Зураач Ц.Ган-Эрдэнэ энэ сарын 19-нд ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас зохион байгуулсан уралдааны гранпри шагналын эзэн болсон юм. Тэрбээр сүүлийн арав гаруй жил ХНБГУ-д уран зургийн чиглэлээр суралцан, ажиллаж эх орныхоо нэрийг гадаадад гаргаж яваа авьяаслаг уран бүтээлч. Зураач Ц.Ган-Эрдэнийг зуныхаа амралтаа эх орондоо ирээд буцах гэж байхад нь бид уулзаж ярилцсан юм. Тэрээр өнгөрсөн пүрэв гаригт Германыг зорин өчигдөр буюу энэ сарын 19-нд Веслин хотын захиргаанаас зохион байгуулсан уралдааны гранпри шагналаа гардан авсан юм.
-Юуны өмнө Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж, шилдэг бүтээлийн шагнал хүртсэнд баяр хүргэе. Уралдаанд ямар урсгалаар зурдаг хэдэн орны уран бүтээлч оролцов?
-Баярлалаа. Энэ уралдааныг ХБНГУ-ын Веслин хотын захиргаанаас гурван жил тутамд зохион байгуулдаг. Уралдаанд энэ удаа уран зураг, гэрэл зураг, орон зайн урлаг, уран баримал гэсэн төрлөөр нийт 1000 гаруй уран бүтээлч өрсөлдсөн. Дэлхийд болоод Европт нэр хүндтэй олон уран бүтээлч оролцсон. Модерн, сонгодог зургууд, уран баримал, хийсвэр гүүлэмжтэй орон зайн урлагийн бүтээл түлхүү байсан. Эхний шалгаруулалтаас 65 бүтээлийг сонгосноос эцсийн шатанд миний “Усны тусгал” бүтээл шалгарсанд баяртай байна. Шалгарсан бүтээлүүдээр энэ сард үзэсгэлэн гаргана.
-Та хэдэн бүтээлээр оролцов?
-Би “Усны тусгал”, “Буцаж ирсэн нь”, “Бодол” гэсэн бүтээлээрээ оролцлоо. Энэхүү уралдааныг зөвхөн германчууд бус олон улсын шүүгчид шүүдэг. Хотын дарга Ханс Петр Хаупт, Урлагийн холбоо ны дарга Дүгмэр Уидинг, болон дэлхийд алдартай Урлагийн академийн багш, профессор Дзерск, Сондерманн нарын бүрэлдэхүүнтэй арав гаруй шүүгч шүүсэн.
-“Усны тусгал” бүтээлдээ голын эрэг дээр суугаа хосын усанд ойсон дүр төрхийг та харуулжээ. Хэзээ зурсан зураг вэ?
-Уралдаанд сойсон бүтээлээ 2009, 2011 онд зурсан. Хүний дотоод ертөнц, хайртай хосын хагацал, дурсамжийг усны тусгалд хэрхэн харж болохыг бодож бүтээсэн юм. Би голдуу хүний бодол санаан дээр судалгаа хийн бүтээлдээ тусгадаг. Хүнд дутагдаж, сэтгэл дотроо үгүйлэн санаж явдаг зүйлүүдийг уран бүтээлдээ хөндөж оруулсан. “Усны дусал” нэртэй цуврал зураг дээр минь гэхэд л нэг ч хүн нь байхгүй хэдий ч усны тусгалаас хосуудын сэтгэлийг харж болох жишээтэй. Улс төртэй холбоотой цэрэг дайн, хүчирхийллээс болоод улс орноосоо дүрвэн гарсан ч гэдэг юм уу, эсвэл цэргийн алба хааж байгаа нөхрөө хүлээж байгаа гэргий сэтгэлдээ хайртай хүнээ хажуудаа байгаа юм шиг бодож явдаг. Тэр бодол нь усны сүүдэрт тусаад байгаа юм.
