Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Буриад Улсын гавьяат жүжигчин Ц.Гантөмөрийг “Best of Best” булангийнхаа хойморт урилаа. Баатарт ярилцлага авах хүсэлтээ хэлэхэд “Олон сонин, сэтгүүлд гарсан даа, одоо юугаа ярьдаг юм бэ” хэмээн жаахан цааргалсан ч “Ажлаа л хийх гэж яваа хүүхэд биз, одоо яая гэх вэ маргааш үдээс хойш ярьж байгаад уулзалдъя” гэв. Ингээд ярилцлага хийхийн өмнө намайг “Ажлынхаа үнэмлэхийг шалгуул. Одоо цагт хянамгай хандахгүй бол болохгүй” гээд зальтай инээмсэглэх нүд нь өөрийнх “Хүний мөр” кинонд тоглосон нисгэгч Чинбатыг санагдуулж байлаа.
ЭМЧ БОЛНО ГЭЖ ЗҮТГЭЖ ИРЧИХЭЭД УРЛАГТ УРВАЧИХСАН
-Та УДЭТ-т хэдэн онд ирсэн юм бэ?
-1954 онд энэ театртаа хөл тавьсан хүн. Түүнээс хойш салсангүй дээ, 57 жил болж байна.
-Гэхдээ таныг эхлээд Хүн эмнэлгийн техникумд ирсэн. Эмч болох гэж байсан гэдэг биз дээ?
-Би ч өөрийгөө урлагт орно гэж мэдээгүй. Төрсөн нутаг Архангай аймгийн Хашаат сумынхаа дунд сургуульд сурч байхдаа шүлэг уншдаг, аймаг,сумын урлагийн үзлэгт оролцдог нэгт ийм хөдөлгөөнтэй л хүүхэд байсан. Тэгэхэд миний багш, сүүлд сэтгэл суддалын доктор, профессор болсон Базаргүр гэж хүн намайг урлагийн сургуульд ор гэж ятгаж байсан юм шүү. Гэвч тэр үед урлагт сонирхолгүй байсан ч юм уу, зөрөөд эмч болохоор Хүн эмнэлгийн техникумд орсон юм.
-Эмч болохыг хүсч байсан юм болов уу?
-Багадаа өнчирч, зовлон үзсэн болохоор хүнд буян үйлдэх юмсан гэсэн хүсэл минь дийлсэн юм байлгүй.
-Тэгээд дургүй байсан урлаг руугаа зүтгэсэн шалтгаан нь юу байв?
-1954 онд. Хүн эмнэлгийн сургуульд сурч байхад нэг өдөр “Л.Ванган ирж, урлагийн талаар лекц хийнэ” гэсэн зар тарлаа. Намхан нуруутай, махлаг, бор залуу бидэнд жүжигчйий тухай мөн сайхан ярьж билээ. Тэр лекцийг сонсоод л үндсэндээ жүжигчин болохоор шийдсэн юм шүү дээ.
-Театрт очиж шалгалт өгсөн үү?
