Өдгөө уул уурхай, газар тариалангийн бизнес эрхэлж буй дуучин залуугийн сонирхолтой яриаг уншигчиддаа хүргэе.
-Анх хамтлагийнхаа уран бүтээлийг эхэлж байхдаа урт үстэй байсан. Харин сүүлийн жилүүдэд ажил, амьдралын шаардлагаар халимаг болгочихоод байгаа?
-Тийм ээ. Үс ургаж л байдаг, засуулж л байдаг. Үсийг яасан ч яахав гэж боддог юм. Магадгүй халимаг үсээ хэсэг хугацааны дараа халзан болгохыг ч үгүйсгэхгүй.
-Эхнэртээ ямар бэлэг өгөх дуртай вэ?
-Ер нь ойр ойрхон бэлэг солилцдог болохоор бид хоёр бие биенийхээ ямар бэлгэнд дуртайг ч тодорхойлж хэлэхэд хэцүү юм. Янз бүрийн л бэлэг солилцоно шүү дээ.
-Тоглолт дээр тань охид, залуус янз бүрийн л бэлэг өгдөг байсан байх. Тэр дундаас хамгийн дурсгалтай нь юу байв?
-Би хэтэрхий их том бэлэг авах дургүй л дээ. Яагаад гэвэл, нэг их баярласан дүр эсгэх шаардлагатай болох юм шиг хэцүү санагдаад байдаг юм. Тиймээс би “Өө, ямар гоё юм бэ” гээд л өнгөрдөг. Цаад хүн маань “Ийм гоё бэлэг өгч байхад иймхэн зүйлээр сэтгэлээ илэрхийлж байгаа юмуу” гэж сэтгэл дундуур үлддэг байх л даа. Намайг маш их баярлаж, бараг ухаан алдахыг минь хүлээж байгаа тэр хүнд би ийм зүйл харуулж чадаагүйдээ харамсаад ч яах билээ. Тийм болохоор би ер нь энгийн хэрнээ чамин бэлэг авах дуртай гэж өөрийгөө тодорхойлно. Хамтлагийн уран бүтээлээ хийж явахад хэсэг хүүхдүүд цаасаар маш олон тооны хун шувуу хийж өгч билээ. Тэгэхэд л би маш их баярлаж, сэтгэл хөдлөлөө дарж чадаагүй юм даа.
-Сайхан бүсгүйчүүдийг магтан дуулсан уран бүтээл олон бий. Тэгвэл таны хувьд, энэ тодорхойлолтын талаар сонирхуулаач?
-Хүний амьдралд хоёр багана байдаг. Тэр баганын нэг нь бүсгүй хүн юм болов уу. Угаасаа хайрын тухай дуунд хүртэл гардаг шүү дээ. “Хос багана” гээд л…
-Дунд сургуульд байхдаа хайрын захиа хэр их авдаг байв?
-Нэг их гэж онгирохгүй ээ. Гэхдээ халаасанд минь багагүй захиа “тийчигнэнэ” шүү. Ганцхан би гэлтгүй, хамтлагийнхан маань бүгдээрээ л охидын захианд дарагдаж явлаа шүү дээ.
-Та хартай юу?
-Хүнийг хардаж, бас хардуулж байж л ямар гэдгийг нь би мэдэрдэг гэх үү дээ. Шүлэг яруу найрагт хүртэл гардаг биз дээ. Огт харгүй хүн гэдэг чинь мэдрэмж муутай, тэнэг хүн байх гэж боддог. Тиймээс хааяа хардахгүй бол утгагүй юм шиг санагдаад. Ер нь ямар ч харгүй хүмүүсийг гайхаад байдаг юм. Гэхдээ хар хэтэрвэл хэцүү л дээ. “Хайртай бол хартай” гээд хажуу дахь хүнээ зовоогоод байвал өнөөх амьдралын аз жаргал гээч нь алга болох байлгүй.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Хоёр хүүхэдтэй айлын том нь. Аав ээж хоёр маань хөгжмийн талын хүмүүс байдаг.
-Гэртээ хоол хийх зав гаргадаг уу?
-Гаргана аа. Хааяа эхнэр, хүүхдүүддээ зориулж сайхан амттай хоол хийж өгөх дуртай. Ер нь эрчүүд гэдэг чинь эмэгтэйчүүдийг бодвол, амтлах мэдрэмж сайтай улс гэж өмөөрнө шүү.
Р.Есүй