-Монголчууд, тэр тусмаа эрчүүд амьдралаа дээшлүүлэх гэж БНСУ руу их явдаг. Эр нөхрөө, аавыгаа, хайрт хүүгээ санан бэтгэрч дэргэдээ байгаа мэт амьдарч байгаа хүмүүс олон. Таны зургийг хараад тэдний л тухай хамгийн түрүүнд сэтгэл буулаа?
-Тийм сэдвийг л хөндөж хийсэн л дээ. Амьдралын шаардлагаар Өмнөд Солонгосыг зорьсон хүнйи ар гэрийхэн хөндлөнгийн хүн харахад ганцаараа юм шиг байвч, сэтгэлдээ бол үргэлж л түүнийгээ тээж явдаг. Зүгээр л тийм хүмүүсийн хөндлөнгөөс харахад шууд мэдчих боломжгүй хэрнээ усны дусал дээр тэр дотоод сэтгэлийн хүүрнэл нь бууж байдаг юм шүү гэсэн утгаар нь энэхүү цуврал зургуудаа хийсэн. Энэ сэдэв маань өнөөдрийн нийгэмд илүү ойрхон тусч байгаа юм уу даа.
-Бас морин дээр сундалсан бяцхан хүүхдүүдийн зураг их содон санагдсан?
-Тэр бол нэг гэр бүлийн амьдрал. Нүүдэлчин монголчууд гурван үеэрээ нэг өрөөнд өсөж бойждог. Өвөө, эмээ, аав, ээж, би гээд. Гурван үеэрээ ингэж амьдарч байгаа хүмүүс салшгүй хүйн холбоотой болдог. Нэг морин дээр дөрвүүлээ сундалсан хүүхдүүд бол нүүдэлчин амьдралын энгийн төрх хэв маяг мөртлөө гэр бүлийн салшгүй холбоог харуулж байгаа юм. Мориных нь цулбуур нь доошоо унжчихсан байгаагаар өнөөгийн нийгэм маань хаашаа явахаа мэдэхгүй хэцүү байдалд орчихсон байгааг харуулахыг хичээсэн. Ирээдүйгээ эх дэлхийдээ даатгачихсан, морь хаашаа чиглэнэ тийшээ явж байгааг харуулсан. Өнөөдрийн амьдрал, эдийн засаг тийм ч амаргүй, хүнд байгааг давхар харуулсан. Уран бүтээлч хүн аливаа зүйлийг бүх талаас нь хардаг. Хүнд өнөөдөр юу хэрэгтэй байна, юунд баярлаж, эзэмглэж байна гэдгийг хараад түүнийгээ уран бүтээлдээ тусгадаг. Уран зурагт сүнслэг байдал гэж байдаг. Түүгээрээ дамжуулан хүмүүст нэгийг тунгааж, хоёрыг бодогдуулдаг болов уу. Үүнийг л бүтээлдээ тусгаж ажиллахыг боддог.
-Зураач бүр өөр, өөрийн онцлогтой байдаг. Зарим хүн дан морь зурдаг зарим хүн үүлс, байгальтай “ноцолдох” дуртай байдаг гээд л. Таны хувьд, өөрийгөө шинжихэд таны дуртай сэдэв, хамгийн ойрхон илэрхийлэл тань юу байдаг юм бол?
-Би усны тусгалд туссан хүний дотоод сэтгэл болон мөн маш их зам зурсан. Ямар ч гэр, амьтан, байшин, хүнгүй зүгээр л холын замнууд. Хэдийгээр зүгээр л нэг зам харагдаж байгаа ч тэр чинь хүн байхгүй юу. Зам өөрөө байгалийнхаа өнгөөс шалтгаалж, хүний дотоод сэтгэлийг илэрхийлэх шиг санагддаг. Жишээлбэл, зам муриж болно, сарайж болно. Дуусашгүй мэт үргэлжлэх замын эхлэл төгсгөл харагдахгүй байгаа нь хүн тэднийг мэддэггүй учраас зөвхөн өнөөдрийн амьдарч байгаа замаа харж яваад байгаатай л адил. Үүгээрээ дамжуулан хүний дотоод ертөнцийг хөндөх ажлуудыг л илүү хийгээд байгаа юм.
