Соёлын тэргүүний ажилтан, "Маск" продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Энэ зун та хаагуур амрав. Хүүхэд байхдаа зуныг яаж өнгөрүүлдэг байсан бэ?
-Говь-Алтай, Увс, Ховд зэрэг баруун аймгуудаар найзуудтайгаа амраад ирлээ. Аав, ээж минь Говь-Алтайн Тонхил сумынх. Би ч тэнд төрсөн. Төрснөөс цаашгүй ч хүний төрсөн нутаг өссөнөөс илүү дотно байдаг юм байна. Аав, ээжийнхээ үеийнхэнтэй хуучлаад л. Манай нутаг хад асга ихтэй, өндөр сүрлэг уултай. Нутагтаа очихоор өөрийн эрхгүй л сэтгэлийн их эрч хүч авдаг даа. Хүүхэд насаа Партизаны сангийн аж ахуйд бусдын л адил өнгөрөөсөн.
-Жүжигчин болохыг багаасаа л мөрөөдөж байсан уу?
-За бараг тийм дээ. Миний бодлоор жүжигчин болоход хүний удам их нөлөөлдөг юм шиг. Миний ээж дээд боловсролтой хүн байгаагүй. Жирийн л нэг ажилчин хүн байсан. Хийлийн концерт сонсох, дуурь, бүжгэн жүжиг үзэх их дуртай. Энгийн хүмүүст арай хол байдаг шүү дээ. Гэтэл ээжийнхээ талаарх багынхаа дурсамжийг бодохоор яг л урлагийн гэрт өссөн шиг санагддаг. Ээж маань хийлийн концерт үзээд ямар сайхан аялгуу вэ гээд бүр уяраад уйлчихна. Ээжийн энэ урлагийн мэдрэмж надад нөлөөлсөн байх. Зоригт гээд бага ангийн багш минь намайг хурцалж, ирээдүйд их сайн жүжигчин болно гэдэг байсан нь санаанаас гардаггүй юм. Багш, ээж хоёрын урам зориг, мэдрэмж намайг энэ мэргэжилд дурлуулж, мөрөөдөхөд хүргэсэн.
-Таныг их хожуу оюутан болсон гэдэг юм билээ?
-Кино урлагийн дээд сургуульд ороход бусад урлагийн сургуультай адилхан гурван үе шаттай шалгалт өгч тэнцсэн. Нээрээ их хожуу оюутан болсон шүү. 1992 онд арван жилээ төгссөн. Тэгээд 1999 онд оюутан болж байлаа.
-Жүжигчин болохоосоо өмнө юу хийж байсан бэ?
– Би нэг ах, нэг эгчтэй. Аав маань биднийг бага байхад өөд болсон юм. Ээжтэйгээ хамт Партизаны сангийн аж ахуйд хэдэн мал маллаад амьдарч байсан. Сүүлдээ хүн чинь энэ миний амьдрах ёстой амьдрал мөн үү гэж эргэцүүлж бодож эхэлдэг юм билээ. СУИС конкурсээсээ өмнө арав хоногийн дамжаа хичээллүүлдэг. Түүнд нь бүртгүүлэх гэтэл "Чи чинь 25 нас хүрчихэж. Жүжигчин болох нас чинь өнгөрчихсөн" гээд авсангүй. Би жүжигчин болох хувьгүй юм гэж бодон Хайлаастад байдаг авга эгчийндээ очсон юм. Тэдний хүүхэд харин "Манай сургуульд жүжигчний анги байдаг. Та шалгуулаад үз" гэдэг юм байна. КУДС миний насыг хараад авахгүй гэсэнгүй. Ангийнхан маань долоогоос ес дүү хүүхдүүд. Эхлээд ах гэдэг талаас нь надтай харьцсан. Би нэг анги л юм чинь тэдний сэтгэхүйгээр сэтгэж, хөдөлж, уян хатан байхын тулд найз болох хэрэгтэй байдаг. Дараа нь намайг та ч гэдэггүй, би дүү ч гэж харьцдаггүй болсон. Нэг үеийнхэн шиг маш сайн коллективтой анги байлаа. 25 нас хүртлээ мал маллачихсан болохоор хотжихдоо тааруухан. Оюутан болоод л бааранд орж сурсан (инээв). Мэдэхгүй байсан бүх юмаа ангийнхнаасаа сурсан. Хотын соёл иргэншилтэй нэг мөсөн танилцуулсан даа. Үсээ яаж засахаас эхлээд хувцсаа яаж индүүдэхээ ч заалгаж байлаа. Пиджакаа сороочкон цамц шиг индүүдээд өмсчихсөн байхад хүртэл зааж зөвлөж байлаа шүү дээ, манайхан.