-Тийм. Театр руу очоод хамгийн эхэнд уран сайхны удирдагч гэсэн өрөө таарахаар нь шагайтал манай сургуульд лекц уншсан JI .Ванган гуай сууж байна. Би ч шуудхан явж ороод л жүжигчин болмоор байгаагаа хэллээ. Тэгтэл аль сургуульд сурдаг вэ гэж байна. Хүн эмнэлгийн техникум гэсэн чинь “За тэгвэл яв. Чиний хоол, хувцсыг хэн бэлтгэх юм” гээд бараг хөөв. Тэр үед өнчин өрөөсөн оюутны хоол, хувцсыг улсаас өгдөг байсан юм. Би ч мөчөөгөө өгсөнгүй ‘Та хүнд жүжигчин болох хүсэл төрүүлчихээд” гээд хошуугаа унжуулаад. Тэгтэл жаахан зөөлөрч “За тэгвэл юу чаддагаа үзүүл” гэхээр нь Базаргүр багшийн “Үнэн” сонин дээрээс хайчилж авчирч өгсөн “Өвгөн партизаны яриа” шүлгийг цээжилснээ авч өглөө. Угаасаа би энэ шүлгийг сургуульд байхдаа зөндөө уншдаг, миний бараг унааны ганц шахуу болчихсон юм. Тэгтэл гаднаас нэг хүн орж ирсэн нь найруулагч С.Галсанжав гуай байсан юм билээ. Шүлгээ уншаад дуусахад тэр хоёр оросоор “Энэ хүүд юм байна” гэнэ. Намайг мэдэхгуй гэж бодсон байх. Гэтэл би чинь Дотоод яамны хурандаагийн дэргэд өссөн болохоор хэд гурван орос үг мэднэ. Тэгээд хэрдээ додигор зогсч байтал дахиад уншууллаа, тэгж тэгж “Хэд хоногийн дараа 15 хүнээс шалгалт авна. Чи ирж өгөөрэй. Тэнцвэл авъя” гэхээр нь би “Намайг явуулахын тулд худлаа хэлж байна.Юу ч гэсэн тэр шалгалтанд ирнээ” гэсэн нохой бодол тээгээд гарч байгаа юм aa.
-Тэгээд шалгалт аваа юу?
-Авсан. Шалгалтад тэнцэж, 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд намайг дагалдан жүжигчнээр театрт авсан даргын тушаал гарсан.
ТЕАТРТ ИРЭЭД АНХНЫ АЖИЛ МААНЬ МАНААЧ
-Дагалдан жүжигчний ажил юунаас эхлэв?
-Ажилд ороод нэг их удаагүй байтал театрынхан амарч намайг А.Таяа дарга манаачаар тавьчихдаг байгаа. Тэр үед таньдаг хүмуүс явах вий гэж хэрдээ нэрэлхэнэ. Таньдаг хүн явж байвал буугаа хол хаячихаад хүн хүлээж байгаа дүр үзүүлнэ. Тийм манаач байх уу. Cap хэртэйгийн дараа орон нутгаас урлагийн баярт оролцохоор театрт баахан хүмүүс ирлээ. Тэдний дотор одоогийн ардын жүжигчин, дуучин Б.Зангадаас эхлээд олон авьяаслаг залуу байсан. Намайг харчихаад “Яасан залуухан манаач вэ” гээд шоолоод өнгөрч байлаа. Үеийн хүүхдүүд урлагийн амьдрал өөд тэмүүлж байхыг хараад өөрөөсөө ичсэн гэж жигтэйхэн.
-Манаачаас гадна түлээчин болж байсан гэдэг бил үү?
-Театр галлах нүүрс шатчихлаа. Түлээнд яв” гээд хаанаас ч юм авсан хуучин ачааны машин гаргаж өгөөд над шиг бойтог цэргээр жолооч хийлгүүлж явсан. Байн байн дугуй нь хагараад замдаа бид хөглөсөн. Гурван цаг яваад хүрдэг газарт өдрийн тал болж очиж, мод ачиж ирж байсан. Дараахан нь “Нам, засгийн дарга нар театрт ирж жүжиг үзэх гэнэ” гэхэд шал хүртэл угааж байлаа. Энэ бүхнийг тэвчилгүй их зан гаргаад явсан бол өдийд хаа нэгтэй үлгэн салган амьтан явж байх байлгүй.
-Тайзан дээр гаргасан анхны дүр тань?
-Ч.Лодойдамбын “Өөрийн замаар” жүжгийн нэр ч байхгүй нэг, хоёрдугаар залуу гэдэг рольд тоглохоор тайзан дээр гартал сандарсандаа, үг ч гардаггүй, хөдөлж ч чадахгүй арай гэж миний гарах хэсэг өнгөрч тайзнаас буусан. Гэтэл үүдэнд ардын жүжигчин БЛоовойтой таарч, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн багшид шавь оруулж байсан юм. Тэр үед Б Лоовой гуай театрын Уран бүтээл ангийн дарга байлаа.
-Таныг театрт ороход алтан үеийнхнээс хэн хэн байсан бэ?
