17-хон настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын ширэн бээлийтнүүдийн амжилтыг дэлхийн тавцанд тахалж байсан Гавьяат тамирчин Нямбаярын ТӨГСЦОГТ Лондонгийн олимпийн өрсөлдөөний талбарт монгол түмний бахархах учиртай баатар нь байлаа.
Анхны олимпдоо оролцсон залуу гавьяат Лондонгийн рингэнд тулаан бүртээ ялалт байгуулж, өрсөлдөгч болгоноо ялсаар олимпийн наадмын хамгийн сүүлийн өдөр шигшээ тулаанд өрсөлдөж, ялагдсанаар Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Гэхдээ тэр Монголын спортын түүхэнд хамгийн залуу олимпийн медальтан. 1992 оны зургадугаар сарын 23-нд төрсөн тэрбээр ийнхүү 20 нас 50 хоногтойдоо олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байгаа юм.
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлсөн тэрбээр аваргын төлөөх шийдвэрлэх тулаанд боксын өлгий нутаг гэгдэх Кубын тамирчин Робейси Рамирез Карразанад 14-17 /5-6, 4-4, 5-7/ харьцаатай ялагдлаа. Карразана нь энэ жил 19 настай, солгой гартай, 2010 оны Сингапурын өсвөрийн олимпийн аварга, өнгөрсөн жилийн Пан Америкийн аваргад түрүүлсэн, Бакугийн дэлхийн аваргаар шөвгийн 16-д ОХУ-ын боксчин Миша Алоянд ялагдсанаар тэмцээнээ дуусгаж байсан чамгүй хүчтэй өрсөлдөгч байлаа. Ерөөс олимпийн талбарт сул өрсөлдөгч гэж үгүй. Дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигдсэн тэднийг ялж, дийлж, аваргын төлөө тулалдана гэдэг агуу амжилт.
Үнэндээ Н.Төгсцогтын учраа болгон хатуу, тулаан бүр хүнд байсан. Бакугийн дэлхийн аваргын рингэнд таарахдаа ялагдаж, олимпийн эрхээс мултарч байсан Азербайжаны боксчин түүний эхний өрсөлдөгч байв. AIBA /Олон улсын сонирхогчдын боксын холбоо/-гаас санаачлан зохион байгуулсан “World Series of Boxing” буюу Дэлхийн лиг гэгдэх хагас мэргэжлийн боксын тэмцээнд “Баку Файерс” багийн бүрэлдэхүүнд хамт бэлтгэл хийж байсан Элвин Мамишзадаг Н.Төгсцогт 18-11 (4-5; 7-3; 7-3) харьцаатай буулган авснаар ялалтын буухиагаа эхлүүлсэн. Улмаар Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007 оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6: 6-4; 7-6) харьцаатай, дараа нь 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Узбекистаны тамирчин Ясурбек Латиповтой нударга зөрүүлж, 15-10 (4-5; 5-3; 6-2) харьцаатай онооны давуугаар ялалт байгуулж, медалийн тавцанд гарах эхний алхмаа хийсэн юм. Ингээд хагас шигшээд ОХУ-ын боксчин Миша Алоянтай тулалдсан тэрбээр өрсөлдөгчөө 15-11 (6-4; 5-4; 4-3) харьцаатай буулган авснаар медалийн өнгөө хувиргаж, аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. 2011 оны дэлхийн аварга, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аварга гээд цол гуншин арвинтай түүнтэй Н.Төгсцогт өмнө нь Миланы рингэнд таарахдаа хожиж байсан юм. Ингээд шигшээ тулаанд Кубын боксчинд ялагдлаа.
Хүсэл, хясал…
Бээжингийн олимпийн наадмаас аваргын алтан медалийг хослуулсан монголчуудын хувьд Лондонгийн олимпоос хүлээх хүлээлт асар өндөр байсан. Тэр хэрээр тамирчдаас хүсэх амжилт, эргээд тамирчдад ногдох үүрэг хариуцлага их байсныг тэмдэглэх нь зүйтэй байх. “Олимпийн найдвар” хэмээн бахдаж, бахархаж суусан Х.Цагаанбаатар олимпийн татамиг орхиход, “нэг юм дуулгана” гэж итгэж байсан М.Бундмааг ялагдахад, мөнгөн медалийн өнгөө хувиргаж, олимпийн аварга болно хэмээн найдаж байсан О.Гүндэгмаа байгаа алдаж буудахад, дэлхийн аварга П.Сэрдамба эхний тулаандаа ялагдаад рингнээс буухад бид даль жигүүрээ тас татуулсан жигүүртэн адил болсон. Цэнхэр дэлгэцээр, интернэт дэх цахим хуудсаар мэдээлэл авч байсан бидний найдвар тасрахаас илүү дөрвөн жилийн уйгагүй хөдөлмөр, хөлс хүч шингэсэн тамирчдын зүтгэл хэдхэн хормын дотор үгүй болсон нь дэндүү харамсалтай байв.
Лондонгийн олимпийн наадамд медалийн чанар, тоогоор тэргүүлсэн АНУ 314 сая хүн амтай. 100 гаруй медаль хүртсэн тэдний хувьд гурван сая хүн тутамд нэг медаль ногдож байгаа бол хоёр сая гаруйхан монголчууд олимпийн наадмаас таван медаль хүртэж, олимпийн цаграгийг бялхаав. Ийм л учраас бид тэднээр бахархах учиртай билээ.