-Уран бүтээлүүдээс тань монгол ахуй илүүтэй үнэртэж байна. Европт энэ сэдэв сонин, өвөрмөц байдаг байх. Германчууд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Тийм зүйл байгаа. Би Германд 12 жил амьдарч байна. Гэхдээ би зун болгон эх орондоо ирдэг. Монгол ахуй, монгол байгалиа илүүтэй зурдаг нь нутгаа санах сэтгэлтэй минь холбоотой. Тэнд нутгаа зурахаар сайхан болоод л зурахгүй болохоор санаад байх жишээтэй. Сая гэхэд л хоёр долоо хоног баруун аймгуудын нутгаар тойрон аялал хийгээд ирлээ. Ингэж аялахдаа бүтээлүүддээ материал цуглуулан судалгаа хийн, таталбар хийж амжуулдаг. Харь оронд нутгаа санаж суухдаа Монголынхоо тухай бүтээл хийхээр хүч нэмдэг юм. Миний аав Төв аймгийн Баянцагаан сумын уугуул. Миний бага нас тэнд өнгөрсөн болохоор дурсамжаа сэтгэлдээ тээн, бүтээл болгодог. Германчууд миний бүтээлээр дамжуулж монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн талаар их зүйл мэдэж авч байгаа гэдэгт би эргэлзэхгүй. Европын үзэгчид их сонирхож, надаас малчны амьдрал, нүүдлийн соёл иргэншлийн тухай их асуудаг.
-Дүрслэх урлагт хэрхэн хөл тавьж байв?
-Би 2001 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураач Ц.Нарангэрэл багшийн урланг төгсөөд тэр оныхоо намар ХБНГУ-ын баруун хэсэгт байрлах Мюнстер хотын Соёлын академи дурилгаар суралцах болоод анх Германыг зорьсон. Тэнд профессор Херманн Жосэфийн удирдлага дор суралцаж, 2010 онд дүүргээд мэргэжлээрээ уран бүтээлээ хийгээд явж байна. Монголд би чимэглэх уран зургийн ангийг, Германд уран зураг, орон зайн урлагийн чиглэлээр төгссөн. Германд бол одоо чөлөөт уран бүтээлч чиглэлээр ажилладаг. Германд би өөрийн урлантай. Миний урланд дуучин Ганхуяг, Наран нар зочлоод буцсан. Тэр хоёр маань Европд байгаа Монгол уран бүтээлчдийнхээ талаар үүргэвчтэй аялал хийж байгаа юм билээ. Белги, Голланд, Автсри, Швейцарь гээд баруун Европын орнуудаар аялж явж байгаад манай урланд саатсан. Тэрхүү нэвтрүүлэг “UBS” телевизээр ирэх есдүгээр сард гарна гэж байсан.
-Германд хэзээ өөрийн гэсэн урлангаа байгуулсан юм бэ?
-Би урлангаа байгуулаад хоёр жил болж байна. Урлан маань хотоосоо зайдуу, тухайн хотынхоо зураачдын байрладаг төв урлан. Энд урлангаа нээх уран бүтээлчдийг өндөр шалгуураар шалгаж авдаг. Энэ урланд орохын тулд тэдний уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд оролцон ялагч болж байж байрлах эрхийн бичгийг авдаг. Жилд хоёроос гурван хүнд л энэ эрхийг олгодог.
-Эрхийн бичиг нь ямар хугацаатай байдаг вэ?
-Эхний ээлжинд гурван жилийн эрхтэй. Тэгээд цаашид гурав, гурван жилээр сунган нийт 10-аад жил тэнд байх боломжтой.
-Төлбөр нь өндөр үү?