-Нэгэнт оюутан ахуй цагийн тухай ярьсных, дурсамжтай, сайхан мөчөөсөө хуваалцаач?
-Нэгдүгээр курст байхад манай сургуулийн ард гөөхийний цех ажилладаг байлаа. Манай ангийн Г.Баасансүрэн, Ж.Бэгзсүрэн бид гурав нуруу ойролцоо хүүхдүүд байв. Гөөхий чинь 60 мөнгө. Нэг нэг гөөхий аваад идэж байсан чинь ангийн бусад хүүхдүүд сургуулиас гарч ирлээ. Нөгөө хэдтэйгээ хуваахгүй гэсэндээ хурдан хурдан, зогистлоо гөөхий идэж байсан минь одоо хүртэл санаанаас гардаггүй юм.
-Анх уран бүтээлээ орчуулгын кинонд дуу оруулснаар эхэлж байсан гэлүү?
-Би оюутан байхдаа "TV-5" телевизийн орчуулгын кинонд дуу оруулж эхэлснээр ажлын гараагаа эхэлсэн. Ингэж анх үзэгчидтэйгээ дуу хоолойгоороо уулзсан. Дараа нь "360 градус" хошин мэдээллийн хөтөлбөрт орсноор нүүр царайгаараа хүмүүстэй уулзсан. Миний хувьд тайзан дээр гарч байсан үе маань хэзээ ч мартагддаггүй юм. Эрдэнэзаан, Мөнхсайхан, Баярмагнай, Энхсайхан дөрөв "Маск" продакшныг 2006 онд байгуулж байсан. Тэгээд намайг тайзан дээр тоглох сонирхол байна уу гэхэд нь байлгүй яахав гээд хамтлагтаа орсон юм. Дэлгэцийн уран бүтээл, тайзны уран бүтээл хийх хоёр маш ялгаатай. Өнөөдөр би нэг юмаа дутуу хийчихсэн бол дахиад бичиж болдог. Тайзны уран бүтээл бол нэг л тоглоно. Алдах эрх байхгүй. Мянган хүн хоёр мянган нүд урдаас хараад сууж байгаа гэж бодохоор эхлээд их хэцүү санагдаж, тэвддэг байсан. Сүүлдээ тэд намайг үзэх гэж ирсэн шүү гэж бодохоор сэтгэл хөвөлзөж, илүү мэрийх болсон. Бид зургаан жилийнхээ ойг өчигдөр тэмдэглэлээ. Гэхдээ энэ удаа тоглолт хийж үзэгчидтэйгээ баярласангүй. Энэ хугацаанд юу хийснээ дүгнэж цэгнэх, цаашид юу хийхээ төлөвлөх зорилготойгоор өөрсдийнхөө хүрээнд уулзалт зохиолоо. Есдүгээр сарын 17-ноос шинэ тоглолтоо үзэгчдэдээ өргөн барина.
-Анх хэдэн төгрөгийн цалин авч байв. Тэр үед их баярлаж байв уу?
-Оюутан байхдаа 2003 онд ангийнхаа У.Мөнгөнцэцэг, Г.Баасансүрэн, Ж.Бэгзсүрэн, Ц.Гүрбадам дөрөвтэй "TV-5" телевизэд орчуулгын киноны дуу оруулагч хийж байлаа. Бүгд 125 мянган төгрөгийн цалин авсан. Ямар амттай, их мөнгө байсан гэж санана. Хоорондоо цалингаараа юу юу авснаа яриад л. Анхныхаа цалингаар авсан цамцаа одоо хүртэл өмсдөг. Яасан ч бөх цамц юм. 2500 төгрөгөөр л авч байсан санагддаг юм.
