Хошин урлагийн хөгжлийг үүрэлцэж яваа чадварлаг жүжигчин, бас монголын сайхан хүүхнүүдийн нэг бол Санжаагийн Өлзийхүү гээд хэлчихвэл маргах хүн гарахгүй биз ээ. Продакшныхаа дэд захирал, жолооч, нярав, нягтлан бодогч, зургийн дарга, найруулагч гээд санаанд багтамгүй олон ажил амжуулж явдаг түүний хөдөлмөрч, дайчин чанарыг уран бүтээлчид ч өндрөөр үнэлдэг юм билээ. Түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-Шинэ, залуу уран бүтээлчдээр хүрээгээ тэлсэн болохоор “Шилдэг өнгө” болж өөрчлөгдөв үү?
-Тийм ээ, продакшныхаа нэрийг “Шилдэг өнгө” болгож өөрчилсөн. Энэ нь ч их учиртай. Бид хошин урлагийн тоглолтоос гадна уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх маягаар продакшныхаа үйл ажиллагааг өргөжүүлсэн юм. Өнгөрсөн жил манайх “Сая долларын олз”, “Дурлалын сум” нэртэй хоёр уран сайхны кино хийснээс гадна “Алтаар гулгисан Монгол” тоглолтоо Европын орнуудад сонирхуулаад ирсэн. Өвөрмонголд ч бас тодорхой хэмжээгээр уран бүтээл хийсэн дээ. Үүнээс гадна өнгөрсөн зун найруулагч Төмөрхуягийн “Хайртай бол хартай” инээдмийн кинонд тоглолоо. Хажуугаар нь хошин урлагийн тоглолтоо бэлтгэж, шинэ жүжигчдийг бэлтгэж гаргах гэж нэлээд завгүй байлаа.
-Охин тань урлагийн сургууль төгссөн. Жүжигчний мэргэжил эзэмшинэ гэхэд нь та яаж хүлээж авсан бэ?
-Өөрөө хүсч, зорьсон мэргэжил нь учраас би дургүйцээд яах ч юм билээ. Аав, ээж хоёр нь урлагийн хүмүүс учраас охин маань багаасаа энэ салбарт элэгтэй өссөн байлгүй дээ. Бидний сонирхлоос илүү түүний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл чухал. Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргахыг хичээн “Дэлхийн мисс-2012” тэмцээн оролцож яваа охиноороо маш их бахархаж байна.
-Нэлээд хэдэн клипэнд тоглож, тодорхой хэмжээгээр олны танил болсон. Та өөрийнхөө продакшинд авах уу, аль эсвэл драмын театрт орох болов уу?
–Тийм ээ, танил болох гээд л үзээд байх шиг байна. Охин маань жаахан хэлний бэрхшээлтэй. Драмын театрт ажиллана гэдэг хэцүү. Театр юмуу мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллахын тулд жүжигчин хүн тодорхой хэмжээгээр бэлтгэгдэх ёстой. Сургуулиа төгсөөд шууд л мундаг жүжигчин болчихно гэж байхгүй шүү дээ. Урлагийн шалгуурыг давж, тодорхой замыг туулж, уран бүтээлд оролцож, хамт олны дунд ажиллаж байж л сая жинхэнэ жүжигчин болно. Тийм болохоор би “Аавын бийд газар үз” гэдэгчлэн, охиноо гадаад руу сургуульд явуулах бодолтой байгаа. Мэргэжлээ дээшлүүлж, ур чадвараа нэмэгдүүлээд ирвэл өөрт нь хэрэгтэй. Бид нарын үеийн жүжигчид арай өөр байгаа бол, дараа үеийн жүжигчид маань бүр ч өөр байх болов уу гэж дотроо боддог юм. Ямар ч байсан, өөрийнх нь сонголтыг хүндэтгэж үзнэ дээ.
-Хүүгээ бас л урлагийн хүн болгох уу?