-Ц.Цэгмид, Э.Оюун, Н.Цэгмид, З.Цэндээхүү нараас эхлээд олон хүн байсан. Тэд зарим үед миний найз, багш болж байсан. Зургаан настайдаа өнчин хоцорсон надад жинхэнэ хүн байх амьдралын ухааныг ч заасан. Цэргийн хорооны хүү гэдэг шиг театрын хүү болж явсан үе бий надад.
-Таны үеийн хүмүүс их, дээд сургуульд сураагүй хэрнээ амжилтад хүрч чаддаг байсан нь юундаа байна вэ?
-Би олон дурд сайн, муу тоглосон ч үзэгчид сайхан хүлээж авдагт баярлаж явдаг.Гэхдээ үүнийгээ зөвхөн миний хөдөлмөр гэж боддоггүи! Хамтарч ажилласан уран бүтээлчдийн минь ач, буян. Би одоо ч гэсэн сурсаар байна. Жүжигчний мэргэжлийг гүйцэд эзэмшсэн гэж бодохгүй байгаа. Хэцүү атлаа, гайхалтай мэргэжил сонгосондоо баяртай явдаг. Хамгийн гол нь амьдралыг босгох гэж, сайн уран бүтээл хийхийн тулд өөрийгөө гололгүй, сэтгэл зүрхээ өгч чармайсан минь амжилтад хүргэсэн. Зарим жүжигчид өөрт нь бүрэн боломж байхад хичээгээгүйн улмаас алддагт харамсдаг.
ӨВӨРТӨӨ 50 ТӨГРӨГТЭЙ, “ЗИС -5”-ЫН АЧААН ДЭЭР СУУГААД ХОТОД ИРСЭН
-Та хотод хэдийд орж ирсэн хүн бэ?
-17 настайдаа. “Ганган” Содов гэдэг хүний “Зис-5” машины ачаан дээр суугаад анх хотод ирсэн. Бас болоогүй ээ, өвөртөө 50 төгрөгтэй.
-Хотод ирээд хаана суурьшив?
-Таньдаг айл байхгүй юм чинь наашаа гэж харсан жолоочийнд байхаас өөр арга байгаагүй. Дараа нь Санжаа гэж ардын цэрэгт дайтаж явсан хүнийд очиж амьдарсан.
-Энэ хүнийг яаж таньдаг юм бэ?
-Аймагт урлагийн бригад ирэхэд бүжигчин Чулуунбат гэдэг залуутай танилцсан юм. Тэр намайг “Хот орвол уулзаарай. Би хоршооллын хороонд ажилладаг” гэж хэлснийх нь дагуу очиход Санжаа ахад хэлж гэрт нь суулгасан юм. Чулуунбат дүү охинтой нь үерхдэг болохоор Санжаа ахыг сайн танина. Тэгээд ч тэднийх угаасаа гэр оронгүй над шиг хүүхдүүдийг хашаандаа нэг илүү байшин барьж, хооллодог айл байсан юм. Гэрийнх нь ширдэг дээр мөнгө хэвтэж байхад хэн ч авахгүй. Тийм буянтай айл.
-Тэднийд хэр удав?
-Хэдэн cap болсны дараа Санжаа ах ажлын хариуцлага алдсан нэрээр баривчлагдан тэдний амьдрал доошилсон. Халхын голд хуягт машин барьж тулалдаж явахад нь Чойбалсан гуай хотод Дотоод яамны дарга болгосон гэсэн. Ийм хүн буруу юм хийсэн гэдэгт би итгэдэггүй юм. Бусдын матаасаар аавын хаалга татсан байх. Түүнийг шоронд ороход эхнэр, дөрвөн хүүхэд нь мөн ч их ядарсан даа. Надад туслахсан гэсэн бодол байсан ч боломжгүй болохоор яах учраа олохгүй байлаа. Эцэст нь нэрмээс болоод яах вэ гээд амиа дааж амьдрахаар шийдсэн юм. Тэгээд тэднийгээ хааяа эргэнэ. Нэг өдөр тэднийд очсон чинь хоол авах мөнгөгүй хэрнээ эгч “Дүү ирлээ.Худалдааны цувдай гадаа ирэхээр авч, бууз хийж өгнө өө” гэнэ. Намайг ирсэнд баярлахын зэрэгцээ хоногийн хоолгүй байгаагаа мэдэгдэхгүйн тулд тэгж хэлсэн нь илт. Хүүхдүүд нь мэдэхгүй “Ээж цувдай ирчихлээ” гэхэд яах учраа олохгүй суухыг нь хараад мөн ч их өрөвдсөн. Тийм сайхан айл ийм болчих гэж дээ гээд Үйлдвэр комбинатаас вокзал хүртэл уйлаад гүйсэн. Вокзалд амьдардаг таньдаг залуугаасаа 200 төгрөг аваад тэднийд цувдай авч өгөхөд хүүхдүүдийнх нь баярласан царай одоо ч нүдэнд харагддаг.