-Ингэхэд жүжигчний цалин хэд байдаг юм бол. Сар сардаа авдаг уу?
-Амьдралд хүрэлцэхүйц шүү. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй. Хүнээс гуйхгүй, хүнд ч илүүчлэхгүй. Бид чинь янз янз. Нэг тоглолтоос өдрийн тэдэн төгрөг гээд тохирчихдог. Нэг бол нэг тоглолтоос нийт тэдэн төгрөг ч гэх юм уу. Кинонд ч гэсэн тийм л байдаг. Тодорхой тогтсон үнэ байдаггүй. Оюутан цагийн найзууд нэг кино, нэвтрүүлэг хийх гэж байна гээд гуйхад үнэгүй ч байсан хийгээд өгчихдөг. Найз нөхдийнхөө үйл ажлыг дэмжих үүднээс хөдөлмөрөө тодорхой хэмжээгээр үнэлүүлнэ. Урлагийн хүн бол нэг нэгнийгээ ойлгох, сэтгэлийн дэмээр амьдардаг. Байшин барихад нэг квадрат метрээр нь үнэлж, өрж шаварддагтай адил зүйл биш.
-"ТV-5" телевиз "Gom" интертайнментийн хамтын бүтээл "Чонын алтан шагай" кинонд та тоглосон. Содовын дүрээр хүмүүс таныг илүү мэддэг болсон байх?
-Би хошин урлагаар тоглож ирсэн болохоор дүр маань надад маш сонирхолтой байсан. Ийм нэг эсрэг дүр байгаа юм гээд санал тавихад дуртай хүлээж авсан. Муу дүр байдаггүй гэж багш нар маань хэлдэг. Би Содов гэж хүнийг муу болгож тоглоё гэж бодоогүй. Дүүгийнхээ болон өөрийнхөө амьдралын төлөө зүтгэж байгаа хүн. Өөрт нь тэр зам нь л зөв. Нэгэнт хазгай буруу гишгэчихсэн, түүнийгээ засахын төлөө явж байгаа дүр. Зарим нэг таньдаг хүн ямар муухай дүрд тоглочихсон юм гэж байна лээ. Тэр бол муухай дүр биш. Угаасаа хүн амьдрал дээр тэмцэх юм бол тэгж л тэмцэх юм шиг санагдсан. Содов бол сайн залуу. Би олон кинонд тоглоогүй. Тус телевизийн бүтээлээс гадна "Гялбаа" гээд цуврал кинонд жижигхэн мэс засалчийн дүрд тоглож байлаа.
-Д.Дэлгэрсайхан гэж хүн ямар байхыг хүсдэг вэ?
-Дуртай газраа очиж, хүссэн хоолоо олж идэж чаддаг. Эрх чөлөөтэй өөрийнхөө дураар. Би шувуу шиг байхыг хүсдэг. Амьдралд алддаггүй хүн гэж байхгүй. Би зөндөө алдсан. Түүнийгээ давтахгүй юмсан гэж хичээдэг. Мөрөөдсөөр байгаад энэ амьдралаа дуусгахыг хүсч байна.
-Таны хүсэл мөрөөдлийн галт тэрэг одоо хаана явна. Хаашаа явахыг хүсч байна?
-Их зүйлийг мөрөөдөж амьдрахыг хүсдэг. Хүн ер нь хүний эцэг эх болохоор мөрөөдөл нь хувийн биш болдог юм байна. Би том охиноо гимнастикчин, багыгаа эмч болоосой гэж хүсдэг. Одоо хань, үр хүүхдүүдийнхээ төлөө амьдрах амьдрал минь миний хүссэн хэмжээнд хүрч байвал мөрөөдөл биелж байгаа хэрэг. Хоёр охин минь нийгэмдээ эзлэх байр суурьтай, дутагдаж гачигдах зүйлгүй сайн сайхан яваасай гэж боддог. Миний болоод гэр бүлийн минь туйлын зорилго ч энэ.
-Амьдралдаа харамсдаг зүйл бий юу?
