ байна. /Гоёмсог зүүлт гаргаж ирнэ/
Сэмбэрүү түүнийг сонсоогүй мэт байсанд тэрээр мөрөн дээгүүр нь зөөлөн тэвэрч, авчирсан зүүлтээ хүзүүнд нь зүүж өгөхөд бүсгүй давхийн цочино.
Лан Пан: -Чи яав? /Гайхсан харцаар эхнэрээ ширтэнэ/
Сэмбэрүү:-Чи намайг цочоочихлоо. Би салхитай ярилцаж байсан юм /Уртаар амьсгаа авна. Инээмсэглэн нөхрийнхөө цээжинд наалдана/.
Лан Пан: -Салхи гэнэ ээ… Салхи тэгээд чамд юу гэж байна? /Инээмсэглэнэ/
Гэтэл утас дуугарна. Залуу утасаа авна.
Сэмбэрүү: -Салхи надад нутгийн минь мэндийг авчирсан. Нутаг минь намайг санаж байна гэнэ /Их л тайван байна/
Харин залуу түүний яриаг сонсохгүй. Утсаар ярин нүдээ том жижиг болгоно.
Лан Пан: – /Хятадаар хараал хэлнэ/. Манай пүүсийн тэнд гал гарч байна гэнэ / гүйн гарна. Бүсгүй түүнийг юу хэлснийг бас сайн сонссонгүй/
Гэтэл Салхи бүсгүйн чихэнд:
-Эх нутаг чинь чамайг санаж байна
Ээрмийн алаг чулуу хөлний чинь үнэрийг үгүйлж
Уулын догшин булаг гарын чинь илбэлтээр дутаж
Усны холд одсон охиноо эх орон чинь санаж байна
/Бүсгүйн сэтгэл догдолж, суудал дээрээ өндөлзөнө./
-Талын ганган цэцэгс наслахгүй нь дээ гэж гутарсангүй
Танхил чиний уруулаар дахиад үнсүүлэх болов уу гэж гунилаа
Говийн торгон элс тэсэхгүй нь дээ гэж гансарсангүй
Гол шиг сайхан биеийг чинь ахиад тэврэх болов уу гэж ганихарлаа
/Утас дуугарна. Гэтэл бүсгүй анзаарсангүй/
-Ээж нутаг хоёр үрээ санахдаа…
Гэтэл цонхны дороос:
-Сэмбэрүү гэж чангаар хашгирна. Бүсгүй цочин харвал нөхөр нь зогсож байна.
Лан Пан: -Чи чинь хүн дуудаад байхад сонсдоггүй яачихсан хүн бэ? Миний цүнхийг аваад, нааш нь шид. Хурдал /Их л бачимдсан дуу гарна/.
Бүсгүй сандран босч, хажуухандаа байсан цүнхийг хэсэг эрснээ олж харан, цонхоор шидэв. Нөхөр нь цүнхийг тосч авмагцаа машиндаа гүйн очиж суугаад, цааш одно.
Тавдугаар үзэгдэл
Нэлээд хэд хоногийн дараа. Өдрийн 13 цаг. Сэмбэрүү урьдын адил цонхныхоо хажууд сууж байна. Гэтэл нөхөр нь орж ирнэ. Тэрээр цүнхээ сандал дээр тавих зуураа:
-Бүх хохирлоо барагдуулчихлаа. Даатгуулсан нь л оносон байна гэж хэлнэ.
Сэмбэрүү: -Яамай даа. Чи минь одоо л нэг жаахан ч болсон амар. Сунаж үхтэлээ ажиллах юм /Босч, цай аягална/
Лан Пан: -Ажиллах хэрэгтэй. Ажиллахгүй бол ядуу болно. Манай дотор газрын улс бол ясны хөдөлмөрч улс. Тэрнийхээ хүчинд ч ядуу амьдрахгүй… Өө, нээрээ аав чинь ярьж байна лээ /Цайг авч, ганц хоёр оочилно/
Сэмбэрүү:-Тэгээд юу гэж байна? /Сэтгэл нь өөрийн эрхгүй догдолно/
Лан Пан: -Ээж чинь эмнэлэгт хэвтсэн гэнэ
Сэмбэрүү:-Яасан юм бол оо? /Царай нь барайна/
Лан Пан: -Даралт нь ихэссэн гэнэ лээ /Цайгаа ууж дуусаад, аягаа ширээн дээр тавина/.
