“Намрын синдром”, “Сайн уу, амьдрал минь” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ кино урлагт чамлахааргүй амжилт үзүүлээд буй “ТВ коктейль”-ийнхон анхны тайзны бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа аж. Энэ талаар тус хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуштай цөөн хором ярилцлаа.
-“ТВ коктейль”-ийнхоноор сонин юу байна. Ойрын үед шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж сонссон юм байна?
-Манай хамтлагийнхан хошин урлаг, дэлгэцийн бүтээл туурвиж байсан бол одоо анх удаа драмын жүжиг тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Яг одоо манай хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн СТА Ц.Батхуяг буюу Амбий, Навчаа эгч бид нар уншлага хийж байна. Ерөнхийдөө бэлтгэл ажил бараг хангагдсан.
-Хэн гэдэг зохиолчийн ямар бүтээлээс сэдэвлэсэн жүжиг вэ?
-Францын зохиолч Эрик-Эммануэль Шмиттийн бүтээлээс сэдэвлэсэн “Хоёр ертөнцийн буудал” хэмээх жүжгээ есдүгээр сарын эхээр үзэгчдийн хүртээл болгох гэж байна. Жүжиг маань зургаан гол дүртэй. Гол дүрд манай хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, Д.Энхбаяр нар тоглоно. Жүжгийн найруулагчаар “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч” зэрэг киног найруулсан Ж.Сэнгэдорж ажиллаж байгаа.
-Жүжгийн бэлтгэлд орохоосоо өмнө албан ёсны зөвшөөрөл авсан гэл үү?
-Бид Францын Элчин сайдын яам болон зохиолч Эрик-Эммануэль Шмиттээс албан ёсны зөвшөөрөл авсан. Тийм ч учраас бэлтгэлдээ эрчимтэй орчихоод явж байна.
-“Хоёр ертөнцийн буудал” жүжгийн гол утга санаа, үзэгчдэд хүргэх мессежийг хэлбэл?
-Жүжгийнхээ гол утга санааг дэлгэрэнгүй яримааргүй байна. Учир нь үзэгчид маань өөрсдөө ирээд үзвэл сонирхолтой байх болно. Ерөнхийдөө бүх л насны хүмүүст зориулсан. Аль ч насныхан үзэхэд манай жүжгээс өөрөө өөрийгөө олж харна гэж хэлмээр байна.
-“Мөнгөний гахай” танай хамтлагийнхны сүүлд хийсэн дэлгэцийн бүтээл. Үзэгчид ч таатай хүлээж авсан. Тэгвэл одоо дахин дэлгэцийн бүтээл хийх үү?
-Одоохондоо төлөвлөсөн зүйл алга. Эхлээд жүжгийнхээ нээлтийг хийе. Ойрын өдрүүдэд өөр зүйлд анхаарах ч завгүй жүжгийнхээ бэлтгэлийг хийж байгаа. Бүр амралтын өдрүүдэд хүртэл ажиллаж байна. Тэгэхээр энэ жилдээ дэлгэцийн бүтээл хийж амжихгүй байх. Ирэх жилээс хийнэ ээ.
-Хүүхдүүдэд зориулсан бүтээл тэр дундаа хүүхэлдэйн кино хийх гэж байгаа гэж сонссон юм байна?
-Бид хүүхэд багачуудад зориулсан уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаа. Тэгэхдээ ажил арай эхлээгүй байна. Хүүхэлдэйн кино хийнэ. Гэхдээ үндэсний хүүхэлдэйн баатартай болох зорилготой байгаа. Мөн Монгол оронд болон дэлхийд ховордсон ан амьтдыг бяцхан багачуудад таниулан сурталчилах ажлыг хийх гэж байгаа.
Э.Туул