Монгол Улсын гавьяат жүжигчин “Тогдгор” хэмээх Д.Галсантогтох гуайг редакцийнхаа хойморт урилаа. Сэлэнгэ
аймгийн драмын театрын галчаас ажлынхаа гарааг эхэлсэн Д.Галсантогтох ах маань гавьяат болтлоо их урлагт зүтгэсэн. Түүнийг хайрладаггүй хүн гэж үгүй. Тэрбээр зон олныхоо хүндлэлийг дааж, уран бүтээлээрээ өнөө хүртэл монголчуудаа дайлсаар яваа билээ.
-Та галчаас гавьяат хүртэл их урлагт зүтгэсэн хүн. Тэг галчийн үеийн түүхээс тань яриагаа эхлэх үү?
-Би 1963 онд Сэлэнгэ аймгийн соёлын ордонд жүжигчин болох санаатай их л том хүн очиж шалгуулж байлаа. Гэтэл дэндүү жижигхэн биетэй байна гээд аваагүй юм. Уг нь 20 гаруй настай залуу шүү дээ. Тэгэхээр нь гуйж байгаад галчаар орсон. Галчаасаа дэвшиж жижүүр болоод, дараа нь дагалдан жүжигчин болсон түүхтэй. Тухайн үед “амбаар” театр гэж хочтой одоогийн Сэлэнгийн долгио чуулгын суурь шүү дээ. Ингэж л Сэлэнгэ аймгийн соёлын ордноос миний урлагийн гараа эхэлсэн юм.
-Тэгээд Сэлэнгээсээ шууд хотод ирсэн үү?
-Үгүй, үгүй. “Амбаар” театртаа хоёр жил ажиллаад дараа нь Дарханы соёлын ордонд шилжин ирж жүжигчин Дашпунцаг гуайн удирдлага дор бас хоёр жил ажилласан. Үндсэндээ мэргэжлийн урлагийн байгууллагад дөрвөн жил ажилласан юм. Гэхдээ дандаа л дагалдан хийж байлаа.
-Таны нуруу намдаад цэрэгт тэнцэхгүй болохоор арын хаалгаар армид орж байсан гэж зарим хүмүүс хошигнодог?
-1967 онд Дарханы 017 дугаар ангид цэргийн албанд татагдан очсон. Өмнө нь 1965 онд цэргийн албанд явах зарлан ирсэн юм. Миний үед 18 настай, 48 кг жинтэй, 1.50 см өндөртэй бол цэрэгт авдаг байлаа. Би өндрөөрөө ч, жингээрээ хүрэхгүй жил бүхэн хасагддаг байлаа. Тэгээд Дарханд байхдаа 017 дугаар ангийн хөгжмийн албаны дарга Пунцагдэлэг гэдэг хүнтэй ажил төрөл, урлаг соёлын холбоогоороо дотно танилцаж, бараг л арын хаалгадаж 1967 онд цэрэгт явсан юм.
-Цэргээсээ л урлагтай шууд холбогдсон уу?
-Би чинь мэргэжлийн байгууллагад дөрвөн жил ажилласан болохоор урлагийн мэдрэмжээр бол үеийнхнээсээ тасархай байлгүй яахав. Хугацаааны цэрэг байхдаа барилгын цэргийн урлагийн үзлэгээс шалгарч алтан медаль аваад, Монголын залуучууд оюутны III их наадамд армиас шалгаран оролцож алтан медалийн эзэн болсон доо. Тэгээд тэндээсээ шалгарч дэлхийн урлагийн их наадамд оролцож байлаа. 140 орны 20 гаруй хүн оролцсон их наадам Болгарын нийслэл Софи хотод болсон. Энэ бол дэлхийн түүхэнд хамгийн том наадам. Тэндээс дэлхийн шагнал, хүрэл медаль хүртсэн. Тэгээд эх орондоо ирсэн чинь Жанжин штабын тушаалаар цэргийн чуулгад шууд жүжигчнээр томилогдчихсон. Тэр үед хугацааны цэрэг хүн арван төгрөгийн цалинтай байлаа. Харин би 350 төгрөгийн цалинтай пээдгэр цэрэг үлдсэн хоёр жилийн албаа хааж байлаа шүү дээ. Ингэж яваад л цэргийн чуулгад 1968-1980 он хүртэл ажилласан даа.