Сэмбэрүү: -Ээ /Уулга алдана/
-Одоо тэгээд ямар байгаа юм бол оо /Нөхөр нь түүнийг тэвэрнэ/
Лан Пан: -Гайгүй гэнэ лээ. Чи аав руугаа яривал ярь л даа /утасаа өгөхөд бүсгүй жигтэйхэн баярлаж утасыг шүүрэн аваад, гэр лүүгээ залгана/.
Сэмбэрүү:-Байна уу? Аав уу? Сэмбэрүү байна аа
Утасны цаанаас:
Хангай: -Өө, миний охин уу? Миний охин сайн уу? /Эрэгтэй хүний ядруухан дуу гарна/
Сэмбэрүү: -Сайн. Ээжийн бие яаж байна?
Хангай: -За яах вэ? Тэгсгээд байж л байна
Сэмбэрүү:-Би очих юм уу?
Хангай: -Тэгвэл уг нь сайн л байна. Ажил төрөл чинь ямар байдаг юм бол доо.
Сэмбэрүү: -Надад ажил гэж юу байхав дээ. Гэртээ л сууж байгаа юм чинь. Тэгвэл би ер нь очьё / Лан Пан утсыг булаан авна/
Лан Пан: – Аав аа, Би байна аа. Ээж гайгүй юу?
Хангай: -Яах вэ?…
Лан Пан: -Аан яамай даа. Миний ажил гэж тоймгүй ээ. Сэмбэрүү бид хоёр ярилцаж байгаад Сэмбэрүүг явуулах үгүйгээ шийдье.
Хангай: -Үгүй ээ, хүү минь. Уг нь…
Лан Пан: -За баяртай. Тэгээд шийдчихээд утсаар ярья /Утасаа тасална. Сэмбэрүү хажууд нь юм ч хэлж чадахгүй, дэмий л амаа ангалзуулан, утас руу нь гараа хий сарвалзуулна/
Залуу утасаа тавиад, эхнэр рүүгээ эргэж харан хэсэг дуугүй зогсоно. Марал юм хэлэлгүй, нэг гараараа нөгөө гараа оролдон, өрөөн дундуур холхино.
Сэмбэрүү: -Чи яаж байгаа юм бэ? Чиний ажил гайгүй л байгаа биз дээ. Би явна аа /Нөхөр рүүгээ эргэн харна/
Лан Пан: -Чи минь ямар ч гэнэн юм бэ дээ. Манай пүүс саяхан түймэрт өртөөд, одоо барилгаа босгож амжаа ч үгүй байна. Их ажил байна. Гэтэл чи минь намайгаа орхиод явчихвал би чинь яаж энэ их ажлыг ганцаараа амжуулах юм. Эхнэр гэдэг чинь нөхрийнхөө өмөг түшиг нь болж явах ёстой биз дээ. /Ойртон ирж, эхнэрээ тэвэрнэ/
Сэмбэрүү: -Ээжийн бие муудаад байна шүү дээ /Бачимдсан дуугаар хэлнэ/
Лан Пан: -Мэдэж байна аа. Гэхдээ ээжийн чинь дэргэд аав, хоёр ах чинь гээд маш олон хүн байгаа. Гэтэл миний дэргэд ганцхан чи л байна. Тэгээд ч аав чинь гайгүй л гэж байна шүү дээ /Эхнэрээ аргадан үнсэнэ/
Сэмбэрүү юу ч хэлэлгүй цааш харна.
Лан Пан: -Хоёулаа өдөр бүр утсаар ярьж байя. Тэгээд бүр муудлаа гэвэл өдөрт нь л нисээд очьё. Тэгэх үү? /Ахиад үнсэнэ/
Сэмбэрүү юу ч хэлэхгүй, бас нөхөр рүүгээ эргэж харахгүй.
Зургадугаар үзэгдэл
Хоёр сарын дараа. Өглөөний дөрвөн цаг. Лан Пан, Сэмбэрүү нар гал тогооны өрөөнд байна. Сэмбэрүү өглөөний цай бэлтгэж зогсоно.
