Хоёр жилд нэг удаа зохиогддог, “Алтаргана-2012” наадам болж өндөрлөлөө. ОХУ-ын Агийн Буриадад болсон уг наадамд 15 мянга гаруй буриад зон дэлхийн өнцөг булан бүрээс ирж оролцсон юм. Тус наадамд манай улсаас 700 гаруй төлөөлөгчид оролцож юм. Ингээд “Алтаргана-2012” наадмын тэргүүн яруу найрагчаар тодорсон яруу найрагч Б.Батхүүтэй уулзаж уг наадмын сонин сайхнаас хуваалцлаа.
-Алтаргана наадам хэд дэх жилдээ зохиогдов. Наадмын сонин сайхнаас хуваалцаач?
-Буриад зон олны урлагийн их наадам Алтаргана ар нутагт сайхан боллоо. Ес дэх удаагаа болж байна шүү дээ. Дараагийн их наадам нь Хэнтий аймгийн Дадал суманд болохоор төлөвлөгдсөн. Энэ жил Америк, Герман, Болгар гээд олон улсад амьдардаг буриад зон олны ахан дүүс ирсэн нь тус наадмын нэг онцлог байсан. Тэд буриадын үндэсний хувцасгүй ч сэтгэлдээ ёс заншлаа тээж ирсэн гэж хэлж болно. Ерөнхийдөө дэлхийн бүх буриад цугласан даа.
-Дэлхий нийтэд хичнээн буриад байдаг юм шиг байна?
-2003 оны үед нэг тоо гаргасан байдаг. Манай улсад л гэхэд 40 мянган буриад байдаг. Тэгээд Хятад, Ираны буриад гэх мэтээр нийтдээ хоёр сая гаруй буриад бий гэж үздэг юм билээ. Улаан-Үдэд л гэхэд 450 мянган буриад ажиллаж амьдарч байна.
-Буриад зоны их наадам боллоо. Хэдэн төрлөөр яаж өрсөлддөг юм байна?
-Урлагийн 20 гаруй төрлөөр хоорондоо өрсөлдөж шилдгийн шилдгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ наадмын гол зорилго нь буриадынхаа хэл соёл, ёс заншил, дуу хуур, ардын аман зохиолоо даяаршлын энэ цаг үед алга болгочихгүй хөгжүүлье л гэсэн үндсэн зорилготой. Зохиолын болон ардын дуу гэж ангилаад хоёр гурван төрлийн уралдаан болгочихно. Мөн яруу найрагт нь энэ жил найраглал гэсэн шинэ төрөл нэмэгдсэн байна лээ. Ерөнхийдөө буриадын ард түмэн анх Дадалд Алтаргана наадам зохион байгуулж байхад дуугаар эхэлж байсан. Тэр цаг үеийг бодвол хүмүүсийн амьдрал ахуй нь ч дээшилж мөн үндэсний хувцас хэл соёл нь ч сайжирч тэдэн дундаас онцлоход монголын буриадууд их өөр болсон юм шиг санагдсан. Нэг үе буриад дээлтэй буриадууд их ховор байлаа шүү дээ. Аав хүү хоёр дундаа нэг дээлтэй үе ч байсан. Гэтэл өнөөдөр буриад хүн бүр өөрийн гэсэн ёс заншлаа хадгалсан сайхан хувцастай болсон байна. Хувцасных нь ур хийц гоёл чимэглэл их сайхан болсон байна. Тэр дундаа Шинхээний буриадууд бол их алдартай л даа. Өөрсдөө аугаа их гүрний дунд амьдардаг атлаа монгол бичигтэй цэвэр буриадаар ярьдаг. Энэ жилийн наадам бол урьд өмнөх наадмуудаас сайжраад л байна. Гэхдээ 2010 онд Улаанбаатарт болсон наадам шиг сайхан болоогүй гэж буриадын Улаан-Үүд хотын соёлын яам дүгнэлт гаргасан байна лээ.
-Та буриадын хэл соёл тал дээр их анхаардаг. Алтаргана наадмын яруу найргийн төрөл хэдэн шаттай болов?
-Энэ жилийн яруу найргийн наадмын төрөл гурван үе шаттай болсон. Эрхүүгийн орос царайтай яруу найрагч ч харагдаж л байсан. Манайхаас Нямаа, Энхжаргал, Дугар гээд хэд хэдэн яруу найрагчид оролцсон. Би эхний шатандаа “Буриад өвөөгийн дуулал” гэж шүлэг уншиж дараагийн даваандаа “Нар мандахыг хүлээж зогсоход” гэж шүлгээ уншиж сүүлийн шатандаа таван минутын “Агшин зуур” гэж шүлэг уншсан. Би “Үхэр тэрэг” номоо монгол, буриад хэлээр бичиж хэвлүүлж байсан. Миний үр хүүхэд цагийн урсгалд буриад хэл соёлоо мэдэж байх ёстой л гэж боддог юм.
-Яруу найргийнх нь наадамд таныг оруулахгүй гэсэн шийдвэр гарч байсан гэж сураг сонссон?