-Тухайн үеийн жинхэнэ томчуудтай ажилласан байх?
-Өө тэгэлгүй яахав. Монголын урлагийн бурхад, жинхэнэ алтан үеийнхэн ажиллаж байлаа шүү дээ. Жинхэнэ хатуу гараар хүмүүжсэн. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, халхын том лимбэчин М.Дорж гэж хүний шавь болж жинхэнэ мэргэжлийн төвшний лимбэчин болсон юм даа. Мөн хөгжмийн зохиолч, төрийн шагналт Бадарч, Урлагийн гавьяат жүжигчин Гунаажав, Ардын жүжигчин Хаянхярваа гээд мундаг хүмүүсийн заавар зөвлөгөөний хүчинд өнөөдөр нүүр бардам лимбэ үлээдэг болсон.
-Тогдгор хэмээх “цол”-ыг хэдийд авчихав аа?
-Ард түмэн надад “тогдгор” гэж цол хайрласан. Ер нь ард түмэн тэр болгон хүнд цол өгдөггүй шүү дээ. Их ховорхон юмын нэг. Тухайлбал алиа Данзан, марзан Шарав, хамгийн хөөрхөн халзан Цээеэ, итгэлт Баян, аравсал Панз, ягаан Гажид, бондгор Туяа, тогдгор Галсантогтох гээд л бараг дуусах байх. Ард түмэн хэнд ямар цол өгөх вэ гэдгээ мэднэ шүү дээ. Энэ бол юун гавьяат, хөдөлмөрийн баатар. Тэр бүхнээс ч илүү үнэ, цэнэтэй эрхэм цол гэж би боддог юм. Би энэ хочиндоо хайртай. 1982 оноос л эхэлж намайг “тогдгор” гэж дуудсан байх. 1990 он гарч ирээд юм, юм л жаахан задгай болж байсан цаг. Тэгэхэд би ганц нэг тоглолт хийх, эрэл хайгуул хийж уран бүтээлээ арвижуулах санаатай байлаа. Хошин шогийн суурь тавигдаж байсан он жилүүд. Язгуур урлагийг хөгжүүлэх том тогтоолыг Ю.Цэдэнбал дарга төв хорооноос гаргуулж намайг хошин шогч, лимбэчнээр ажиллах үүрэг өгч байсан юм. Батлан хамгаалах яам, Монголын зохиолчдын хоорондын тохиролцоогоор шинэ ажилд тохоон томилогдож байгаа нь тэр. Тэгээд үлгэрийн танхимдаа гурван жил ажиллаад улсын циркт алиалагчаар очиж байлаа. Ингээд л 2000 он хүртэл ажиллаад 60 насандаа тэтгэвэрт гарсан.
-Таныг их олон мэргэжил хослуулсан хүн гэж сонссон?
-Миний үндсэн мэргэжил бол зураач сийлбэрч барималч, бурханч. Олон бурхан бүтээлээ. Бурхан бүтээсний буянд өнөөдөр сайн явж байна. Дээрээс нь дуучин, лимбэчин, хошин шогч, олон хүний урлагийн тоглолтыг бэлтгэж байна. /инээв/ Тэгэхээр найруулагч, багш байгаа биз. Мөн шог гарааныхаа бүх л зохиолыг өөрөө бичдэг. Тэгэхээр бас зохиолч байгаа биз. Ингээд тоолбол 10 гаруй мэргэжлийн ажил хийж байна. Үндсэн боловсролоор ярих юм бол дөрөвдүгээр анги төгссөн хүн. Хүн заавал их, дээд сургууль төгсөх албагүй. Би хүний хийдгийг л хийх гэж зүтгэдэг хүн. Хүнд зүтгэл, хөдөлмөр л хэрэгтэй.