Лан Пан: -Чи намайг байхгүйд юу хийдэг вэ? /Цонхны дэргэд зогсоод, эхнэрээ ажиглана/
Бүсгүй гал дээр өндөг шарангаа, нөхөр рүүгээ эргэж харалгүйгээр:
Сэмбэрүү: -Юу хийхэв дээ. Гэр орноо янзалчихаад, өдөржин гиюүрдэг. Бас салхитай ярилцдаг.
Лан Пан: -Салхитай? Та хоёр юу ярилцдаг юм? /Сэрдхийн цочисноо, эхнэр рүүгээ цээжээ төвийлгөн зогсоно/
Сэмбэрүү: -Бид хоёр манай нутгийн тухай ярилцдаг /Нөхөр рүүгээ эргэж харалгүй, инээмсэглэнэ/
Лан Пан: -Нутгийн… гэж /Царай нь хувьсхийнэ/
Гэтэл Сэмбэрүү юунаас ч юм цочин, барьж байсан аягаа алдаж хагална. Сэмбэрүүг сандран доош сууж, аяганы хагархайг түүхэд, Лан Пан ч мөн ирж, түүнтэй хамт түүлцэнэ.
Утас дуугарна.
Лан Пан: -Өө, аав уу?
Хангай: -Тийм ээ. Сэмбэрүү байна уу? /Чичирсэн дуу гарна/
Залуу эргэлзэн байж, утасаа Сэмбэрүү рүү сарвайна.
Сэмбэрүү: -Сайн уу? аав аа. /Утсыг авна. Итгэл муутай хэлнэ/
Хангай: -Ээж чинь…
Сэмбэрүү: -Юу?
Хангай: -Ээж чинь дөнгөж сая…
Сэмбэрүү: -… / нүдэнд нь нулимс цийлэгнэнэ/
Хангай: -Миний охин сэтгэлээ бариарай
Сэмбэрүү утсаа алдана. Лан Пан утсыг аваад, хадам эцэгтэйгээ хэсэг ярилцаад, утсаа тавьж, уйлж суугаа эхнэрээ тайвшруулахаар очно. Лан Пан:
-Ирж буцдаг нь орчлонгийн жам. Орчлонд мөнх юм гэж үгүй /Эхнэрээ тэврэн, тайвшируулах гэж оролдоно/
Сэмбэрүү тасралтгүй цурхиран уйлах агаад Лан Пан яахаа мэдэхгүй, түүнийг тэврэн 3 минут хэртэй зогсоно.
Марал гэнэт босч, нулимсаа арчаад, нөгөө өрөөнд орж, аянд явахаар хувцасаа цүнхэлж эхэлнэ. Лан Пан:
-Чи яах гэж байна? /Араас нь өрөөнд орж ирнэ/
Бүсгүй:
-Явья. Очиж ээжийн ажил явдлыг өнгөрөөчихөөд ирье /Шийдэмгий хэлнэ/ Залуу:
-Би чамайг явуулахгүй /Эхнэрийнхээ гараас цүнхийг хүчлэн салгаж, цээжиндээ тэвэрнэ/ Сэмбэрүү:
-Юу? Чи ийм юм болчихоод байхад, яаж ингэж хэлж чадаж байна аа? /Нүд нь орой дээрээ гарах шахна/
Залуу:
-Уучлаарай, би чамайг явуулж чадахгүй. Учир нь би чамайг алдахаас айж байна. Чи явбал эргэж ирэхгүй гэдгээс айж байна. /Улам чанга тэвэрнэ/
Сэмбэрүү: -Би эргээд л ирнэ шүү дээ. Эсвэл чи хамт явж болно шүү дээ. /Нөхрөө тэвэрнэ/
-Үгүй ээ. Чи эргэж ирэхгүй. Би мэдэж байна. Салхи та хоёр энэ л тухай ярьдаг биз дээ /Аргадсан хэрнээ басхүү захирангуй өнгөөр хэлнэ/ Сэмбэрүү:
-Байсаар байгаад чи намайг салхитай хардах нь уу? /Аргаа барсан өнгөөр хэлнэ/
