Зуны дэлгэр цагт монголыг зорих жуулчдын тоо нэмэгддэг. Энэ цагт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олны ажил жинхэнэ утгаараа эхэлж байгаа нь тэр. Монголын олон ястны уламжлалт урлагийн төрлийг орчин цагийн хэмнэлд оруулан үзэгчдийн хүртээл болгож байгаа нь энэ чуулгынхны ач буян. Монгол үндэсний урлаг өнөө цагт хоцрогдсон хэмээн янз бүрийн хэл аманд өртдөг ч уламжлалаа авч үлдэх нь тэдний үүрэг гэлтэй. Урлаг мөнх. Үүн дундаа монгол үндэсний урлагийн гайхамшгийг гадны олон жуулчдад тоглож өгч буйгаараа тэд гавьяатай. Уламжлал шинэчлэл аль алийг нь авч үлдсэн уран бүтээлээрээ үзэгчдийн талархлыг хүлээгээд байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын удирдаач Н.Буянбаатар "Манай чуулга хойд, өмнөд туйлаас бусад газар очиж тоглосон" гэж нэгэн ярилцлагадаа дурдаж байсан билээ.
Гадны жуулчид монголын үзэсгэлэнт байгалиас гадна хэдэн зууны өв соёлоо хадгалан үлдсэн үндэсний урлагийг сонирхох болсон гэнэ. Тийм болохоор чуулгын 150 гаруй уран бүтээлчид өдөр бүр "Монгол урлагийн гайхамшиг" тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байгаа аж. Уг тоглолт ирэх есдүгээр сарыг дуустал Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тоглогдож байгаа юм байна. Өнгөрөгч пүрэв гаригт эл тоглолтыг үзэхээр чуулгыг зорилоо. Кассан дээр очиж билет асуусан боловч байхгүй гэв. Маргаашийн билет байна уу гэхэд бас л дууссан даа гэсэн юм. Манайхан үндэсний урлагаа үздэг болжээ гээд битүүхэндээ баярлав. Гэтэл монголчууд бус гадныхан монголын урлагийг сонирхохоор билетүүдийг нь авсан байж. Аялал жуулчлалын компаниуд аяллын маршрутдаа "үндэсний урлагийн тоглолт үзүүлнэ" гэсэн байдаг гэнэ. Тийм болохоор жуулчны компаниуд билетыг нь бөөнөөр нь худалдаад авчихдаг нь гарцаагүй болов. Монголчууд уг тоглолтыг 10 мянган төгрөгөөр үзэх боломжтой бол гадны жуулчид 25 мянган төгрөгөөр үздэг гэв. Бямба гаригт 18 цагаас тоглолт эхлэх байлаа. Тоглолтоос 20 гаруй минутын өмнө жуулчны гурван том автобус ирсэн байв. Монгол үндэсний хувцас өмссөн жуулчид их байсан ч нүдэнд дасаагүй болоод тэрүү нэг л эв хавгүй харагдах аж.