-Урлангын төлбөрийн 50 хувийг хотоос нь санхүүжүүлэн 50 хувийг уран бүтээлч өөрөө гаргадаг. Бусад урлангуудтай, харьцуулахад түрээсийн төлбөр нь хямдхан ч маш гоё нуурын эрэг дээр байрладаг. Манай урлан гэхэд дотроо хоёр давхар, маш том цонхтой, 100 м/кв зураг зурахад зориулагдсан зориулалтын урлан л даа. Би 500 евро төлдөг. Тэр бол хөнгөлөлт үзүүлсэн үнэ. Хувиараа түрээслэж байгаа урлангууд бол өндөр үнэтэй.
-Гадаадад уран бүтээлээ хийж байгаа хүмүүс үндэснийхээ онцлогоо түлхүү харуулбал бусад орны уран бүтээлчдээс ялгарах өөрийн гэсэн нэрийн хуудас нь болж чаддаг болов уу гэж боддог юм?
-Тэр ч үнэн шүү.
-Германчууд Монголыг хэрхэн төсөөлдөг бол?
-Германчууд монгол байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн амьдрал ахуй, монголчуудын сайхан сэтгэлийг шүтэн биширч үнэлж явдаг юм билээ. Бас дээрээс нь Монголын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа нь баруун Европ болон дэлхийн орнуулдын анхаарлыг татаад байгаа. Хүмүүстэй ярилцаж байхад тэд хэдийгээр Монголд ирж байгаагүй ч эдийн засгийн хувьд ерөнхий хэдэн тоо бичсэн мэдээллээр л дүгнэж байгаа шүү дээ. Өнөөдөр Европын холбооны эдийн засаг унах гээд хэцүү байдалтай байхад Монголын эдийн засаг дээшээ явж байгаа нь яах аргагүй тэдний анхаарлыг татаж байгаа. Тэгээд монгол хүн байгалиа зураад үзэсгэлэнгээ гаргахаар хүмүүс их сонирхдог л доо. Монголын тухай их мэддэг болсон байна. Германд ардын урлагаараа Монгол орноо сурталчлаад явж байгаа уран бүтээлчид цөөнгүй бий. Би тэднийг эх орноо сурталчлахад их зүйл хийж байгаа гэж боддог.
-Монгол Германы уран бүтээлчдийг харьцуулах юм бол онцлог ялгаа мэдээж байгаа. Харин мэргэжлийн төвшний хувьд ямар нэгэн ялгаа байна уу?
-Германы уран бүтээлчид сэтгэн бодох, зургийн өгүүлэмж сайн, содон байдалтай л гаргахыг хичээдэг. Түүнээс бүтээл сайн гүйцэтгэлтэй байна уу, эсвэл зурах арга барил зэрэг нь тийм ч гол биш. Зургийнхаа санааг л илэрхийлэх нь чухал. Сайн зурдаг хүн бол зурж илэрхийлж байхад, тааруухан зурдаг хүн заавал зурах шаардлагагүй. Хэдэн юм эвлүүлж тавиад орон зайн урлагаар харуулчихна. Түүнийг тэнд үнэлж байгаа үнэлгээ нь өндөр. Тэр бүтээлийг харсан жирийн ажилчин ч “Өө тэр юм байна шүү” гээд бараг 30 минут ажиглаж зогсдог.
-Сүүлийн үед Монголд уран зургийг бизнес тал руу хэлтийлгээд байна гэсэн шүүмжлэл их дуулдах болсон л доо?