Лан Пан: -Би чамд хайртай. Тиймээс би чамайг шиврэн орох борооны дуслаас хүртэл харамладаг. Өдөр бүр чамайг үнсэн таалж байдаг тэр салхинаас чинь бүр ч илүү харамлаж байна. Би чамайг явуулахгүй. /Тэврэхээ больж, хоёр гараараа хоёр гарынх нь булчин дээрээс чангаар базна/
Сэмбэрүү: -Шал утгагүй юм / гэж хэлснийхээ дараа л нөхрөө нэгэнт шийджээ гэдгийг ойлгоно/
Ахиад л утас дуугарна. Лан Пан авмагцаа нүд нь томорч, “Аав” гэж хашгираад гүйн гарна. Түүний орхисон утсыг Марал аван чагнавал утасны цаанаас хадам ээжийнх нь дуу гарч:
-Аав чинь маш муу байна. Хурдан ир хэмээн уйлна.Сэмбэрүү утасыг таслаад, цонхоор харвал нөхөр нь гудамжин дахь машинуудад дайруулчих шахан гүйсээр такси барьж байгаа нь харагдана. Бүсгүй:
-Чиний аав болохоороо хүн. Миний аав, ээж болохоороо хүн биш. Чиний аав, ээж чухал. Миний аав, ээж чухал биш юм биз дээ /Эргэн харж зогсоно. Ганцаараа яриад, уйлна/ Гэвч тэрээр ямар ч дуу гаргахгүй бөгөөд нулимсны дуслууд хоёр хацрыг нь даган урсаж байна.
/Залууг гарч явах цагаас эхлэн, салхины дуу хүртэл “Би аавтай хүн” дуу эгшиглэнэ/
Гэтэл салхины дуу гэнэт гарч:
-Дээвэр ч үгүй, туурга ч үгүй орчлонд
Дээл мэт, цамц мэт нөмрөх
Дэндүү уйтгарын мананг
Дээдийн гэрэлт ижийн тухай бодол л
Дэлхийн хавар адил ариусгадаг /Ж.Батбаатар/
Марал уйлсаар байна. Салхи:
-Аав гунихад, уулс бөгтийх шиг болно
Аав уйлахад, аадар буух шиг болно
Аав бүдрэхэд, газар цөмрөх шиг болно
Аав буцахад, тэнгэр цуурах шиг болно
Гэрэл унтарна.
Долдугаар үзэгдэл
Сэмбэрүү байшин дотуур гүйнэ. Хаалгануудыг онгойлгох гэж хүчлэх авч, бүгд цоожтой байна. Бүх юмыг онгочин, түлхүүр хайна. Сүүлдээ бүр ядраад, сандал дээр сууж, амьсгаагаа дарна. /Ард нь “Хөөрхөн халиун” дуу явна/
Тэгээд цонх руу очиход дуу зогсоно. Салхи:
-Усны шувууд ганганалдан нутгийн зүг нисч явна
Урьхан салхи исгэрэнхэн нутгийн зүг аялж байна
Бараан үүлс хуралдан нутгийнхаа зүг нүүж явна
Бодлын сэжүүртэй хорвоод юм бүхэн нутаг руугаа буцаж байна…
Долдугаар үзэгдэл
Сэмбэрүү байшин дотуур гүйнэ. Хаалгануудыг онгойлгох гэж хүчлэх авч, бүгд цоожтой байна. Бүх юмыг онгочин, түлхүүр хайна. Сүүлдээ бүр ядраад, сандал дээр сууж, амьсгаагаа дарна. /Ард нь “Хөөрхөн халиун” дуу явна/
Тэгээд цонх руу очиход дуу зогсоно. Салхи:
-Усны шувууд ганганалдан нутгийн зүг нисч явна
Урьхан салхи исгэрэнхэн нутгийн зүг аялж байна
Бараан үүлс хуралдан нутгийнхаа зүг нүүж явна
Бодлын сэжүүртэй хорвоод юм бүхэн нутаг руугаа буцаж байна
Бүсгүй:
-Гэтэл би л буцсангүй. /Гуниглана/
Салхи:
-Юм бүхэн ирсний хойно заавал буцдаг жам бий.
