Ангийн хамт олонтойгоо уулзах хүслээр жигүүрлэсэн ч амьдрах орон байраа хэрхэх талаар асуулт хэвээр ирэх оюутан цөөнгүй.
Харин олон жил яригдсан мянган оюутны байр энэ намар ашиглалтад орох болсныг дуулаад Монголын оюутны холбоог зорилоо. Холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас дараах мэдээллийг авсан юм.
-Орон нутгийн оюутнуудын дотуур байрны асуудал намар бүр хөндөгддөг. Харин энэ намраас Мянган оюуты байр ашиглалтад орно гэж дуулсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Жилийн жилд оюутны дотуур байрны хүрэлцээ хөндөх асуудлын нэг байдаг. Монголын оюутны холбоо нэр бүхий гишүүдтэй хамтарч оюутнуудын амьдарч буй газруудад шалгалт хийсэн юм. Тухайлбал, дотуур байр, карма өрөө, нийтийн байр, подваль зэрэг газруудаар явсан. Үүний үр дүнд "Мянган оюутны дотуур байр" барих нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Энэ намар Мянган оюутны байр ашиглалтад орно. Тэгэхээр ачаалал багасах байх гэж бодож байна. Мэдээж хөдөө орон нутгаас ирж байгаа бүх оюутныг дотуур байранд оруулна гэвэл хүнд асуудал. Тийм ээс зарим хувийн хэвшлийн их дээд сургууль дотуур байр шинээр барьж ашиглалтад оруулж байгаа.
-Мянган оюутны байранд орох оюутнуудаас ямар зүйл шаардах бол?
-Оюутны байр ашиглалтад ороогүй байгаа учир хүлээж авах оюутны тоо тодорхой байна. Магадгүй дотуур байрны талбай их бол 1000-аас их оюутан авах боломжтой. Дотуур байр ашиглалтад орсны дараа сургуулиудад квот өгч магадгүй. Эсвэл тухайн үед жич зарлаад шаардлагатай гэсэн оюутнуудын материалыг бүрдүүлээд хүлээн авах болно.
-Нийслэлд хэчнээн байр байдаг юм бол?
-Улаанбаатарт 43 оюутны дотуур байр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд 11 мянган оюутан амьдрах боломжтой. Харин жилд хөдөө орон нутгаас ирж 20 орчим мянган оюутан суралцдаг.
-Дотуур байрны орчны асуудалд ямар анхаарал тавьж байна вэ?
-Бид дотуур байрны тоог нэмэгдүүлэхээс гадна оюутны байрны стандартыг мөрдүүлж байна. Энэ стандартыг өнгөрсөн жил баталж байсан юм. Тиймээс ирэх аравдугаар сард оюутны нийтийн байруудаар нэгдсэн шалгалт хийнэ. Тэнд ариун цэврийн өрөө шаардлагаа хангаж байна уу, халуун хүйтэн ус, нэг оюутанд ноогдох талбай хэр байгаа зэрэг олон шаардлагыг тавина.
Мөн байрны төлбөр, онцгой байдлын үед авах арга хэмжээний самбар хэрэглэгдэхүүн байна уу, ил задгай цахилгааны монтаж ямар байна гэх мэт цогц байдлаар шалгалт хийхээр төлөвлөөд байна. Түүнээс гадна оюутны байрны гол асуудал хүрэлцээ байдаг. Өөрөөр хэлбэл, нэг өрөөнд дөрвөн оюутан байх нормтой байхад тав, зургуулаа амьдардаг, эсвэл хоёр оюутан нэг өрөөнд байх жишээтэй. Цэвэрлэгээний асуудал ч их байдаг. Тиймээс бид дотуур байрны каминдатуудтай хамтарч ажилладаг.
Өнгөрсөн жил дотуур байрны бүх каминдатууд болон багш нарын нэгдсэн чуулганыг зохион байгуулсан. Тэр үеэр оюутнуудад арга зүйн зөвлөгөө өгсөн. Энэ үйл ажиллагаа маш үр дүнтэй болсон учир дотуур байрны хоёрдугаар чуулганыг энэ намар зохион байгуулна.
-Энэ жил байрны төлбөр нэмэгдэх үү. Жилийн төлбөр хэд байдаг бэ?
-Оюутны дотуур байрын төлбөр 200-300 мянган төгрөг байдаг. Дийлэнх нь улсын сургуулийн дотуур байр байдаг учир бид хяналт тавихад амар байдаг. Учир нь төрөөс тогтоож байгаа үнэ ханшийг инфляцийн дагуу тогтоох ёстой. Хэрвээ байрны үнэ нэмэгдэж байгаа бол ямар үндэслэлээр нэмэгдсэн нь тодорхой байх ёстой. Энэ тохиолдолд тухайн байрны орчин нөхцөл сайн байхыг шаардана.
-Шинээр оюутан болоод ирж буй залууст улсын ч бай дотуур байр олдохгүй байна гэж гомдолдог шүү дээ. Энэ тал дээр танайхан ямар хэмжээ авдаг юм бол?
-Манайхаас тавьж байгаа гол зорилго бол санал хүсэлт тавьсан I курсын оюутан бүрийг дотуур байранд оруулах явдал юм. Харин дараа нь үлдсэн квотууд дээр II, III, IV курсынхныг оруулдаг. Учир нь дээд курсынхан хотод амьдраад хоёр, гурван жил болчихсон учраас арга, учраа олохоо мэднэ. Ядаж л автобусны чиглэлээ мэднэ. Гэтэл дөнгөж оюутан болоод ирж байгаа залуучуудын саналыг харгалзаад оруулахад бэлэн. Харин энд ах, эгч нар нь байдаг өөрөө дотуур байранд байх хүсэлгүй хүүхдүүдийг хүчээр оруулна гэж байхгүй.
-Дотуур байранд орж чадаагүй олон оюутан түрээсийн байранд амьдарч байгаа. Оюутны холбооноос нийтийн байрны эрүүл ахуй, орчинд хяналт тавих боломжтой юу?
-Тийм. Монголын оюутны холбоо Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газартай хамтран оюутнууд амьдарч буй бүхий л газруудад жил бүр шалгалт хийдэг. Шалгалтын явцад байрны эздэд мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Өөрөөр хэлбэл, энэ зүйлсээ анхаар, энэ зүйлсээ тохижуул гэсэн анхааруулсан мэдэгдэх хуудас тараадаг. Ингэснээр сүүлийн үед оюутны нийтийн байранд гал гарах зэрэг янз бүрийн осол, гэмтэл гарах асуудал байхгүй болсон. Гэхдээ бас анхаарах зүйл их байна. Мэдээж оюутан амьдарч байгаа бүх байрыг шалгаж боломжгүй шүү дээ.
Б.Энхзаяа