-Таныг театр харж үздэг байв уу?
-Театрынхаа хайр хишгийг би олон хүртсэн. Анхны эхнэртэйгээ амьдарч байхдаа А.Таяа даргад “Байртай болмоор байна” гэхэд ухаантнуудын шард орон сууц өгсөн. Дараа нь хүүхдүүддээ телевиз үзүүлмээр байна гэхээр мөнгө цохоод л өгнө. Энэ мэтчилэн олон тус хүргэсэн.
МААМ МИНЬ НАДАД ЭЭЖИЙН ХАЙРЫГ МЭДРҮҮЛСЭН
-Таны гэргийг Бакула багшийн сүмд ажилладаг гэж мэдэх юм.
-Тэр чинь миний одоогийн хань шүү дээ. Түүнтэйгээ таарахаас өмнө Хүн эмнэлгийн сургуульд сурч байхдаа Дотоод яаманд ажилладаг Нина гэж бүсгүйтэй танилцаж гэр бүл болсон юм. Миний дөрвөн хүүхдийн эх. Даанч таараагүй салчихсан.
-Юунаас болоо вэ. Урлагийнхныг ойлгодоггүйгээс гэр бүл салдаг гэдэг. Тийм зүйл тохиолдоо юу?
-Аав, ээж нь надад их сайн. Харин Нина намайг ойлгож халамжлах тал дээр муу байснаас л болсон доо. Бас дотны найзтай минь дотноссоныг мэдээд салчихсан. Тэгээд Маамтайгаа танилцаад жаргасан даа.
-Та Мөнхжаргал эгчийг Маам гэж дууддаг юм уу?
-Ээжээсээ амсч чадаагүй хайрыг хань минь надад өгч байгаа болохоор ингэж дууддаг юм. Оросоор ээж гэсэн үг шүү дээ. Эхнэрээ монголоор “Ээж ээ” гэж дуудалтай нь биш.
-Та хаана танилцсан юм бэ?
-Залуудаа манай театрт үйлчлэгч байсан юм. Нүдэнд дулаахан харагдаад гэргийгээ болгосон. Тэр үед эхнэрээсээ салчихсан, намын хорооноос гэр бүлтэй болохгүй бол гавьяат цолыг чинь хураана гэж хүртэл ярьж байлаа. Намайг гэр бүлтэй болгох гэсэндээ тэгсэн байх.
-Танайх үр хүүхэд олонтой юу?
-Анхны эхнэрээс дөрөв, сүүлд гарсан гурав гээд олон хүүхэдтэй хүн шүү, би.
-Том хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг биз дээ?
-Байнга холбоотой. Бүгд тус тусдаа амьдралтай болсон. Том нь 50 нас хүрч байгаа. Маамыг тэд “Ээж” гэж дууддаг юм. Нэг эцэгтэй юм чинь аргагүй дээ, хөөрхий.
-Хүүхдүүдээс тань урлагийн хүн бий юү?
-Маамаас гарсан охин маань телевизийн жүжигчин, найруулагч. Би хүүхдүүдээ “Чадах ажлаа л хий. Цэвэрлэгч хийсэн ч яадаг юм” гэдэг. Одоо тус тусдаа ажлаа хийгээд л амьдарч байна.