-Яалаа гэж. Хүүгээ урлагаас арай өөр мэргэжилтэй болгоё гэж бодоод байгаа. Манай гэр бүлийн 90 гаруй хувь нь урлагийн хүмүүс болчихоод байна шүү дээ. Хамаатан, төрөл төрөгсдийн 70, 80 хувь нь ч юмуу. Энэ дунд арай өөр мэргэжилтэй ганц, хоёр хүн явж байг л дээ. Тэгэхгүй бол нэг л их бужигнасан урлагийн улс. Бүгдээрээ өглөө гараад орой орж ирээд байвал хэцүү. Урлагийн ажил гэдэг чинь тийм амархан зүйл биш. Хүү маань мэргэжлээ сонгох цаг нь хараахан болоогүй байна. Цаг нь болохоор хүүгийнхээ сонголтыг л хамгийн түрүүнд тавина даа. Ер нь, хүн өөрийнхөө дуртай зүйлд илүү их амжилт гаргадаг шүү дээ.
-Нэг хэсэг “12 давхар” нэвтрүүлэг хийж байснаа больсон. Яагаад тэр вэ?
-Нэвтрүүлэг маань зургаан жилийн турш үзэгчдэд хүрч байсан. Бид нар энэ жилээс эхлэн нэвтрүүлгийнхээ агуулга, хэлбэрийг өөрчилж, шинэ өнгө төрхтэйгээр гаргах бодолтой байна. Хүмүүс “Яагаад энэ нэвтрүүлгээ гаргахгүй байгаа юм бэ. Гоё нэвтрүүлэг шүү дээ” гэж дандаа хэлдэг юм. Хөдөө орон нутгийнхан байтугай, гадаадад байгаа монголчууд маань хүртэл энэ нэвтрүүлгийг нэхээд байдаг. “12 давхар” маань “Оны шилдэг нэвтрүүлэг” болж байсан шүү дээ.
-Мөн ийм нэртэй сэтгүүл хүртэл гаргаж байсан бил үү?
-Тийм ээ. Сэтгүүлийн тухайд, яг одоогоор бодож төлөвлөсөн зүйл байхгүй. Ямар ч байсан, нэвтрүүлгээ хийнэ ээ.
-Хошин урлагийн продакшнууд сүүлийн үед кино урлаг руу хошуурах болж. Танайх бараг анхдагч нь байх, тийм үү?
-Хошин урлагийнхан маань урьд нь зөвхөн кинонд тоглодог байсан бол, одоо өөрсдөө кино хийдэг болсон нь сайн хэрэг. “Дурлалын сум” гэхэд л, манай продакшны долоо дахь кино шүү дээ. Урьд нь бид “Бүтэлгүй новш”, “Зугтаарай”, “Ядуугийн зовлон”, “Сүүлчийн бүжиг”, “Бор чоно”, “Сая долларын олз” кинонуудыг хийсэн. Кино болгон маань амжилт дагуулж, үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байдаг. Энэ жил нэлээд олон уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Залуу жүжигчдийг эгнээндээ элсүүлж, хошин урлагийн залгамж халаагаа бэлтгэх хэрэгтэй байна. Үнэхээр энэ чиглэлээр ажиллах сонирхолтой, авьяаслаг залуусыг дуртайяа хүлээж авдаг.
-Та драмын театрт багагүй хугацаанд ажилласан шүү дээ. Тоглосон жүжиг тань цөөнгүй биз?
-Тэгэлгүй яахав. Драмын театрт арван жил ажиллахдаа олон сайхан сонгодог жүжигт тоглосон. Тухайн үед Шекспирийн “Ромео Жульетта”, “Хүслийн трамвай”, “Буудлын авхай”, “Өглөөний тэнгэрийн одод”, “Хаан түүх”, “Би эрчүүдийг хүснэ” гэх мэт цөөнгүй жүжигт тоглож байсан. Нэг үед гарч ирсэн авьяаслаг сайхан жүжигчидтэйгээ хамтарч, нэлээд олон уран бүтээл хийж байлаа. Дараа нь хошин урлагийн төрлөөр дагнаж ажиллах болсон доо. “Өнгөт инээд” хамтлаг маань олон сайхан залуусаар хүрээгээ тэлсэн учраас уран сайхны кино, нэвтрүүлэг зэрэг салбар бүрт хүч сорьж эхэллээ.
-Зарим залуу жүжигчид драмын театр гэхээсээ илүү хошин урлаг руу тэмүүлдэг. Магадгүй, театрын босго өндөр байхаас гадна цалин бага. Тэгэхээр хошин урлагийн тайз илүү амархан санагдаж, их мөнгө олох боломжтой гэж үздэг байх?