Бүсгүй:
-Би л буцаж чадахгүй нь /Цөхөрсөн дуугаар хэлнэ/
Салхи:
-Эрт орой хэзээ ч буцсан ч нутаг чинь чамайг тосоод л авна.
-… /Санаа алдана/
Гэнэт хаалганы түлхүүр шаржигнана. Нөхөр нь орж ирнэ. Тэрээр авчирсан тортой юмаа ширээн дээр тавиад, эхнэрээ нэлээн ажиглаж зогсоно. Лан Пан:
-Бас л нөгөө салхитайгаа ярьж сууна уу?
Бүсгүй хариу эс хэлнэ. Тэгмэгц Лан Пан түргэн түргэн алхлан цонхны зүг очиж, цонхыг хаахад, бүсгүй сая нөхрөө орж ирснийг мэднэ. Залуу:
-Чамд хийх юм алга уу? Би өдөржин ажиллаж, ганц зоос илүү олж байна. Харин чи… /Захирангуй хэлээд, эхнэрээ цоо ширтэнэ/
Тэд юу ч ярилгүй хэсэг сууна. Сэмбэрүү:
-Хоёулаа хүүхэдтэй больё гэж хэлнэ. /Босч ирээд, нөхрийнхөө өмнө сөгдөн сууна/ Залуу:
-Юу? /Хэрдхийн цочино/
Бүсгүй:
-Хүүхэдтэй больё оо. Тэгвэл би салхитай ярихаа больчихно ш дээ. /Шийдсэн бөгөөд аз жаргалтай харцаар нөхрийнхөө нүд рүү ширтэнэ/
Залуу:
-Болохгүй /Эхнэрийнхээ үсийг хэлнэ. Тэгээд шийдэмгий хэлнэ/
Бүсгүй:
-Яагаад? /Гайхна/
-Хүүхэдтэй болбол дээшээ зоос төлнө. Тийм зоос хаана байна?
Бүсгүй:
-Чи дандаа л зоос, зоос гэх юм /Суудлаасаа босч, цонх руу харан зогсоно/
-Зоос үгүй бол бид өлбөрч үхнэ шүү.
-… /санаа алдана/
Лан Пан:
-Би хүнсний зүйл авчирсан. Одоо цайны цаг дуусчихлаа /Тортой юмыг заана/
Лан Пан:
-Одоо чи салхитай ярьж чадахгүй ээ. Ингэж дэмий суухын оронд ээжид цамц нэхэж өг. Настай хүн баярлана. Нөгөө өрөөнд модон сагсан дотор утас, зүү байгаа /Цонх руу очиж, цонхыг цоожлоод, түлхүүрийг халааслана. Тэгээд хаалгыг түгжин, гарч одно/
Бүсгүй санаа алдана. Гэтэл салхи:
-Миний нутгийн зөөлөн салхи сэвэлзэж
Миний уулсын хонхлой цэцэгс ганхаж
Миний нуурын шаргал зэгс шуугиж
Миний зүгийн гоо аялгуу тунарахад
Амьдрал даанч, даанч дэндүү сайхаан
Бүсгүй баярлан инээмсэглэнэ. Гэрэл унтарна
Наймдугаар үзэгдэл
Сэмбэрүү баясгалантайгаар ширээ засч байна. Удалгүй нөхөр нь орж ирнэ. Тэрээр ихэд гайхна. Лан Панг үг хэлэхийн завдалгүй Сэмбэрүү түүнийг ширээнд аваачиж суулгана.Залуу:
-Өнөөдөр ямар өдөр юм бэ?
Бүсгүй:
-Бидний хуримын хоёр жилийн ой /Инээмсэглэн, нөхрөө үнсэнэ/
залуу:
-Өө, би бүр мартчихаж.
Тэд дарс шимэн сууж, биесээ энхрийлнэ. Лан Пан нэлээн согтсон байна. Гэрэл унтарна.