-Маамыг Бакула багшийн тогооч байсан гэдэг байх аа?
-Үнэн. Бакула Ринбүүчигийн хийд II эмнэлгийн хажууд байхад өөрөө очиж шавь нь болсон юм. Сүүлд илүү дотно танилцаж хоол, цайг нь хийж өгдөг тогооч нь болсон. Бараг ах дүү шиг болсон улс. Эхнэр минь энэ сүмд орсноор бидний амьдрал өөдөлсөн. Биднийг Энэтхэг рүү ч авч явж байлаа.
ГУРВАН ХУНДАГАНААС ЦААШ ГАРЧ ЧАДДАГГҮЙ Ч УУДАГ ГЭЖ ХЭЛҮҮЛДЭГ БАЙЛАА
-Та залуудаа хэр хөдөлгөөнтэй байв. Сархад зооглодог байсан уу?
-Би гурван хундгаас илүүг чаддаггүй юм. Залуугийн тийм. Гэтэл намайг хүмүүс нэлээд сайн туудаг нөхөр л гэж боддог байсан гэдэг. Тэр ч байтугай Засгийн газрын ордонд орсон ч дарга нар “Нөхөр минь архи уугаад байна уу” гэнэ. Нэг өдөр автобусанд суугаад харих гэж явтал нэг эмэгтэй “Чамтай цуг бууна аа. Олон хүний хажууд хэлж болохгүй үг байна” гэхээр нь би “Ямар хэрэг хийсэн билээ. Эсвэл надад хайртай болчихоод одоо хэлэх гэж байгаа юм болов уу” гэсэн шиг юм бодоод буутал “Чи архи уудаг болсон гэл үү. Би чиний олон сайхан жүжиг, киног үздэг хүн байна” гэхээр нь “Би хэзээ ч яахаа алдтал архи ууж үзээгүй хүн шүү дээ. Ийм цуурхал тарсанд би учраа ч олохгүй явна. Таны урлагт дуртай, жүжигчдэдээ санаа зовдогт баярлалаа” гэж хэлээд явуулсан. “Хүний мөр” кинонд Чинбатын дүрд тоглоод улам ч согтуугаараа хэлэгдсэн.
-Нанчилдаан хийдэг байв уу?
-Уур хүрэхгүй бол хөдлөхгүй. Нэг уурлавал түс гэтэл ганц л цохино.
-Барилдахдаа хэр байсан бол?
-Биерхүү болохоор хүмүүс барилд гэж онгироогоод нэг хэсэг бөх болох дүр эсгэж байлаа. Явдал ч өөр болж байх шиг. Гэвч эвсэлгүй хүн чадахгүй зүйлээ хийх үнэхээр хэцүү юм билээ. Нэг удаа аймгийнхаа бэсрэг наадамд зодог шуудаг өмсч нутгийн жолооч ахтай таарч барилдаж байхдаа далбааных нь араас давуулж бариад өргөх гэтэл угз татуулж дунд гурван хурууны арьсыг хуу татуулсан. Мэдээ алдаад уранхай бээлий шиг болчихдог юм билээ. Түүнээс хойш барилдахаа больсон.
-Таны аавыг лам хүн байсан гэдэг байх аа?
-Сахил хүртсэн хүн байсан болохоор л ээжийг бие давхар болгочихоод бусдад мэдэгдэхгүйн тулд хөндий байж. Тэгээд ч төвд хүн байсан байх гэдэг юм.
-Түүнээс болоод таныг хятад цустай гэсэн яриа гарсан хэрэг үү?
-Өө тэгж ярьдаг л байсан юм. Аав минь үнэхээр төвд хүн байсан юм бол хятад цустай болох нь мэдээж. Гэхдээ би Монгол Улсдаа төрж, хоолыг нь идэж агаараар нь амьсгалж өссөн монгол хүн шүү.
-Ээжийг тань нутагтаа гайхагдсан баян айлын охин байсан гэдэг биз дээ?