-Үүнд бас жаахан болгоомжтой хандахгүй бол ирээдүйд ухрахад нэлээд хэцүү л байх гэж бодож байна. Урлаг бол хүний сэтгэл шингэсэн , сэтгэл ургасан зүйл байх хэрэгтэй. Өнөөдөр уран бүтээлчид маань хэдэн төгрөг олчих гээд зургаа зураад явж байна л даа. Гэхдээ тэднийг бас буруутгах аргагүй байх. Тухайн нийгмээсээ шалтгаалаад ийм байдалтай байна шүү дээ. Өнөөдөр Монголд амьдрал маш өндөр өртөгтэй байна. Германд би амьдардаг. Түүнтэй харьцуулахад Улаанбаатарын амьдралын өртөг нь өндөр байна. Тэгээд байрных нь үнэ тэндхийхтэй адилхан метр кв нь 2000 ам.доллар гээд яг адилхан. Гэсэн ч амьдрахад хэцүү, баталгаа байхгүй байгаа юм шиг харагдаж байна. Шилжилтийн үедээ л ингэж харагдаж байгаа, яваандаа гайгүй болох байх л даа. Миний гол хэлэх гэсэн зүйл бол уран бүтээлч хүн хэтэрхий бизнес тал руу хууртаж болохгүй. Яг бүтээлээ бизнесээр хийгээд байгаа ажлаасаа ялгаж хийх хэрэгтэй. Зөвхөн бизнес харж бүтээл хийвэл сүүлдээ тэрнээсээ гарч чадахаа больчихдог. Тэгэхээр үнэхээр уран бүтээлч хүн мөн үү гэдэг дээр эргэлзээтэй болчихно шүү дээ. Нэг үеэ бодвол Монголд зургийн үнэлэмж дээшилсэн байна.
-Германд бол зургийн үнэлэмж ямархуу байдаг юм бэ. Тухайлбал таных?
-Ер нь бол Германд байгаа уран бүтээлчид тогтсон галлерейнуудтай хамтран ажилладаг. Германы галлерей уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа аль болох тэр хүмүүст төвөг учруулахгүйн тулд бүх зардлыг хоёр талын гэрээгээр зохицуулан хувь өгөхөөр заан зохицуулдаг. Хэдийгээр галлерей бүтээлийн орлогын 50 юм уу 60 хувийг авдаг ч түүнийхээ хариуд тэр хүний зургийг маш өндөр үнээр зарж, нэр хүндтэй болгон, уран бүтээлчийн тав тухыг хангадаг. Жишээлбэл, Испанид нэг үзэсгэлэнгээ гаргахаар болоход тийшээ нисэх, байрлах буудал, урилга хэвлэх, түүнийг тараах, телевиз, сонины ярилцлагууд гээд бүх зүйлээр ханган бэлтгэж, маш сайн зохион байгуулалттайгаар уран бүтээлчдэд үйлчилдэг. Санаа зовох зүйлгүйгээр зөвхөн уран бүтээлдээ л анхаарлаа хандуулан чанартай, сайн ажил хийх нөхцлийг хангаж өгдөг. Одоогоор би Германд дөрвөн галлерей, Испанид нэг галлерейтэй хамтран ажилладаг. Ирэх жил Сөүлд нэг үзэсгэлэн гаргах төлөвлөгөө гарчихсан байгаа. Бас Дубайд үзэсгэлэнгээ гаргана. Одоо Германд буцаж очоод үзэсгэлэнгийнхээ бэлтгэл ажлуудыг хийнэ.
-Энэ хугацаанд Монголд хэчнээн удаа үзэсгэлэнгээ дэлгэсэн бэ?
-Би Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн уран бүтээлч. Хавар үзэсгэлэнд анхны бүтээлээ гаргаж байсан. Сая Монголд ирээд шинэ байгуулагдсан хамгийн залуу галлерей болох “Цагаандариум”-д очиж үзэсгэлэнгүүдийг нь үзэж сонирхлоо. Тэгээд ирэх оны аравдугаар сард үзэсгэлэнгээ гаргахаар ярилцаж байна. Яг үзэсгэлэнгийн товоо хараахан товлоогүй ч ерөнхийдөө төлөвлөөд байгаа.
-Гадаадад хэчнээн үзэсгэлэнгээ дэлгэсэн бэ?
-Би жилд арав гаруй үзэсгэлэнгээ гаргадаг. Би Германд байх хугацаанд тус улсад зохион байгуулсан 20 гаруй үзэсгэлэнд оролцсон. “Анго гэрлийн тод давхцал”, “Жаргалын мөр”, “Алс нутгийн зургууд” гэх мэтчилэн 10 гаруй бие даасан үзэсгэлэн гаргалаа.