-Хошин урлаг бол хамгийн хэцүү төрөл шүү дээ. Ер нь амьдрал дээр харж байхад, хүнийг инээлгэх их хэцүү санагддаг. Давс нь ихэдвэл инээх байтугай дургүй нь хүрч мэднэ. Давсыг нь дутаавал хүн инээхгүй. Тиймээс маш их мэдрэмжтэй урлаг байхгүй юу. Аливаа ажил, бизнесийн байгууллагад хүртэл хошин мэдрэмжтэй хүн амжилттай явдаг гэсэн тодорхойлолт зөвлөгөөн дээр хүртэл байдаг юм билээ. Хүний амжилттай явах арван шинжийн нэг нь хошин шогийн мэдрэмжтэй байх гэдэг. Хошин мэдрэмж бол маш нарийн мэдрэмж гэсэн үг. Аливаа зүйлийг мэдрэх, ярилцаж буй хүнийхээ санаа бодлыг тааварлах, эвгүй байдлаас өөрийгөө эвтэйхэн авч гарах зэрэг маш олон талын чадварыг хошин урлагаас авч болно. Драмын төрөл ч бас хэцүү. УДЭТ бол манайд байгаа ганц мэргэжлийн урлагийн байгууллага шүү дээ. Театрт дэлхийн сонгодог, үргэлжилсэн үгийн бүхий л жүжгийг тоглож байгаа. Монголд харин “Маск”, “Шинэ үе”, “Х-Түц”, “Шилдэг өнгө” гэсэн хошин урлагийн дөрвөн томоохон продакшин үйл ажиллагаагаа явуулж байна. Бид нар хошин урлагийг хөгжүүлэхийн төлөө зорьж яваа. Б.Батзаяа ах маань анх хошин урлагийн театрыг үүсгэн байгуулж, уран бүтээлээ хүргэж эхэлсэн хүн.
-Гоо сайхан, биеийн галбираа спорттой холбож ярих дуртай юм билээ. Яг ямар спортоор хичээллэдэг юм бэ, та?
-Хошин урлагийн продакшнууд маань жил бүр сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тухайлбал 2009 онд “Х-Түц”, 2010 онд “Шинэ үе”, 2011 онд “Маск” продакшныхан зохион байгуулсан. Харин энэ жил манай продакшныхан зохион байгуулсан. Тэмцээн маань жил бүрийн тавдугаар сарын 31 юмуу зургадугаар сарын 1-нд зохиогддог. Манай продакшны эмэгтэй жүжигчид тэмцээн бүрээс медальтай гарч ирдэг гэхээр ямархуу тамирчид болох нь харагдаж байгаа биз. Миний хувьд жүжигчидтэйгээ хамт ойр ойрхон сагсан бөмбөг тоглож, тэмцээний бэлтгэлээ базааж явна. Тэгээд ч энэ спортод их дуртай, бас эрүүл мэндэд ч тустай шүү дээ. Найз хүүхнүүд маань хүртэл спортод элэгтэй улс. Загвар өмсөгч Н.Шатарцэцэг найз маань бүр гольфын аварга гээд бод доо. Би сүүлийн үед усан спортоор хичээллэж эхэлсэн. Тэр бүхний ачаар гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарч чаддаг.
-Найз гэснээс багаасаа үерхэж нөхөрлөсөн охидтойгоо одоо хэр нь холбоотой байгаа юу?
-Мэдээж, холбоотой байлгүй яахав. Нэгдүгээр ангиасаа үерхсэн найз нар маань одоо ч хэвээрээ байгаа. Эмч, инженер, нягтлан, дизайнер, оёдолчин, багш болцгоосон. Хөгжилтэй охидтой үерхэж байсан маань намайг жүжигчин болгосон гэж боддог юм.
-Сувилагчийн сургуульд байснаа гэнэтхэн л урлаг руу урвачихсан нь их сонирхолтой түүх шиг санагддаг шүү?
