Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол Арт галерей хамтран "Алтан намар-2019" судалбар зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 25-31-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Монгол арт галерейтэй хамтран ажилладаг МУЭ-ийн нэрэмжит шагналт, багш, урлаг судлагч О.Сосорын судалбар зургийн тухай бичсэн нийтлэлийг хүргэж байна. Тэрбээр аравдугаар сарын 28-ны 14.00 цагт залуу уран бүтээлч, судлаач, оюутнуудад зориулсан уулзалт, ярилцлага хийх ажээ.
МУЭ-ийн нэрэмжит шагналт, багш, урлаг судлагч О.Сосорын судалбар зургийн тухай бичсэн нийтлэл
Этюд буюу судлах гэсэн утгатай франц үг нь дэлхийн урлагийн түүхэнд хамгийн дотно танил хэрэглэгддэг билээ. Учир нь ямар ч мэргэжлийн уран бүтээлч урлагийн аль ч салбарт суралцах үеэсээ этюд хэмээх жижиг хэмжээний бүтээл хийж эхэлдэг.
Дүрслэх урлагийн хувьд зураач урчууд бодит байдлыг судлах, эсвэл ирээдүйн бүтээлдээ бүтнээр нь болон хэсэгчлэн ашиглах зорилгоор урьдчилан хийсэн жижиг хэмжээний ажлыг этюд буюу судалбар зураг гэнэ.
Судалбарыг байгаль /плэнер/-д болон урлан /студи/-д хийхдээ эхний тохиолдолд гэрэл ба өнгийг, хоёр дахид хэлбэр ба байрлалыг голлон анхаардаг ч ирээдүйн бүтээлийн зорилго, хэрэгцээг хангасан бусад зорилгыг давхар шийддэг болно.
Судалбар зураг бол зураач хүний байнгын хийж гүйцэтгэж байх ёстой дасгал сургуулилт төдийгүй хожмын бүтээлийнх нь бэлтгэл, судалгаа болдог тул зураач бүрт судалбар ажлын бүтэн сан хөмрөг бүрэлдсэн байдаг . Судалбарыг хөрөг, байгаль, натюрморт гэх зэргээр ангилж болох ба бодит байдлаас зурах, ой тогтоомжоороо дүрслэх, музейн бүтээлүүдээс хуулбарлах, зохиомжоо шийдэх зэргээр бүтээнэ. Судалбар зургийн хүрээнд богино хугацаанд хийсэн таталбар, өнгөний шийдлийг хайсан эх загвар, уран зургийн ерөнхий хар зураг багтана. Тиймээс нэг зүйлийг олон дахин зурах, эс бөгөөс нэг бүтээлд зориулж янз бүрийн дүр дүрслэлтэй судалбар хийх гэж байна. Нэг бүтээл хийхийн тулд хэдэн зуун судалбар хийдэг явдал ч бий. Тэдгээр нь бүрэн гүйцэд бүтээлийн хэмжээнд хүрсэн байх нь цөөнгүй.
Байгалийн судалбарын анхдагчууд бол Барибизоны сургуулийнхан хэмээх францын зураачид бөгөөд тэд хэсэг бүлгээрээ нэгдэн өөрсдийн сонирхсон хийгээд дуртай газруудаараа аялж юмс, үзэгдлийг бодит байдлаар нь тэмдэглэж, улмаар урландаа гүйцээсэн зургууд нь реалист стилийн шилдэг бүтээлүүд болжээ.
Та бидний сайн мэдэх импрессионист зураачид байгалийн үзэгдлийг хамгийн бодитоор дамжуулж чадсанаараа урлагийн түүхэнд алдаршсан билээ. Тэд өөрсдийн бүтээлд байгалийн гэрэл, агаарын урсгал, амьд хөдөлгөөний дахин давтагдашгүй байдлыг үзүүлж байснаараа уран зурагт хувьсгал хийж, шинэ хуудсыг нээсэн юм.
Байгаль дэлхийн олон янз тогтоц хийгээд цаг агаарын элдэв үзэгдэл дунд орших амьд ертөнц хөгжил рүүгээ байнга тэмүүлж байдгаас амьдрал сонин содон үйл явдлаар дүүрэн билээ. Чухамхүү тэр бүхнээс хамгийн сонирхолтой, өвөрмөц байдлыг үзүүлэхийн тулд уран бүтээлч хүн шинэ дүр төрх, хэлбэр хийц, өнгө гэрэл, хурд хөдөлгөөнийг эрэлхийлж байдаг. Үүний тулд олон газраар аялж, шинээр олж мэдсэн зүйлээ өнгө хувирал, гэрэл сүүдрийн хамт газар дээр нь тухайн цаг мөч, орон зайд нь тэмдэглэн авдаг. Судалб ар хийх явцдаа уран бүтээлч шинэ агуулга, арга ажиллагаа, чиг хандлагыг олж авдгаараа чухал ач холбогдолтой. Судалбар нь уран бүтээлчийн эрэл хайгуулын ололт, судалгааны материал, архив юм.
Чанартай, судалгаатай бүтээлийн үндэс нь судалбар тул залуу уран бүтээлчдийг ахмад, туршлагатай зураачдын хамт плэнерт ажиллуулах, тойрон аялал зохион байгуулах, тодорхой сэдвээр судалбар хийх зэрэг ажлуудыг тогтмол зохион байгуулах шаардлагатай байна. Тэдэнд дөрвөн улирлаар өнгөө хувиргах Монгол орны үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин малчдын өвөрмөц ахуй, монгол зоны эрт эдүгээ гээд л дуусашгүй, дундаршгүй судалгааны материал буй.
УРЛАГ СУДЛАГЧ О. СОСОР
БЗД-ийн 26 хороо, Нийслэл хүрээ,
Хүннүгийн гудамж, Дүнжингарав
төвийн замын урд талд
утас: 7719-8080