-Дэлхийн олон орноор аялсан уу?
-Өө явж байна. Би бүтээлүүддээ хүмүүсийг түлхүү тусгадаг болохоор орон орны янз бүрийн хүмүүстэй уулзаж, аялах хэрэгтэй.
-Орон зайн бүтээлээсээ сонирхуулахгүй юу. Дүрслэх урлагийн энэ төрөл бол манайдаа залуу төрөл?
-Орон зайн бүтээлүүддээ хэрэглэж байгаа зэмсгүүдээ би Монголоос аваачдаг. Жишээлбэл Монгол майхан, монгол сарлагын үсээр томсон дээс, эсгий, хуучны модон эдлэл, дөрөө гэх мэт зүйлсийг ашиглан хийдэг. Хэдийгээр хэрэглэж байгаа зүйлс нь хуучны эртний эд зүйлс ч шийдлүүд нь ондоо, орчин үеийн Европтой тохирсон өгүүлэмжтэй.
-Дэлхийн дүрслэх урлаг яг ямар чиглэл рүү явж байгаа бол?
-Германд сурч байхад сургуульд нь зааж байгаа барил, тэмцээн уралдааны төрлүүдээс харж байхад тэд дүрслэх урлагийн уран баримал, орон зайн урлаг, ерөнхийдөө айхтар хийсвэр биш гол нь санаа, өгүүлэмжтэй бүтээлийг түлхүү харж байгаа санагдсан. Сургууль, аккадемидаа ч илүү тэр тал руугаа сургадаг. Зураг зурах суурь мэдлэг, өнгөний зохицол зэргийг хүн өөрөө л сайн оролдож байж сурна. Зургийг харахад сайхан, хийхэд хэцүү гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр бэлэн болчихсон бүтээлийг харахад бол сайхан шүү.
-Уран бүтээл бүр л харилцан адилгүй хугацаанд бүтдэг. Гэхдээ зарим хүмүүс их хурдтай байхад, зарим нь хэдэн жил нэг бүтээл дээр ажилладаг шүү дээ. Таны хувьд?
-Заримдаа хурдан, заримдаа удаан, бүүр болохгүй бол дээрээс нь дараад өөр зүйл ч хийх тохиолдол байна шүү. Бүтээл хийнэ гэдэг бол нэг ээлжийн, төлөвлөгөөт ажил биш шүү дээ. Хийхэд хэцүү өдөр таарвал түүнийгээ тааваар нь хаячихдаг. Зарим өдөр үнэхээр сайхан хийхгүй л бол болохгүй юм шиг явдаг шүү дээ. Тэр өдөр нь хөөрөгдөөд ахиухан зүйл хийгээд авчих хэрэгтэй. Янз янз л байна даа. Би “Усны дусал” цуврал зураг, монгол байгалиараа уран бүтээлүүдээ хийгээд явж байна. Нэг ёсондоо эдгээр бүтээлүүд миний гарын миний гэсэн юм болон хувирч байна даа.
-Германы эртний барилга, байгууламж нь яагаад зургийн тань сэдэв болдоггүй гэж?
-Тэр бол тийм сонин зүйл биш л дээ. Жишээлбэл, Улаанбаатарын гудамжаар явж байхад шалбаагтай таарахад сонин харагдаж байгаа юм чинь. Тэнд бол бүгд тэгшхэн, ямар ч шалбааг байхгүй, шороогүй, цэгцтэй болохоор уйтгартай. Үнэхээр уйтгартай. Энд ирээд гудамжаар явж байхад шалбааг дээр өөдөөс ирж байгаа хүний нүүр тусаад л сонирхолтой шүү дээ. Тэгээд явж байгаад эргэтэл бүүр аймаар гудамжаар ордог ч юм уу, эсвэл аятайхан зам үргэлжилдэг гээд илүү сонирхолтой шүү. Улаанбаатартаа ирээд утаагаа үнэрлээд, шороогооо амтлаад хэд хонолоо, гоё л байна.
-Танд уран бүтээлийн амжилт хүсье.