-Яах гэж тэгэв ээ гэсэн нэг харамсал байдаг. Хүн эхийн сэтгэлийг хариулж чадна гэж байхгүй. Манай ээж насаараа барилгад ажилласан. Тэгээд нэг өдөр барилгачдын баяраар хамт олонтойгоо наргичихаад ирлээ. Би долдугаар анги л байсан байх. Та ингэж явлаа гээд уурлахад ээж минь уйлж байсан. Намайг оюутан болохоос өмнө ээж минь өөд болсон юм. Одоо болтол ээжийгээ яах гэж тэгж хэлэв ээ гэж боддог. Би үүнийг хэзээ ч засч залруулж чадахгүй.
-Та ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?
-Оросын нэг инээдмийн жүжигчин түүхэн киноны том баатрын дүрд тоглохыг хүсдэг гэж ярьсан гэнэ лээ. Түүхэн кинонд тоглочих юм сан гэж би боддоггүй. Оюутан болохоосоо өмнө "Анхны алхам", "Амьдралын нахиа" гээд Монголынхоо сайхан кинонуудыг үзээд ийм гоё кино хийчих юмсан. Тоглохсон гэж мөрөөдөж байсан. Энгийн амьдрал хэрнээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрдэг тийм нандин дүрд л тоглохыг хүсдэг. Дэлгэрсайханы сайн, муу дүрээс үлгэр авах хэмжээнд тоглохыг зорьдог. Би ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, СТА Р.Мөнхсайхан гээд олон сайхан багштай. Тэд надад биеэ авч явахаас эхлээд бүх юмыг зааж зөвлөдөг. Сайн жүжигчин байж болно. Гэхдээ эхлээд хүн байх хэрэгтэй гэж хэлдэг. Эцэг эх маань хүртэл хүний төлөө амьдрах хэрэгтэй, ядарсан хүн байвал таван төгрөг аваад өгчихөж бай гэдэг байсан.
-Танд далд авьяас бий юу?
-Манай хамтлагийн Баярмагнай дуучин, Эрдэнэзаан маш сайн зураач, Мөнхсайхан бол хөтлөх авьяастай. Онгод нь орвол шүлэг бичихээр далд авьяастай хүмүүс бий. Бүгд урлагтай ойрхон далд авьяастай. Надад тийм далд юм байхгүй. Гэтэл минийх их сонин. Ээжтэйгээ хамт олон жил амьдарсан гэдэг утгаараа ямар ч хүнээс илүү мал сайн мэднэ гэж боддог. Одоо жаахан туслах аж ахуйтай. Нас жаахан ахиад ирэхээр мал маллана даа. Би малд нүдтэй маш сайн малчин гэж өөрийгөө хэлнэ.
-Туслах аж ахуйдаа ямар мал маллаж байна вэ?
-Хэдэн үхэр байна. Өвлийнхөө идшийг үнэгүй идчихдэг юм. Зун нь хүүхдүүддээ сүү, тараг өгчихнө. Дээрээс нь давхар юм хийхийг бодож байгаа. Одоогийн нийгэмд чинь ганцхан ажил хийхэд асар их цалинтай байхгүй бол хэцүү болсон.
-Жүжигчид их рекламанд тоглодог. Таны хувьд рекламанд тоглоод байдаггүй. Та өөрөө тоглодоггүй юм уу. Таныг урьж тоглуулдаггүй юм уу?
-Хүн өөрийгөө маш сайн мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Би тайзан дээр жүжиглэх ч гэдэг юм уу тухайн өгсөн дүрээ болж өгвөл маш сайн хийхийг хичээдэг. Гэтэл рекламны нүүр царай гэдэг өөр. Царайлаг, давхраатай нүдтэй, өндөр, бие хаа сайтай байх шаардлагатай байдаг. Надад байгаа материал тэр хэмжээнд биш байна. Гэхдээ би өөртөө байгаа материалаа хүнд хүргэж чаддаг учраас заавал рекламанд тоглох албагүй. Хэрвээ санал тавих юм бол дуртай хүлээж авна. Одоохондоо надад рекламны санал ирээгүй.
Л.МИНЖМАА