Бүгд Найрамдах Индонез Улсын нийслэл Жакарта, мөн тус улсын Зүүн Ява мужийн нийслэл Сурабая хотод наймдугаар сарын 3-4-ний өдрүүдэд Монголын ардын урлагийн тоглолт боллоо. Уг арга хэмжээг Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэсэн юм. Урлагийн тоглолтыг Индонезийн Гадаад хэргийн яамны албаны хүмүүс, Жакарта дахь гадаад орнуудын ДТГ-ын төлөөлөгчид, Индонезийн бизнесийн хүрээнийхэн зэрэг нийт 300 орчим хүн үзэж сонирхов. Энэ тоглолтоор Монгол ардын уртын ба богино дуу, хөөмий, морин хуурын аялгуу, ардын бүжиг, уран нугаралтын гайхамшгийг Индонезийн үзэгчдэд таниулсан төдийгүй Монголын тухай фото зургийн үзэсгэлэн гаргаж Монголын байгаль, ёс заншил, ахуй байдлыг харуулсан олон төрлийн зураг тавьсан нь олны сонирхлыг татаж байлаа.
Концертод мөн Индонезийн жүжигчид хамтран оролцож, Индонезийн ардын болон орчин үеийн урлагийн үзүүлбэрээс гадна Монгол ардын “Гоолингоо”, “Үлэмжийн чанар” дууг дуулж, ардын бүжиг бүжиглэсэн бол манай жүжигчид Индонезийн алдарт “Индонезиа Пусака” дууны аялгууг морин хуураар тоглосон нь үзэгчдэд гойд таалагджээ. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал Б.Ганболд, Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суух Элчин сайд Ч.Баттөмөр нар оролцсон бөгөөд Өргөмжит консул Ч.Гозалид Монгол-Индонезийн хоорондын соёл, урлагийн хэлхээ холбоог хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Гадаад харилцааны сайдаас шагнасан Монгол Улсын орчин үеийн дипломат алба үүссэний 100 жилийн ойн медалийг нь гардуулав.
Монгол Улсын Өргөмжит консулын газраас зохион байгуулсан энэ тоглолт, үзэсгэлэн нь хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Индонези Улсад зохиож байгаа соёл урлагийн анхны томоохон арга хэмжээ болсон бөгөөд энэ нь цаашид хоёр талын соёлын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэж ГХЯ-ны Азийн газрын захирал Б.Ганболд концертыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв.
Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.