-Чинээлэг айлын, тогтсон гэр бүлгүй охин байсан юм билээ. Гэсэн ч надад тэр их хөрөнгөнөөс жаахан ч заяагаагүй. Ээжийн хөрөнгийг тэp үеийн мөнгөөр тооцвол 90 мянган төгрөгт үнэлэгдэхээр байсан гэсэн. Гэхдээ ээжээрээ овоглож Төрийн ордонд олон шагнал авахдаа “Цэрэндэжидийн Гантөмөр” гэж Ерөнхийлөгчийн зарлигт хадаж чадсандаа бахархаж явдаг. Би ээжийгээ муу хэлүүлэх дургүй. Муу хэлсэн хүнийг би ёстой баллана.
-Хэрэв танд тэр их хөрөнгө ирсэн бол?
-Яах байсан бол гэж үү. Архи уусан, хулигаан царайлж, авгай эргүүлсэн завхай эр болох биз. Хөрөнгө баялаг хангалуун амьдрал эвдээгүйд баярладаг.
-Таны ааваас нэг улаан хайрцаг ирсэн гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?
-Нутагт байхад нэг хүн ирээд “Аав чинь энэ хайрцгийг өгүүллээ. Ядарсан цагтаа хагалж доторхыг нь хэрэглээрэй” гэж хэлүүлсэн гэсэн. Сонирхоод дор нь хагалаад үзтэл 5000 төгрөг зулаад хийчихсэн байсан. Тэр үед би “Аав минь намайг харж явдаг л байсан юм байна. Үрээ бодож дээ. Нэг харах юмсан” гэж бодож байсан. Гэвч хайх гээд ч нэрийг нь мэдэхгүй юм чинь яах вэ дээ.
-Хайрцаг авчирсан хүнээс асууж болоогүй юм уу?
-Тэр хүн нь надад олон жилийн дараа өгсөн юм билээ. Магадгүй “Намайг өнгөрөхөөр өгөөрэй” гэж захьсан ч байж болох. Надад асуух ч ухаан байгаагүй.
-Тэгээд тэр мөнгөө юунд зарцуулсан бэ?
-Ангийнхаа хүүхдүүдтэй хуушуур, боов худалдаж авч идэж яваад Дотоод яамныханд харагдаж хураалгасан. Тэд “Жаахан хүүхдүүдэд яагаад ийм их мөнгө байдаг билээ. Хулгай хийсэн байж таарна” гээд хураагаад авчихсан. Гэхдээ би талийгаач ахыгаа тэдэнтэй хуйвалдаж хураалгаад авсан байх гэж боддог юм.
-Аавыг тань мэргэлдэг байсан гэдэг. Бас таны хувь заяаг хэлж байсан гээд домог шиг яриа байдаг юм билээ?
-Би бол мэдэхгүй шүү дээ. Хар нялхдаа өнчирч үлдсэн болохоор сүүлд л хүн амьтны ярих нь их мэргэн түргэн хүн байсан гэдэг юм. Тэгээд ээжид минь “Энэ хүүхэд сайд, дарга болохгүй. Гэхдээ тэдний хэрэглэдгийг хэрэглэж амьдрах юм байна” гэж хэлж байсан юм гэсэн. Намайг харахад үнэн л хэлсэн байгаа биз дээ. Надад дутах юм алга.
-Та одоо ч СУИС-д багшилсан хэвээрээ юм уу?
-Хэвээрээ. Дадлагын зөвлөх багшаар ажиллаад арваад жил болохдоо профессор цол хүртэл авсан.
-Гэртээ сууя гэсэн бодол төрөхгүй байна уу?
-Үгүй шүү. Би ганцаардлаас их айдаг. Хийх юмгүй байна гэдэг ганцаардахтай адил.
Биднийг ийн ярилцах үед түүнийг утсаар нэг хүн дуудаж арга буюу амттай яриагаа төгсгөсөн юм. Домог мэт амьдралтай ахмадуудыг яриаг хэдэн өдрөөр сонсоод ч сэтгэл ханамгүй. Эрхэм танд урт удаан наслах ерөөл өргөе.
У.Баярсайхан