Өглөө таван цагийн үед Лан Пан сэрж, хөнжилөө сөхөж үзнэ. Лан Пан:
-урьд шөнө юу болсон бэ? /Сэмбэрүүг сэрээнэ/ Сэмбэрүү:
-Үнэхээр сайхан байсан шүү /Нойрмоглон дуугарна/. Залуу:
-Би чамд хэлсэн биз дээ. Сарын эхний өдрүүдэд болохгүй. Хүүхэд олох эрсдэлтэй байдаг гэж. Чи эмээ уусан уу? /Халаглана/
-Үгүй
-Чи…
Бүсгүй:
-Чи юм болгоныг эрсдэлгүй хийх гэж хэт их хичээх юм. Ингээд байвал эрт хөгширнө шүү. Зүгээр дээ. Сард ганцхан удаа гэдэг чинь арай л дэндүү юм аа. Хоёулаа ядаж хоёр болгоё л доо. /Өндийж, нөхрөө тэвэрнэ/
Залуу:
-Болохгүй, болохгүй /Сандарна/
-Яагаад? Чи намайг хүсдэггүй гэж үү? /Нөхөртөө эрхлэнэ/
Нөхрөө ятгана. Залуу зөвшөөрөх аястай болно. Гэрэл унтарна.
Есдүгээр үзэгдэл
Лан Пан, Сэмбэрүү хоёр эмнэлэг дээр байна. Сэмбэрүү баясгалантайгаар инээмсэглэж, харин Лан Пан аман дотроо халаглан, эмнэлгийн кордор дотуур ийш тийш алхална.
Лан Пан:
-Чи яагаад надад хэлээгүй юм бэ? Ийм том болгочих гэж. /Сэмбэрүүгийн өмнө ирэн, өвдөг нугалан сууж, гарыг нь барина/ Сэмбэрүү:
-Хэрэв чамд хэлсэн бол чи гаргуулахгүй гэх байсан шүү дээ.
Залуу:
-Чи мэднэ. Би энэ хүүхдийг гаргуулахгүй. Надад дээшээ төлөх мөнгө байхгүй.
Сэмбэрүү:
-Тэгвэл хоёулаа Монголд очоод, хүүхдээ гаргаад, өсгөе л дөө
Залуу:
-Үгүй шүү. Би энэ хүүхдийг заавал авахуулна /Эмчийн өрөө рүү орно. Хэсэг хугацааны дараа гарч ирнэ/ Лан Пан:
-Би ярьчихлаа. Одоо ор /Сэмбэрүүг хөтлөн, эмч рүү оруулна/
Лан Пан нэлээд тэвдэн дороо алхална. Таван минут хэрийн дараа хаалга нүдэн, Сэмбэрүү:
-Лан Паан. Би авахуулахгүй ээ. Лан Паан. Чи бодооч дээ. Ийм том болсон хүүхдийг авахуулж болохгүй. Лан Пан. Хайрт минь чамаас гуйж байна /Хашгирна/
Лан Пан хаалга руу ойртон очсон боловч эс дуугарна. Бүсгүй хаалганы цаанаас хашгирсаар байна. Дөч эргэм насны нэгэн эмч Лан Пан дээр ирээд:
-Та шийдсэн үү? гэж асуухад залуу цочин эргэж хараад, итгэл муутайхан толгой дохино. Эмч:
-Мөнгөө тушаасан уу? /Нүднийхээ шилний дээгүүр харна/ Залуу:
-Тийм ээ
Эмч өрөөнд орон хаалгаа түгжинэ.
Сэмбэрүүгийн муухай хашгирах, байн байн нөхрийнхөө нэрийг дуудан гуйх, уйлах дуу чих дөжрөөм.
Лан Паны хуруугаараа чихээ бөглөсөн боловч тэр дуу хадсаар л. Эмнэлгээс гараад, муухай хашгирна. Гэрэл унтарна.
Төгсгөл
Сэмбэрүү эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэнэ. Хажууд нь Лан Пан толгой гудайлган, эхнэрийнхээ гараас атган сууна. Сувилагч бүсгүй байн байн орж гаран, Сэмбэрүүгийнбиеийн байдалд анхаарал тавина. Сэмбэрүүгийн гар хөдөлнө. Лан Пан:
-Сэмбэрүү гэж зөөлхөн дуудна. /Баярлан, түүний гарыг чангаар атгана/
Сэмбэрүү нүдээ нээлгүй:
-Салхи /Дуулдах төдий хэлнэ/
Залуу:
-Юу гэнэ ээ? /Өндийж, эхнэрийнхээ уруул руу чихээ ойртуулна/
Сэмбэрүү:
-Салхи хэмээн
Залуу:
-Одоохон /Бүсгүйнхээ гарыг тавин, босч, цонх онгойлгоно/
Бүсгүй:
-Би харьж чадахгүй нь /Нүдээ аниастай хэвээр аяархан хэлнэ/
Лан Пан ойртон ирж хэлж байгаа үгийг нь сонсох гэж мэрийнэ. Тэгээд бүсгүйг ганцаараа ярьж байгааг мэднэ.