-Намайг мэргэжлийн яруу найрагч гээд оруулахгүй гэж байсан. Өчнөөн мянган километр явж оччихоод оруулахгүй гэх үг сонсох эвгүй л байдаг юм билээ. Уг нь яруу найрагч хүнийг мэргэжлийн мэргэжлийн бус гэж ялгах буруу л даа. Яруу найргийн бие даасан сургууль байдаг бол нэг өөр шүү дээ. Яруу найргийг сурна мэднэ гэдэг бол өөр. Дуучинг мэргэжлийн дуучин, мэргэжлийн бус уран сайхан ч гэж ангилж болно. Харин яруу найрагч хүн бол унаган авьяасаараа л амьдардаг шүү дээ. Яахав хэд хэдэн ном бүтээл гаргачихсан болохоор олны танил мэргэжлийн яруу найраг ч гэж үзсэн байх. Гэхдээ гайгүй ээ. Ямартай ч байсан наадамдаа оролцож уралддагаараа уралдсан.
-Энэ зуны уран бүтээлийнхээ дээжээс хуваалцвал?
-Богино хэмжээний цөөн мөртүүдээр бүрдсэн шүлгийн номоо бэлдлээ. Бас хүүхдэд зориулан “Амьтдын цагаан толгой” хийсэн. Аливаа юм цаг хугацаагаараа л байдаг юм даа. Юмны хугацаа болоогүй бол нисдэг таваг шиг байсан ч нэмэргүй. Тэгэхээр бүх юм нь бүрдээд ирэхээр миний ном гарах байх гэж бодоод л сууж байна.
-Улс улсын буриадуудын хоорондоо ялгарах онцлог?
– Тухайн нутаг орноосоо өөрсдөдөө байгаа л соёлоо үүрч ирдэг юм байна лээ. Буриадын мөнгөн эдлэлийн хийц их уран нандин болж байна. Өмсч зүүснийг нь ажиглахад нэг их ялгараад байх зүйл байгаагүй. Тэнд цугласан 15 мянган хүний ганцхан зорилго нь эвсэн нэгдэж эх хэл, соёлоо л хамгаалж үлдэх шүү дээ.
-Буриадуудын яруу найргийнх нь төвшин ямар байна?
-Монголоос очсон хүмүүсийн шүлэг, найраг ямар байгаа нь тодорхой шүү дээ. Үндсэндээ буриад цустай хүмүүсийн дунд ярих юм бол галтай, эртэй уран бүтээлүүдийг монголчууд л бичиж байна. Буриад хэлний гайхамшгаар бүтсэн шүлэг ховор юм. Дэндүү гоё монгол хэлээр урлачихсан шүлэг манайд олон байдаг шүү дээ. Түүнтэй адилтган зүйрлэх шүлэг олдоогүй гээд хэлчих юм бол нэг их хилсдэхгүй байх. Шинхээний буриадууд их сайжирч байна. Гэхдээ уншсан юм нь багадаад байдаг юм шиг санагдсаныг нуух юун. Манай яруу найрагчид үхсэн ч сэхсэн ч уран бүтээлийнхээ төлөө байдаг шүү дээ. Тийм итгэл зорилго байхгүй санагдсан.
-Монголд ирж амьдрах зорилготой хүмүүс их байх юм уу?
-Тэнд цуглаж байгаа 15 мянган буриад ихэнх нь л эх оронд минь ирэхийг хүсч байна. Тухайлбал хятадын буриад наашаа л ирэхийг хүсч байгаагаа ярьж байсан. Үгүй ядаж л ах дүү төрөл садангаа мэдэлцье гэсэн зорилготой байна. Үндсэндээ монгол туургатан болохоор монголоо сонирхож байна монгол хэл сурах гэж тэмүүлж байна. Буриад хэлний сайн сайхан аялгуу зарим үг их өөрчлөгдөж мартагдахад хүрсэн байна. Залуус нь оросоор ярьж байна. Үүнд бүгд л эмзэглэж байлаа. Би 10 жилийн өмнө хэлгүй бол баларна гэж хэлж байсан. Түүнийг өнөөдөр л ойлгож байх шиг санагдсан.
-Үүх түүх, өв соёлоо хадгалж үлдсэн судар бичиг бий биз?
-Буриадын гэсэн тодотголтой явдаг эртний Авай гэсэр хаан байна. Дэлхий нийтэд тархсан буриадын гол амин сүнс болсон бүтээл шүү дээ. Түүнээс биш буриад зон олны уг судар удам угшил гэж сударлаж хадгалагдсан юм байхгүй. Уг нь нууц товчоонд л гэхэд Хорь түмд гээд л буриадын том төлөөлөл явж л байдаг шүү дээ. Алунгоо хатныг буриадын хатан байсныг гаргаж судлаад биччихсэн ном товхимол ч байхгүй. Гэхдээ буриадын бөө мөргөлийн хүрээлэн, хэл уран зохиол тэргүүтнийг судалдаг том байгууллага бий. Тэндээ ямар архив байдгийг сайн мэдэхгүй юм.
-Буриадууд угийн бичиг хөтлөхдөө сайн юм шиг санагдсан?
-Буриадууд угийн бичгээ сайн хадгалдаг. Таван настай хүүхэд нь л хүн ороод ирэхэд “Би тэрний тийм овгийн тэр” гэх мэтээр есөн үеэ мэдэж байдаг. Алтаргана наадам дээр дангинаа буюу дагина шалгаруулах наадам болдог. Тэр наадамд оролцож буй бүх охидууд өөрийнхөө есөн үеийг эхэлж хэлж танилцуулдаг уламжлалтай.
В.Нэргүй
|