-Авьяасыг хөдөлмөрөөр өнгөлж амьдардаг гэдэг?
-Яг үнэн, чиний хэлсэн энэ үгтэй утга нэг лоозонг л би шүтэж явдаг. Анх ардчилал эхэлж байхад би телевизээр хоолны технологийн тухай хичээл заадаг байлаа. Тэгэхээр сайн тогооч байгаа биз. Тухайн үедээ томоохон найр, буяны ажилд тогоочоор уригддаг л байлаа. Саяхан монгол телвизийхэн “Монгол аргаар шопрот яаж хийх вэ” гэдэг миний зохиосон хоолны технологийг аваад үзэгчдэдээ зориулж, бүр дэлгэрэнгүй сургалт явууллаа.
-Гэртээ тогооч уу?
-Залуу, зандан насандаа амралтын өдрүүдийг гал тогоондоо өнгөрөөдөг байлаа. Одоо нас өндөр боллоо. Хүүхдүүд ч том болчихсон, хоол унд нэг их хийхгүй л байна.
-Алиалагч гэдэг хүнд мэргэжил биз?
-Циркийн алиалагч гэдэг бол ховор мэргэжил. Монголд хуруу дарам цөөхөн алиалагч байлаа. Энэ ховор мэргэжлийг олж авсандаа ч би баяртай байдаг. Циркийн алиалагч бол циркийн тоглолтын бүх л төрлийг бүрэн төгс эзэмшсэн байх ёстой. Тэгж байж л мэргэжлийн үнэмлэх авдаг. Манайд цорын ганц мэргэжлийн сургууль төгссөн алиалагч бол Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Батсүх байлаа. Түүнээс биш Латиф, Цээеэ, бид нар бол бор зүрхээрээ л алиалж яваад насыг барсан хүмүүс. Бөх л гэхэд Түвдэндоржийн үе, хоёр Мөнхийн үе, Бат-Эрдэнэ аваргын үе гэдэг шиг урлаг бас үе үеэрээ явж байна. Данзан, Содномын араас халзан Цээеэ, тогдгор Галсантогтох гэж байгаа шиг хойч үе ч их сайхан гарч ирж байна. Батзаяа, Чаминчулуун, Туяа, Онон, Өлзийхүү гээд л явж байна шүү дээ. Одоо хошин шогийнхон дотроос хамгийн өндөр настай нь би болжээ. Сүүлийн үеийн манай хошин урлагийнхан сайн байгаа. Би энэ хүүхдүүдэд их баярлаж явдаг.
-Лимбэнийхээ тухай?
-Нэг хэсэг намайг лимбэтэй алиалагч гэж хочилдог байлаа шүү. Лимбийг битүү амьсгаа гэдэг. Дэлхийд Монголоос өөр битүү амьсгаагаар тоглодог үндэстэн байдаггүй. Бурхан зөвхөн монгол хүнд л битүү амьсгааг заяасан. Монголд лимбийг мэргэжлийн өндөр төвшинд тоглодог аравхан хүн байна. Түүний дээд оргилд нь гурван өвгөн байна. Нэг нь би нөгөө хоёр нь филармоний Сүхбаатар, Өмнөговь аймгийн харьяат гавьяат жүжигчин Батжаргал гэж өвгөн. Тэрнээс доош Түмэн эх чуулга, Үндэсний дуу бүжгийн чуулга, Төмөр замын чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга гээд урлагийн байгууллагад байгаа хэдэн сайхан лимбэчин байна даа. Манай БСШУ-ны яам мэдэрч дэлхийд ЮНЕСКО-д лимбээ бүртгүүллээ. Энэ бол миний хамгийн том гавьяа.
-Лимбэний цуглуулгатай юу?
