Холливуудын сайхан хосууд Анжелина Жоли болон Брэд Питт нар долоон жилийн турш хамтран амьдарч, зургаан хүүхдийн эцэг, эх болсны эцэст өнгөрсөн дөрөвдүгээр сард Брэд Питт хайртдаа 159 мянган фунт стерлингийн үнэтэй алмаазан бөгжөөр санал тавьж, албан ёсоор сүй тавьсан билээ. Харин дараа нь хосууд ирэх сард Францын байгалийн үзэсгэлэн цогцолсон “Chateau Miraval” тосгонд хуримаа хийхээр товлосон гэдгээ олонд зарласан юм.
Тэгвэл тэдний энэ тансаг хуримын жижиг, сажиг гэлтгүй бүхий л зүйлсийг Брэд Питт өөрийн биеэр нэг бүрчлэн нарийн төлөвлөж байгаа сурагтай. Одоогоор хосууд хүүхдүүдийнхээ хамт Францад байгаа бөгөөд саяхан тэд тэндэхийн дэлгүүрүүдээр зочилсон байна. Брэд, Жоли нар хүүхдүүдийнхээ хамт Францын Ле-Туке-Пари-Плаж ид орших “Culture Kid” хэмээх жижигхэн тоглоомын дэлгүүрээр орсон нь хэрэгт дуртай папараццичдын дуранд ийнхүү өртжээ. Харин тэднийг тус дэлгүүрүүдээр үйлчлүүлээд гарсны дараа дэлгүүрийн эзэд өөрсдийн “Facebook”-дээ алдартнуудад үйлчилсэндээ баяртай байгаагаа бахдан бичсэн байна.
Хосууд хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүр хэсэх үедээ үнэхээр хөгжилтэй, жаргалтай байгаа нь тэдний нүүр дүүрэн инээмсэглэлээс тодхон харагдаж байжээ. Мөн тэд үргэлж төвөг удаж байдаг папараццичдад хүртэл нүүр дүүрэн инээмсэглэн, маш эелдэг хандсан байна. Харин тэдний ийм баясгалантай, жаргалтай байгаа нь магадгүй удахгүй болох хуримтай нь холбоотой бололтой гэж зарим хэрэгт дурлагчид цуурах болжээ. Дашрамд сонирхуулахад Питт болон Жоли нарын дөрвөн настай бяцхан охин Вивине ээжтэйгээ хамт “Maleficent” кинонд бяцхан гүнжийн дүрийг бүтээхээр болоод байгаа билээ.
Б.АНХТУЯА