Бүсгүй ахиад л:
-Би харьж чадахгүй нь /Салхийг хариу хэлэхийг хүлээнэ/ Салхи дуугарахгүй.
Сэмбэрүү:
-Салхи аа, чи яагаад дуугарахгүй байна. Надад гомдоо юу?
Салхи:
-Үгүй ээ
Бүсгүй:
-Тэгээд юунд дуугарахгүй бас над дээр ирэхгүй удаа вэ?/Баярлан инээмсэглэнэ/
-Чам шиг өөр нэгэн бүсгүйд санаа тавих шаардлага гараад.
Бүсгүй:
-Тэгээд тэр бүсгүй буцна гэнэ үү? /Өндийх гэж хүчилснээ, эргэн хэвтэнэ/
Салхи:
-Тийм ээ. Одоо онгоцондоо сууж байгаа.
Сэмбэрүү:
-Яамай даа /Уртаар санаа алдана/
-Би ч гэсэн онгоцондоо суух гэж байна. Харин нэг зүйлээс хачин их айгаад байна /Салхийг хариу хэлэхийг хүлээнэ/ Салхи хариу хэлсэнгүй, нэлээн удна.
Бүсгүй:
-Нутаг минь намайг хүлээж авахгүй байх вий гэхээс айж байна.
Салхи:
-Мэндлэхэд чинь ариун хөрс нь чиний өлгий болж
Мэлмэрэхэд чинь намираа хур нь чиний гивлүүр болж
Баярлахад чинь солонгон зэрэглээ нь чиний хань болж
Буцахад чинь торгон элс нь чиний замч болох
Эх нутаг чинь чамайг хүлээж байна
-Нутаг минь намайг зэмлэх болов уу?
Салхи:
-Хөмсөг зангидаад загнасан ч, аавын сэтгэлд
Хөндүүрхэн хайр буцалдаг бус уу
Холын аянаас хүүгээ буцаж ирэхэд, ижийн зүрхэнд
Хөөр баяр цалгилдаг бус уу
Хөх уулс нь өндөлзөн байж чамайг хүлээсэн атлаа
Хүрээд ирэхэд чинь харцаа буруулах гэж үү
-Чи намайг нутагт минь хүргэж өгөөрэй
-Тэгнэ ээ гэж салхи, Лан Пан хоёр зэрэг хариулна. Салхи зөөлөн исгэрэх дуу гарна. Бүсгүй хачин их амгаланаар амьсгаа авна. Лан Пан дэрэн дороос нь чулуу авч, бүсгүйн гарт атгуулна. Сэмбэрүү чулууг авч, үнэрлээд, нүдээ алгуурхан нээснээ ахиад анина. Лан Пан юу ч хэлж чадахгүй ам нь ангалзана.
Салхи:
-Нуураа мөрөөсөх шувууд жаргал үгүйлэн нутгийн зүг эргэлээ
Сүүгэлтсэн хар үүлс хур тээн нутгийн зүг нүүлээ
Салхинд туугдах хамхуул нөмөр бараадан нутгийн зүг хийслээ
Харьд одсон хүний үр ч хайр бэдрэн нутгийн зүг нислээ
Чулуу тасхийн газарт уналаа. /”Халуун элгэн нутаг” дуу ард нь эгшиглэнэ/
Лан Пан:
-Сэмбэрүү үү /Хашгирч, гарыг нь атган, биеийг нь тэвэрнэ/
Жижигхэн, бөмбөлөг шиг бөөрөнхий цагаан чулуу өнхөрсөөр нээлттэй байсан хаалгаар гарч одно…
Гэрэл унтарна.