-Тийм ээ, надад ч гэсэн. Хаа ч явсан, сайхан хамт олонтой тааралддаг хүн шүү дээ, би. Энэ ч утгаараа, өдий зэрэгтэй явж байгаа байх. Сувилагчийн сургуулиа төгсөөд Клиникийн нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хуваарилагдсан. Маш өндөр шаардлага тавина аа. Сураагүй зүйл их болохоор эмч нарт гологдож, загнуулах үе бишгүй таарна. Судсыг нь олохгүй сандраад өвчтөнийхөө дэргэд уйлж ч байлаа. Бас жижүүрт гарч байхдаа унтаад толгойгоо эргэтэл загнуулсан удаатай. Харин сүүлд нь “Тэргүүний сувилагч” болсон доо. Найз нөхөд, хамт олон маань урлагийн сургуульд шалгалт өгөх талаар санаа бодлоо хэлж, сэтгэл зүрхэнд ассан хүсэл тэмүүллийг минь хурцалж өгч билээ. Тэгээд л шалгалт өгч тэнцээд урлагийн хүн болохоор сэтгэл шулуудсан нь энэ.
-Сувилагч маань жүжигчин болохдоо хэр сандрав?
-СУИС-д ороод курсын ажил шалгуулах өдөр өөрийгөө хэрэндээ л сайн юм хийсэн гэж бодсон учир хамгийн түрүүнд үзүүлээд л их додигор сууж байлаа. Гэтэл багш маань “Өлзийхүү чи буцаад эрүүл мэндийнхээ салбарт очсон нь дээр” гэж хэлсэн. Тухайн үед өөртөө гомдоод уйлж байсан ч хор шар буцлаад маргаашнаас нь эхлээд хичээлдээ идэвхтэй хандаж, тэр жил онц төгссөн дөө. Тэгээд 300 төгрөгийн стипенд авч эмээгээ баярлуулж явлаа. Багшид загнуулж байх үед ид дурлачихсан явсан болохоор хичээлдээ жаахан тааруу байсан байх.
-Тэр дурлалт залуу нь хэн байв аа?
-Нөхөр маань байлгүй яахав. Хүслээ тэр үед драмын театрт жүжигчин байсан. Уран чадварын хичээл орох бүрт ирнэ. Би ичээд хичээлээ хийж чадахгүй сандарна аа. Ямартаа л, бид хоёрыг хамт явж байхыг түүхийн багш харчихаад “Өөрөөсөө есөн хуруу өндөр залуутай явж байхаар хичээлдээ анхаарвал зүгээр байх шүү” гэж сануулахав дээ.
-Танай нөхөр өөрөөс тань тийм өндөр гэж үү?
-Хүслээ надаас 10 см өндөр. Багшийг сануулсны дараахан хэмжээд үзсэн чинь яг л голыг нь олоод хэлчихсэн байж билээ.
-Сургуулиа төгсөөд анх ямар дүр бүтээсэн бэ?
-Төгсөөд шууд драмын театрт орсон. Тэр үеийг санахад би ер нь загнуулах их “дуртай” охин байжээ. “Өглөөний тэнгэрийн одод” жүжигт тоглож байхдаа найруулагчид “Дуу нь цаашаа орчихсон, өндөр өсгийтэй гутал дээр явж чадахгүй ийм хүн яаж Соёл урлагийн их сургуульд орсон юм” гэж баахан загнуулсан. Бас анх “Цахилж яваа гөрөөс” киноны зураг авалтанд орж байхдаа шөнө тоглолтынхоо дээлийг дэрлээд унтчихсан чинь үрчийлгүй яахав. Хөдөө хээр индүү байхгүй нь мэдээж. “Цог”-ны индүүгээр индүүдэж байгаад бас л загнуулаад амжсан. Ер нь залуучуудад захихад, хүний үгийг дааж гомдож тунихгүй байвал өөрт тустай шүү.
-Та нэлээд эмзэг хүн байх аа?
-Маш эмзэг, гэхдээ “Зөөлөн нь хатуугаа иднэ” гэгчээр аливаа зүйлийг зөөллөх дуртай. Би чинь хүн шүү дээ, чулуу биш. Тиймээс сэтгэл зовоосон элдэв асуудлыг тэр дор нь шийдвэрлэж, их амархан тайтгарч, мартаж чаддаг. Ер нь мэргэжлийн онцлог болоод ч тэр үү, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй дээ.
Р.Мөнгөн