"Монгол урлагийн гайхамшиг" тоглолтод Монгол төрийн их найрал, монгол бүжгийн чуулбар, ардын бүжиг, багт цамын бүжиг, морин хуур, хөөмий, уран нугаралт зэрэг үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүд багтсан байдаг аж. Чуулгын тайзнаа заларсан уран бүтээлчдийн хувцсыг нь хараад л гадныхан "Nice, nice" хэмээн уулга алдана. Зарим нь хөтчөөсөө эдгээр хувцсыг хаанаас авч болохыг асууж байлаа. Төрийн их найрал хөгжмийн нүсэр аялгуунд тэд ихэд баясах аж. Өөр хоорондоо монгол урлагийн сайхныг шагшин ярилцах агаад зарим жуулчид уран бүтээлчдэд босч хүндэтгэл илэрхийлнэ. Ихэвчлэн "Bravo", "Гоё, гоё" хэмээн амандаа шуугилдах аж. Монголд ирсэн жуулчид хамгийн түрүүн "Сайн байна уу?", "Гоё", "Баярлалаа" гэдэг үгийг сурдаг гэнэ. Гадныхан морин хуур, хөөмий, уран нугаралтыг илүүтэйгээр сонирхож байлаа. Хөөмийчдийг хараад амандаа ямар хөгжмийн зэмсэг байрлуулсан юм бэ гэж асуух юм. "Өөрийн хоолойгоороо хөөмийлж байгаа юм аа" гэхэд толгой сэгсрэн үл итгэх маягтай сууна. Үегүй мэт мэт нугарах уран нугаралтынхныг ёстой л амаа ангайлган үзэж байлаа. Хэрхэн яаж нугардаг талаар өөр хоорондоо таамаг дэвшүүлнэ. Японы нэгэн жуулчин охиноо уран нугаралтаар хичээллүүлж болох уу хэмээн хөтөчөөсөө асууж байв. Ардын дуучин хэмээн ард түмнээ хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Амгалангийн цээл хоолойг сонсоод хөдөө тал, нутаг ус нүднээ үзэгдэх шиг болов. Ардын дууны үнэн үгэнд аргагүй ард түмэн минь хайртай ажээ. Бямба гаригийн энэхүү тоглолтыг цөөн монголчууд үзсэн хэдий ч ардын дуундаа уярч нулимс дуслуулахыг хараад үндэсний урлаг үнэ цэнээ алдаагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Нулимс дуслуулан дууг сонсож байсан тэр бүсгүйн ээж нь ардын дуу дуулдаг хүн байсан гэнэ. Тийм болохоор ардын дуу сонсохоор л уйлчихаад байдаг юм хэмээн нулимстай нүдэндээ инээмсэглэл тодруулан хэлсэн юм. Багт цамын бүжгийн тоглолтын үеэр Америк жуулчны хүүхэд уйлчихав. Цамын багийг хараад айсан аж. Ээжийнхээ энгэрт нүүрээ наагаад бүжиг дуустал эргэж ч харалгүй суув.
Тоглолт 80 минутын турш үргэлжлэв. Үндэсний урлагийг орчин цагийн хэмнэлтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байгаа тул уйдах хүн байсангүй. Ардын урлагийг сонирхсон хүн уйддаггүй юм билээ. Үндэсний урлагаасаа хүн ухаарлыг олж авдаг ажээ. "Шинэ зүйл гэж сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлнэ" гэдэг. Олон зуун жилийн буурал түүхийг тээж ирсэн үндэсний урлаг бидний хувьд нэгэн хэвийн зүйл мэт санагддаг бол гадныханд бол үгүй аж. Даяарчлалын шуурганд үндэсний урлагийн бүтээлүүд устаж байгаа энэ үед өөрийн гэсэн өнгө төрх ард түмнийхээ итгэлийг тээсэн ийм урлаг байгаад гайхаж байсан юм. Тэгээд ч ардын урлаг үндэсний тусгаар тогтнолын нэгэн том баталгаа болж өгдөг гэдэгтэй санал нэг байлаа. Тоглолтын төгсгөлд нулимсаа арчиж байгаа япон хүнийг харлаа. Нас нь өндөр болоод нулимс нь ойрхон байж болох ч монголын урлаг өнөөдөр үүргээ биелүүлсээр байгаагийн нэгэн тод жишээ энэ буюу. Урлаг гэдэг хил, хэлээр хязгаарлагддаггүй. Аль ч үед хүний зүрхэнд хүрч чаддаг гэдгийг Үндэсний дуу, бүжгийн чуулгынхан мэдрүүлж чадлаа.
Тоглолтын үеэр Америкийн иргэн Клара Дикинстэй ярилцлаа.
–Монголын үндэсний урлагийн тоглолтыг үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Сонирхолтой юм аа. Хэлж чадамгүй нандин мэдрэмжийг сая оллоо. Монголыг газрын баялагтай л гэж бодож байснаас ийм сайхан урлагтай гэдгийг нь мэдсэнгүй. Ялангуяа ардын дууг нь сонсоход тайвшралыг олох шиг болсон. Уран нугараачдыг нь хараад яаж тэгж нугарч байнаа гээд гайхсан шүү. Нүүдлийн уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж байгаа цорын ганц үндэстэн гэж ойлгож байгаа.