Медалийн буухиа эхэллээ…
Олимпийн медалийн буухиаг эхлүүлж, ОУХМ С.Ням-Очир жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Лондонгийн тэнгэрт Монгол Улсын далбаа мандсан тэр өдөр монголчууд хотол олноороо цэнгэн баясав. Жүдо бөхийн тэмцээний гурав дахь өдөр олимпийн татамид барилдсан тэрбээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Голландын Декс Элмонтыг юүко үнэлгээгээр ялж, медалийн тавцанд гарсан юм. Бөхийн том удамтай, их спортын олон алдартан нэг дээвэр дороос төрөн гарсан онцгой тохиолын эзэд болсон сайхан гэр бүлээс гаралтай тэрбээр дөрвөн жилийн өмнө ахынхаа зориод эс чадсан медалийг эх орондоо авчирсандаа туйлын баяртай байлаа. Түүний нагац ах Д.Нямхүү гэж жүдочийг монголчууд сайн мэднэ. Тэрбээр Бээжингийн олимпиор хүрэл медалийн төлөө барилдаад ялагдаж байсан голланд жүдоч нь чухамдаа С.Ням-Очирын Лондонгийн дэвжээнд ялсан Декс Элмонтын төрсөн ах нь гэнэ. С.Ням-Очир Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирсан юм.
Олимпийн анхны хос медальтан
Аваргыг давж аварга болсон, аваргаа хамгаалахаар алтын дайтай мөнгөн медаль хүртсэн Н.Түвшинбаяр бидний үндэсний бахархал байлаа. Монгол хүний тэсвэр тэвчээр, хатуужил ямархан болохыг харуулж, Лондонгийн олимпийн татамигаас мөнгөн медальтай буусан түүнийг монголчууд “баатар” хэмээн өргөмжилж байна. Хагас шигшээ барилдаанд БНСУ-ын жүдочтой барилдахдаа ялж яваад хөлдөө бэртэл авсан олимпийн аварга маань мэдээ алдуулагч тариулаад финалын барилдаанд зодоглосон. Монгол түмний итгэлийг тээж, аваргын төлөө хүч үзсэн түүний энгэрт гялалзах мөнгөн медаль алтын дайтай гэдгийг бид мэднэ.
32 жилийн хүлээлт
Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суугаар Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн Гавьяат тамирчин С.Батцэцэг чөлөөтийн тамирчдын 32 жилийн медалийн цангааг тайлж, олимпийн хүрэл медалиар энгэрээ чимсэн юм.
У.Мөнх-Эрдэнэдээ баярлалаа…
Уржигдар Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ олимпийн боксын рингэнд хүрэл медалиа гардлаа. Энэ удаагийн олимп түүний хувьд гурав дахь нь. Гурван олимпийн цикль, найман жилийн хугацаанд байнгын бэлтгэл, формтой байж, үргэлжид өрсөлдөгчдөө эмээлгэх хүчтэй өрсөлдөгч байж чадсан тэрбээр сонирхогчдын боксын тив, дэлхийн чанартай бүхий л тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны бөгөөд цорын ганц ширэн бээлийтэн юм. “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” гээд гурван олимп дамнан, Монголын боксын спортын илэрхийлэл байж чадсан тэрбээр 30 настайдаа олимпийн рингэнд хүч үзэж, медалийн тавцанд гарлаа. У.Мөнх-Эрдэнэ Лондонгийн олимпийн рингэнд эхний тойрогт Чехийн Зденек Хладекийг 20-12 харьцаатай, дараа нь Маврикийн тамирчныг 15-12, улмаар рингний эзэн, Их Британийн боксчин Том Стокерийг 23:22 харьцаатай ялж, хүрэл медалийн болзол хангасан юм. Хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны боксчин Денис Беринчиктэй тоглож 21-29 харьцаатай ялагдсан. Тоглолтын эхний хоёр үед манай тамирчин 15-12 харьцаатай онооны илүү байсан ч төгсгөлийн үед Беринчик илүү тоглолт үзүүлж, 17 оноо авснаар ялалт байгуулсан билээ. Монгол түмний хайртай хүү ийнхүү олимпийн рингнээс хүрэл медальтай буулаа.
Дэлхийн 205 орны 10 мянга гаруй тамирчдын өрсөлдөөнөөс шилэгдэж, шигшигдэж гарсан 302 багц медалийн эзэд тодорсноор Лондонгийн олимп ийнхүү хөшгөө хаалаа. Олимпийн наадамд өрсөлдсөн 205 орныг илэрхийлэх 205 ширхэг цэцгийн дэлбээ нэгдэн нийлж, олимпийн галт бамбарыг бадамлуулсан мөчөөс хойш баяр бахдал болоод харууслын нулимс, догдлол, дурсамж, хүлээлт, өөрийгөө, өрөөлийг ялан дийлэх сэтгэл, нутаг нэгт тамирчдаа уухайлан дэмжиж, ялалтын амт, ялагдлын гашууныг хуваалцан суусан гээд спортын хамгийн амьд мэдрэмжийг дэлхий нийтээр мэдэрсэн өдрүүдийг бид үдлээ.
Монголчуудын олимпийн хагас зууны түүхэнд “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам олон шинэ, сонин тохиол нэмэв. Спортын долоон төрөлд 29 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон Монголын тамирчид медалийн чанараа ахиулж чадаагүй ч медалийн тоогоо олшруулж, Лондонгийн олимпиос таван медальтай нутагтаа ирэх нь. Хоёр мөнгө, гурван хүрэл…
С.ЦЭЛМЭГ