-Надад нэлээд олон төрлийн лимбэ бий. Урт богино гээд л хөг, хөгөөрөө ялгаатай. Мөн хүн төрөлхтний түүхэн үеүдийг харуулсан лимбэнүүд ч бий. Тухайлбал, Хятадын шар цоохор лимбэнээс эхлээд л. Миний бас нэг цуглуулах дуртай зүйл бол аман хуур. 1960- аад онд хүн бүр аман хуур тоглодог байсан. Залуу хүн бүр аман хуурыг халаасандаа хийж явдаг байлаа. Тиймээс ч аман хуур гэж кино хүртэл хийж байсан байх. Одоо харин энэ хөгжим мартагдаад байгаа. Надтай хамт дуусчих вий дээ гэж л би жаахан харамсч явдаг юм.
-Нэг үе бие, лагшин жаахан муудсан сураг сонсогдсон?
-Одоогоос гурван жилийн өмнө хорт хавдар гэж айхтар өвчинд нэрвэгдсэн. Гэхдээ ус уух хувь байсан юм байлгүй. Нөгөө талаар олон бурхан бүтээсний буян ч юм уу ямартай ч алтан гартай эмч нарын ачаар өнөөдөр би ард түмэндээ уран бүтээлээ дэлгээд л явж байна. Анх цэргийн төв эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч дэд хурандаа Доржханд гэж клиникийн профессор онош тогтоосон. Хавдар судлалын анагаах ухааны доктор, Монголдоо бүү хэл Азидаа нэгдүгээрт жагсдаг клиникийн профессор Я.Эрдэнэ-Очир надад хагалгаа хийж аюулт өвчнөөс минь салгасан.
-Энэ хүмүүст зориулж дуу хийж байгаа гэж сонссон?
-Тэгэлгүй яахав. Ачийн ачийг хариулах ёстой. Алтан гартай хүмүүсийн ач буянаар би эрүүл явж байна. Тэгээд энэ хоёр хүндээ зохиулж “Авралын элч” нэртэй дуу өөрөө зохиож дуулсан. Удахгүй клип хийлгэнэ. Би амьдралдаа ганцхан л дууны үг бичиж байгаа нь энэ. Гэхдээ гэнэт зүүдлээд бичсэн юм. Нэг үгээр хэлэх юм бол цэвэр онгодоор үг нь бүтсэн.
-Хүүхэд ахуй цагаа дурсвал?
-Тавиад оны үед хөдөөгийн малчдыг төмөр замд элсүүлж байсан юм. Манайх тэр жишгээр л төмөр замын айл болж Өвөрхангайгаас Чойрт шилжиж ирсэн. Миний ах, дүү нар Өвөрхангайн Хайрхандулаанд бий. Сургуульд байхад урлагаар миний өмнө гишгэдэг хүүхэд байгаагүй. Бүр багаасаа л урлагтай сэтгэл зүрхээрээ холбогдсон хүн дээ.
-Танай удамд урлагийн хүн бий юу?
-“Тусгай салаа“ киноны Дэндэвийн нагац ах нь би байгаа юм. Манай ааваас өөр айхтар дуулдаг, хуурддаг хүн манай удамд байгаагүй. Харин хойч үеэс маань ганц, нэг хүүхэд урлагт орж ирж байгаад би баярладаг. Би Эрдэнэбаяртаа их хайртай. Амархан ч олны танил болж байна.
-Хурим найранд их уригдана биз?
-Би жилдээ 20 гаруй хуримын урилга авч байна. Мөн хүүхдийн үсний найр, ах дүүгийн ургийн баяр, янз бүрийн хүлээн авалт гээд л олон сайхан арга хэмжээнд оролцоно. Энэ бүхний цаана эдийн засаг байна. Яахав, 70 нас давж яваа өвгөн тэтгэвэр дээрээ жаахан нэмэр болох юм олоод л сууж байна. Хүмүүс урлагийг үнэлж байна. Тэр ч утгаар бололцооны л сайхан амьдарч байна.
В.Нэргүй