–Дэлхийн хичнээн орноор аялж байв. Монгол Улс бусад улсаас юугаараа ялгаатай санагдав?
-Би 20 орчим орноор аялсан. Улс бүгд өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчуудын хувьд хүн чанараараа миний очсон ямар ч улсаас хэдэн хувь илүү гэдгийг мэдлээ. Үр хүүхдүүд нь аав, ээждээ ямар их хайртай юм бэ. Эцэг, эх нь ч гэсэн үр хүүхдээ байнга харж халамжлах юм. Энэ уламжлал Азийн орнуудад л ажиглагддаг.
Монголчууд морин хуураа их хүндэтгэдэг юм байна. Очсон газар бүр л морин хуур байсан.
–Монголд ирээд хаагуур явсан бэ?
-Хархорин, Өмнөговь, Амарбаясгалант хийд, Цонжинболдогоор явсан. Ахиад хэд хэдэн газраар явна. Бороо ороод байгаа болохоор юм үзэх боломж багатай л байна. Гандантэгчинлэн хийдээр орлоо. Өмнө нь тийм том Жанрайсэг бурхан харж байгаагүй болохоор сонин л юм билээ. Монголын үзэсгэлэнт байгальтай газруудаар явах бодол бий ч зам муу гээд одоохондоо яваагүй л байна даа.
Монголчууд үндэснийхээ урлагийг авч үлдвэл зуун жилийн дараа жинхэнэ түүх болно. "Агуу бүхний гэрч болоход ойрхон байна даа" гэж бодлоо. Ардын дууг нь сонсоход биеэр нэг юм гүйх шиг болсон. Би өөрийгөө хэдэн зуун жилийн өмнө энд амьдарч байсан юм болов уу гэж бодоход хүрлээ. Давтагдашгүй хэрнээ уянгалаг, сонсголонтой юм.
–Буцахдаа монголоос юу авч явах вэ?
-Хамгийн түрүүн морин хуур авна. Яг монгол айлууд шиг хоймроо зална. Монгол малгай, дээл гээд авах юм их байна. Гэхдээ үндэстэн бүр өөрсдийн онцлогтоо таарсан хувцас өмсдөг болохоор бид дээл өмсөхөөр хүмүүст зохимжгүй харагдаад байгаа юм шиг байна лээ.
–Яаж байна?
-Хархорин явж байхдаа мэдэрсэн. Нэг жаахан хүүхэд ирээд "Монгол хувцас биднийх болохоор өөр хүмүүст зохимжгүй харагддаг гэсэн" юм. Тэр үгийг бодоод байсан чинь үнэн л юм шиг байна лээ. Монгол хүүхдүүд их зоригтой юм билээ. Тэр жаахан байж морь унаад уралдаж байгааг нь хараад гайхсан. Хамгийн сайхан нь бөөн шороо болчихсон орж ирээд ундаа, хуушуур руу гүйж байгаа юм. Өхөөрдсөн шүү.
–Монголд ирэхээсээ өмнө монголын талаар хэр мэддэг байсан бэ?
-Лондонгийн олимпийн медалийг Монголын алтаар хийх гэж байгаа гэдгийг мэдэж байсан. Интернэтээр бага зэрэг судалсан. Одоо тэр цаатан, бөө нарын амьдралыг нь үзчихвэл болчих гээд байна. Америкт "Уул толгодыг даван алс холын нутагт" (Over the Hills and Far Away) хэмээх баримтат кинонд аутизм өвчтэй Америк хүү Монгол нутагт очиж бөө нараар эмчлүүлсэн тухай гардаг тэр киног үзээд ер бусын үндэстнийг очиж үзье гэж нөхөртөө хэлтэл зөвшөөрсөн. Тэгээд л гэр бүлээрээ ирээд байгаа минь энэ.
Монголын хамгийн том баялаг бол урлаг гэдгийг мэдэрлээ.
–Та урлагийн талаар багагүй мэдээлэлтэй болжээ?
-Мэдээлэлтэй болсон. Манай аав урлагийн хүн байсан. Тэр хүнээс үлдсэн юм байлгүй дээ.
Э.ЭНХБОЛД