Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд асар том хувьсал шинэчлэлийг хийсэн гэгддэг амьд хөгжмийн хосгүй мэдрэмж, сэрэхүйн таашаалыг бэлэглэдэг “гитар” хөгжим бол хөгжмийн зэмсгүүд дотроос хамгийн гайхалтай нь юм.
МЭӨ он тооллын үеэс сийлбэрлэж эхэлсэн гэгддэг гитар хөгжмийн орчин цагийн түүхийн эхлэлийг XII ба XV – XVI зуунаас эхтэй гэж үздэг бөгөөд одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний гитар нь 3300 жилийн настай ажээ. Ингээд хөгжим сонирхогч залуустаа зориулан хөгжмийн ертөнцийн түүхэн дэх домог болсон гитарнуудын тухай мэдээллийг сонирхуулж байна.
Jimi Hendrix – “Woodstock Strat”
Эхний танилцуулах домогт уран бүтээлчийн домогт гитар бол Америкийн нэрт дуучин, хөгжимчин Жэймс Маршал Жими Хэндриксийн (1942 – 1970) гайхамшигт “Woodstock Strat” гитар юм. 15 настайдаа анхныхаа гитарыг $5 доллараар худалдаж авч байсан түүнд хэд хэдэн алдартай гитар байснаас хамгийн алдартай нь энэхүү гитар бөгөөд 1968 онд худалдаанд гарч байсан “Fender” компаний “Olympic White Fender Stratocaster” гитар юм.
Жими энэхүү гитараа 1968 онд Нью Йоркийн хөгжмийн дэлгүүрээс авч анх 1969 онд тоглож байсан ажээ. Хожмоо 1990-ээд онд Поол Аллен гэгчид арилжаалагдаж өдгөө Сиэттлийн хөгжмийн музейн үзмэрт тавигдсан гэдэг.
Queen – “Red Special”
Харин удаах алдартай гитар бол Их Британий нэрт “Queen” хамтлагийн гэдгээрээ цуутай “Red Special” гитар юм. Энэхүү цахилгаан гитар нь хамтлагийн гитарчин Брайн Мэй-ийн гитар бөгөөд тэрээр аавтайгаа хамт хийжээ. Мэй энэхүү гитараараа 1960-аад оны сүүлчээр гаргасан хамтлагийнхаа цомог, амьд тоглолтын үеэр тоглож байсан ажээ.
Нэрний үүслийн хувьд улаан хүрэндүү өнгөөр өнгийг нь сэргээж буддаг байснаас үүдэлтэй бөгөөд заримдаа “Fireplace” гэж нэрлэх нь бий – Энэ нь гитарын хүзүүн хэсгийг камин зуухны өнгөлгөөгөөр хийсэнтэй холбоотой юм байна.
Dimebag Darrell – “Dime-O-Flame”
Dimebag Darrell – “Dime-O-Flame”
Тэрээр хүнд метал урсгалаар тоглодог “Pantera” / “Damageplan”зэрэг хамтлагийн шилдэг гитарчин байсан (1966 – 2004) бөгөөд 1980-аад оноос Америкийн гитар хөгжмийн брэнд болох “Dean Guitars”-тай хамтран ажиллаж иржээ.
Түүний ихэнхи гитарууд нь “Dean Guitars” брэндийнх байсны зэрэгцээ тэрээр 1994 онд “Washburn” гитар үйлдвэрлэгч брэндтэй хэсэг хугацаанд гэрээтэй ажиллаж байгаад 2004 онд эргэн “Dean Guitars”-тай ажиллаж байжээ. Түүний хамгийн хайртай гитар нь “Dime-O-Flame” хэмээх энэхүү гитар гэнэ.
Prince – “Cloud”
Америкийн дуучин, жүжигчин Принс Рожерс Нелсоны 1984 онд гол дүрийг нь бүтээсэн “Purple Rain” рок хөгжмийн тухай кинонд гардаг “Cloud” гитар нь нилээд нэр хүндтэй гитар бөгөөд Миннеаполис нутгийн хөгжмийн зэмсэг урлаач дизайныг нь гаргаж хожмоо Америкийн алдарт “Schecter Guitar Research” компанид дахин үйлдвэрлэсэнюм байна.
Eddie Van Halen – “Franken Strat / Frankenstein”
Америкийн гитарчин, найруулагч мөн хард рок урсгалаар тоглодог “Van Halen” хамтлагийн үүсгэн байгуулагч Эддигийн энэхүү гитар нь Америкийн хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Gibson” брэндийн хосгүй дуугаралт болон “Fender” брэндийн үзэмж төгс дизайныг хослуулсан гайхалтай гитар гэнэ.
Түүний санаачлагаар урласан “Franken Strat” гитарын нэмэлт онцлог нь хар, цагаан, улаан өнгийн судлуудыг шингээж өгсөн явдал бөгөөд хуулбар нь Америкийн түүхийн музейд хадгалагддаг юм байна.
B.B.King – “Lucille”
Хөгжмийн блюз жанрыг гайхалтайгаар амилуулагч, олноо өргөмжлөгдсөн шилдэг гитарчин Би.Би.Кин нэрээрээ танигдсан Райли Би.Кингийн “Lucille” гэж нэрлэсэн энэхүү домогт гитар нь ихэвчлэн “Gibson” брэндийн хар гитарыг нэрийдсэн нэршил ажээ.
Тэрээр 1949 оны өвөл бүжгийн танхимд хурсан олныг хөгжөөн, хөгжмийн хөг аялгуугаар бээрсэн олны бие сэтгэлийг дулаацуулж байжээ. Танхим хүйтэн байсан тул хагас баррел керосинаар уур амьсгалыг дэвжээж байх агшинд хоёр залуу “Lucille” нэртэй бүсгүйгээс болж үймээн дэгдээж, керосинийг асгасны улмаас танхим бүхэлдээ галд автсан байна.
Гитараа мартсан Кин галыг үл огоорон танхимыг зорьж гитараа авангаа галд шатаж нас барсан залуусын маргааны шалтгааныг олж эцэст нь гитараа ийнхүү “Lucille” гэж нэрлэсэн гэдэг юм билээ. Бүр “Lucille” нэртэй дуу гаргаж байсан гэдэг.
Jimmy Page – “Gibson EDS1275”
1963 онд анх худалдаанд гаргаж байсан эдүгээ цагийн хөгжмийн ертөнцийн шилдэг гитаруудын нэг бол өдгөө ч зах зээлд эрэлттэй “Gibson” брэндийн хос хүзүүт “EDS1275” маркийн энэхүү цахилгаан гитар юм.
Английн рок “Led Zeppelin” хамтлагийг байгуулагч, гитарчин Жимми Пэйжийн гэдгээрээ алдартай тус гитар хамтлагийн 1971 онд гаргаж байсан “Stairway to Heaven” дуугаар олонд илүү танигджээ.
Paul McCartney – “Höfner Violin Bass”
1950 – 1960-аад оны рок’н’ролл хөгжмийн түүхэнд багагүй хит болж байсан Германы “Höfner” брэндийн “500/1” гитарыг “Beatle Bass” / “Cavern Bass” ч гэж нэрлэдэг бөгөөд Английн алдарт “The Beatles” хамтлагийн дуучин, гитарчин Поол МакКартнигийн гэдгээрээ илүү алдартай юм.
Хөгжмийн ертөнцийн бүх цаг үеийн хамгийн шилдэг хөгжмийн зохиолч гэгдэж Гиннесийн номд бичигдсэн тэрээр хийл хөгжмийн хэлбэртэй энэхүү өвөрмөц басс гитараар олон гайхалтай аялгууг эгшиглүүлсэн билээ.
Eric Clapton – “Blackie”
Хөгжмийн ертөнцийн бүх цаг үеийн хамгийн шилдэг гитарчинаар удаа дараа нэрлэгдсэн Английн гитарчин, дуучин – ая зохиогч Эрик Пэтрик Клэптон Америкийн хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Fender” компаний 1954оноос анх худалдаанд гаргаж байсан “Fender Stratocaster” хэмээх гитараа өхөөрдөн ийнхүү “Blackie” гэж нэрлэдэг ажээ.
Тэрээр 1970-аад оноос “Fender” компаний гитараар тоглох болсон бөгөөд тус бүр нь $200 – $300 долларын үнэтэй 1950-аад оны “Stratocaster” гитараас зургааг худалдаж авч байсан түүх бий.
Түүний гитар дэлхийд нэр хүнд бүхийгээс гадна дуудлага худалдаагаар $959.500 долларт хүрч арилжаалагдаж байсан бөгөөд олсон ашгаа тэрээр хар тамхи, мансууруулах бодис болон архинд донтогсдыг эмчлэх буяны төвийнхөө үйл ажиллагаанд нэмэрлэсэн гэдэг.
2006 онд болсон Азид тохиосон гамшигт Цунамид туслах аяны хүрээнд өөр нэгэн “Stratocaster”гитар $2.6 сая долларт хүрч дэлхийн хамгийн үнэтэй түүхэн гитар болсон юм. Тэр гитар дээр олон олон алдартан гарын үсгээ зурж цунамид нэрвэгдсэн хүмүүст туслах аянд гараа сунгасан байлаа.
The Rolling Stones – “Micawber”
Английн алдарт “The Rolling Stones” хамтлагийн хамгийн алдартай басхүү домогт гитар нь хамтлагийн гитарчин Кэйт Ричардсын “Micawber” хэмээн нэрийдсэн “Fender Telecaster” гитар юм байна.
Энэхүү гитарыг 1950-аад оноос үйлдвэрлэж байгаа ажээ. Гитарын нэрний түүхийг сонирхвол Английн зохиолч Чарльз Дикинсийн 1850 оны “David Copperfield” романаас сэдэвлэсэн гэнэ.
Neil Young – “Old Black”
Нэгэн үеийнхнийхээ “амьд домог” болсон Канадын дуучин, хөгжимчин Нэйль Яны тухайд түүний олонхи гитар “Old Black” гэсэн нэртэй байдаг бөгөөд олонд танигдсан “Old Black” гитар нь 1952 онд худалдаанд гарч байсан “Gibson Les Paul” гитар ажээ.
Тэрээр энэхүү гитараа 1969 онд хөгжимчин Жим Мессинатай харилцан ашигтай хийсэн гитар солилцооны арилжаанаасаа олж авч байжээ. Ян саяхан хайртай гитараа энэ чиглэлээр гаршсан мэргэжлийн уран бүтээлч Карл-аар будуулахаар өгсөн байна.
Zakk Wylde “Gibson Bulls-eye”
“Ozzy Osbourne” хамтлагийн гитарчин асан мөн рок урсгалаар тоглодог “Black Label Society” хамтлагийг байгуулагч Америкийн хөгжимчин, дуучин, жүжигчин Закийн “Gibson” брэндийн энэхүү гитар түүний бусад гитараас хамгийн алдартай нь басхүү хөгжмийн ертөнцийн домог болсон гитаруудын нэг гэнэ.